by Nomer 10 » Sun May 13, 2007 10:09 am
Бундэслига 33 дэх тойрог.
Коттбус 0 - 3 Байерн
Макай, ван Бойтен Санта Круз нар гоолдоод хожлоо. Менежер нь бид цомыг зүгээр л зээлдүүлж байгаа, ирэх жил буцааж авна гэж томроол. Тэр ч яахав, Аваргуудын лигид орохгүй шд нөхөр Хөнесс.
Нюрнберг 0 - 2 Хамбург
Ван дер Ваартын хаалттай цохилтын янзтайг хэлэх үү. Яролим 2 дэх гоолыг хийгээд Хамбург айлын талбайд хожлоо. 9-р байр луу ороод ирсэн.
Хэрта 2 - 3 Лэвэркузэн
Лэвэркузэны ахмад гол хүн байлаа. Шнайдер эхний гоолыг бэлдсэнээс гадна шийдвэрлэх гоолыг пеналтигээс хийж багаа ялалтад хүргэлээ. Ливерпүүл уруу богцоо ганзагалаад одох Воронин 1-1 байх үед тэргүүлэх гоолыг хийсэн. Нюрнберг хожигдсон тул тэд хожсоноор 48 оноогоор 5-р байр луу ороод ирсэн. Нюрнберг холбооны цомоос УЕФА-ийн эрхээ авсан тул тэд долоод байгаа 44 оноотой Дортмундаас 4 оноо илүү. Энэ нь ирэх улиралд УЕФА цомд тэд баттай орох боллоо гэсэн үг.
Бийлэфэлд 3 - 1 Ханновер
Лэвэркузэнээс нэг оноо дутуу байсан Ханновер УЕФА цомд орох бидний шинэ зорилго гэж байсан ч нам тавиуллаа. Одоо зөвхөн УИ цомд багтахын төлөө л дайтах үлдэж дээ.
За ингээд хасагдах гэж байгаа болон аваргалах гэж өрсөлдөн буй багуудын тоглолтын үр дүнг хэлэлгүйгээр конференц маягаар мэдээлий.
Майнц - Гладбах Аахэн - Вольфсбург
Гладбах хасагдах нь бүрэн тодорхой болсон. Вольфсбург 36, Аахэн 33 Майнц 31 оноотой явж байгаа. Майнц тоглолтын эхнээс дошны боссууд гэсэн шиг аашилсаар эхний үеийг 2-0-оор дуусгав. Энэ үед нөгөө талд гоолгүй дууслаа. 65-72 дэх минутын хооронд 3 гоол оров. Үүнээс нэгийг Майнц, хоёрыг Аахэн хийсэн. Ингээд Вольфсбург 36, Аахэн 36, Майнц 34 оноотой боллоо. Дээр үлдэх нэг эрхийн төлөө алаан болох нь тодорхой болж байна. Гэтэл...
...гэтэл Вольфсбург цаг дуусахаас өмнөхөн 4 минутад 2 гоол хийчих нь тэр. Бүтэн тоглолтын турш давамгайлсан Аахэны фэнүүд уйлаад л. Вольфсбург 37, Аахэн 34, Майнц 34 оноотой болон тоглолтууд өндөрлөх нь тэр ээ. Гоолын зөрүүгээр Вольфсбург(-6) нөгөө 2-оосоо 12-оор бага тул хасагдах багууд бүрэн тодорчээ гэж баталгаатай хэлж болноо. Вольфсбург дээдсийн хүрээлэнд үлдэж чадлаа. Дасгалжуулагч Аугэнталер гэсэн хэдий ч багаасаа хөөгдөх нь ойлгомжтой болчих шиг. Тэр тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр Дэндүү олон асуулт, дэндүү олон хариулт байгаа, би асууж би хариулна гэж хэлснээ хэдэн асуулт өөртөө тавьж өөрөө хариулчихаад 2 талдаа суух багийн менежер спортын захирал 2-оо орхиод өрөөнөөс гарсан. Нөгөө 2-ынх нь царай сонин болоод хоцорсон доо.
Майнц 3-0-оор хожиж дээд лиги дэх сүүлийн гэрийн тоглолтоо сайхан үдлээ. Тоглолтын дараа дасгалжуулагч Клопп цэнгэлдэхэд багтаж ядан чихэлдсэн фэнүүддээ хандан ямар ч хүнд үед цуг байсанд нь талархаад тун удахгүй буцан дээш орж ирэхээ амлан байхыг нь харахад өөрийн эрхгүй самсаа шархирч суув. Зиданыг дэндүү орой авлаа л даа тэд. You'll never walk alone хэмээн дуулалдах улаан хувцаст фэнүүдийн хайранд уярсан Зидан асгаруулаал. Гоолныхоо дараа шуун дээрээ Майнц гэж бичсэнийгээ фэнүүддээ харуулж байсан. Өвлийн цонхноос өмнө ирсэн бол дээр үед айдаггүйгээ авдрандаа хийх байсан юм. Майнцад ирээд 15 тоглолтод 13 гоол хийсэн энэ залууг ирэх жил эгнээндээ элсүүлэхээр Хамбург хамаг анхаарлаа тавьж буй. Аахэн бас л дур булаам баг сан, дээд лигид түр буудаллаа даа. Дараа жил дээшээ орж ирэх болтугай.
Дортмунд - Шальке Брэмэн - Франкфурт Бохум - Штутгарт
3 баг сүүлийн өдрөө хүртэл алалцсан түүх 1992 онд болж байжээ. Сүүлийн тоглолтын өмнө Франкфурт, Штутгарт Дортмунд гэсэн дараалалтай байсан ч сүүлийн тойрогт Франкфурт Ростокт хожигдсоноор Лэвэркузэныг талбайд нь 2-1-ээр хожсон Штутгарт аварга болж байж. Үүн шиг түүх давтагдах юм биш биз, энэ жил.
Шалькегийн 10 мянган фэн хотын гудмаар алхаал, битүү хөх. Дормтундын 5 мянга мөн адил, нилийсэн шар. Хөлбөмбөг гэгч ямар ид шидтэй вэ. Фэнүүдийн сэтгэлийг яагаад соронзон мэт татдагийг бүрэн тайлбарлахад амаргүй. Шалькегийнхэн Дортмунд явах билет олж чадаагүй фэнүүддээ зориулж дэлхийн аваргын үеэр байсан шиг нийтийн том дэлгэц зоосон гэнэ лээ. Шалькегийн фэнүүд 3-хан минутын дараа учиргүй их хөөрөн баясав. Тэдний тоглогчид гоол хийсэнгүй ээ. Эсрэг талаас нь автогоол ч орсонгүй. Өөр зүгт гоол орсон аж. Бохум Штутгартад гоолджээ. Брэмэны фэнүүд ч мөн адил бөөн баяр. Гэтэл тэд 10 минутын дараа өөрсдөө хачин царайллаа. Франкфуртын Аманатидис Брэмэны урагш хэт түрэн орсон хамгаалалтын онгорхойг ашиглан харууштай гоол хийсэн. Шалькегийн фэнүүдийн хувьд баяр дээр баяр болсон нь мэдээж. Штутгартынхан ч гэсэн мэдээж баахан орилолдоон. Дахин 10 минутын дараа тэд улам илүү орилолдлоо. Хитцлспергер Бохумд тэнцээний маш үзүүштэй гоолыг хийжээ. Галзуурмаар юм, дахиад 10 минутын дараа хаа нэгтээ гоол орсон бололтой. Брэмэны Хант тэнцүүлчихжээ. Солиормоор юм, дахиад л 10 минут дахиад л гоол. Энэ удаад бүр хамгийн их аазгайг хөдөлгөсөн гоол. Мэдээж Дортмундын гоол. Хамит Куранид сулхан дамжууллаа, маш сул шүү. Курани ч хурдан очиж авахыг бүрэн шамдсангүй. Мадридыг зорих Метцелдер дундуур нь таслан ороод баруунаар гүйсээр төв рүү хаялаа. Фрай 2 хамгаалагчаас түрүүлэн хүрч хатгаад ГООЛ. Энэ гоол дээр бүх 3 стадион буцалж байлаа. Шалькегийн өрсөлдөгч 2 баг нь бол мэдээж. Гэтэл тэднээс илүү гарна уу гэхээс дутахгүй баярлалдан буй нь Сигнал Идуна Паркт цугласан 80 мянган үзэгчийн дийлэнх нь буюу хар шар хувцастангууд. Учир нь Дортмундын фэнүүд Баваригаас илүү Шалькег үзэн яддаг билээ. Та нар хэзээ ч Германы аварга болохгүй гэж дуулаад л. Шалькегийн экс менежер өөр хүүхэн лүү ширтээд байхаар нь авгай нь Зөвхөн хар, хүрч болохгүй гэж хэлдэг реклам зурагтаар цацраад удаж буй. Дортмундын фэнүүд аваргын тавган дээр яг энэ үгийг нь бичээд өргөсөн байлаа. Дээрх гоол бол энэ өдрийн хамгийн дуулиантай гоол гэдэг нь маргаангүй. Штутгарт энэ гоолоос 2 минутын өмнө 2 дэх гоолоо алдсан тул салхи Брэмэн лүү үлээгээд эхлэх нь тэр. Хагас үе дууслаа.
Дортмунд 1-0 Шальке, Брэмэн 1-1 Франкфурт, Бохум 2-1 Штутгарт.
Шальке 65, Штутгарт 64, Брэмэн 64 оноотой болчихжээ. Шалькегээс ямар ч тоглолт гарахгүй байлаа. Энэ хэвээрээ бол тэд хожигдох нь ойлгомжтой ажээ. Тиймээс нөгөө 2-ынх нь хувьд дараагийн үе гэдэг дайралт хийх цаг. Штутгарт нэг гоолдоход бөмбөгний зөрүүгээр Шалькегийн дээр гарч орхино. Брэмэн нэг гоолдоход 2-уулангийнх нь дээр гарах болно. Сэтгэл догдлуулсан 2-р үе эхэллээ.
61-71 хүртэлх 10 минут бол Штутгартынхны оны шилдэг болох мөч байсан бололтой. Тэд 2 гоол хийж Бохумаас илүү гарч чадсан бол нөгөө талд Франкфурт Брэмэнд гоолджээ. Шалькегийн тоглолтыг харвал тэд хожихгүй нь илт. Смоларек нэмж гоолдоод бүр 2-0 болгочих нь тэр. Дортмундын фэнүүд энэ гоолноосоо гэхдээ Штутгартын 3 дэх гоол дээр илүү их хөөрцөглөн байгаа нь харваас илт. Ривал гэж ривал, дерби гэж дерби юм даа. Дортмунд Руур нутгийнхны 129 дэх тулаанд яллаа. Уржнан яг энэ тойрогт мөн л энэ 2 таарч, Дортмунд Шалькег талбайд нь нухаж байсан юм. Брэмэн бүтэн тоглолтын турш талбайдаа Франкфуртэд дарамтлуулсаар 2-1-ээр хожигдлоо. Штутгартын тоглолт харин болоогүй шүү. Бөөн бужигнаанаас Бохумын тоглогч хов хоосон хаалга уруу гуравхан метрээс өшиглөлөө...
... гэвч Хилдебранд. Тэр зөнгөөрөө л тэр зүг рүү асар хурдтай үсэрлээ. Бөмбөг цээжнээс нь ойгоод буцчихлаа. Ухаан алдмаар юм. Ямар аймаар мэдрэмж, ямар гайхамшигтай суналт вэ. Энэ бол түүхэнд бичигдэх хаалт. Энэ хаалт Штутгартыг Бундэслигийн аварга болгосон болов уу. Ноднин холбооны цомын финалд Аманатидис бас 3 метрээс гоолдох гэхэд Каан гараараа цохиж гаргаснаар Байерн аваргалж байсансан. Тоглолтын дараа грек залуу хэлэхдээ Тэр яаж хаасныг сайн ойлгохгүй байна, 10 ийм үйлдлийн 9 нь баталгаатай гоол болдог хэмээн толгой сэгсрэн байсан. Өнөөдрийн энэ хаалт түүн шиг магадгүй түүнээс үнэтэй хаалт боллоо. Лигийн аварга гэдэг цомын аваргын хажууд сүмбэр уул сүн далай шиг агуу билээ. Ингээд Штутгарт Бохумыг хүнд байдлаас хожсоноор хүснэгтийг тэргүүлээд эхэллээ. Тэдэнд аваргын аз байна. Бохумын Гекас 2 3 метрээс цохиод хаалганы дээгүүр давуулчихсан, дээрх гайхамшигт хаалт байна бас. Бохум 31 дэх тойрогт Шалькег хожиж өгснөөр Шутгартад аварга том тус хүргэж байсан билээ. Өнөөдөр уг нь бас л хожих боломж бүрэн байсан. 2 гол хүн нь ирэх улиралд эндээ байсансан бол аваргын төлөө л үзэлцэх баг өсөөд торничихсон бололтой.
Эцсийн дүн: Дортмунд 2-0 Шальке, Брэмэн 1-2 Франкфурт, Бохум 2-3 Штутгарт.
Брэмэны фэнүүд уйлалдан байлаа. Гэхдээ энэ нь Шалькегийн фэнүүдийн хажууд юу ч биш. Тэд 20-р тойргоос хойш хүснэгтийн оройд заларч байсан юм. Тэрнээс гадна тэд аваргын цомыг 49 жил хүлээж буй. 6 жилийн өмнө харамсалтайгаар аваргаа алдан Сэтгэл зүрхэн дэх аварга хэмээн хэлэгдэн улирлыг дуусгаж байсан түүх энэ жил давтагдчих шиг боллоо. Тэр үед юу болж байсан юм бол.
2000-2001 улирлын 33 дэх тойрог. 32 дэх тойргийн дараа Байерн Шальке 2 адил 59 оноотой байлаа. Байерн Кайзерслаутерныг 2-1-ээр хожин 62 оноотой болох үед Штутгарт Шалькег 1-0-оор хожин гомдоож байжээ. Сүүлийн тойрогт Байерн Хамбургын талбайд очсон бол Шальке Мюнхены Унтерхахингийг гэртээ хүлээн авчээ. Хоккей шиг л арвин гоолын мөндөртэй тоглолтод Шальке 5-3-аар хожжээ. Хэдий олон гоол орсон ч тэдний тоглолт түрүүлж дуусчээ. Нөгөө талд юу болохыг чих тавин сууж байлаа. Үндсэн цаг гоолгүй өндөрлөх үед одоо Лэвэркузэнд буй Барбарез гоолдчих нь тэр. Ингээд адил 62 оноо. Бөмбөгний зөрүүгээр Шальке аварга. Тоглогчид, дасгалжуулагч, багийнхан, фэнүүд гээл бүгд л үгээр хэлж барамгүй асар их баяр цэнгэлд умбалаа. Тоглогчид нь талбайд нэгнээ дарж аваал. Гэтэл ганцхан минутын дараа Байерны Андерссон хэмээх швед хамгаалагч улирлын анхны гоолоо хийчихэв ээ. Жинхэнэ шоок гэж энэ л байх. Байерн 1 оноо авч чадсанаар 63 оноогоор аваргалж байсан. Байерны фэн л биш бол энэ маш гашуун түүх. Тэр үед Герман даяар хүмүүсийн дотор өвдөж байсан ажгуу. Энэ удаа гэтэл тэдэнд дахиад л Штутгарт шавар хаалаа. За за одоо цаг уруугаа буцья.
Брэмэн хожигдсон тул аварга гэж мөрөөдөлтгүй болсон. Штутгарт талбайдаа Коттбусыг хожно биз дээ. Бийлэфэлдтэй тоглох Шалькегийн фэнүүдэд зөвхөн бурханд залбирах л үлдлээ.
1. Штутгарт 67(59-36, 23)
2. Шальке 65(51-31, 20)
Hup Holland Hup