[font=Times New Roman]
''Мадридад атомын бөмбөг хаях хүн байвал би талархал илэрхийлэн гар барих болно''[/font]
1996 он. «Ноу Камп» -д улирлийн өмнөх уламжлалт, багаа танилцуулах арга хэмжээ болж байлаа. Үзэгчдийн алга ташилтан дундуур багийн лидерүүд Хосеп Гвардьола, Мигель Анхель Надаль нар талбайд гүйн гарж, Роналдо, Пицци, Жованни, Витор Байа нарын шинэчүүлийг ч балиашгууд найрсагаар хүлээн авав. Бүгд талбайн голд зэрэгцэн зогсох тэр агшинд стадион чив чимээгүй боллоо. Талбайд ганцхан тоглогч гараагүй үлдсэн байв. Магадгүй ганц түүнийг л харах гэж энэ олон фэн цугласан байж болох. Харин тэр энэ үед хувцас солих өрөөнд сууж байлаа. Сэтгэл нь их хөдөлсөнөөс нулимс нь асгаран, талбайд шууд гарж чадсангүй. Хажууд нь зогсох Барсагийн хамгаалалтыхан аргаа барсан шинжтэй нүүр буруулна. Тэд Барсагийн олон жилийн бахархал болсон тоглогчийг ийм байдалтай байхыг нь урьд өмнө үзэж байгаагүй хойно аргагүй. Гэнэт тэр инээмсэглэн бослоо, уйлсанаас улайсан нүдээ арчаад, каталон ардын хувцастай эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг гараас нь хөтлөн алхаж эхлэв. Энэ үед түүнийг хурдан харах гэсэн цэнгэлдэх тэр чигээрээ тэсвэрээ алдан нэрийг нь дуудаж байв. Талбайд түүнийг гарж ирэхэд бүгд суудлаасаа босон хүндэтгэл үзүүлсэн нь энэ тоглогчид балиашгууд хичнээн хайртайг бэлхэнээ харуулж байлаа. Тэр гараа өргөн үзэгчидтэй мэндлээд, цээжин дээрх Барсагийн эмблемийг үнсэж, Нуньес ерөнхийлөгчид мэхийн ёслов. Балиашгууд баярлан уухайлсаар байсан тул зарлагч ч танилцуулга хийхээ хүлээхээс өөр арга байсангүй. Цэнгэлдэх бага зэрэг тайвширж эхэлсэн хойно зарлагчийн дуу гарлаа. 8 дугаарын тоглогч Христо гэнгүүт стадион тэр аяараа Стойчков хэмээн түрсэн юм. Тиймээ энэ бол Христо байлаа. Жилийн дараа Болгарын бүх үеийн шилдэг хөл бөмбөгч маань гэртээ эргэн ирж байгаа нь энэ. Христогийн зүрх сэтгэл, бие махбодь Барсадаа эргэн ирэхийг уриалан дуудаж байсан болохоор тэр эргэж ирсэн юм. Энэ удаад бид та бүхэнд Барсагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Христо Стоичков-ийг танилцуулах гэж байна.
[font=Tahoma]
1990/91 оны улирал.
21 гоол (Пример лийг – 14, Испаний цом – 1, Цомтонгуудын цом— 6)
Цол: Испаний аварга
Христо Стоичков «Барселона»-д тоглох тавилантай байсан. 6 настайгаасаа Барсагийн фэн болсон Христо өмнөө тавьсан зорилгоо ямагт биелүүлдэг байлаа. – Надад итгэхгүй байж болно. Гэхдээ миний эхний зорилго Софигийн ЦСКА байсан. ЦСКА –д ороод би Болгарын шигшээ багт орох зорилт тавьсан. 3 дахь зорилго маань Барса байлаа гэж Стоичков ярьж байна. 3 дахь зорилгоо биелүүлэхийн тулд Христод Цомтонгуудын Цомын хагас шигшээд Барсагийн эсрэг хоёр тоглох хангалттай байлаа. Каталоний хамгаалагчдыг тамлан зовоосон Стоичков Барсад 3 гоол хийсний хоёр нь Ноу кампад хийсэн гоол байлаа. Барса талбай дээрээ 4-2, Болгарт 2-1 хожин дараагийн шатанд шалгарсан ч Болгарын залуу довтлогч Йохан Кройфын зүрхийг эзэмдэж чадсан юм. Тиймээс Барса Христог авсанаа удалгүй зарласан нь хэний ч гайхлыг төрүүлсэнгүй. Харин энэ наймаа зөв эсэх талаар эргэлзсэн хүн багагүй байв. Испаний хөл бөмбөгт 1950-1960 онуудад бөөндөн орж ирж байсан Зүүн Европынхныг Испани орон аль хэзээний мартсан байлаа. Гэвч Нуньес Кройфод бүрэн эрх олгосон байсан бөгөөд Нисдэг голланд тэр эрхээ бүрэн ашиглаж байв. Стоичковыг сайн уу муу юу гэдгийг талбай дээр харахаасаа өмнө л каталончууд түүнд сайн болж эхэлсэн. Учир нь Христо анхныхаа хоёр дасгалжуулагчид тус бүрд нь 7000 доллар бэлэглэсэн гэдэг нь хэвлэлээр гарсан хэрэг. Одоо ч 7000 ногоон их мөнгө ба тэр үед Баруунд ч маш их мөнгө байсан юм. Үүнээс гадна Христо испани хэл төдийгүй каталон хэлийг ч эзэмшихийг хүсэж байгаа тул каталон хэлний багш хувиараа авсан нь Барсагийн фэнүүдэд их таалагдсан. Гэхдээ хамгийн их каталончуудыг татсан нь Мадридийн Реалын талаар түүний хэлсэн үгүүд байлаа. Хамгийн анхны ярилцлага дээрээ л Стоичков – Би Каталоний түүхийг мэднэ. Хэрэв маргааш Мадридад атомын бөмбөг хаях хүн байвал би тэр хүнд талархал илэрхийлэн гар барих болно гэж хэлсэн. Мадридийн сонингууд тэр өдрөөс хойш Христог шовинист гэж нэрлэдэг болсон билээ. Анхны жилээ Стоичков 14 гоол хийн багийн шилдэг бомбардир болж, 10 удаа гоол орох дамжуулалт өгсөн байна. Тиймээ, би Болгарт байснаасаа бага гоол хийж байгаа. Испанид ирсэн болохоор тэр биш, Барсагийн тоглолтын онцлогт байгаа юм гэж тэр Ла Лига дууссан хойно ярьсан. Онцлог гэдэг нь тэр үеийн Барсагийн довтлогч Христо Салинас нар хоёр зах руу гаран төвд хагасууд дайрах зай гаргаж өгдөг байв. Энэ жил Барса 1986 оноос хойш завсардаад байсан Испаний лигийн аварга цол хүртсэн бөгөөд сэтгүүлчид энэ ялалтын гол баатар нь Йохан Кройф Христо Стоичков нар хэмээн нэрлэсэн юм.
1991/92 оны улирал
23 гоол (Пример лийг – 17, Испаний цом – 2, Аваргуудын лийг— 4)
Цол: Аваргуудын лигийн эзэн,Испаний аварга, Испаний супер цом.
1992 он Стоичковт алдар нэр, амжилт төдийгүй асар том харамсал авчирсан. Европын шилдэг хөл бөмбөгчөөр шалгарах нь тодорхой хэмээн хэлэгдэж байсан ч тэр Марко Ван Бастенд шударга бусаар ялагдсан юм. Ван Бастен тэр жил 20 хон тоглолтод оролцсон ба санал асуулгийн яг өмнөхөн буюу 12 сард Шведийн «Гетеборг»-д 4 гоол хийснээр алтан бөмбөгийн эзэн болсон билээ. Дараа нь Стоичков – Марко агуу хөл бөмбөгч. Гэхдээ алтан бөмбөг авах эрхгүй байсан гэж хэлэх болно. Христо хэл амтайгаараа алдаршсан байсан ч энэ удаад 100% түүний зөв байлаа. Энэ улиралд Барса Микаель Лаудруп гэсэн найруулагч, Хулио Салинас Христо Стоичковын гурвалжингаар өрсөлдөгчийхөө толгойг эргүүлж байв. Дайсны хамгаалагч нар аюул хаанаас ирэхийг тааварлаж чадалгүй бут ниргүүлж байлаа Салинасийг хамгаалагч нар бүчин ирэх үед тэрээр Лаудрупт хаян, Микаэль тэр дор нь Христод гарган өгөж байлаа. Христо Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод ч гоол хийх боломжтой байсан ч сайхан байрлалаас хөндлөвч оносон юм. Энэ улирлаас Барсагийн хамгийн сүүлийн тойрогт аваргийн болзол биелүүлсэн домогт гурван АШТ эхэлсэн. Барсагаас нэг оноо илүү явсан Реал сүүлийн тоглолтод Тенерифед 2-3 хожигдон, Барса аварга болж байсныг уншигчид санаж байгаа байх.
1992/93 оны улирал.
23 гоол (Пример лийг – 20,Испаний супер цом -1, Тив хоорондын цом – 1, Европийн супер цом— 1).
Цол:Испаний аварга,Европийн супер цом,Испаний супер цом.
Энэ улирал Христотой цуг довтолгоонд нас ахисан Салинасыг үндсэн бүрэлдхүүнээс шахаж чадсан баскийн Айтор «Чики» Бегиристайн тоглолоо.Олон талын авьяастай, хурдтай энэ хослол Барсагийн супер зэвсэг болсон юм. Кройф жигүүрийн довтлогоогүйгээр багаа төсөөлдөггүй байсан тул Христо зүүн, Чики баруун захаар гүйн, хэрэгцээтэй үед хагас хамгаалагчын үүрэг ч гүйцэтгэж байв. Балиашгуудын шүтээн болсон байсан Стоичков бараг өдөр бүр шуугиант ярилцлага өгөж байлаа. Христо Marca сониний сурвалжлагч Реалийн талаар сонирхоход - Энэ багийн талаар сонсохоор бөөлжис цутгадаг хэмээн хариулсан нь нилээд шуугиан тарьсан. Испани каталоноор ярьдаг болсон Стоичковын цалинг Хосеп Луис Нуньес гурав дахин нэмж, гэрээг 1998 он хүртэл сунган, Христог худалдаж авах санал тавьсан «ПСЖ», «Милан», «Интер» «Валенси» багуудын яриаг сонсохыг ч хүсэхгүй байв. Харамсалтай нь Барса Аваргуудын лигэд ч, тив хоорондын цомд ч амжилт олоогүй. Оросын ЦСКА- тай талбай дээр нь тэнцсэн Барселона «Ноу Камп»-д 2-3 ялагдаж орхисон бол Токиод Бразилийн «Сан-Паулу» -г Стоичковийн бөмбөгөөр хожиж явсан ч 1-2 ялагдсан. Улсын аваргаар Барсагийн домогт цуврал үргэлжилсээр л. Сүүлийн тоглолтын өмнө нэг онооны илүү байсан Реал дахиад Тенерифетэй тоглоод дахиад ялагдав. Харин Барса маргааш нь «Сосьедад»-ийг 1-0 ялан анх удаагаа гурав дараалан түрүүлсэн юм. Хожлын гоол мэдээж Христо хийсэн.
1993/94 оны улирал.
24 гоол (Пример лийг – 16,Испаний супер цом – 1, Аваргуудын лийг— 7).
Цол:Испаний аварга, Дэлхийн аваргын хүрэл медаль, ДАШТ-ий шилдэг бомбардир, Европын шилдэг хөл бөмбөгч.
Барселоны түүхэн дэх хамгийн хүчтэй Барсагийн нэгэнд зүй ёсоор тооцогдох Йохан Кройфын мөрөөдлийн багийн сүүлийн улирал. Энэ багт гол үүрэг Христод оногдож байлаа. Тэрээр довтлогч гэхээсээ илүү найруулагч болон хувирсан байв. Барса Ромариог авсан бөгөөд хэл амаараа алдаршсан бразил болгар хоёр заргач эр сайн найзууд болцгоосон билээ. Энэ хоёрын өөдөөс сөрөн зогсож чадах хамгаалалт дэлхийд байсангүй. Христо Ромарио хоёр гоол хийх тэмцээнээ тохиролцон хувааж авсан юм шиг л байв. Ромарио Аваргуудын лийгэд хоёрхон бөмбөг оруулсан бол (Стоичков 7 гоол) улсын аваргаар 30 гоол хийсэн юм. Ромарио 8 тоглолт тоглох эрхээ хасуулж байсан гэхээр энэ тоо улам их байх байсан нь ойлгомжтой. «Барса» Москвагийн «Спартак»-ийн тоглолтийн өмнө Христо Зөвлөлтийн танк Софид цөмрөн орсон үеийн талаар сонинд ярьна. Москвад болсон тоглолтод Стоичков гоол оруулан, Ромариод дамжуулалт өгсөн боловч 2-2 тэнцсэн. Нутагтаа болсон хариу тоглолт дээр Барса 5-1 ялахад Христогийн Амород өгсөн гайхамшигт дамжуулалт хөл бөмбөгийн түүхэнд мөнхрөн үлдсэн. Испаний аваргаар Барса бас л сүүлийн тойргоос өмнө нэг оноогоор энэ удаад «Депортиво»-гоос хоцорж явлаа. Депорууд сүүлийн тоглолтод нутагтаа «Валенси»-тэй, Барса «Севилья»-тай тоглох байв. Энэ тоглолтын өмнө Кройф сэтгэл зүйн дайралт хийсэн. Тэрээр – та нар Депорыг хар даа. Ийм баг аварга болдоггүй юм. Бид аварга болох ёстой ,болох ч болно гэж мэдэгдсэн. Депортивогийн хамгаалагч Жукич 11 метрийн цохилтоос гоол хийж чадалгүй аварга болох боломжоо алдсан бол маргааш нь Барса Севильяаг 5-2 бут ниргэн аварга болсон. Стоичков энэ тоглолтод хоёр гоол хийсэн.
ДАШТ-1994
Америкт болсон дэлхийн аваргын гол баатруудын нэг Христо. Болгарууд алдарт Диего Армандо Марадонагийн тэргүүлсэн Аргентин, Хар тивийн шилдэг баг Нигери болон Гректэй нэгэн хэсэгт орсон. Мэргэжилтнүүд санал нэгтэй Болгарыг гуравдугаар байранд орно хэмээн таамаглаж байв. Болгарчууд шувтаргийн тоглолтод ч тун санамсаргүй шалгарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Парист болсон урьдчилсан тоглолтын сүүлийн минутад Эмил Костадиновын хийсэн гоолын ачаар тэд Францыг даваж гаран сэнсаац тарьсан. Ингээд дэлхийн аваргадаа эргэн очьё. Эхний тоглолтод Болгарууд яаж ч чадсангүй, Нигерүүдэд 0-3 хожигдсв. Дасгалжуулагч Димитар Пенев тоглолтын дараа тамирчиддаа бүрэн эрх олгож байгаагаа мэдэгдэн, бэлтгэл хийхээ больсоноо зарлав. Болгарын багийнхны эхнэр, найз бүсгүйчүүл нь Америкт ирж, бүгд усанд сэлэн, уун наргиж байв. Гайхалтай нь энэ бодлого үр дүнгээ өгсөн юм. Эхний тоглолтод Грекийг 4-0 хожиж, унтраасан Аргентин Нигерийг 2-1 ялж, дараагийн шатанд шалгарах эрхээ хармаалаад байв. Болгарийн шигшээ Грекийг 4-0 хожиход Стоичков хоёр гоол хийгээд зогссонгүй, Лечков Боримиров нарт дамжуулалт өгжээ. Хэсгийн сүүлийн тоглолтын өмнө Болгарууд таамаглал ёсоор гурав дугаар байранд байж байлаа. Аргентинтэй хийх тоглолт үлдэж байгааг хэлэх үү, Нигерүүд Грекийг хөнгөхөн 2-0 хожсоныг ч хэлэх үү. Гэвч эндээс л хамаг сонирхолтой юм эхэлнэ. Сэргээш хэрэглэсэн хэргээр Аргентины ахлагч Марадона тэмцээнээс хасагдаж, аргентинчүүд том шоконд орлоо. Болгар Аргентиний хатуу ширүүн тоглолтод Аргентиний багт удирдагч лидер байхгүй байсан бол Болгарт Трифан Иванов, Эмил Костадинов, Йордан Лечковоос гадна мэдээж Христо Стоичков байлаа. Тоглолт дуусахаас 30 минутын өмнө Христо гоол хийсний дараа болгарууд урд ганц Стоичковыг үлдээгээд, хамгаалалтад шилжсэн. Христо ганцаараа урд талд бужигнуулсаар булангийн цохилт хийх эрх авж, Наско Сираков гоол хийснээр Болгарууд 2-0 хожин хэсгээсээ хоёроор гарж чадлаа. Плей-оффын эхний шатанд Хорхе Кампосын Мексиктэй таарсан бөгөөд 7 дахь минутад Христо хоёр хамгаалагч хууран, 90 ийн буланд цохин гоол хийсэн ч мексикүүд 11 метрийн цохилтоос хариу гоол хийн оноо тэнцэв. Багууд гоол хийхээсээ илүү алдахгүйн тулд хамгаалах тактик барин тоголж, 11 ийн цохилтоор ялагчаа тодруулах болсон ба Мексикчүүд их баяртай байлаа. Учир нь тэдний хаалгач Кампос зарим үед довтлогчийн байрлалд тоглодогоороо төдийгүй 11 метрийн цохилт хаадагаараа алдаршсан хаалгач байв. Гэвч Болгарын Михайлов Бернал, Родригес нарын цохилтыг хааж, Гарсия Аспе хаалгаа оносонгүй. Кампос ганцхан цохилт хааснаар болгарууд дараагийн шатанд шалгарлаа. 1994 оны 7 сарын 14 Болгарын ард түмний хувьд түүхэн өдөр болсон. Энэ өдөр тэдэнтэй тоглохоор Германы машин гарж ирлээ. Үүнээс өмнө болгарууд Германтай 17 тоглохдоо 16 ялагдаж, ганцхан удаа тэнцсэн байв. 48 дахь минутад Лотар Маттеус пенальтигаас гоол хийхэд бүгд л германууд хожлоо гэж бодож байсан байх. Тэгвэл үгүй юм. Болгарт Христо гэдэг аврагч байсан бөгөөд 77 дахь минутад хаалттай цохилтоос хариу гоол хийн, удалгүй Йордан Лечков мөргөн бөмбөг оруулсанаар болгарууд түүхэндээ анх удаагаа Германыг хожиж чадсан. Энэ тоглолттой холбогдсон нэгэн сонирхолтой явдал байдаг. Германы Томас Штрунц хамгаалагчтай мөргөлдөөд хэсэг зуур ухаан алдсан бөгөөд ухаан оронгуутаа тоо хэд хэд вэ гэж асуусан гэнэ. 2-1 гэсэн хариулт сонсоод манай хэн оруулаа вэ гэж лавлан, Болгар оруулсаныг сонсоод дахин ухаан алдсан гэдэг. Германыг ялсаны дараа хаалгач Борис Михайлов болон Йордан Лечков, Христо Стоичков, дасгалжуулагч Димитар Пенев нар албан ёсоор ардын баатар болцгоосон байна. Хагас шигшээ тоглолтод Болгарууд шүүгчийн буруугаас Италид 1-2 ялагдан ( Христо гоол хийв.), 3-р байрны төлөөх тоглолтод Шведэд 0-4 ялагдсан ч энэ тэмцээн Болгаруудын хувьд түүхэнд алтан үсгээр бичих тэмцээн болсон юм. Болгарын шигшээ тоглох үеээр Софийн гудамжинд такси ч харагддаггүй байсан гэнэм. Христо Стоичков шилдэг бомбардирын Алтан пүүз шагнал авсан ба ДАШТ –д гайхалтай сайн тоглосныхоо ачаар Европын шилдэг хөл бөмбөгчийн Алтан бөмбөгийг ч хүртсэн билээ. Алтан бөмбөг шагналаа тэрээр өөрийн дотны найз Любо Пеневт зориулж байна хэмээн мэдэгдсэн. Болгарын хамгийн авьяаслаг тоглогчийн нэг Пенев өмөн үү өвчтэй байсан тул 23 настайгаасаа л өвчин намдаах тариа хийж тоглодог байсан гэнэ.
1994/95 оны улирал.
20 гоол (Пример лийг – 9, Испаний цом -2, Испаний супер цом – 3, Аваргуудын лийг— 6)
Цол: байхгүй.
Улирлын төгсгөлөөр Микаель Лаудруп Мадридийн Реалд оров. Барсагийн тоглогчид энэ талаар ярихгүй байхыг хичээж байсан ч Христо мэдээж хэрэг ганцаараа дуугүй суусангүй. – Лаудруп гэж хэн бэ? Би мэдэхгүй юм байна. Би урвагчидтай юм ярьдаггүй, нүүр лүү нь нулимдаг. Дахиж битгий тэрний нэрийг хэлээрэй. Би түүнийг үзэн яддаг гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Энэ жил Йохан Кройфийн «Барса» тун хялбархан нуран унасан. Хэрүүл маргаан тун их байсан ба нэг мэдэхэд багийхан Христогийн эсрэг нэгдсэн байв. Стоичков хэвлэл мэдээллээр багийхнаа дасгалжуулагчаа хайр найргүй шүүмжилсэнээс болон мэдээж хэрэг сэлгээний суудалд шилжлээ. Сэлгээнд байсан ч тэр Аваргуудын лийгэд 6 гоол хийж, Куманыг давж гаран багийн түүхэнд нэрээ мөнхөлж чадсан. Стоичков Кройф хоёрын хэрүүл сонин хэвлэлээр гарж, Барселоны тоглогчид хичнээн сайхан байрлалд байсан ч түүнд дамжуулалт өгөхөө больсон. «Биднийг хэрүүл маргаан хагаралдуулж байна. Би тоглогчидтой ярилцмаар байгаа боловч хэн ч надтай ярихыг хүсэхгүй байна. Би сэтгэл зүрхнээсээ Барсад хайртайг та нар ч мэдэж байгаа. Би багтаа үлдмээр байна, гэхдээ цаашид яахаа ч мэдэхээ болиод байна гэж тэр El Mundo Deportivo гийн сурвалжлагчид ярьна. Стоичков өөрийгөө төвд тогловол илүү ашигтай хэмээн үзэж, зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар гаргаад байгаа Кройфийг шүүмжилсэн юм. 5 сарын дундуур Барсагийн ерөнхийлөгч Нуньес Стоичковыг Пармад 15 сая ногооноор зарсанаар энэ хэрүүл намжсан.
1996/97 оны улирал.
8 гоол (Пример лийг – 7, Испаний супер цом— 1).
Цол: Цомтонгуудын цом, Испаний цом, Испаний супер цом.
Ингээд дээр дурдсаны дагуу жилийн дараа Стоичков багтаа буцаж ирлээ. Италид очоод 9-хэн гоол хийн , амжилт муутай байсан түүнийг Барса 3,6 саяар эргүүлэн худалдаж авсан юм. Эхний тойргийн тоглолтод үндсэн бүрэлдхүүнд гарсан ч удалгүй сэлгээний тоглогч болон хувирсан. Түүнийг балиашгууд урьдын адил хайрлаж, тоглогчид хүндэлж байсан бөгөөд чухал тоглолтод тэр сэлгээнээс гарж байв.
1997/98 оны улирал.
1 гоол (Аваргуудын лийг— 1)
Цол: Испаний аварга, Испаний цом, Европийн супер цом.
Луи Ван Гаальтай анхнаасаа хэл амаа ололцсонгүй. Ван Гааль Христог багийхаа тоглогч гэж үзэхгүй байсан ба дараа нь зүүн жигүүрт хамгаалагчаар тоглуулж үзсэн байна. Мэдээж хэрэг Христо тэссэнгүй, ерөнхийлөгчтэй уулзан чөлөөт агент болгож өгөх хүсэлт тавьсан ба тэгэхдээ гэрээ ёсоор авах мөнгөө авахгүй гэж хэлсэн байна. Гэвч Нуньес гэрээ цуцалсаны мөнгийг түүнд төлсөн ба 1998 оны 3 сард Христо багаасаа гарсан. Христогүйгээр Барса Испаний аварга болсон ч Нуньес аваргын бөгж түүнд илгээсэн юм. Барсад 7 улирал тоглохдоо Христо Стоичков 120 гоол хийсэн ба одоо ч Барсагийн балиашгууд түүнийг хайрлан биширдэг. Тэрээр одоо ч жинхэнэ «куле» хэвээр бөгөөд Барсагийнхны зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн. Халуун омголон зантайгаас шүүгч нартай маргалдан 55 шар, 10 улаан картаар торгуулж байв. 20-р зууны шилдэг 100 тоглогчийн тоонд багтсан ба Барсагийн Аваргуудын лийгийн 100, 125 дахь ойн бөмбөгийг оруулж байлаа. 2000 онд Кройфтой уулзан эвлэрсэн Христо хэрэв Йохан шиг дасгалжуулагч байгаагүй бол сайн тоглогч болж чадахгүй байсан хэмээн хүлээсэн байдаг.Болгарын үндэсний шигшээ багийг дасгалжуулж байгаад больж, одоо Испаний Сельта багийг удирдаж байна. 2004 онд Барселон хотод хүүхдийн хөл бөмбөгийн сургууль нээсэн бөгөөд яагаад энд нээгээ вэ гэсэн асуултад яагаад гэвэл энд миний сэтгэл зүрх байгаа болохоор гэж хариулсан юм. Христо Стоичков хэмээх алдарт хөл бөмбөгчийн тухай товчхон дурсахад ийм буюу.
М.Сугар-Эрдэнэ[/font]