2006/07 улирлын Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт, Манчестер Юнайтед - Милан
Эхний тоглолт, Олд Траффорд цэнгэлдэх, 75000 үзэгч
МанЮ 8 жилийн өмнө түүхэндээ 2 дэх удаагаа Европын аварга болохдоо Италийн 2 багийг нугаслаад финалд Германы Бавариг ялгуусан ялалтаар хожин аваргалж байсан билээ. Милан гэтэл эсрэгээр ЧЛ-ийн түүхэнд МанЮ-тай 3 удаа таарахдаа бүгдэд нь гомдоож байсан. Аль нь эцсийн мөчид туйлын үнэнээр тодрох вэ? Тоглолтыг тоймлогч миний бие чөтгөрүүдийн улаан фэн тул эхнийхэд нь найдан, Мөрөөдлийн театрын тайзан дээр гарахаар бэлдэн зогссон 2 багийн тоглогчдыг бахархсан харцаар харан тоглолт эхлэхийг тэсэн ядан хүлээлээ. Миланыхан түрүүлж байраа эзлээд эсрэг багийнхнаа ирэхийг хүлээн зогсоно. Домогт ахмад Мальдини нь Манчестерийн ахмад Нэвиллыг орлон буй Гиггзийг байрандаа ирж зогсонгуут гар барьж харагдав. Дараа нь өөрөөс нь холгүй орших Рүүнийтэй ч гар барин мэндээ мэдэлцлээ. Рүүний мөн Гаттузотой инээмсэглэн гараа барилцав. Хамгийн сонирхолтой нь хамгийн их анхаарлын төвд байгаа Кака Роналдо 2-ын байдал байлаа, гэвч 2-уулаа ард зогссоноос болоод тэдний аяглал телевизийн камерт өртсөнгүй. Роналдо Какагаас жаахан хойно зогсох Мальдинитэй нэг шугамд жагсжээ. Энэ 2-ын хэн нь илүү талаар сүүлийн үед дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд сүрхий маргаан дэгдээд байгаа билээ. Энэ тоглолт нэгийг хэлнэ бус уу. 2 багийн тоглогчдын царайд хурдхан тоглохсон гэхээс яаран буй сэтгэл хөдлөл нь ажиглагдана. Сталлонегийн Роки киноны аянд тоглогчид Олд Траффордын ногоон зүлгэн дээр хөлөө тавьлаа.
Гарааны бүрэлдэхүүнийг ажиглалаа. Ромаг машинддаг бүрэлдэхүүндээ Сэр Алекс 4 өөрчлөлт хийжээ. Өнгөрөгч вийкэндээр гэмтсэн Риогийн оронд зүүн захаас Хайнцег татан авчирч, түүний байрлалд Эвраг тавьсан бол довтолгооны шугамд байсан Смитийг банзанд суулган, Гиггзийг урагш довтолгооны бүсэд оруулжээ. Түүний байсан газарт Скоулзыг зоож. Хамгаалалт маань аймаар өрөвдөлтэй харагдаж байсан ч одоо яаая гэхэв дээ, байгаа материалаа ашиглаал үзээд байхаас. Анчелотти Бавариг талбайд нь дээрэлхсэн бүтэцдээ харин торгуулиас багтаа эргэн ирсэн Жилардиног Инзагигийн оронд багтаасан нь тэдний цорын ганц өөрчлөлт байв. Ингээд цөс ихтэй, эрч хүчээр дүүрэн, гал халуун Залуу Нас намбалаг буурьтай, хат суусан Туршлагын өөдөөс сөрөн зогссон гайхамшигт тоглолт эхлэх нь тэр ээ.
Санасныг бодвол харьцангуй тайван эхлэл байлаа. Гэрийн эзэд бөмбөгийг илүүтэй эзэмшин урагш дайрах хандлагатай байсан бол зочид жаахан замбараа муутай бужигналдана. Түүнийх нь хариу өөрсдөд нь 5 дэх минутад ирлээ. Скоулз Рүүнийд өндөр пасс хаяхад улайрсан бух мэт галзуу англи цээжин дээрээ аваад цохитол Нэста эцсийн мөчид хөлөө тавьж амжив. Ингээд булан. Гиггз баруун булангаас хаалганы урд руу хаяхад Роналдо ганцаараа үсрээд мөргөчихөв. Ойрхон байсан Зеедорф яаж ч чадсангүй. Ялимгүй сул мөргөлт байсан тул Хайнце гоол болгон гүйцээхээр 2 гараа дээшээ өргөн зүтгэхэд Гаттузо түүнд саад хийхээр хамаг чадлаараа мэрийлээ. Энэ үед булангаас бөмбөг ирэх үед байрлалаа зөв олж чадаагүй байсан Дида бөмбөгийг зайлуулахаар үсрэн гар хүрсэн ч өмнөх 2 тоглогчид шахагдан дөнгөж хуруугаараа л хүрэв. Гэсэн ч тор луу алдчихваа. Эцсийн мөчид түүний гар хүрсэн ч энэ бол цэвэр Роналдогийн гоол байлаа, учир нь Дидад аврах боломж байгаагүй.
Ингээд санамсаргүй гэмээр эхлэл сайхан боллоо. Милан Рома биш ч гэсэн цаашаа орох гоолыг нь хүлээж эхэллээ. Энэ гоолны дараа Милан жаахан сэхээ орж урагш тоглох болов. Гэхдээ л гол дүрд Манчестер тоглосон хэвээр. Роналдо талбайн голоос анхныхаа дрибблийг хийсээр торгуулийн шугамд нэлээн ойртож ирээд буудсан ч аюул болж чадсангүй. Гиггз Эвра 2-ын хослолыг мөн л Нэста эцсийн мөчид зогсоолоо. Энэ удаа нөгөө булангаас. Дахиад л Роналдо мөргөв. Гэхдээ энэ удаад Дидад барьж авахад хэцүү биш байлаа. Кака нэлээн холоос буудаж, Миланы довтолгооны салхийг хагалсан ч сүйдтэй юм болсонгүй. Роналдо 3 тоглогч дундуур сүлжиу буудаад багийн 3 дэх буланг авлаа. Гоол ордог булангаас дахиад л Гиггз. Кэррик шууд л зүүн хөлөөрөө хуссан ч Дида барьчихлаа. Ингээд эхний 15 минут дуусахад манайхан манай дош гэсэн шиг тоглолтыг харуулсан бол Милан тун үлбэгэр харагдав.
Оддо баруун талаас Амброзинид тун осолтой пасс хаясан ч өнөөх нь хэргийг нь гаргаж дийлсэнгүй, ван дер Сард сул ороод ирсэн бэлэг байлаа. Үүний дараахан Пирло багийнхаа анхны буланг хийхэд Кака эхэлж хүрсэн ч тэртээ холуур бөмбөг талбайгаас гарсан. Миланы тоглолт илт сэргэсэн нь мэдэгдэж байлаа. Манайхаас Рүүний Кэррик нар хаалганы урд бөмбөг салгаад явж ч байх шиг. 22 дэх минутад хов хоосон газраас Кака гоолдчихдог гэнэ дээ. Зеедорф өөрийнхөө талаар харайлгаж явснаа Какад онцгой уран пасс хаяхад өнөөх нь 2 тоглогч дундаас сугарч гараад урагш хэд өнхрүүлснээ зүүн талаас цохиод гоолдчихсон. Хайнце унаж таклдах гээд яаж ч чадсангүй. Ван дер Сар Какагийн хөдөлгөөнийг даган хөдөлж хамаг ачааллаа баруун хөл дээрээ төвлөрүүлсэн байсан тул бөмбөгөнд хүрч чадсангүй. Эсрэг хөл дээрээ шууд тулгуур аваад үсрэх боломж байсан бол ч... Флетчерийн барууны дамжуулалтыг Гиггз мөргөсөн ч хаалганаас нэлээн дээгүүр өнгөрлөө. Милан бөмбөгөө гарган довтолж, Оддо баруун талаараа манаргаснаа төв рүү хаяхад Хайнце тасалж чадав. Хэрэв энэ пасс зорьсон чигтээ очсон бол аюул болох байлаа. Миланы урд гарсан 2 хүн сул байсан юм. Роналдо Гаттузогийн толгойг эргүүлэн хажуугаар нь өнгөрөх үед өнөөх нь алдаа хийж зогсоолоо. 25 орчим метрээс хаалттай цохилт. Ингээд 2 дэх 15 минут өнгөрлөө, энэ хугацаанд миланчууд илэрхий давуу байсан.
Роналдо айлын хананы гол руу бөмбөгөө зоож орхилоо. Энэ хаалттай цохилтын дараахан манайх маш аюултай юм хийнгээ алдав. Ахмад маань зүүнээр бужигнуулаад төв рүү хаяхад Рүүнийгийн хөлний үзүүр л дутлаа. Хүрсэн бол ч бараг л гоол байсан болов уу. Манайхан гоолондоо санаа амраад хойшоо татаж байгаад гоол алдаад баларсан, эндээ дүгнэлт хийн урагш илэрхий түрж эхлэв. 36 дэх минутад Роналдо хориод метрээс айхтар хүчтэй буудсан ч Дида хаачихав. Аймаар буудалт байсан даа. Гэтэл нэг минутын дараа гайтай юм болох нь тэр. Дахиад л хов хоосон газраас нөгөө л Кака гоолдчихлоо. Нэлээн зайнаас ирсэн пассыг Флетчерээс урьтаж аван түүнийг хуураад гарах гэтэл хажуугаас нь Хайнце шахлаа. Дундуур нь мөргөөд бөмбөгөө хоосон зай уруу гаргатал Хайнце дахиад л нойтон хамуу шиг дагав. Тэгэнгүүт нь Кака хөлнийхөө үзүүрээр дээш өшиглөж түүнийг давуулан нөгөө талд нь гаргалаа. Хайнце ч салахгүй дагах гэтэл Эвра гэж нэг мангар тэр холоос гүйж ирж үсрээд манай хүнийг дээрээс нь дараад хамтдаа унацгаалаа. Үсрэх шаардлага огт байгаагүйсэн, туршлагатай хамгаалагч бол илүү тайван хандаж болох байсан газар даа. Америк хөлбөмбөгийн цэвэрлэгч шиг л байлаа, өөрийнхөө хүнийг гэхдээ зайлуулж айлд цэвэрлэгчээр ажиллахдаа ч яахав. Нэгэнт ганцаараа үлдсэн хойно Кака аз жаргалаа эдлэн торгуулийн шугам дээрээс ван дер Сарын хажуугаар өнхрүүлж гоолдлоо. Энэ гоол дээр цэвэр Эврагийн буруу байсан юм.
Какагийн 2 гоолыг 2-ууланг нь алдахгүй байх боломж бол байсаан, гэхдээ тэр яах ч аргагүй 2 гоол хийчихлээ. Ялангуяа 2 дэх гоолон дээрээ бөмбөг авсан үеэсээ хойш хийсэн үйлдэл нь бол үнэхээр тасархай байлаа. Тэр багаа ганцаараа аваад гарч чадах хүн гэдгээ ил тод харуулсан. Роналдо харин яаж байна, тоглолт дуусах болоогүй тул азнаж л байя даа. Дүгнэлт хийхэд арай л эрт байна. Кака гоолныхоо дараа дахин нэгийг оруулах шахав. Нэлээн холоос мангар хүчтэй буудсан даа, ван дер Сар сандралтай байдлаар бөмбөгийг холдуулсан. Эвра гэж нэг бүтэлгүй гар буланд айлын хүн дээр шал дэмий алдаа хийгээд тэгээд зогсоогүй шүүгчийн шийдвэрийг эсэргүүцээд шар авчихлаа. Дараагийн тоглолтыг алгасах болов. Бүх хүн гэмтэлтэй байхад ингэх ч гэж, түүний оронд гарах хүн нь түүнээс илүү муу байдаг. Талбай дээрээ хожигдож байна, хариу тоглолтод Эвра хүртэл байхгүй гэхээр дотор битүү харанхуй. Ядаж Силвестре байсан болоосой гэж бодогдоод, түүнийг ямар их үгүйлж байнаа. Хааяа мангартдаг ч ийм үед түүний хэрэг асар их байна даа, чааваас гэж. Цаг дуусахын өмнө Пирло нэг чөлөөт цохилт хийсэн. 3 дэх 15 минутад манайх илүү түрэмгийлсэн ч гоол алдчихсан болохоор миланчуудыг илүү байсан гэхээс, Какагийн тэр буудалт ч гэсэн бас айлгасан даа.
Хагас үеэр Ферги хүчирхэг захиасаа хэлэх нь мэдээж гэж бодсон чинь дотор бага зэрэг онгойж байнаа. Мальдини ядарсан уу, гэмтсэн үү 2-р үе эхлэхэд талбайг орхижээ. Оронд нь Бонера орж ирсэн байлаа. Роналдо мангар холоос буудсан ч булан авч дөнгөв. Баруун булангаас ирсэн бөмбөгийг Кэррик заавал хийх ёстой байсийм даа. 2 дэх шонгийн урд орь ганцаараа байсан тэр даанч чадсангүй ээ, хаалганы хажуугаар сүн. Муу гэхэд маш муу цохилт. Ийм юм алдвал найдлага байхгүй болноо доо. Нэг мөргөлдөөний дараа Броччи Гаттузогийн оронд гарч ирлээ. Паузын өмнөхөн тэр Эвратай мөргөлдөж унаад бас нэлээн удаан хэвтсэн юм. 2 хүн нь гэмтэж гараад, оронд нь 2 сулавтар тоглогч орж ирсэн нь найдвар төрүүлж байна шүү. Манайхан одоо илэрхий давуу байна. Роналдо талбайн голоос бөмбөг аваал урагш зүтгэх юм, түүний ур чадварт эргэлзэхээ больсон болохоор бөмбөгөө таслуулна гэж айх явдалгүй байлаа. Өмнөхөө бодвол амиатахгүй байгаа тул урд хэн байгааг харж суулаа. Рүүд маань байсансан бол хэд хэдэн удаа бодов. Рүүний ганцаараа баахан юмнуудаар хүрээлүүлчихсэн, дээрээс нь нуруу намхан. Бас заримдаа хойно хамгаалалт уруу харайгаад урд хоосроод байлаа. Роналдо аргаа бараад өөрөө хэд хэдэн удаа дайрч үзсэн. Аргагүй л урд хүчин мөхөсдөх гээд байлаа. Кэррик ч олигтой хань болж чаддаггүй. Нөгөө л Кака дахиад 2 ч удаа ойрхон зайтай алчих шахлаа. Пирло Зеедорф нарын пассыг гэхдээ тэр гоол болгож чадсангүй, 2-уулаа л хаалганы зүүн талаар гарсан. Урт амьсгаа авч тайвшрах хэцүү, гэхдээ л жаахан санаа амрав. Аль нэг нь гоол болсон бол тэгээл энэ жил ойлгомжтой болох байлаа. Уг нь ч 2-р үе эхлээд манайхан урагшаа алж байна л даа. Английн баг болохоороо маш өндөр хурдтай, пассаа нэгэндээ сархийтэл хаяад л. Үзүүштэй шүү. Гэхдээ эцэст нь хөдөлмөрийн үр шим ирдэг юм байнаа, ажил хийвэл ам тосдоно гэж үнэн үг
Нэгнээ мэдэрсэн сайхан пассууд дамжуулалцаж байснаа Скоулз дээр ирэнгүүт мань хүн удаан ч бодсонгүй айлын 2 3 хамгаалагчийн дээгүүр давуулан хаалганы урд руу хаялаа, янзтай уран пасс даа. Рүүний асар их хурдныхаа хүчээр хүч түрэн орж ирээд цохин Дидагийн биетэй ойлгон барин ГООЛ.
2-р үеийн эхний 15 минутад бид мэдээж илүү байсан, түүнийхээ хүчийг ч гаргаж чадлаа. Тэр олон дайралтан дунд нэг ингэмээрсэн дээ.
Рүүнийгийн гоол бүгдийг зоригжуулжээ. Өнөө урагш явахгүй байсан довтолгоо чинь юу болов оо гэмээр л байлаа. Ар талаа бараг хаяад бүгд л урагшаа. Нэгнээ ойлголцоно ч гэж жигтэйхэн. Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо гэдэг тул ард нээх санаа зовсонгүй ээ. Кака Гиггз 2 маргалдаад 2-уулаа шар авчихлаа. Какаг дахиад нэг шар авчихаасай гэж хүсч байлаа, тэгвэл тэгээл ойлгомжтой. Ганц хөдөлгүүр нь үгүй бол Милан будаа. Өмнө нь нүдэнд дэндүү дулаахан харагддаг байсан Пирло маань хүртэл араатан болж харагдаал хэхэ. Флетчер торгуулийн талбай дотроос бараг л гоодох шахсан ч Дида гай чинь бариад авчихлаа. Миланд Гаттузогийн араатан тоглолт аргагүй л дутагдаж байв. Гиггзийн төв рүү хаясан пасс тун эвгүй байсан ч Дида барьчихсан. Кака Скоулз дээр алдаа хийж манайд чөлөөт цохилт ирлээ. Роналдо энэ жил сурсныгаа гаргах болуу гэтэл Гиггз цохьдог юм байна. Гэхдээ муугүй цохилт байсан, хаалганы хажуухнаар сүнгэнэсэн. Роналдо голын шугамны зүүн урдхан талд жинхэнэ шоу харууллаа. 2 тоглогчийн дундуур нүдэндээ итгэхийн аргагүй дриббл хийгээд цааш Рүүнийд хаяв. Давталтаар гарах байх гэж хүлээсэн ч гарсангүй, дахин дахин хармаар хууралт байсан даа. Рүүнийг гэтэл айл дэгээдэж манайд дахиад л хаалттай цохилт ирэв. Энэ удаа Гиггз гүйж өнгөрөөд Роналдо цохих байх гэтэл Гиггз дахиад цохилоо. Ханан дээгүүр маш нарийн гаргаж тун сайхан буудсан даа. Энэ Дида гайг яаая даа, гоол болох зөндөө юмыг барьж байна даа өнөөдөр. Нөгөө гэмтлээ гээд байсан, яагаад талбайд гараад ирсэн хог вэ. 2 дэх 15 минут дахиад л манай давамгайлал дор болсон. Манай залуус гоолондоо урамшаад, бас Мөрөөдлийн театрт суух үзэгчдийнхээ уухайгаар зүгээр л нисч байсан.
О'Шигийн ойрын цохилтыг өнөөх л Дида барьж авлаа. Пирлогийн хаалттай цохилтыг ван дер Сар барьж авсан нь ойрд үзэгдээгүй сонин тохиолдол байв. Какагийн сүүлийн 2 дайралтыг эс тооцвол манай хүн балиашиг хийж байсан юм. Кака нэг дайрах гэж оролдсон ч Хайнце энэ удаа алдаа гаргасангүй. Гиггзийн пассыг Флетчер гоол болгох санаатай байсан ч дахиад л Дида. Энэ нээрээ яадаг муу гурил вэ, тэр олон довтолгооны нэгэнд нь Зайлуул энэ нэг гоолдож баярлаг гэж бодохгүй, хүн муутай л нөхөр юм даа. Милан ч 10-уулаа хаалган дээрээ овоороостой олон жил болж байна даа. Жила л ганцаараа дунд хэрд. Роналдо аргагүй л лигийн шилдэг юм даа, дрибблээ хийснээ мунаг хүчтэй буудсан. Мэдээж Дида. Тэрэнд хэлэх үг алга, гоол гээл орилоод боссоныг хэлэх үү, уур ч хүрэх шиг. Гоуркуфф Жилагаар солигдсон ч одоо бүр 11-үүлээ өөрийнхөө талбайд зогсдог болчихлоо. Манайх ч уг нь баллаж байна л даа, сэтгэл таттал пасслаад л. Ямар ч сайхан хурдтай юм. Гэхдээ өмнөх 2 15 минутаа бодвол энэ удаад бага зэрэг цуцсан нь мэдэгдэж байсан. Гэхдээ л Ферги сэлгээ хийхгүй гүрийсээр. Ядарч цуцахыг үл мэдэх залуу нас байхад сэлгээ хийж цаг алдах нь дэмий гэдгийг хашир чоно мэдэлгүй дээ. Яадаг ч байсан гүрийтлээ үзээд нэг гоол хийгээд дуусгах хэрэгтэй байна. Цаг дуусч байгаа тул бараг л худлаа боллоо доо. 60 70-аад онд л тэгж бужигнуулж байхдаа гоолдох байсан юм. Ингээд үндсэн цаг дууслаа. Зеедорф гэж нэг мундаг эр классаа харуулж бөмбөг Миланд шилжсэн. Нөгөө Милан чинь тэгсэн бүр ичээнээсээ гараад сүргээрээ дайрч манайхыг шүршихээр шийджээ дээ. Хашир туршлагатангууд тун гоомой алдаа хийлээ дээ. Манчестер Юнайтедын асар их хурд бол контр аттакын аюултай байдлыг дор нь бий болгодог гэдгийг 90 жил ухаарсан хэрнээ 91 дэх жилдээ таг мартжээ. Манай ахмад Рүүнийтэйгээ нийлээд дайрлаа. 3 хамгаалагч тэнд явна. Гиггз цаадахад чинь ямар гоё хаяв аа. Шрек ч гэсэн хориод метрээс ганган хуссан даа. Нэста Дида 2-т ямар ч боломж байсангүй ээ.
Ингээд ямар ч байсан энэ ялалт бол манайхны ажлын үр дүн байлаа, тун шударга. Дида сайн байгаагүй бол ч бүр л баллах байлаа даа. Нөгөө маргааны тухайд бол Кака хэдийгээр галзуу 2 гоол хийсэн ч маргаанд эцсийн цэг таьж чадсангүй ээ. Роналдо талбай дээрх манай хамгийн гол хүн хэвээр байсан, бараг бүх довтолгоо түүгээр дамжиж байлаа. Багийнхандаа нөлөөлж буй байдлаараа илүү байсан гэж бодож байна, үүнийг даанч статистикээр хэмжих аргагүй юм даа. Хариу тоглолтын дараа л үнэн мөн нь ялгарна. Мөрөөдлийн театртаа гайхамшгийг бүтээж чадлаа. Италийн 2 багтай 2 тоглоод 10 гоол хийлээ, үүнээс илүү яах юм бэ. Хариу тоглолтод тэнцэх талаар бодох хэрэггүй, дахиад л уран довтолгоогоо гарган тоглох хэрэгтэй. Энэ жил манайх аргагүй л Европын хамгийн уран тоглолттой баг байгаа. Тэрэндээ дулдуйдаж сулхан ар талаа түр мартий. Онцгой их кайф өгсөн хожил байлаа, хэдэн жилдээ яригдах тоглолт болсон буй заа.