by Marco » Thu Apr 26, 2012 7:27 pm
Шумахер Бахрейны уралдааны дараа Пиреллигийн дугуйг их хүчтэй шүүмжилсэн. Тэгхээр дугуй муу болоод амжилт гаргахгүй байна уу эсвэл эрийг нас гэдэг зүйл болоод байна уу гэдэг нь их сонирхолтой юм л даа. Өнгөрсөн жил наймдугаар сард бичиж байсан юм байна. Энэ талаар тэр үед их л яриа гарч байсан л даа.
Шумахер хэзээ уралдахаа болих вэ?
Формула- 1-ийн долоон удаагын аварга Михаэль Шумахер их спортдоо эргэн ирсэнээс хойш хоёрдахь улирлаа уралдаж байна. Тэр энэ жилийн 11 уралдаанаас 32 оноотой 10-р байрт яваа юм. Түүнийг 2010 онд Мерседес ГП багт уралдаж эхэлсэн үеэс амжилт тааруухан уралдаж байгааг нь шүүмжлэгчид бишгүй олон гарч ирсэн бөгөөд удахгүй уралдахаа болино гэсэн дам яриа Формула-1-ийн эргэн тойронд эргэлдсээр байгаа юм. Одоогоор уралдаанаас дөнгөж долоо наймдугаар байраас хэтрэхгүй уралдаж байгаа Мерседес ГП баг байгуулагдсан үеэсээ өдийг хүртэл дундаж амжилтаас дээш гараагүй байна . Тэгсэн хэдий ч уралдаан болгоны дараа Шумахерийн талаар халуун яриа үргэлж өрнөж түүнийг онцолдог. Урд өмнө нь дундаж амжилттай явсан хэн нэгэн нисгэгчийг ингэж анхаардаг байсан гэж үү?
Ер нь Шумахерийн Формула-1-д эргэн ирсэн явдал нь хэвлэл мэдээллийнхэн зайлшгүй шүүрч авах томоохон сэдэв болсон төдийгүй намтар болоод туулсан замнал нь шинэ үеийнхэнд дахин танил болсон гэж болно. Формула-1-ийн багийн дарга нар болоод үе үеийн шилдэг нисгэгчид түүний талаар янз бүрийн дүгнэлтийг өгцгөөсөн байдаг ба тухайн үедээ өрсөлдөгч явсан нэг нь түүнийг өмгөөлсөн бол нэг багт байсан хамтрагч нь шүүмжилсэн байх жишээтэй.
Олон хүмүүс түүнийг дахин зодог тайлах талаар ярьсаар байгаа. Харин Шумахер тухай бүрт нь няцаалт өгч байсан юм. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Италийн „Corriere dello Sport“ сонинд түүнийг цаашид уралдахаа зогсох тохиромжтой цагаа хүлээж байна хэмээн мэдэгдсэн гэж Германы “Моторспорт Магазин” –д мэдээлэлсэн юм. Энэхүү мэдээнд Шумахерийн менежер Сабина Кем хамгийн сүүлд няцаалт өгчээ.
Шумахер уралдахаа болих уу? Тэрээр Мерседестэй байгуулсан 3 жилийн гэрээгээ дуусгаж чадах уу? Энэ асуултанд одоохондоо тодорхой хариулт алга. Италийн сониноос гадна түүнийг энэ улирал дуусаад цаашид уралдахгүй гэж таамаглаж байгаа эрхэм бол гурван удаагын дэлхийн аварга домогт Ники Лауда (62) юм. Тэрээр Британий „Motor Sport“ сэтгүүлд өгсөн ярилцлагдаа “ Яг үнэнийг хэлхэд би Михаэлийг цаашид амжилт олно гэдэгт итгэхгүй байна. Хэрвээ чи хурдлахыг хүсвэл бүх л хүчээ шавхана , харин чи бүх хүчээ дайчилсаны дараа бүтэл муутай бол тэгээд бүх зүйл гүйцээ” гээд цааш нь “ Михаэль хэлэхдээ түүнд цаг хугацаа шаардлагтай, бла, бла, бла, мөн тэр тайван хүн шиг харагдаж бүх зүйлд сэтгэл хангалуун мэт сэтгэгдэл төрүүлж байгаа ч дотоод сэтгэлдээ тайван биш байгаа. Яагаад гэвэл ямар ч топ нисгэгч ялалт байгуулахгүйгээр сэтгэл ханамжыг авдаггүй” гэжээ.
Яагаад Шумахер эргэж уралдах болсон бэ? гэдэг асуултанд түүний анхны багийн даргаар ажиллаж байсан Эдди Жордан “ Шумахер зөвхөн өөрийн хувийн сонирхолоор уралдаж байгаа” “ Тэр дахиад цом ялахын тулд бас мөнгө олох гэж уралдаагүй. Зүгээр уралдахыг хүссэн түүнчлэн тэр инженерүүдтэй өдөр тутам харилцаж хамтран ажиллах дуртай ” гэжээ .
Хүмүүсийн дүгнэлт янз бүр байх нь ойлгомжтой. Феррариг удирдаж байгаа Стефано Доменикали Шумахерийн талаар “ Хэрэв би Алонсогийн Феррарид ирсэн эхний хоёр жилийг Шумахерийн байсан үетэй харьцуулж үзвэл Алонсо түүнээс илүү байсан . Хоёулаа ялах зөн билигтэй нисгэгч боловч Алонсо илүү багийн төлөө ажилладаг. Тэр ялаад эхэлвэл зогсоно гэж үгүй “ гэж Алонсог түүнээс илүү гэж үнэлжээ. Шумахер Феррарид уралдаж байх үед Доменикали багийн даргын туслахаар ажиллаж байсан юм.
Тэгвэл цагтаа Шумахерийн гол өрсөлдөгч байсан Жак Вильнюв “ Түүнийг шүүмжлэх нь ямар ч утгагүй зүйл “ гэж өмгөөлжээ. “ Феррарид байхдаа тэр Эдди болон Рубенсээс 0.1 секунд хурдан байсан одоо тэр Росбергээс 0.1 секунд удаан байна. Тэгхээр тийм их ялгаатай зүйл алга” гэж түүний хурдны талаар дүгнээд “ Тэрний эсрэг сөрөг шүүмжлэлүүд нь спортод болон залуу нисгэгч нарт муу нөлөө үзүүлнэ” гээд “ Түүнийг сайнаар хэлий гэвэл маш сайн уралдсан боловч ялагдлаа гэж , муугаар хэлбэл яагаад ялагдсан шалтгааныг нь тайлбарлаж байвал дээр байх” гэжээ.
Нээрээ яагаад Мерседес дунджаас дээш гарахгүй байна вэ? Мерседес ГП бол Браун ГП багийн суурин дээр бий болсон баг. Багийг үндэслэгч Росс Брауныг Шумахерийн тархи гэж нэрлэдэг байсан үе бий. Шумахерийн талаар гарч элдэв ярианууд түүнийг сэтгэлийг мөн зовоосон сэдэв болоод байгаа нь нууц биш. Учир нь тэрээр Шумахертай Беннотоноос авхуулаад Феррарид олон жилийг хамт туулж гайхалтай амжилтуудыг байгуулж байлаа. Тэр Унгарын уралдааны өмнө Германы Билд сонинд ингэж ярьжээ.
Та анх аварга цолыг амлаж байсан, гэтэл нэг жилийн хагасын дараа Ред Булл, Макларен болон Ферраригаас хол хойно дөнгөж дөрөвдэх хүч болж байна.Таны буруу юу?
Браун:”Тиймээ, би ч мөн адил алдаа гаргасан. Браун ГП багийн эзэмшигчээс Мерседес ГП багийн дарга болох хүртлээ миний гаргасан шийдвэрүүд дандаа төгс биш байсан. Энэ шилжилт хэтэрхий удаан үргэлжилсэн”
Таныг Формула-1- ийн “супер тархи” гэж нэрлэдэг, харин Шумахер үнэмлэхүй аварга, яагаад одоог хүртэл ялалт байгуулаагүй гэж?
Браун: “Бүр анхнаасаа л хөргөх систем асуудалтай байсан. Машин бүхэлдээ энэ системтэй уялдаатайгаар бүтээгдсэн. Энэ нь аралтай холбоотой байрлалтай учир шууд том хөргөх систем хийж болохгүй. Манай хоёр нисгэгч маш сайн ажиллаж байгаа. Одоогоор манай машинаас үүнээс илүү зүйл гарах боломжгүй”
Тэгэхээр бид ирэх жилээс нааш илүү үзүүлэлт харахгүй болох нээ?
Браун: “Бидэнд цагийн тодорхой хуваарь байгаа. Манай хүмүүсийн гуравны нэг нь шинэ машин дээр ажиллаж байгаа гэж хэлж болно. Харин гуравны нэг нь одоогийн машиныг сайжруулж ирэх жил ашиглаж болохоор ажиллаж байна. Үлдсэн хэсэг нь бага багаар шинэ машинд цагаа зориулах болно. Бид ирээдүйд үр шимийг амсана” гэжээ. Мөн тэр “ Миний бардам зан хүсэл зорилго биднийг дахин дээд оргилд хүрэх хүртэл намайг тайван орхихгүй” “ Мерседесийг уралдаанд түрүүлэх хүртэл би зогсохгүй “ гэжээ.
Төгсгөлд нь “ Би маш тодорхой үүрэг хүлээж Мерседесэд ирсэн. Энэ нь ямар ч үнээр хамаагүй ялахын төлөө уралдах биш харин багийг хөл дээр босгоход чиглэж байгаа юм” гэж Шумахер хэлж байсан. Гэхдээ Лаудагийн хэлсэн хатуу боловч үнэнд хамгийн ойрхон очсон хариулт гэж зарим хүмүүс дүгнэж байгаа. Энэ нь ирэх жил түүнийг уралдахгүй гэсэн үг юм.
Магадгүй би эндүү бодсон байж болох талтай ч Шумахер болон түүний “супер тархи” Росс Браун нар зорьсондоо заавал хүрнэ гэдэгт итгэж байна. Энэ нь ирэх жил тэрээр уралдана, түрүүлэхгүй байсан ч уралдана, гэрээгээ дуусгавар болгоно.
Харин уншигч та түүнийг хэзээ зогсоно гэж бодож байна ?