Ф.Капелло: Тоглолт бүр эцсийнх байх болно
Италийн нэрт дасгалжуулагч Фабио Капеллогийн өмнө домогт “Реал” багийн алдагдсан нэр төрийг сэргээх хүндхэн даалгавар хүлээж байна. Тэд өнөө жил хүссэн амжилтаа үзүүлж, 2003 оноос хойш анх удаа Испанийн аварга болох боломжтой. Лигийг тэргүүлж буй “Реал”, “Барселона” багууд ижил 69 оноотой болсон нь ингэж хэлэхэд хүргэж байгаа.
“Реал”-ын санаа зовоох гол асуудал нь урьдын адил хамгаалалт. Ядаж байхад цэвэрлэгч Эмерсон нь сүүлийн тоглолтод гэмтэл аван жагсаалаас гарчихлаа. Харин түүнтэй ижил үүрэгтэй Фернандо Гаго эдгэрсэн нь сайн мэдээ болж байна. Нэг хэсэг орон гаран тоглолт үзүүлж байсан “Реал”-ын тоглолт улирлын сүүлд жигдэрч, тав дараалан ялсан нь хөгжөөн дэмжигчдэд итгэлийн зул асаалаа.
-Эмерсоны гэмтэл том гарз боллоо доо?
-Мэдээж энэ бол хүнд цохилт. Тэр “Эспаньол”-ийн эсрэг гялалзтал тоглож, үүргээ сайн биелүүлсэн. Гэхдээ Гагогийн гэмтэл эдгэрсэн нь багийнханд итгэл төрүүлж байна.
-”Реал” дандаа “Барса”-гийн өмнө тоглолтоо хийгээд байгаа нь ямар санагддаг вэ?
-Бид тэдний өмнө, эсвэл хойно тоглох нь миний сонирхлыг татахгүй байна. Миний хувьд өмнө байгаа тоглолт бүр л эцсийнх мэт гол анхаарлаа хандуулах болно.
-Яг одоо дөрвөн баг лигийг тэргүүлж, хэн нь ч аваргалах боломжтой байна…
-Одоо бүгдэд нь хүнд байгаа, ялангуяа аваргын төлөөх тэмцэл ширүүссэн энэ үед.
-Гути бага зэрэг гэмтэлтэй байгаа. Тэгээд ч сүүлийн тоглолтод тийм ч сайн байсангүй. Та түүнд итгэсээр л байх уу?
-Гути сэлгээгээр гарах л юм бол багийн тоглолт сайжирдаг. Өнгөрсөн долоо хоногт тэр гэмтэлтэй байсан ч үндсэн бүрэлдэхүүнд гарсан. Цаашдаа ч гараанд гарах болно.
-Багийг тойрсон шүүмжлэл хаа сайгүй. Энэ бүхэнд та хэрхэн ханддаг вэ?
-Би үүнийг бэлтгэл болгон дээр хэлдэг. Гэхдээ энэ бол лидер багийг үргэлж дагадаг асуудал. Хамгийн гол нь бид тоглолт бүртээ хичээх ёстой. Багийнхан маань Ла лигт түрүүлж чадна гэдгээ мэдэж байгаа.
-”Реал” аваргын төлөө дахин тэмцэж, гялалзсан тоглолт үзүүлж байгаа нь таны гавьяа гэж Рауль хэлсэн.
-Өөрийнхөө талаар ийм магтаалын үг сонсох сайхан байна шүү.
-Та ирэх жил “Реал”-ыг дасгалжуулах уу?
-Одоо энэ талаар бодох цаг биш. Миний хувьд тоглогчидтойгоо ажиллаж, бэлтгэлдээ шамдах нь гол. Энэ асуудлыг ерөнхийлөгч шийдэх биз ээ. Яг одоо би дараагийн тоглолтоо л бодож байна.
Эмерсон: “Реал”-ын бүтэлгүйтэх нь төгсгөл болсон
“Реал”-ын бразил хагас хамгаалагч Эмерсоны “EL Pais” сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулж байна.
-Жил хагасын дараа “Реал” ахин лидер баг болж чадлаа…
-”Барселона”-тай хийсэн тоглолт бидний амжилтын түлхүүр болсон. Энэ тоглолтоос бид өөртөө итгэх итгэлийг олж авсан. Түрүүлэх гэсэн ганцхан зорилготой гэдгээ одоо манай багийнхан дор бүртээ ухамсарлаж байгаа.
-Тэгэхээр “Реал”-д өмнө нь ямар нэгэн бэрхшээл байсан гэсэн үг үү?
-Гадны хүмүүст ажиглагдаагүй жижиг сажиг асуудлууд байсан. Тухайлбал Роналдо болон зарим нэг шинэ тоглогчдод.
-Харин одоо?
-Роналдо “Милан” руу явж, шинэ тоглогчид бодит байдалтай хялбархан дасч чадлаа. Бидэнд Ла лигт түрүүлэх боломж бий. Үүний тулд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийнэ.
-Гэхдээ Испанид Итали шиг харьцангуй сул багууд байдаггүй, өрсөлдөөн ширүүн…
-Тэр үнэний хувьтай л даа. Манайхан “Валенси”, “Севилья”, “Эспаньол”-ыг хожсоноороо энэ асуултад хариулт өгсөн гэж бодож байна.
-Капеллогийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Кальчогоос огт өөр хөлбөмбөг тоглодог Испанид, тэр дундаа шаардлага өндөртэй “Реал”-д ирээд эхэндээ хэцүү байсан байх л даа. Гэвч тэр богинохон хугацааны дотор хүчирхэг багийг босгож дөнгөлөө. “Реал”-ын сүүлийн гурван жилийн бүтэлгүйтэл төгсгөл болсон гэхэд болно. Хамгийн гол нь “Реал”-ынханд дутмаг байдаг эхнээсээ эцсээ хүртэл хариуцлагатай тоглох чанарыг тэр бидэнд эзэмшүүлсэн. Фабио бол дэлхийн хөлбөмбөгийн сүүлийн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг.
Тэгээд ч Италид “Ялахыг хүсвэл Капеллог урь” гэсэн үг байдаг юм. Капелло хаана байна, тэр баг скудетто авдаг жамтай.
-”Севилья”-гийн довтлогч Мареска саяхны нэгэн ярилцлагадаа “Реал”-ын хамгаалалт нь муу” гэсэн байсан?
-Үүнд тайлбар өгөх хэрэггүй байх. Ямар ч байсан манай хамгаалагчид довтлогчдынхоо оруулсан бөмбөгнөөс цөөн гоол алдаж байгаа.
-”Реал” яг одоо “Барса”, “Севилья”-гаас илүү формтой байна. Яагаад тэр вэ?
-Тэдэн шиг хоёр фронт дээр зэрэг өрсөлдөхгүй байгаа нь бидэнд сайн хэрэг болсон.
-”Реал” тантай гэрээгээ сунгах болов уу?
-Мэргэжлийн хөлбөмбөгт 14 жил тоглохдоо ямар ч багт гологдож явсангүй. Би өөрийгөө “Эзэн хааны баг”-ийн салшгүй нэг хэсэг нь гэж боддог. Хэзээ нэгэн цагт дээд түвшинд тоглож чадахгүйд хүрэх үе ирэх байх. Тэр цагт зодог тайлна.
-Та Италийн “Ювентус”, “Рома”-д байсан. Испаничуудын бэлтгэл хийх нь өөр юм уу?
-Яг адилхан. Италид ч Испанид ч тэр зарим нэг тоглогчид бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ хийдэг, харин зарим нь бэлтгэл дээр биеэ нөөдөг.
-Капелло улирлын эхэнд Диарра, та хоёрыг төвд тоглуулсан. Харин дараа нь энэ байрлалд Гути, Бекхэм, Гаго нарыг тоглуулж туршсан. Гэвч эцэст нь хуучин хувилбараа эргэж сонголоо?
-Баг маань хангалтгүй үзүүлэлттэй байсан тул өөрчлөлт хийх нь аргагүй байсан.
-”Эспаньол”-той тоглоход Диарра, та хоёр Гутигээс 15 метрийн зайтай байсан. Уг нь таван метрийн зайтай байх ёстой биз дээ. Энэ Капеллогийн шийдвэр үү?
-Тийм ээ. Гэвч үүнээс болж манайхан гоол алдсан. Гутиг бөмбөгөө булаалгах үед бид дэндүү хол байсан учраас тусалж чадаагүй. Заримдаа бид багийн нөхөр маань бөмбөгөө алдахгүй гэдэгт хэт итгэлтэй байдаг юм.
-Хэрвээ Капелло багаасаа явбал та бас явах уу?
-Би “Реал”-тай гэрээ байгуулсан болохоос Капеллотой байгуулаагүй.
-Та нэг багийн андууд Ж.Замбротта, Л.Тюрам нартай “Барса”-гийн эргэн тойронд болж буй явдлын талаар ярьдаг уу?
-Үгүй ээ. Харин Фабио (Каннаварог хэлж байна) Жанлукатай тэдэнд тохиолдож буй бэрхшээлийн талаар хааяа утсаар ярьдаг гэсэн. Түрүүлж болох бүх тэмцээнд аваргалсан баг уналтад ордог нь байдаг л зүйл. Ямар ч багт ийм зүйл тохиолддог.
mongolnews.info