Ц.Цэвэрбал: Сэтгэл нь хөрсөн тамирчдаа шантаажлаад байлгаад байхыг хүсдэггүй
2012-03-18 20:08:38
Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөн цагаас хойш 2010 онд хамгийн анхны гавьяат дасгалжуулагч төрөн гарсан. Залуу насаа энэ спортод зориулж, багийн спортыг хэрхэн хөгжүүлэхийг бодитоор харуулсан амьд жишээг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал гуайтай холбон тайлбарладаг. Дээд лигийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн цагаас хойш 17 жилийн хугацаанд баг тамирчдыг дасгалжуулж байгаа ганцхан эрхэм нь энэ хүн. Мөн хамгийн анхлан их сургуулийн шигшээ багийг дээд лигт оруулан дэд аварга хүртэж, 2010 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн гээд бичээд байвал дуусахгүй их намтартай гавьяат дасгалжуулагчтай ярилцсан минь энэ.
-Монголын сагсан бөмбөгийн холбоо үүсч байгуулагдаад 50 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ салбарт таны оруулсан хувь нэмэр нэлээн их бий?
-Холбоо үүсч хөгжөөд 50 жил болсон. Яг сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөн цаг үе 1946 он хавьцаа. Дэлхийн хэмжээнд ч тэр сагсан бөмбөгийн спорт 1960–аад оны эхэн үед хүчээ авсан байдаг. Жишээ нь хурдан довтолгоо, комбинац гэдэг чинь энэ үед л дэлгэрч байлаа. Одоо бол зөвхөн дэлхийд бус манайд ч харьцангуй илүү дэвшилтэй хөгжиж байна. Миний оруулсан хувь нэмэр гэхээсээ илүүтэй энэ спорт үүсч хөгжсөн үндэс суурь нь маш чухал сэдэв байх. Энэ цагаас хойш сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж 1970-1980 –аад онд нэлээн нийтлэг болж 1990 –ээд оноос дээд лигийн тэмцээн хүртэл зохион байгуулагдаж ирсэн юм. Манай улсад яг сагсан бөмбөгийн сургалттай анги танхим ховор байхад хамгийн олон хичээллэгсэдтэй нийтийн хүртээл болж чадсанд нь баяртай явдаг.
-Би буруу сонсоогүй бол сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд Цэврээ багш чинь боксчин “байсан” гэдэг?
-Боксчин нь ч юу юм бэ. Бага байхад манай байранд Зоригоо гэж боксоор хичээллэдэг залуу байсан юм. Мөн Дүгэрээ гэж боксын спортын мастер байсан. Энэ хоёрыг дагаж бэлтгэл хийдэг байлаа. Бие биенээ дагаж суралцаж байсан минь л тэр байх. Зөвхөн бокс гэлтгүй бүх спортоор тэгш хичээллэж тоглодог байсан. Бас тэр үед чинь өглөө байрны дарга бүрээ дуугаргаж аав ээжтэйгээ гарч гимнастика хийдэг. За тэгээд орой болохоор байрныхаа гадаа волейбол, теннис тоглодог ийм л үе байсан. Бас сагсан бөмбөгийн нэг шийдтэй. Тэр үедээ 13 төгрөгийн үнэтэй резинэн бөмбөг олж аваад л тоглож өгнө шүү дээ.
-Боксын хөлний ажиллагаа сагсныхтай их адилхан гэдэг?
-Тэгэлгүй яахав. Сагсан бөмбөгийн онол номд хүртэл боксын зогсолт гээд байдаг. Яагаад гэхээр хөл дээр зөв ажиллаж байж гар нь зөв хөдөлдөг юм. Боксын спортоор жаахан хичээллэж байсан минь сагсан бөмбөгийн спортод нөлөөлсөн гэж боддог.
-Яаж яваад сагсан бөмбөгийн спортод эргэлт буцалтгүй орчихвоо?
-Би чинь амьдралдаа ганцхан багштай байсан хүн. Энэ спортоор хэрхэн хичээллэх үү , яах ийх гээд бүхий л мэдлэгийг Аюурзана багшаасаа сурч авсан. 1972 онд Анх 15 насандаа “Алдар” нийгэмлэгээс тамирчин болох гараагаа эхэлж 1983 он хүртэл тоглосон. Энэ хооронд л багаасаа их зүйл сурсан. Гэхдээ одоо бодоход аав минь намайг “Энэ хүүхэд зүгээр сууж чадахгүй нь. Спортын хүн л болох шинжтэй” гээд сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлсэн минь энэ. Анх оччихоод багш минь самбарт үсрүүлээд л анхан шантны техник их заана. Гэтэл миний хувьд зүгээр л гэрийнхээ гадаа тоглодог мэтээр төсөөлж очсон. Дасгалаас халширч бэлтгэлээ хүртэл тасалчихдаг. Тэгсэн мөртлөө л сэтгэл дуудаад заал руугаа гүйчихдэг байсан. Ингэж явсаар эргэлт буцалтгүй энэ спортод татагдсан. Анх идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлж байсан юм. Одоо бодоход сайн тоглосон уу , үгүй юу бүү мэд. /Инээв/
-“Алдар” нийгэмлэг тэр үедээ л маш сайн байсан. Түрүүгээ алдаж үзээгүй гэдэг юм билээ?
-Тийм ээ. Энэ нийгэмлэгээс сагсан бөмбөг түлхүү хөгжсөн ч гэж ярьдаг. Би тоглож эхлэхдээ Монголд болдог бүхий л түрүүг хүртэж байсан. Гэхдээ миний тэр үеийн бодол байсан юм. “Алдар” сайн гэхээр тамирчдын нэр хүнд дарагдаад, бусад муу багийн сайн тоглогчид мандаад л байдаг. Тэр үед өөрийгөө нотлохын тулд “Алдар” –аас сул багт очиж, амжилт гаргах юм сан гэсэн бодолдоо хөтлөгдсөн юм. Тэгээд л “Октябрь”-т очсон. Тэр үедээ Б бүсийн баг байсан. Тэгээд 1983 онд Б бүсийн аварга болгож А бүсийн тэмцээн рүү оруулж байсан. Ер нь үүнээс хойш маш олон багтай тоглож чадах чинээгээрээ амжилтад хөтөлсөн гэж боддог. Харин дасгалжуулагч болох гараагаа 1984 онд 13- дугаар сургуулиас эхэлж байсан. Түүний дараа шүүгчийн зөвлөлийн дарга Пүрэв багшийн санаачлагаар “Алтан Од” клубийг үүсгэн байгуулж байлаа. Үүний дараагаас сагсан бөмбөгт элэгтэй, сэтгэлтэй хүмүүстэй нийлж дээд лигийн тэмцээн ерөнхийдөө эхэлж байсан. Лигийн хамгийн анхны багийн батламж одоо хүртэл ахад нь байдаг л юм.
-Ямар баг байсан юм бэ?
-“Азийн чоно”. Түүний дараа “1-11”, “Монсоник”, “Алтайн бүргэдүүд” “Цөөврийн чоно” гээд л нэлээн олон багтай ажиллаж байсан.
-Миний хувьд эдгээр багийг төдийлөн мэдэхгүй л дээ. Хамгийн сэтгэлд тодоор үлдсэн баг нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн “Ёлууд” баг байсан. Ер нь бол үнэнч фэн нь байлаа. Нэг сургуулийн оюутнууд гэхэд байгуулагдсан жилдээ л дэд аварга болж байсан?
-/Инээв/ Тийм ээ. Яагаад нэг сургуулийн оюутан тамирчдыг баг болгож дээд лигт оруулж болдоггүй юм гэсэн санаа төрсөн юм. Тамирчид маань ч тун сайн тоглосон. Тэр цагаас хойш дээд лигт их сургуулийн багууд бие ээ даан орж эхэлсэн. Монголд сагсан бөмбөг гэдэг бизнес биш. Тиймээс шинэ хүүхдүүдийг, нэг сургуулийн багийг бэлдэх санаа төрсөн минь энэ.
-Тамирчин бэлтгэх , түрүүлэх хоёр тэс өөр зүйл гэж та хэлээд байдаг. Яагаад түрүүлэхийг нэн түрүүнд тавьдаггүй юм бэ?
-Энэ спортод авьяастай, сэтгэл зүрхтэй хүүхэд маш олон байна. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг сайн бэлтгэж, чадвартай тамирчин болгохыг л хүсдэг. Яахав нэг үе тэмцээнд түрүүлэхийн тулд л ордог байлаа. Одоо бол тэр бодол маань өөр болсон. Яахав тэмцээн уралдаанд сүүл мушгиж хожигдоод байхыг би хүсэхгүй л дээ. Ямартай ч нэн түрүүнд хүүхдүүдийнхээ ур чадварыг дээшлүүлж хаана ч өрсөлдөхүйц тамирчин бэлтгэх нь миний зорилго.
-Тэгвэл та энэ жилээс “Баянзүрх Бүллс” багийг дасгалжуулж эхэллээ. Бас л нэг байгууллагын нэрийн өмнөөс цалинжаад бэлтгэл сургуулилт хийн тэмцээнд орж байна. Тэгэхээр түрүүлэх л гол зорилго байгаа байлгүй дээ?
-/Инээв/ Одоо тэгэхийн тулд л тэмцээнд орж байна. Манай багийн хувьд дээд лигийн тэмцээн эхлэхээс өмнөхөн нэгдсэн. Баг болж бүрэлдэх л хэрэгтэй байна.
-“Ёлууд”-ын бүрэлдэхүүнд байсан шилдэг гэсэн тамирчид одоо хэр нь дээд лигийн өнгө төрхийг тодорхойлж үзэгчдэд хүндлэгдсээр байна. Гэтэл тэд өөр багт, өөр дасгалжуулагчийн нэрийн дор тоглох юм. Бэлтгэсэн тамирчдаа ингээд л алдаад байх уу?
-Миний бэлдсэн хүүхдүүд сургуультай, орох оронтой цалинтай болчихвол надад хаана тоглох нь хамаагүй. Гадаадад бол өөр асуудал. Би тэр хүүхдэд мөнгө төгрөг, байр сав өгч чадахгүйгээс хойш цалин мөнгө амлаж байгаа газарт явахуулах л ёстой. Зөвхөн Цэврээгийн удирдлагаар тэд тоглоно гэж байхгүй. Надаар юм заалгасан ч бай өөр багт очсон ч гэсэн тэр хүний авьяас ур чадвар дээшилж л таараа. Мөн нөгөө талаараа надаас сэтгэл нь хөрчихсөн тамирчид байж болно. Тиймээс би шантаажлаад байлгаад, дараад байхыг хүсэхгүй байна.
-Монголын сагсан бөмбөгийн холбоо, “TLG 13” гээд л хоёр хуваагддаг боллоо. “TLG -13” нь болохоор холбооны хийж байгаа ажлыг давхцуулан зохион байгуулж, бүр тамирчдыг хүртэл өөрсдийнх нь тэмцээнээс өөр тэмцээн уралдаанд орох эрхийг хасах гэх мэт үйлдэл гаргах юм. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?
-Тамирчдын эрх ашгийг хөндөж байгаа нь болохгүй зүйл л дээ. Харин хоёр хуваагдаж тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа нь байдаг л асуудал ш дээ. Манай холбоонд алдаа дутагдал байдаг. Ер нь өөгүй хүн гэж ховор. Цагийн аясаар хийж, шийдэгдэх байх гэж боддог. Тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахгүй гэх мэт хааж боогоод шантаажлаад байвал буруу. Тэрнээс ямар ч спорт байсан өрсөлдөөн дунд байж л өсдөг жамтай. Би нэг юм хийчихлээ. Танайх муу гээд л өрсөлдөөд байвал утаггүй л дээ. Яваа яваандаа хоорондын зөрчил нь арилчихна. Гэхдээ цэвэр өрсөлдөөн байх хэрэгтэй. Энэ нь ухаалагаар байвал зүгээр .
-Гэтэл зарим нэгэн тамирчдыг хэтэрхий их мөнгөн дүнгээр “хуурч” өөр багт шилжүүлэх асуудал гарах юм?
-Мөнгө төгрөг амлаж болно. Хүүхдүүдэд хэтэрхий их мөнгө, байр амлаад ирэхээр нөгөө багууд нь чирэгдэж байсан бодит жишээ ч байдаг юм. Ийм нэг асуудлаас болж тамирчдыг сөнөөгөөд байвал утаггүй. Нэг таван хүүхдэд хэтэрхий их мөнгө амласанаар энэ спорт хөгжихгүй.
-Дээд лигт легионер тоглогчид хүч түрэн орж ирж байна. Эдгээр тоглогчид тэмцээнд оролцож байгаа нь зөв үү?
-Хэрэгтэй шүү. Манай тамирчдыг ажиглаад байхад юм хэлээд ховорхон ойлгодог. Гэтэл яг тоглоод дотор нь ороод ирэхээр их зүйл сурдаг юм шиг санагддаг. Жишээлбэл энэ гадаад тамирчдаас манай тамирчид их зүйл сурч байгаа. Нэг талаараа их олон гадаад байлгаж болохгүй. Ингээд ирвэл өнөөх монгол тамирчид хаанаа тоглохоо мэдэхээ байна биз дээ. Энэ бодлогыг холбоо маш сайн барих хэрэгтэй. Тэрнээс биш эдгээр тамирчид ирсэн нь үр дүнтэй. Тоглолтод хэрхэн ханддаг. Сэтгэл зүйгээр хэрхэн бэлтгэгддэг гээд л. Амьдралын хэв маяг ч гэсэн маш чухал.
-Тамирчид өөр өөрийн онцлогтой. Зан ааш, бие бялдар гээд л. Нэг баг болгон бүрдүүлэх гэж их асуудал гардаг байх даа?
-Тийм ээ. 10 –аад хүнийг нэг хүн шиг болгон зангидах хэрэгтэй. Мал бол хашаанд нь тууж оруулаад гаргаад байвал болно доо. Гэтэл энэ чинь баярладаг гомддог адилхан л хүн. Тиймээс ямар үед хэнтэй яаж харьцах уу, ямар бэлтгэл өгвөл энэ хүн даах уу, яаж тоглуулах уу гээд бүх зүйлийг мэдэрч тооцоолж л ажилладаг даа.
-Баг хожигдсон л бол дасгалжуулагчийн буруу гээд хэлчихэж болох уу?
-Болно. Багийнхаа учрыг олж чадаагүй бол миний л буруу. Мөн эсрэг багийнхаа тамирчид дасгалжуулагчийг мэдэрч чадахгүй бол бидний л хохь. Гэхдээ сагсан бөмбөг гэдэг маш энгийн тоглоом. Гэтэл тамирчид залахгүй юман дээр залж гүйгээд ч юм уу алдаа гаргах тохиолдол байдаг л юм.
-“Чиний хийж чадаагүй юмыг сармагчинд заагаад өгөхөд хийчихнэ” гээд л тамирчдаа загнаж байсан удаа байгаа юу?
-/Инээв/ Байдаг л байлгүй дээ. Наадах чинь үнэн ш дээ. Циркийн нэг амьтанд сагсан бөмбөгийн анхан шатны мэдлэг заагаад өгөхөд тоглоно доо. Хэний эсрэг яаж тоглохоо мэддэг хүн л сагс сайн тоглодог юм. Яг үнэндээ алдарт Жордангаас илүү үсэрдэг тоглодог хүн байдаг юм. Тэгсэн хэрнээ тэр тамирчин ухаан гаргаж чаддаггүй. Өөрийн чадварыг хаана хэрхэн үзээлэх вэ гэдэг ээ бодох хэрэгтэй. Хамгийн гол нь Жордан тэрийг мэдэрч урлаг болгосон хүн.
-Хүү Пүрэвдорж чинь дээд лигийн бас л урдаа барьдаг тамирчдын нэг. “Хасын хүлэг” багтай хийсэн тоглолтод хүү тань оноо авалтаар тэргүүлж байсан ч, гуравдугаар үеэс танай баг тоглолтыг эргүүлсэн. Нэг үгээр “Аав хүү хоёрын дуэль тоглолтыг чимлээ” мэтээр ярьж байсан?
-/Инээв/ Би хүүтэйгээ өрсөлдөх гээд байгаа юм биш. Үзэгчдийн л бодол байх даа. Эсрэг багт хүү минь тоглож, миний хувьд өөр баг дасгалжуулж байгаа ч гэсэн хожил авахыг бодно биз дээ. Жишээ нь “Хасын хүлэг”-тэй тоглоход хүүгээ яаж дийлэх вэ гэх бодол төрөхгүй л дээ. /Инээв/ Би хүүгээ сагсны хүн болгохыг хүсээгүй. Гэсэн ч яалт ч үгүй гэр бүлийн уур амьсгал нөлөөлөөд энэ спортын хүн болчихсон. Ер нь хүүгийнхээ тоглолтод зааж зааварлаад нэг их ороод байхыг хүсдэггүй.
-Миний бодлоор тэмцээний үеэр гэр бүлийнхэн ч юм уу хэн нэгэн тоглолтыг үзэх гээд ирэхэд сандардаг хүмүүс байхад зарим нэг нь эсэргээрээ тоглодог?
-Тамирчдаас олон зүйл гарна. “Найз охин маань ирчихсэн байна. Багшаа би тоглохгүй гэдэг ч хүн байна. Эсвэл бүр хөөрөөд сайн тоглодог ч тамирчид байдаг л юм. /Инээв/ Эхнэр бид хоёр ч гэсэн анх хүүгийнхээ тоглолтыг болж өгвөл үзэхийг хүсдэггүй байсан. Айж тэвддэг гээд л янз бүрийн авир гарна.
-Надад хүн ялаад сурчихдаг юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яахав. Хожигдоод байвал тамирчид сэтгэл зүйгээр бүр сурчихдаг байхгүй юм. Тиймээс хожоод л байх хэрэгтэй.
-Таныг харахаар их сүрдээд байдаг юм аа. Их ууртай ч юм уу?
-Яагаад вэ?
-Мэдэхгүй тоглолтод нэлээн ууртай л харагддаг ?
-Ахад нь нэг их муухай уур байхгүй. Гэхдээ тамирчдаа загнах үе байна. Энэ нь бэлтгэлийн хаа нэг гардаг байж магадгүй. /Инээв/
Ж.Цэцэг
http://www.inet.mn/?vfile=8&vmet_id=502 ... _main=2792