by ХАЛИУН » Fri Oct 05, 2012 9:21 am
Боуэн: Би хэнийг ч гэмтээхийг хүсч байгаагүй
NBA-гийн түүхэн дэх шилдэг хамгаалан тоглогчдын нэг, лигийн гурван удаагийн аварга Брюс Боуэн өнгөрсөн улирал, “Спэрс”-ийн ирээдүй, өөрийн тоглолтын арга барил, Пэт Райли зэрэг олон сэдвээр ийн ярьсан байна.
-Брюс, “Сан-Антонио” сүүлийн таван жилд аваргалж чадсангүй. Гэсэн ч багийн ирээдүйг урьдын адил их гурвалд даатгасан хэвээр. Та үүнийг зөв гэж үзэж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Багт ийм хашир туршлагатай тоглогчид байгаа цагт бусад нь хөгжиж, сайжирч эхэлдэг. Дэнни Гринийг хар л даа. Энэ залуу өнгөрсөн жил карьерын хамгийн сайн улирлаа үдлээ. Ману, Тим, Тони нарын ачаар тэр шүү дээ. Тэд энэ тоглоомыг ойлгодог, бүх агшныг нь мэднэ. Үүгээрээ тэд залуусыг сайн тоглоход нь тусалж байгаа юм. Кавай Леонард ч гэсэн галзуурмаар тоглолт үзүүллээ, гэтэл энэ түүний хувьд дөнгөж анхны улирал л байлаа шүү дээ.
Ийм гайхалтай хүмүүст түшиглэн багаа бүрдүүлэх юм бол амиа хичээх гэсэн ойлголт хамт олон дунд гарч ирдэггүй. Тэд залуусыг хөл дээрээ босч, өөрийгөө олоход нь чин сэтгэлээсээ тусалж байна. Мэдээж хэрэг Тим Данкан таван жилийн өмнөх шигээ байхаа больсон, түүний үүрэг өөрчлөгдсөн. Гэсэн ч тэр багаа улам сайн болгохын төлөө бүхнээ зориулж байгааг бид харж байна.
-Техасын баг өнгөрсөн жил л аваргалах ёстой байсан юм гэж саяхан Дэвид Робинсон хэлсэн. Харин баг тийм амжилт гаргаагүйн шалтгаан нь тааруу нөөц тоглогчид байсан гэж тэр үзжээ. Эдүгээ Өрнөдийн аваргын төлөө “Тандер”-аас гадна “Лейкерс” өрсөлдөх болох нь. “Спэрс”-т харин боломж бий юу?
-Юу ч болсон тэд дор хаяж бүсийнхээ шилдэг гурван багийн тоонд орно, Харамсалтай нь сэлгээнээс босч тоглож байгаа залуус маань плей-оффт тоглох туршлага дутуу байлаа. Улирлыг сайн өнгөрүүлсэн Грин, Леонард хоёр амьдралдаа хэзээ ч NBA-гийн аваргын төлөө тоглож байгаагүй. Гэсэн ч “За яахав, туршлага суучихаад дараачийн удаа аваргалья” гэж ярьж огт болохгүй.
Боломж гарч ирсэн л бол түүнийг ашиглах хэрэгтэй. “Сан Антонио”- гийн хувьд энэ нь сайхан боломж байсан, даанч алдчихлаа. Аваргын төлөөх тэдний замд өөрсдийнх нь яг залуу хуулбар болсон Дюрант, Уэстбрук, Харден нар зогсож байсан нь сонирхолтой юм. Тэд бол мөн л их гурвал гэхдээ хамаагүй залуу, хурдан. Тухайн үед ямартай ч шавь нь багшаа ялчихсан хэрэг.
-“Майами” хоёр жил дараалан аваргалж чадах уу, таны бодлоор?
-Үүнд саад болох шалтгааныг би лав олж харахгүй байна. Тэр тусмаа “Хит” энэ зун Рашард Льюис, Рэй Алленаар хүч нэмлээ. Энэ хоёр тоглогч тэднийг бүр л хүчтэй болгох нь гарцаагүй. Ийм хоёр мэргэн бууч байхад эсрэг багийг бөмбөгдөх хавьгүй амархан. Өнгөрсөн улирлын турш тэдэнд яг ийм шидэгчид дутагдаж байсан шүү дээ.
Түүнчлэн Рэй Рэйг гол өрсөлдөгч рүүгээ явахад олон хүн гайхсан, одоо тэр энэ алхмаа зөвтгөхийн тулд юу чаддагаа харуулах хэрэг гарч ирж байна.
-Тан шиг мундаг хамгаалагчид үлгэр жишээ болсон хүн хэн байв?
-Хэрэв би өөр хэв маягаар тоглодог байсан бол намайг талбайд гаргахгүй л дээ. Бүх зүйл Пэт Райлигаас л эхэлсэн юм. Би талбай дээр бусдаас онцгой юу хийх вэ, намайг талбайд гарахад баг маань илүү сайн тоглож чадна гэдгийг түүнд яаж ойлгуулах вэ гэсэн асуултыг өөртөө байнга тавьдаг байлаа. Үүний хариултыг би хамгаалалтаас олсон юм. Энэ ч яг надад таарсан хэв маяг байж билээ. Надад үүрэг өгсөн, би түүнийг нь хүлээж аваад, чухам үүн дээр өөрийгөө дайчилж, хөгжүүлж эхэлсэн.
-Тэгэхээр Райли таны авьяасыг нээсэн байх нь ээ?
-Яг тэгж хэлмээргүй байна. Гэхдээ би түүнийг хязгааргүй хүндэлдэг. Энэ хүн “Лейкерс”-т амжилт гаргасан, дараа нь “Нью Йорк”-ийг финалд шалгаруулсан, эцэст нь “Майами’’-гийн хамтаар аварга болсон. Энэ бүхэн түүний зан чанарыг, сагсан бөмбөгийг хэр ойлгодогийг нь харуулж байгаа юм.
-Хэнийг хамгаалж тоглох хамгийн хэцүү байв?
-Мэдээжийн хэрэг, Майкл Жорданыг хамгаалах. Ямар ч тоглолтын хэмнэл, хэв маягт дасан зохицож тоглох түүний ур чадвар үнэхээр агуу. Эм-Жейгийн дараа Коби Брайантыг нэрлэх нь зүйтэй. Тэр ажилсаг тоглогч. Зарим тоглогч сайн тоглож чадахгүй л бол сэтгэлээр унаж, бууж өгч, шидэхээ больдог. Харин “Лейкерс”- ийн лидер тийм биш. Баг нь 20 оноогоор хожигдож байна уу, хожиж байна уу чухал биш, тэр үргэлж л тэмцэж байдаг.
-Хэд хоногийн өмнө Ж.Рөүз 2000 оны финалын тоглолтын үеэр Брайантыг хэргээр гэмтээхийг хүссэн гэсэн. Та ч мөн цагтаа бохир тоглодог гэгдэж, С.Фрэнсис, Ж.Кроуфорд нартай түр тар хийж байлаа. Түүнчлэн нэгэн статистикт өгүүлсэнээр та жилд дунджаар 800 удаа эсрэг тоглогчийнхоо шидэлт хийхэд саад болж байсан гэнэ...
-Би бусдын үгийг, санаа бодлыг удирдаж чадахгүй шүү дээ. Нэг зүйл хэлэхэд би хэзээ ч хэнийг ч хар муу санаагаар зогсоохыг оролдож байгаагүй. Гэмтээхийг ч оролдож байсангүй. Би ердөө л шаргуу, бууж өгөхийг хүсдэггүй өрсөлдөгч байсан, харин тэдгээр азгүй тохиолдол миний тоглолтын арга барилын нөлөө л юм даа. Дахин хэлэхэд мэргэжил нэгт тоглогчдоо гэмтээхийг би хүсч байгаагүй. Би өөрөө ч хэн нэг тоглогчийн хөл дээр бууж л байсан, тэглээ гээд түүнийг бохир, муу тоглогч гэж үздэггүй. Сагсан бөмбөгт ийм зүйл олонтаа тохиолддог шүү дээ. Зурагтаар намайг бохир гэж нэрлэж байсан супер одод бүгдээрээ Брюс Боуэнийг улам хүчтэй, төгс болоход л тусалж байлаа.
-Аваргын гурван цомоос хамгийн чухал нь аль нь вэ? Таны хувьд аль нь илүү үнэ цэнэтэй вэ?
-Хоёр тийм цом бий. Эхнийх нь мэдээж хамгийн, хамгийнд тооцогдоно. Баркли, Мэлрун гээд олон гайхамшигтай тоглогчид ийм цомгүй үлдэж байлаа. Тэд аваргын алдаргүй домгууд юм. Түүнчлэн Ларри Брауны “Детройт”-ыг ялсан 2005 оны аварга цолоо үнэ цэнэтэй гэж би үздэг. Тэр миний хувьд яг л өвөө шиг минь хандаж, талархлын баяраар гэртээ урьж байлаа. Өмнө нь нэг ч дасгалжуулагч надад ингэж хандаж байгаагүй учраас миний сэтгэл их хөдөлж байж билээ. Г.Попович ерөнхий менежер байх үед тэр “Сан Антонио”-гийн ерөнхий дасгалжуулагч байсан юм. Ер нь бол Ларри Браунаас шалтгаалж 2005 оны ялалт надад их чухал санагдах болсон.
-“Сан Антонио”-гийн удирдлага таны дугаарыг хэзээ нэгэн цагт мөнхлөх байх гэж та боддог уу?
-Тони Паркер дандаа л энэ талаар хөндөж ярьдаг юм. “Тэд тэгэх ёстой. Бид хамтдаа зөндөө амжилтанд хүрсэн шүү дээ. Тэд бидний дугаарт хүндлэл үзүүлнэ ээ” гэж тэр хэлдэг юм. Миний тоглолтын хэв маяг нэлээд өөр байсан гэдгийг би мэднэ. Гэхдээ хүмүүсийн хамгаалалт гэдэг үгний талаарх ойлголтыг нь өөрчилж чадсан гэж боддог. Аварга авахын тулд хамгаалах нь ямар чухал болохыг хүмүүс ойлгож эхэлсэн.
-Та NBA-д дасгалжуулагчаар эсвэл ямар нэг багийн албаны хүний хувиар эргэж ирэх үү?
-Санал хүлээж авахад би бэлэн. Амралт надад сайхан байгаа ч хэзээ нэгэн цагт дасгалжуулагч хийнэ гэж боддог. Гэхдээ одоо би дэндүү завгүй байна, хүүхдүүд маань жаахан, тав, долоон настай. Тэдэндээ цаг зав гаргамаар байна. Дасгалжуулагчийн ажил тоглогч байхтай адил цаг зав их бардаг ажил. Тийм болохоор хүүхдүүдээ том ангид орохоор л сагсан бембөгтөө эргэн ирэх талаар бодох байх.
Н.Энхбаяр
Эх сурвалж:"Таван Цагариг"
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...