by orangeman » Tue Apr 24, 2007 10:00 pm
Чиний “Челси” юу?, Миний “Милан” уу?
“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин (2007.04.23)
Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээ тоглолтын эхний “даваа” мягмар, лхагва гаригт болно. Хуучин тивийнхэн төдийгүй хөлбөмбөгийн ертөнц тэр чигээрээ л анхаарлаа энд хандуулж, чих тавьж, нүд билчээж байна. Мягмар гаригт Английн алдарт “Манчестер Юнайтед” баг цуут “Олд Траффорд” цэнгэлдэхдээ Италийн домогт “Милан” багтай эхний тоглолтоо хийх бол, маргааш нь Английн хоёр баг, бүр тодруулбал Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эзэмшдэг “Челси” төрөлх “Стамфорд бриж”-дээ нутаг нэгт “Ливерпуль”-ийг хүлээн авах юм.
Энэ жилийн Аваргуудын лигийн нэг онцлог нь хагас шигшээд хөлбөмбөгийн өлгий нутаг-Английн гурван баг үлдсэн явдал. Гэхдээ энэ нь нэг улсын гурван баг шөвгөрсөн анхны тохиолдол бас биш ээ. “Аваргуудын лиг”-ийн шөвгийн дөрөвт 2000 онд Испанийн гурав (“Барселона”, “Валенси”, “Реал”,М), 2003 онд Италийн гурав (“Интер”, “Милан”, “Ювентус”) тус тус үлдэж байв. Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь гурван баг нь шөвгөрсөн улсын баг түрүүлсэн түүхтэй. Тэгэхээр “уламжлал”-ыг бодолцвол энэ жил Английн баг түрүүлэх нь. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг дээ.
Энэ жил шөвгөрсөн дөрвөн баг аль аль нь аварга болох чадалтай, чансаатай, судер ододтой шилдэг багууд. Боломж бүгдэд нь эн тэнцүү бий. “Челси”-гээс бусад нь “Аваргуудын лиг”-т түрүүлж байсан хур туршлагатай. “Милан” зургаа, ”Ливерпуль” тав, “Манчестер Юнайтед” хоёр удаа аваргалж байсан. “Челси” хэдийгээр түрүүлж байгаагүй ч сүүлийн дөрвөн жилд гуравдахиа хагас шигшээд шалгарч байгааг бодолцох хэрэгтэй. Чухамдаа хагас шигшээ тоглолтууд ёстой “гал” гарсан, үзүүштэй, харууштай, үнэхээр гоё “тулаан” болох нь гарцаагүй ээ.
“Ливерпуль” бол хэзээний л Европын цомын тэмцээнд гаргуун сайн тоглодог баг. Энэ жил ч их өнгөтэй байна. Гол довтлогч, “горзгор” Краучийн гэмтэл бэртэл нь илааршаад, гоол оруулж эхэллээ. Бас багийн ахлагч Жеррард ч өрсөгчийнхөө хаалгыг бөмбөгөөр “мялаах” дуртай байгаа. Норвегийн Рийсе хаанаас л бол хаанаас цохидог, хаалгачдын “аранга”. “Ливерпуль”-ийн сул тал гэвэл хамгаалалт юм. Гэхдээ “Хотон шувуунууд” өрсөлдөгч “Челси”-тэй тун сайн тоглодог уламжлалтай.
Тэгвэл “Челси”...? Үнэхээр тасархай хүчтэй баг. Энэ жил оролцож буй дөрвөн тэмцээндээ дөрвүүлэнд нь түрүүлэхийг ч үгүйсгэж боломгүй. Эхнийх нь болох Лигийн цомыг хэдийнэ хүртээд байгаа. Цаашид Английн цом, Премьер лиг, “Аваргуудын лиг” тэднийг хүлээж байна. Супер довтлогч Шевченко нь одоо л нэг багтаа “идээшиж”, шийдвэрлэх гоол оруулах боллоо. “Уяа сойлго нь таарсан адуу” шиг дүүхэлзэх Дрогба тун ч “аюултай этгээд”. Тэрбээр: -Аваргуудын лигт түрүүлэхэд бидэнд тийм ч хол биш байна. Хангалттай туршлага суулаа. Энэ жил биш гэхэд ирэх жил гарцаагүй түрүүлнэ. Ер нь түрүүлтлээ л үзнэ дээ гэсэн нь нэгийг өгүүлнэ. За тэгээд Баллак, Лампард, Макелеле, Эссьен гээд “пол”-той, Карвалью, Терри, Феррейра, Эшли Коул гээд мундагчуултай, Моуриньо гээд “гавал” дасгалжуулагчтай, Абрамович гээд тэрбумтан “ноён”-той баг зөвхөн аваргын төлөө л зүтгэх нь мэдээж.
Ганц дайчин ганцаардах эсэхийг Италийн “Милан” харуулна. Гаргасан амжилт, тоглогчдын туршлагаар хангалттай баг. Хөгширдөггүй, харьдаггүй Паоло Мальдини Аваргуудын лигт дөрөв түрүүлсэн, үхэхээс бусдыг үзсэн “хашир чоно”. Хий нь гарсан бөх шиг л хүн дээ, мань Мальдини. Түүнийг талбайд гарахад л багийн уур амьсгал илт сэргэдэг гэдэг. Дээр нь “Аваргуудын лиг”-т гурван удаа түрүүлсэн, гэхдээ гурван өөр багт (“Аякс”, “Реал”.М, “Милан”) тоглож энэ амжилтад хүрсэн Зеедорф байна. 2003 онд аварга болсон “алтан” бүрэлдэхүүнээс өдгөө найм нь тоглосон хэвээр.
Мальдинигаас дутахгүй хал үзсэн Кафу, Неста гээд хамгаалагчид ар талаа алдаагүй хамгаалах биз ээ. Харин энэ жил гэмтэл бэртлээс салахгүй байгаа хаалгач Дидад бага зэрэг “практик” дутаж байж магадгүй. Ар талыг нь “хал цэргүүд” хамгаалж буй бол “дунд” нь дэлхийн аварга Гаттузо, Пирло гээд шижэгнэсэн залуучууд тоглолтыг найруулна. Дээр нь супер од Бразилийн Кака гоол оруулах “гол үүргийг” гүйцэтгэнэ. Кака энэ жилийн Аваргуудын лигийн “мэргэн буучдын” жагсаалтыг 7 гоолоор тэргүүлж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз. Дээр нь “Милан”-д хоёр дахь буюу шийдвэрлэх тоглолтыг нутагтаа хийх давуу тал бий. Бас Италийн багуудад ямар ч гоё тоглолттой багийн тоглолтыг “алж” өөрийн арга мэхэндээ оруулж чаддаг “школ” байгаа.
Манай гаригийн хөлбөмбөгийн хамгийн баян баг “Манчестер Юнайтед”. Энэ жил бас гурван “фронт”-д зэрэг, тун амжилттай “байлдаж” байна. Английн цом, Премьер лиг, Аваргуудын лиг гээд. Аль алинд нь түрүүлэх магадлалтай. Багийн дасгалжуулагч “Сэр” Фергюсонд Аваргуудын лигт түрүүлсэн, хашир дөрвөн тоглогч бий. Хаалгач Ван дер Сар “Аякс”-т байхдаа 1995 онд түрүүлж байсан бол “МЮ”-ын унаган хүүхдүүд болох Пол Скоулз, Райан Гиггз, Гэри Нэвилл нар 1999 онд аварга болж байсан.
Мэдээж “МЮ”-ын “гол хөзөр” нь довтолгоо. Нас залуу, цус шингэн ч аль хэдийнээ од болсон Уэйн Руни, Криштиану Роналду хоёрыг зогсоох тун хэцүү. Тэдний “сүүдэрт” сэлгээнд сууж буй Сульшер, Саха нарын хэн нь ч хөнгөхөн гоол оруулчих чадвартай тоглогчид билээ. Хагас хамгаалагч Скоулз, Гиггз нарын хэрхэн тоглолтыг “найруулахаас” тэдний амжилт ихээхэн шалтгаална. Сүүлийн тоглолтуудад Гиггз залуу үеийнх шигээ л гялалзсан тоглолт үзүүлж байгаа. “МЮ”-ын “толгойны өвчин” болж буй ганц зүйл нь гэмтэл бэртэл. Ялангуяа гол хамгаалагч Рио Фердинанд, Гэри Нэвилл, Эвра нар нь гэмтэлтэй байна. Тэгэхээр ар тал тэдний хамгийн эмзэг сэдэв.
Хүч тэнцүү дөрвөн баг Аваргуудын лигийн хагас шигшээд үлдээд байгаа нь хөгжөөн дэмжигч, хөлбөмбөгийн хорхойтнуудын сонирхлыг туйлын их татахын сацуу хэн нь түрүүлэх вэ гэсэн таавар маргааныг жинхэнэ өрнүүлж байгаа нь лав. “Ливерпуль” хоёр жилийн өмнө “Милан”-ыг яаж хожлоо. Чиний “Челси” чадахгүй ээ, миний “Милан” түрүүлнэ, манай “Манчестер”-ыг хараарай! гэлцэх ч сонсогдож л байна. Миний бодлоор шигшээ тоглолтод “Челси”-“Милан” үлдээд, Италийн баг аварга болох байх. Би ч “Милан”-ы төлөө балиашиглана. Яагаад гэвэл “манай” Бразилийн Дида, Кафу, Кака, Сержиньо, Оливейра, Роналдо энэ багт “данстай” билээ л.