Өнөөдрийн онцлох тоглолгч
“The 0.4 shot” Дерек Фишер
Бүтэнсайнд буюу өчигдөр манай баг Денвер хотын Наггест багийн эсрэг үхлийн 7 дахь тоглолтоо хийж алалцаан болсоны эцэст үндсэн цагт 96:87-ын харьцаатай буулган авснаар цувралд 4-3-ийн харьцаатай ялалт байгуулан 5 жил дарааллан Плейоффын “ХОЁРДУГААР ШАТ”-анд шалгараад байна.
Плейоффын дараагийн шатанд манай баг Оклохома хотын Аянганууд багтай таархаар болоод байна. Улиралд тэд манай багтай 3 тоглож, 2 ялсан амжилттай байгаа. Улирлын солилцоо наймааны цонхоор 3 сарын 15-ны өдөр Дерек маань Хьюстон Рокетс багруу Жордан Хилл болон 2012 оны 1 дүгээр драфтын эрхээр солигдон очсон. Очсон өдрөөс хойш 3 өдрийн дараа Фишер гэрээгээ худалдан авч, НБА-н дүрэмд зааснаар Лейкерс багаас өөр багтай гэрээ хийх эрхтэй болоод байсан юм.
Энэ нөхцөл байдлыг ашиглан залуу хүчтэй бүрэлдэхүүнтэй Аянганууд багийн менежер Плейоффт амжилт гаргах үүднээс туршлагын уурхай болсон Фишэртэй 3 сарын 21-ны өдөр гэрээ хийж чадсан юм. Ингэснээрээ Оклахома баг аварга болох магадлал ихэссэн юм. Түүнийг энэ багийн туршлагыг нөхөх хангалттай нөөц бололцоотой гэж үзэж байгаа. Тэрээр Оклахома хотын багт 37 номертой тоглохоор болсон ба яагаад энэ дугаарыг сонгох болсон бэ гэвэл тэрээр энэ жил 37 настай юм. Тэрээр Аянганууд багийн анхны тоглолтоо Лос Анжелес хотын нөгөө баг болох Клипперстэй тоглож 5 оноо авсан.
Плейоффын хоёрдугаар шатанд Фишер маань НБА нэгэн Драмад тоглохоор болоод байна. Энэ нь НБА-н 5 удаагийн аваргыг хамтдаа тоглож авсан Коби Брайнтынхаа эрсэг, төрөлх Лейкерс багийнхаа эсрэг хийхээр болоод байна. Түүнийг Лейкерс багийнхаа эсрэг цаг дуусах мөчид хийх алуурын шидэлтээ хийх болов уу, хэрхэн тоглох бол, Лейкерс багийг дэндүү сайн мэдэх түүний хувьд Кобиг хэрхэн хаах тактикийг боловсруулах болов уу, энэхүү давуу талаа ашиглан цувралд хожих уу зэрэг олон асуулт биднийг хүлээж байна. Ингээд түүний тухай хэдэн мэдээлэл оруулъя.
Түүний бага нас:
Тэрээр АНУ-ын Арканзаз мужын Литтле Рок хэмээх газар 1974 оны 8 сарын 9-ны өдөр мэндэлжээ. Түүний ээжийг нь Аннит гэдэг, санхүүч мэргэжилтэй банкинд ажилладаг нэгэн юм. Аав нь хуучин цэргийн хүн байсан ба одоогоор төрийн албанд ажиллаж байна. Фишер аав ээжээрээ маш их бахархаж явдаг бөгөөд түүнийг сагсан бөмбөгт хөл тавихад нь хамгийн том түлхэц үзүүлсэн. Түүний ээж нь “хөдөлмөр хүний амьдралын үндэс, хөдөлмөр л, хөдөлмөр л, хөдөлмөр л, аливээ Дерек.........”
Түүний аав: “Аливаа зүйлд манлайлагч бай...”. Фишер: “Аавын маань надад өгсөн энэ зан чанар намайг багаас минь тэргүүлэгч, манлайлагч болгосон.”
Тэрээр маш багаасаа сагсаар хичээллэж эхэлсэн ба түүний ах Дуэн Вашингтон хожим нь мэргэжлийн сагсан бөгбөгчин болсон. Бага байхдаа ахынхаа дунд сургуульд байх үеийн тоглолтыг талбайн гаднаас үргэлж үздэг байж. Тэрээр хожим нь дурсан ярихдаа “Би тэгэхэд сагс тоглоход хэтэрхий балчир байсан, Гэхдээ ахыгаа дэмжиж, тоглотыг нь алхасахгүй үздэг байсан”. Түүний ах Дуэн Вашингтон авъяаслаг тоглогч байсан бөгөөд НБА-ийн Нью Жерси Нетс болон Лос Анжелес Клипперс багуудад тоглож байсан нэгэн боловч амжилтын хажуугаар хар тамхины хэрэгт холбогдож ял авсан юм. Үүнийг Фишер маш хүндээр тусгаж авсан. Түүний шүтээн, үлгэр дуурайлал болсон ах нь хар тамхинаас болж сагсан бөмбөг тоглохоо болиход нь Фишер өөртөө “Би хэзээ ч хар тамхи хэрэглэхгүй” гэж амлалт өгсөн гэдэг. Ингээд тэр НБА-д орох зорилго өвөртөлсөн түүхтэй.
Түүний сагсан бөмбөг тоглох авъяас
Тэрээр “Arts and Science Magnet” хэмээх дунд сургуульд элсэн орж, улмаар сагсан бөмбөгийн багийнхаа холбон тоглолгчийн байрлалд тоглох болсон. Тэрээр дунд сургуульд суралцах хугацаандаа олон амжилтын эзэн болсон. Жишээ нь “Бүх Америкийн дунд сургуулийн нэгдүгээр шигшээ баг”-т нэрлэгдсэн нь түүнийг хэрхэн амжилттай тоглож байсныг илтгэж байна. 1992 онд сургуулиа төгсөж, тэтгэлэг авснаар Арканзасын их сургуульд элсэн орсон. Энэхүү их сургууль нь түүний төрсөн газар болох Литтл Рок-д түүний гэрээс холгүй байрладаг байлаа. Тэрээр их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжтой болсон юм. Тэрээр их сургуулийнхаа багт багтан тоглохдоо энэ хугацаанд сургуулийнхаа түүхэнд дэх шилдэг тоглогч болсон юм. 1996 онд буюу төгсөх жилдээ Фишер Sunbelt-ийн “Оны шилдэг тоглогч”-оор тодорсон байна. Тоглох хугацаандаа нийт 1393 оноо, 372 оновчтой дамжуулалт, 189 бөмбөг таслалтыг хийсэн байна.
НБА дахь хөл тавилт:
1996 оны НБА-н Драфтаар нэгдүгээр тойргийн 24 дэх сонголтоор тэрээр Лос Анжелес Лейкерс багт драфтлагдсан. Тэр үед түүний багийн домог болон гэж хэн ч санаагүй байх. 1996-1997 оны улирал эхлэхийн өмнөхөн Лейкерс баг хүчтэй баг босгох эхлэлийг тавьсан гэж хэлэхэд болно. Мөн оны Драфтын гишүүн Кобиг солилцоо хийж багтаа авч чадсан. Түүгээр зогсохгүй зуны солилцоо наймаагаар Супер од болоод байсан Суперман Шакил О’Нилийг багтаа нэгтгэж, улмаар 2 улирал хамтдаа тоглон туршлага хуримтлуулж, улмаар хамтын тоглолтоо дээд түвшинд аваачсанаар 2000-2002 оны хооронд гурав дарааллан НБА-н аварга болсон билээ. Эдгээр жилүүдэд шийдвэрлэх үед Фишер гараанд гарч сайн тоглон, багийн хайртай тоглогчдын нэг болсон.
Талбай дээрх гайхалтай мөч:
2004 оны Плейоффт Сан Антонио Спурс багийн эсрэг хийсэн 5 дахь тоглолтонд сагсан бөмбөгийн түүхэн дэх агуу шидэлтийг хийсэн. Нэг оноогоор хожигдож байх мөчид 0,4 дольд Фишер итгэмээргүй нэгэн шидэлтийг хийж Карл Малоун, Гари Пайтон нарын аварга авах мөрөөдлийг хадгалж чадсан юм. Давталтаас харахад Фишер цаг дуусахаас өмнө шидэж амжсан нь харагдаж байлаа. Улмаар цувралд Лейкерс ялалт байгуулан Финалд шалгарсан. Энэ шидэлтийн дараа сагсан бөмбөгийн шинжлэх ухаанд хамгийн хурдан бөмбөг цагиргаг руу шидэх хугацаа 0,4 гэж тодорхойлох болсон. Үүнээс доошхи хугацаанд боломжгүй юм гэж үзэхэд хүрсэн.
НБА дахь кареер:
2004 оны Финалд Лейкерс хожигдож тэдний хаанчлал дуусч, Шак болон дасгалжуулагч Фил багаас явсан. Фишер маань ч Голден Стайт хотод хөл тавьж хоёр жилийг кареерынхаа хамгийн өндөр үзүүлэлтэй тоглон дуусгаж, 2006 онд Юта Жазз багт элссэн. Улмаар 2007 онд Лейкерс багтаа буцан ирснээр хоёр жил дарааллан 2009 болон 2010 онд аварга болсон.
Гэр бүлийн амьдрал:
Фишер нь 2005 оны 2 сарын 19-ны өдөр Кандейс Паттонтай гэрлэсэн. Улмаар 2006 онд эхнэр төрж түүнийг ихэр хүүхдийн аав болох хувь тохиосон. Дрю ба Татумын. Фишер эхнэртэй болохоосоо өмнө охинтой байсан. Тэр нь Chloe юм. Мөн түүний эхнэр нь Фишэртэй гэрлэхээсээ өмнө хүүтэй байсаг ба түүнийг Маршал гэдэг.
2007 онд түүний охин Татум нь ердөө 10хан сартайдаа нүдний хүнд өвчинтэй байсны улмаас хагалгаанд орохоор болсон нь хүнд цохилт болсон. Улмаар Нью Йорк хотод хагалгаанд орсон. Энэ үед түүний баг Плейоффт чухайл тогтолтонд тоглож байсан. Улмаар Фишерын охины хагалгаа амжилттай болсноор тэрээр Салт Лэйк хотруу нисэж, тоглолтын хагас цагаар ирж тогтолтонд орсон НБА-н түүхэн дэх сэтгэл хөдлөгсөн томоохон үйл явдлын нэг нь болсон юм. Тоглолт нэмэлт цаг сунгахад Фишер маш хэрэгтэй 3 онооны шидэлт амжилттай болгож, Юта багийг хожилд хүргэсэн итгэмээргүй тоглолт болсон юм.
2007 оны улирал дууссаны дараа Юта багийн зүгээс Фишерт гэрээгээ сунгах талаар санал тавьхад Фишер гэр бүлийн байдлаас болж Лос Анжелес хотруу шилжсэн түүхтэй. Түүний охин нь маш ховор эмчилгээний газарт чухал асаргаа, сувилгаа шаардлагатай байсан тул Лос Анжелес багтай дахин нэгдэхэд том шалтгаан болсон. Мөн 2006 оноос эхлэн НБА-н тоглолгчидын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Сүүлд Коби дурсан ярихдаа: “Би олон хүнтэй хамт тоглож байсан, гэхдээ энэ олон хэцүү жилийн хугацаанд Фишэр бид 2 л хамт байсан, тэр бол жинхэнэ эр хүн, найз, багийн хамтрагч байсан”
Фишер маань аль ч багт байсан бидний амьд домог байх болно. Магадгүй түүнд цөөхөн улирал үлдсэн байх. Болдог бол кареерийнхаа сүүлийн жил буцаж Лейкерс багтаа ирж тоглон зодог тайлаасаа гэж хүсдэгээ юуг нь нуухав... Хуучин багийнхаа эсрэг сайн тоглоно гэдэгт итгэлтэй байна, эсрэгээрээ Лейкерс баг маань цувралд ялалт байгуулж биднийгээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Урагшаа!!!
Дерек Фишерийн - ТОР CLUTCH PLAYS -
http://www.youtube.com/watch?v=xwu-TQ-6AtEReal Living Legendary Derek Fisher…