by Жавхлан » Thu May 03, 2007 8:54 pm
Монголчуудаа сумо бөхийг минь аварч хайрла
… Монгол бөхчүүд улам олон ялж, япон бөхчүүдэд та нар сул дорой амьтад шүү гэдгийг нь харуулж өгөөсөй. Тэгэхгүй бол их сумо сөнөх нь. Монголчууд аа сумо бөхийг аварч хайрла.
Зохиолч Мацүда Таданоригийн “Асашёрю яагаад ялагддаггүй вэ?” номын хэсгээс.
Мацүда Таданори 1949 онд төрсөн. Монгол судлаач, орчуулагч, Саппоро хотын Олон Улсын харилцааны их сургуулийн профессор. Гадаад зохиолчидоос анх Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн хүн.
Монгол ёкозүна Асашёрюг өнөө үеийн хамгийн хүчтэй бөх гэхэд эсэргүүцэх хүн байхгүй болов уу. Яагаад Асашёрю ийм хүчтэй байна вэ? Тэрээр сумогийн түүхэн рекорд амжилтуудыг дараа дараалан эвдсэн төдийгүй, цаашдаа ч улам олон амжилт тогтоох нь гарцаагүй. Одоо Асашёрю Шёвагийн үеийн Тайхо, Китаноүми, Чиётайкай, Таканохана гэсэн агуу аваргуудтай зэрэгцсэн агуу ёкозүна болоод байна. Гэвч Асашёрю хүчтэй байж болох ч дээрх 4 агуу аваргатай харьцуулахад байдал өөр. Тайход Кашивадо, Китаноүмид Важима, Чиёнофүжид Оонокүни, Таканоханад Акэбоно, Мусашимару гэсэн өрсөлдөгч байсан. Өрсөлдөгчгүй болохоор рекорд тогтоох нь аргагүй гэсэн үг сонсох үе байлаа.
За тэгвэл 25 гэсэн залуу насыг нь юу гэж үзэх вэ? Асашёрю 25 хан башё барилдаад их аварга болж байхад Акэбоно 30 башё, Таканохана бүр 41 тэмцээн зарцуулж байж. Ёстой л барилдаантайгаа адилхан хурдтай дэвшиж гэхээс өөр юу гэх вэ. Ийм залуудаа түүхэн их аваргуудтай мөр зэргэцсэнээс гадна ёкозүна болсон хойноо ч тасархай барилдаж байгаа нь бахархалтай. Асашёрюг элдвээр өөлдөг хүмүүс ч түүнийг тасархай гэдгийг ойлгож эхэлсэн нь 2004 оноос болов уу. Сумогийн мэргэжилтнүүдийн үргэлж ярьдаг зүрх сэтгэл, бие бялдар, ур чадварын хослол байхгүй байсан бол тэрээр ийм олон амжилт тогтоож чадахгүй байсан. Хэнд ч тодорхой ийм сайхан амжилт үзүүлээд байхад өрсөлдөгч байхгүй болохоор аргагүй гэж хэлж байгаа хүмүүс ээ сайн бодоод үз. Хэрэв цаг хугацааны машин байлаа гэж бодоод Асашёрюг хуучны их аваргуудын үед аваачаад үзье. Тайхо ч байна уу, хэний ч үе бай тэр одоогийх шигээ л сайн барилдаж байгаа. Үгүй, хүчтэй аваргууд дунд харин одоогоосоо ч илүү сайн барилдаж байх буй заа. Өрсөлдөгч гэснээс Тайхо аварга – Асашёрюд үнэхээр өрсөлдөхөөр хүн хэрэгтэй. Эн зэрэгцээд барилдчахаар хүн байхгүй бол өөрийхөө хэр чадалтайг хэмжиж чадахгүй. Ганц их аварга гэдэг хэцүү шүү гэж нэгэнтээ хэлж байв. Ёстой оносон үг дээ. Хүмүүсийн яриад байгаа тэр өрсөлдөгч байхгүй гэдэг нь сумогийн ертөнцөд төдийгүй Асашёрюд өөрт нь ч муу зүйл юм. Сумо сонирхолгүй боллоо гэж шүүмжилж байгаа нь ч үүнтэй холбоотой. Тэгвэл энэ тасархай их аварга маань дөнгөж 25 тай . Цаашдаа ч сумогийн дэвжээнд ноёлох нь дамжиггүй. Асашёрю 30 нас хүртэл 5 жил байна. Энэ хооронд сумогийн олон рекорд эвдэгдэх биз ээ. 30 гэдэг сумочдийн хувьд зодог тайлах нас ч Асашёрю огт өөр бодолтой байна. Тэрээр Никкан спортс сонинд ярилцлага өгөхдөө яагаад 30 нас хүрэхээрээ зодог тайлдагийг ойлгохгүй юм. Монголд бол эр хүн 30 наснаасаа жинхэнэ хүчтэй болдог гэж хэлсэн байдаг.
Рекорд хэмээх цаасанд үлдэх зүйлийг орхиод Асашёрюгийн барилдааныг авж үзье. 2005 оны 5 сарын тэмцээн дууссаны дараа Никкан спортс сонин дээр- унах нь гэж зовохоор битгий хэл өрсөлдөгч нартаа довтлох зай ч өгөлгүй ялсаар түрүүллээ. Барилдаан ч үргэлж дохёны баруун талд болж байлаа. Хүчтэй бөх унахад баярладаг бөхийн хорхойтнууд барилдаан бага зэрэг удаан үргэлжлэхэд л баярлан хашгарж байлаа хэмээн бичиж байв. Дохёны баруун тал гэдэг нь зүүнээс гарсан их аварга тачиайгаасаа эхлээд л давамгайлан ялж байна гэсэн үг. Сумод өрсөлдөгчөө довтлуулаад, мэх хийлгээд, тэрийг нь тогтоосныхоо дараа ёрикиридээд ялдаг аваргууд байсан. Үүнийг нь ёкозүна барилдаан гэж хэлдэг. Сүүлийн үеийн бөхчүүдээс хэлэх юм бол ёкозүна Таканохана. Цол бага бөхөд дайрах, мэх хийх боломж олгож байгаад дараа нь ялдаг энэ барилдаанд дуртай хүн олон гэх. Тэгвэл би дургүй. Яагаад гэвэл сүүлд нь дандаа манай талын баатар ялдаг олон ангит драм шиг л санагддаг болохоор. Асашёрюгийн барилдаанд тийм илүү дутуу юм байхгүй. Юуны түрүүн довтлох. Нөгөөх нь том ч бай, жижиг ч бай, зайлдаг дархан мэхтэй ч бай, шиддэг ч бай хамаагүй. Хурдан шалмаг, хатуу ширүүн дайралт хийн ялах ба 21 зууны хурдын эрин үед ёстой тохирсон барилдаан. Харахад ч урамтай ийм барилдаанд би дуртай. Тачиай дээр мөргөлдөөд түлхэх бол сумогийн үндэс. Бусад бөхчүүд мөргөлдөн, хэн хэнээ түлхэж чадахаа болихдоо амьсгаа даран зогсож байгаад дараагийн мэхдээ ордог. Дэвжээний голд хав золгоод, амьсгаадан зогсох бөхчүүдийг бид олон харсан билээ. Тэгвэл Асашёрю огт өөр. Зогсоно гэж байхгүй, шууд л дараагийн мэхдээ шилжих ба бусад бөхчүүд энэ хурдыг нь гүйцэлгүй түлхүүлээд эсвэл шидүүлээд дуусдаг. Бөхчүүд тулаад баруун мавашиний барьц аваад, ёрикириднэ гэх мэт л төлөвлөгөөтэй байдаг. Тэгээд тэр барьцаа авж чадахгүй болохоороо яахаа мэдэхээ болин сааталд ордог бол Асашёрю А мэх болохгүй бол Б мэхээ хийж, тэгээд болоогүй бол В гээ гэх мэт угсруулан мэх хийдэг тул ялахаас өөр ч аргагүй. Тэгээд тэр хурд уу. Хурдтай гээд Асашёрю Майноүми шиг үсэрч бултан, зугтдаггүй. Ер нь бол аваргын угсраа мэхнүүдийг үзнэ гэдэг ховор завшаан юм. Учир нь Асашёрю сүүлийн үед ганц дайралтаар л дайснуудаа ялж байгаа билээ.
Өрсөлдөх хүнгүй тасархай аварга гээд Асашёрю бие бялдарын хувьд тасархай юм байхгүй. Тэрийгээ ч өөрөө сайн ойлгож байгаа гэж боддог. 184 см өндөр, 145 кг жин бол цолтой бөхчүүдийн дундаж үзүүлэлт. Энийг нь бодоод үзэхээр Асашёрюгийн өдий болтол амсаж ирсэн олон янзын шүүмжлэл болон аваргын хийсэн алхамуудыг ч ойлгож болох юм. Хэдийгээр сумогийн амжилтуудыг дараалан эвдэж, ялагдашгүй нэр зүүгээд байгаа ч Асашёрю өөрийгөө үнэхээр бусдаасаа хол тасархай гэж боддоггүй болов уу. Залуу хүн болохоор халуун омголон байх нь аргагүй ч аварга өөрийгөө тасархай хүчтэй гэж боддоггүй болохоор харин өөрийгөө улам хүчтэй гэж харуулах гэж янз бүрийн зүйл хийдэг байх гэж би бодном. Ингэхгүй бол болохгүй байсан ч байж мэдэх. Барилдааны өмнө болон барилдаан дууссаны дараах тэр ширүүн царай. Энэ нь биеийн жижгийг сэтгэлийн хүчээр нөхөх гэсэн нэг төрлийн тактик юм. Ингэж байж л их аварга гэдэг цолыг хамгаалж явах билээ. Асашёрюгийн залуу нас, өөрийгөө хүчтэй гэж харуулах гэсэн сэтгэл зүйн довтолгоон энэ бүхнийг ойлгох хэрэгтэй. Түүнийг өдий хүртэл маш олон янзаар шүүмжилж ирсэн. Яагаад тэр вэ? Энэ шүүмжлэлүүд дотор миний яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй юмнууд их бий. Заримийг нь танилцуулья.
1.Түлхээд л гаргачиж чадах юм бол түлхээд л гарга.
Тачиай дээр давамгайлан шуудагны барьц аван Асашёрю давуутай болонгуут өрсөлдөгч нь яахаа мэдэхээ больж, хамаагүй шидэх гуядах мэх хийдэг. Ингэхэд нь Асашёрю өргөж аваад бөгсөөр нь газар хаядаг барилдаан нилээд бий. Өөрөөсөө хамаагүй хүнд Котомицүкиг ч тэгэж хаяж байсан. Энэ нь сумогийн сурвалжлагч нарт таалагддаггүй болтой. – Зүгээр л түлхээд ялчих юман дээр яагаад заавал өргөж шидэж байгаа юм бэ? Гэмтээвэл яана. – Тийм их хүч чадал илүүдээд байгаа юм уу? Сулхан хүнийг дээрэлхэж байна. Ийм шүүмжлэлүүд гардаг. **н** юм хэлэхээ больцгоо. Хориотой мэх хийж байгаа хэрэг биш, сумогийн дүрмэнд байгаа мэх хийхэд юу нь болохгүй гэж? Асашёрю хатуу ширүүн мэх хийдэг явдал байдаг ч тэр мэхийг нь хамгаалж чадахгүй байгаа бөхчүүд буруутай бөгөөд тэднийг шүүмжилбэл зохих билээ. Чанга унагаалаа хэмээн гомдол тавих нь мэргэжлийн тамирчинд тохирохгүй. Котомицүки Асашёрюг ёкозүна болохоос өмнө өрсөлдөгч нь хэмээн нэрлэгдэж байлаа. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, сонирхогчийн сумогийн ёкозүна, их дээд сургуулиудын аваргаар оюутны ёкозүна, дунд сургуулийн аварга болж, дунд сургуулийн ёкозүна, тэгээд сонирхогчийн дэлхийн аваргад түрүүлсэн элит бөх. Тэгвэл Асашёрюгийн хувьд энэ элит бөхийн хандыг хага дарах нь мэдээж зорилгоных нь нэг. Хүчтэй бөх гэж хүлээн зөвшөөрж байгаа болохоор дахиж томрохгүй болтол нь дарах, мөн хүч чадлаа шалгаж үзэх гэсэндээ зарим үед хатуу ширүүн гэмээр мэх хэрэглэж ялдаг. Энэ бол мэргэжлийн спорт. Асашёрюг хатуу ширүүн гэсэн шүүмжлэл бол япон бөхчүүдийг эрхлүүлж байгаа явдал гэхээс өөр хэлэх үг алга. Сүүлийн үед Асашёрю ч элдэв шүүмжлэлээс залхсан уу , ёрикиридээд л ялдаг болоод байгаа. Бөх сонирхогчдын хувьд олон сайхан мэх үзэж баярлахыг хүсэх нь мэдээж. Энэ олон шүүмжлэлээс болоод хохирж байгаа нь сумо сонирхогч бид билээ.
2.Шагналын мөнгө баруун гараар ав.
Котомицүкиг Асашёрюгийн өрсөлдөгч байсан гэж дээр бичсэн ч одоо бол тэнгэр газар шиг л ялгаатай. Паартай байр, паалантай жорлонд сууж өссөн элит бөх эрүүл агаар, их байгалийн дунд өсөж хүмүүжсэн талын баатрыг ялна гэдэг үлгэрийн далай гэсэн үг болтой. Дахиад хэлэхэд Асашёрюд өрсөлдөгч байхгүй. Байхгүй ч гэж дээ, байна. Энэ бол хэвлэл мэдээлэл юм. Тэд харгис хатуу мэх хийдэг хэмээн өөлөөд амжилт олохгүй болохоороо анхаарлаа сумотой хамаагүй зүйлэнд хандуулж эхэлсэн юм. – Монголд очоод энгийн хувцастай гадуур явж, зураг авахууллаа гэж бичсэн байлаа. Яагаад болохгүй гэж? Япон хүн би ч ер ойлгохгүй байна.
Үүний дараа гарж ирсэн нь ялаад авдаг шагналын мөнгөний асуудал. Асашёрю үргэлж зүүн гараар дохин авж байлаа. Гэтэл сумогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос зүүн гараар болохгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Асашёрю угаасаа солгой. Барилдаж дуусаад сэтгэл санааны хөөрөл дарагдаагүй байх үед солгой хүний солгой гар зөнгөөрөө түрүүлж хөдлөх нь мэдээжийн хэрэг. Шалихгүй зүйл болохоор Асашёрю баруун гараар авж болох ч тэрээр хичнээн шүүмжлүүлсэн ч зүүн гараараа л авсаар байв. Энэ нь гүрийж зөрүүдлэсэн хэрэг биш бөгөөд зүгээр л аль ч гараар байсан ялгаагүй гэж бодож байсан болохоор тэр. Солгой хүний солгой гар түрүүлж хөдлөх нь мэдээж гэж дээр хэлсэнээ дахин нэг давтаад аль гараар мөнгө авах нь асуудал биш харин хамгийн асуудалтай байгаа нь ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн бөндгөр доторхи гэж бодож байна. Иймэрхүү жижиг сажиг юм яриад явдаг яасан завтай хүмүүс вэ. Асашёрюг барилдаанаар нь өөлөх аргагүй болоод сүүлдээ бүр юу ч байсан хамаагүй шүүмжлэх юм хайдаг болоо юу гэсэн бодол төрж байна. Миний бодлоор Асашёрю 2005 оноос эхлэн баруун гараар шагналын мөнгө авдаг болоод байгаа. Тэр дотроо юу бодож байгааг мэдэхгүй. Тал талаас нь өөлсөөр энэ аваргийг бусад жирийн бөхчүүд шиг болгож орхих бий гэж санаа зовох юм.
3.Аваргын чанар гэж юу вэ?
Асашёрюд аварга хүний чанар алга гэсэн шүүмжлэл байдаг. Ийм үг хэлж байгаа мэргэжилтнүүд, сэтгүүлчидээс хүсэхэд ёкозүна хүний чанар гэж яг юу болохыг тодорхой хэлээд өгөөч. Хэн гэдэг ёкозүна тийм чанартай байсан юм бэ заагаад өгөөч. Тэгвэл би Асашёрюд энэ их аварга чанартай тул ийм юмнуудыг нь сурж ав гэж хэлье. Аваргийн чанар гээд тодорхой юм хэлүүлж заалгавал Асашёрю ч зүгээр суухгүй юм сурж эхэлнэ. Харин зүгээр л аваргын чанартай бол гэж хэлүүлэхээр, 22 тойдоо ёкозүна болсон залуу хүү учрыг нь ойлгохгүй байх нь аргагүй. Тэгээд ч хичнээн сайхан аваргын чанартай байгаад хүч чадалгүй байсан аваргууд одоо хэн нэгний сэтгэлд дурсагдан үлдсэн байдаг болов уу? Тайхо Чиёнофүжи нарын их аваргууд хүч чадал, ур чадвараараа сая сая хүний сэтгэл санаанд мөнхөрсөн. Аваргын чанар хэмээн улиглах сумогийн холбооныхон болон ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооныхны дунд ам нээх болгондоо хүн загнаж, сөргөлдсөн болгоноо муулж байдаг хүн ч бий. Ийм хүмүүст өөрсдөд нь аваргын чанар гэж хэлэх эрх байна уу? Би сумогийн холбоотой муудалцах гэж бодсонгүй. Асашёрюд арай зөөлөн хандаж байгаач гэж л хүсэх гэсэн юм. Соёл заншил өөр харь орноос ирсэнийг нь бодсон ч, ганц их аварга сумогийн ертөнцийг авж явж байгаагий нь бодсон ч тэр. Дөнгөж 25 тай залуу насыг нь бодоод ч тэр. Асашёрюгийн үеийн япон залуус нийгэмд хөлөө ч олоогүй яваа. Гадаад орноос ирээд хамаг чадлаараа зүтгэж байгаа залуусыг хайрлан хамгаалж, энэрж тэтгэж явах нь япон хүний чанар байх ёстой биш гэж үү? Тайхо аварга нэгэнтээ- Асашёрюг ёкозүна болсоноос хойш хэвлэл мэдээлэл өөлж муулах л шалтаг хайж эхэлсэн. Аварга хүний чанар гэж хэллээ ч гэсэн нэг орой суугаад сурчихдаг, эзэмшдэг зүйл биш. Ёкозүнагийн хорооныхон ч юм л бол сонин хэвлэлээр ярьж байдагаа болих хэрэгтэй. Ёкозүна гэдэг бол Японы үнэт эрдэнэ гэж хэлсэн байдаг. Түүхэн их аваргууд бүгд өөрийн гэсэн онцлогтой, зан ааштай байцгаасан. Шавраар цутгасан баримал хөшөө шиг адилхан байлгах гэж оролдох нь утгагүй хэрэг. Сумогийн холбоо ч, ёкозүнагийн хороо ч, бөх сонирхогчид ч бүгд өөр өөрийхөөрөө ёкозүна гэдэг ийм байх ёстой гэж төсөөлцгөөн, тэрийгээ аваргын чанар гэдэг үгээр халхавчилж байна уу даа. Хэлсэн хэлээгүй Асашёрю нас ахих тусмаа намба сууна.
4. Хурим хийхэд нь хүртэл
Асашёрю аварга цолны төлөө дайралт хийхээсээ өмнө хуримаа хийсэн үеийн явдал. Арслан Асашёрю хурим хийлээ гээд бүгд баяр хүргэхнүү гэтэл хэвлэл мэдээлэл, сумогийн холбооноос аварга цол авах чухал тэмцээний өмнө хурим хийдэг хариуцлагагүй нөхөр. Сумогийн тухай бодож байна уу гэсэн шүүмжлэл гарсан. Анх сонсоод чааваас даа гэж бодож байсан маань сүүлдээ уур хилэн болон хувирсан юм. Асашёрюгийн хувьд аварга цолны төлөө барилдахаасаа өмнө хуримаа хийж авья гэсэн бодол байсан . Танилцаад яаран хурим хийж байгаа хэрэг биш, эхнэртэйгээ багийн танилууд, олон жил үерхсэн болохоор хурим хийхийн хувьд хэзээ ч хийсэн хамаагүй байсан. Тэгсэн ч Асашёрю чухал тэмцээний өмнө хуримаа хийхээр шийдсэн. Хайртай хүнийхээ өмнө ялагдахгүйн төлөө, хуримандаа аварга цолоор бэлэг барихын төлөө шийдсэн хэрэг. Нөгөө талаас хуримаа хийж, гэр орноо төвхнүүлээд хамаг анхаарлаа тэмцээн, сумод хандуулах гэсэн бодолтой байсан хэрэг. Энэ талаар Асашёрюгийн ээж сумод анхаарлаа төвлөрүүлж чадах болохоор бид ч их баярласан гэж ярьсан байдаг. Японы хэвлэл мэдээллийн хувьд хурим энэ тэр гэж бэлтгэл алдахын оронд сумод анхаарлаа хандуулаад аварга болсоныхоо дараа хуримаа хий гэж хэлж байв. Япон маягийн санаа бодлоо тулгах гэж оролдсон ч Асашёрю монголоороо сэтгэн, монгол шийдвэр гаргасан юм. Ар гэрээ төвхнүүлсэнээр сумод илүү анхаарал тавьж чадна гэж тооцоолсон байв. Монгол япон сэтгэлгээний ялгаа энэ. Япон тамирчид сэтгэл зүйн бэлтгэл муу. Сэтгэл санааны дарамтанд амархан орж, чухал үед ялагддаг. Хэвлэл мэдээллийхэн Асашёрюг Япон тамирчид шигээ бодсон нь лавтай. Сумод гадаад бөхчүүд олон ирж, одоо бараг олон улсын тэмцээн шиг л болж байна. Тэдний санал бодол, онцлогийг хүндлэн үзэж, сумогийн уламжлал, зан заншил дотор хэрхэн ашиглах вэ, эс бөгөөс уламжлалаа өөрчлөх хэрэгцээ байна уу? Олон талаас нь харж, ухаалаг уян хатан бодлого явуулахгүй бол болохгүй. Гадаад бөхийн тоо толгойг хязгаарласан төдийгөөр өнгөрж байна уу даа. Асашёрюгийн хуримын талаархи шүүмжлэлийг үзээд би Япон үнэхээр арлын орон юм даа гэж бодсон. Тэгээд Асашёрю тэргүүтэй монгол сумочдыг дэмжиж явья гэсэн хүсэлтэй болсон. Монгол бөхчүүд улам олон ялж, япон бөхчүүдэд та нар сул дорой амьтад шүү гэдгийг нь харуулж өгөөсөй. Тэгэхгүй бол их сумо сөнөх нь. Монголчууд аа сумо бөхийг аварж хайрла.
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
★★MIA SAN MIA★★