Ди Стефано
Алдарт “Реал”-ын мөнхийн бэлгэ тэмдэг
З.ГАНБОЛД (2007.05.14)
Альфредо ди Стефано:
Төрсөн газар: 1926 оны долдугаар сарын 4-нд Буенос-Айрес
Иргэний харъяалал: Аргентин гаралтай. Хожим Испанийн иргэн болсон. Мөн Колумбийн паспортыг ч өвөртлөөд амжсан.
Байрлал: Довтлогч
Авсан цомууд: Аргентиний аварга (1945, 1947), Колумбын аварга (1949, 1951, 1952, 1953), Испанийн аварга (1954, 1955, 1957, 1958, 1961-1964), Европын Аваргуудын цом (1956–1960), Тив хоорондын цом (1960), Америкийн цом (1947), Испанийн цом (1962), Латин Америкийн цом (1955, 1957),
Гавьяа шагнал: “Алтан бөмбөг”-ийн эзэн (1957, 1959), Аргентиний АШТ-ий мэргэн бууч (1947), Колумбын АШТ-ий мэргэн бууч (1951, 1952), Испанийн АШТ-ий мэргэн бууч (1954, 1956-1959)
Тоглож байсан багууд
Ривер Плейт (1943-1945, 1946-1949) 76 тоглолт, 49 гоол
Уракан (1946) 25 тоглолт, 10 гоол
Миллионариос (1949-1953) 294 тоглолт, 267 гоол
Реал Мадрид (1953-1964), 282 тоглолт, 219 гоол
Эспаньол (1964-1966), 21 тоглолт, 9 гоол
Бүгд: 698 тоглолт, 554 гоол
Үндэсний шигшээдээ:
Аргентин (7 тоглолт, 7 гоол)
Колумб (4 тоглолт)
Испани (31 тоглолт, 23 гоол)
Испанийн эзэн хааны клуб “Цагаан сум”-гүйгээр дэлхийн No1 баг болохооргүй байсан гэдэг. “Бүх үеийн манлай хөлбөмбөгчин” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Альфредо ди Стефано дэлхийн хамгийн шилдэг клубт орж тоглосныхоо 50 жилийн түүхт ойг сүр дуулиантай тэмдэглэсэн нь саяхан.
Ойн үеэр алдарт “Реал” баг домогт хөлбөмбөгчний анхны баг Аргентиний “Ривер Плейт”-тэй нөхөрсөг тоглолт хийсэн. “France Football“ сэтгүүл XX зууны хөлбөмбөгийн түүхийг бичигчдийн нэгний амьдралын тухай өгүүлснийг орчуулан хүргэе.
Түүний амьдрал Мадридын “Реал”-тай салшгүй холбогдсон боловч Альфредо ди Стефаног Испанийн нийслэлд ирэхээсээ бүр өмнө “том од “ байсан гэвэл итгэх хүн гарах болов уу?
Тэрбээр1926 оны долдугаар сарын 4-нд Буэнос-Айрес хотноо тэр үеийн аргентинчуудын нийтлэг дүр төрхийг илэрхийлсэн холимог гаралтай гэр бүлд төржээ. Аав нь итали гаралтай, харин ээжийнх нь тал ирланд, франц цус холилдсон байлаа.
Альфредогийн аав цагтаа хотынхоо “Ривер Плейт” багт тоглож байжээ. Хүү 18 настайдаа аавынхаа замаар замнасан байна. Хөгшин Европ тэр чигээрээ гал түймэр, дарийн утаа, цусан далайд умбаж байх үед Аргентиний хөлбөмбөг “Ривер Плейт” багийн од болон гялалзах тамирчдын хүчээр ид хөгжиж байлаа. Тухайн үед “Ривер Плейт”-д Анхел Лабруна, Хосе Морено, Адольфо Педернера, Феликс Лоустау, Нестор “Пипо” Роси зэрэг цуут хөлбөмбөгчид тоглож байв.
Клубийн тэргүүн Карлос Пеуселе, Ренато Чезарини нар эдгээр агуу тоглогчдынхоо ачаар жижигхэн “Ривер Плейт”-ийг дэлхийн шилдэг багуудын нэг болгосон билээ. Залуу Альфредогийн хувьд олон супер тоглогчдын дундаас байр сууриа баттай эзлэх амаргүй байлаа. Төдий л удалгүй “Ривер” түүнийг “Уракан”-д зээлүүлчихэв. Чухам энэ үеэс л довтлогч залуугийн авьяас тодорсон гэдэг.
Аргентиний аваргын тэмцээний түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн богино хугацаанд хийсэн гоолын эзнээр ди Стефано тодров. 1946 оны долдугаар сарын 21-нд тэрбээр төрөлх “Ривер Плейт” багийнхаа эсрэг тоглолтод ердөө наймхан секундэд гоол хийсэн аж. Төдөлгүй “Ривер”-тээ буцаж ирснээр Ди Стефаногийн алтан үе эхэлж, 1947 оны улсын аваргын тэмцээний мэргэн буучаар шалгарч “Цагаан сум” хочтой болжээ.
Тэр жилдээ Аргентиний шигшээд тоглож, “Америкийн цом”-ыг хүртлээ. Харамсалтай нь эх оронд нь өрнөсөн улс төрийн тогтворгүй байдлаас болж, үндэсний шигшээ багтаа маш цөөхөн тогложээ. Хэдийгээр Аргентин улс дэлхийн II дайнд оролцоогүй ч дайны балгаар нийгмийн тулгамдсан олон асуудалтай тулгарч хямрал болсон юм. 1947 оны сонгуулиар засгийн эрхийг Хуан Доминго Перон өөрийн үзэсгэлэнт эхнэр Эва Пероны дэмжлэгтэйгээр авсан явдал хямралын дээд туйл болсон. Улс төрийн энэхүү тогтворгүй байдал Аргентиний хөлбөмбөгийг тойрч гарсангүй.....
Энэ сиймхийг ашиглан гадаадын том клубүүд Аргентиний шилдэг тоглогчдыг урхидаж эхлэв. Альфредог Италийн “Торино” эгнээндээ элсүүлэхээр нэлээд оролдсон ч тэрбээр Колумбын “Миллионариос”-ыг сонгожээ. “Миллионариос” Мадридын “Реал” шиг мөрөөдлийн баг бүрдүүлэхээр олон супер тоглогчдыг цуглуулж дөнгөсөн бөгөөд тэдний ихэнх нь “Ривер”-ийнх байв. Боготад Ди Стефано баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн таван жилийг үджээ. Энэ хугацаанд тэр гэрлэж, Нанет, Сильвана гэдэг хоёр хөөрхөн охинтой болов.
Төдөлгүй түүнийг Атлантын далайн чанадад очих хувь заяа хүлээж байсныг хэн ч төсөөлсөнгүй. Тэр үед Испанийн дарангуйлагч Франко улс орны дотоод зөрчлийг арилгах улмаар салан тусгаарлагчдын дарамтыг хөнгөлөх үйл ажиллагаандаа хөлбөмбөгийг ашиглах арга сүвэгчилж байсан гэдэг.
“Барселона”, “Реал” (Мадрид)-ын хоорондох олон сар үргэлжилсэн зөрчил тэмцэл, үл ойлголцлын дараа Ди Стефано 1953 оны есдүгээр сард Испанийн нийслэлд хөл тавьснаар дэлхийн хамгийн шилдэг багийн бэлгэ тэмдэг болох үүд хаалга нь нээгдсэн аж.
1950-иад оны хөгжөөн дэмжигчид, ялангуяа тэр үед Мадридын хөлбөмбөгийн ногоон талбайд түүний тоглохыг амьдаар нь харсан хүн бүр дуу алдан, магтан биширч байлаа.
“...Тэр үнэхээр онцгой харагддаг байсан. Өөрийн биеийн галбир, өнгө үзэмж, бөмбөгний төлөө тэмцэх дайчин, шавхагдашгүй чанараараа ялгардагсан. Стефано байгалиас заяасан гайхалтай билэг танхай авьяастан байв. “Бернабеу”-гийн хөгжөөн дэмжигчдийн онгод нь болсон хүн. Энэ багт олон шилдэг тоглогчид байсан ч Альфредо бүхний дээр нь байлаа. Тэр бидний ахлагч байсан юм” гэж түүний итгэлт нөхөр, хамтрагч Антонио Руис нүдэнд харагдаж, сэтгэлд буутал хэлсэн байдаг.
Байнга цагаан майк өмсөж, “Реал”-ын тэргүүн эгнээнд тоглодог байсан тоглогч чухам хэн байв, “Дон Альфредо” “Реал”-д юу өгч, үлдээсэн бэ гэдэг нь өнөөгийн багачуудад ч тодорхой. Ди Стефаногийн Эзэн хааны клубт үлдээсэн мөр нь хэзээ ч арилшгүй бөгөөд гүн гүнзгий. “Реал”-ын хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдсон Альфредо ди Стефано удирдагчийн хувьд өдгөө ч “Реал”-ын амьдралд нэн идэвхтэй оролцсоор байна.
Аялан тоглолт, хүндэтгэлийн бусад арга хэмжээ, уулзалт хүлээн авалт бүрт багаа төлөөлөх буюу хамтран оролцоно. Ди Стефаногийн хамгийн том “од”-ын баталгаа өдгөө ч хадгалагддаг. Тэрбээр Аваргуудын цомд 58 тоглолтод 49 гоол гоол оруулсан дээд амжилтыг нь одоогоор хэн ч эвдээгүй байгаа бөгөөд хамгийн ойртож яваа нь өдгөөгийн “Реал”-ын ахлагч Рауль юм. Нас ахиж, биеийн эрүүл мэнд сайнгүй болсон хэдий ч Ди Стефано өөрийн байр суурь, хүлээсэн үүрэгтээ чин шударга хандаж, чадах бүхнээ багийнхандаа зориулсаар явна.
Тоймгүй олон цом, шагнал тэдгээрийн дотор хоёр “Алтан бөмбөг”, бүх үеийн шилдэг тоглолтынх нь шагнал болох “Супер алтан бөмбөг”...
Эцсийн эцэст нэг л зүйл баталгаатай. Тэр юу вэ гэвээс: Альфредо ди Стефаногүйгээр Испанийн эзэн хааны “Реал” баг дэлхийн No1 болохооргүй байсан ажгуу.
mongolnews.mn