by Жавхлан » Tue May 15, 2007 3:13 pm
Өөрийн бэлдсэн хүүхдүүдтэйгээ ажиллах цаг болж
(2007.05.14)
Лигийн гурван удаагийн аварга “1+11” багийн холбон тоглогч Я.Дэмбэрэлийг спорт сонирхогчидтойгоо уулзуулъя. Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч асан тэрбээр ирэх онд лигт нэгэн шинэ баг оролцуулахаар төлөвлөөд байгаа аж.
-Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Одоогоор Сүхбаатар дүүргийн БТСХ-нд дасгалжуулагчаар ажиллаж байна. Мөн эргүүл хамгаалалтын газарт цагдаа.
-Хэзээнээс дасгалжуулагчийн албанд шилжив?
-1995 онд анхныхаа хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Тухайн үед би өөрөө тоглодог байсан юм. Миний анхны шавь нараас олонд танигдсан нь одоо “Хасын хүлгүүд” багт тоглож буй Ш.Сэдбазар, шоу үзүүлбэрийн “TLG-13” багийн С.Тулга нар байна. Мөн манай “1+11”, “Монруд” багт тоглож байсан Б.Батзул гээд хүүхдүүд бий.
-1995 оноос хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн гэлээ. Энэ хугацаанд хэр олон шавь нартай болов?
-Миний шавь нарыг дөрвөн хэсэгт хуваахад болно. Дээр дурьдсан сагсчдын дараагийн үед “Баганат өргөө”-д тоглож байсан Б.Чинзориг, “Хасын хүлгүүд”-д байсан Б.Мөнхбаяр, одоо “Лидер”-т хүчин зүтгэж буй А.Бадрах нар юм. Харин тэдний дараагийн үе нь шигшээ багийн О.Сайнбаяр, Ц.Мэргэн, А.Од, М.Бадрах нар.
-Эдгээр сагсчид нэгэн үе Монголын өсвөрийн шигшээг бүрдүүлж байсан?
-Тийм ээ. Анх 1996 онд сагсан бөмбөгийн “Эхлэл” клубийг байгуулж байлаа. Клуб маань 2000 онд албан ёсоор батлагдсан түүхтэй. Бид нар “Сидней-2000” өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож түрүүлснээр олон улсын тэмцээнд оролцох анхны эрхээ авч байв.
Тэгээд бид “Саха-2000” Азийн хүүхдийн спортын наадамд оролцсон. Өсвөрийн шигшээ багийнхнаа П.Сампилноров багшийн хамт удирдсан. Анхны тэмцээндээ 15 багаас зургадугаар байрт орж чамлахааргүй амжилт үзүүлсэн. Тэр тэмцээнд Б.Чинзориг маань шилдэг тоглогчоор тодорч байлаа. Түүнээс хойш Тайваньд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд шавь нартайгаа оролцсон.
-Түүнээс хойш өсвөрийн баг тамирчидтай ажиллахаа больсон хэрэг үү?
-Өөрийн сайн дурын үндсэн дээр сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө зохих хувь нэмрээ оруулж байх үед таагүй зүйл тохиолдсон. МСБХ-ны удирдлагуудтай таарамжгүй харилцсан гэсэн үндэслэлээр миний сагсан бөмбөг тоглох эрхийг нэг жилээр, дасгалжуулах эрхийг гурван жилээр хассан юм. Тиймээс би шавь нартаа үзэгчдийн суудлаас зааж зөвлөдөг болсон.
-Одоо таны эрх сэргэсэн биз. Лигийн багтай ажиллах бодол бий юу?
-Миний өмнөх үеэс л манай Найрамдлын район сагсчдаараа улсдаа тэргүүлдэг байсан. Харин миний үеэс хойш үндсэндээ тасарчихсан. Хувийн зорилго гэвэл “Баянзүрх” дүүрэг, тодруулбал “Микрийн” хүүхдүүдээс сайн сагсчин гаргах мөрөөдөл байсан. Үүний дагуу би Баянзүрх дүүргээс лигийн багтай болохыг зорьсон.
Энэ мөрөөдөл маань ирэх жил биелэх байх. Учир нь “Бридж” группийн захирал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг биднийг дэмжихээ албан ёсоор амласан. Бүх төсөв хөрөнгө оруулалтаа баталчихсан. Тиймээс бид МСБХ-ны удирдлагуудад хүсэлт гаргаж байгаа. Удахгүй шийд нь гарах байх. Бидэнд тусалж дэмжиж буй УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахдаа баярлаж байгаагаа илэрхийлье.
-Таны шавь нар лигийн ихэнх багт хуваагдан тоглож байгаа. Тэднийгээ нэгтгэнэ гэсэн үг үү?
-Одоогоор зарим нэг тоглогчидтой ярилцсан зүйл бий. Ямар ч гэсэн хэд хэдэн хүүхдүүдээ авах байх.
-Шавь нарынхаа тоглолтыг үзэж байгаа юу?
-Лигийн тэмцээнээ тэр бүр үзэж амжихгүй л байна. Гэхдээ зав цаг таарвал телевизээр ч үзнэ. Хэн нь хэдэн оноо авах бол гэх мэтчилэн харж суудаг. Сүүлд “Доха-2006” Азийн наадамд улсын шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд өөрийнхөө дөрвөн шавийг тоглохыг харахад сайхан байлаа. (О.Сайнбаяр, Ш.Сэдбазар, Ц.Мэргэн, М.Бадрах нар шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд “Доха-2006” Азийн наадамд оролцсон билээ.)
-Таны хамгийн их итгэл хүлээлгэдэг тоглогч хэн бэ?
-Сагсан бөмбөгт хамгийн гол ачааг үүрдэг хүн нь холбогч, төвийн тоглогч нар байдаг. Тиймээс би өсвөрийн багаас нь эхлэн С.Тулга, Ш.Сэдбазар нарт итгэж ирсэн.
-Эдгээр тоглогчдыг хэрхэн сонгон хичээллүүлж байв?
-Энэ сайн тоглогч болно гэж шинжиж секцэндээ авч байсангүй. Сэдээ анх Тулгаадаа загнуулаад л гүйдэг хүүхэд байлаа. Уйгагүй хөдөлмөрлөсний эцэст Монголдоо дээгүүрт орох тамирчин болжээ. А.Од гэхэд л айлын эрх, зурагтаар сагс үзэх дуртай хүүхэд ирж байсан. Анх над дээр Шарваа авчирч байсан юм.
-Тэгвэл ирэх жилээс нэлээд хүчтэй баг бий болох нээ?
-Олон жил лигийн багуудад тоглогч бэлдэж өглөө. Одоо өөрөө тэдгээр бэлдсэн хүүхдүүдтэйгээ ажиллахыг боддог болж.
mongolnews.mn
★★MIA SAN MIA★★