“Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрэм
Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл
1.1 “Спортын цонх-ТББ”. Байгууллагын албан ёсны нэр нь “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллага байх ба Спортын цонх гэж товчлон нэрлэж болно.
1.2 Спортын цонх-ТББ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.
1.3 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын дүрмийг баталсан 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан өдөр гэж тооцно.
1.4 “Спортын цонх-ТББ” төрийн бус байгууллагын албан ёсны хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Монголын Үндэсний Олимпийн Хорооны байр, 402 тоот өрөө
Утас: 345456
Факс: 331844
Хоёрдугаар зүйл. Хуулийн үндэслэл болон хуулийн этгээдийн эрх
2.1 Спортын цонх-ТББ нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаа явуулна.
2.2 Спортын цонх-ТББ нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна. Спорт цонх нь өөрийн хэвлэлтэй байж болно.
Гуравдугаар зүйл. Үйл ажиллагааны зорилго, зорилт, зарчим
3.1 Спортын цонх-ТББ нь бүх спортын үйл явдлыг цаг алдалгүй үнэн бодитоогоор олон нийтэд хүргэх, спортыг сурталчилах зорилгоор ажиллана.
3.2 Спортын цонх-ТББ-ын зорилтууд:
3.2.1 “Спортын цонх” онлайн хэлэлцүүлгийг
www.sportnews.mn/forum хаягаар явуулж, спорт сонирхогчдыг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлэх
3.2.2 Спортын багийн хөгжөөн дэмжигчдийн холбооны үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах;
3.2.3 Спорт сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан, наадам зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах;
3.2.4 “Спортын цонх” сэтгүүлийг эрхлэн гаргах.
3.2.5 Зорилгод нийцсэн бусад үйл ажиллагаа.
3.3 Спортын цонх-ТББ-ын зарчим:
3.3.1 Төрийн бус байгууллагын бүхий л үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна.
3.3.2 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад жил бүр хүргүүлж байна.
3.3.3 Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах өөрийн өмчлөлийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгөтэй байна.
Дөрөвдүгээр зүйл. Спортын цонх-ТББ бүтэц, албан тушаалтны нэр томъёо
4.1 Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна.
4.2 Удирдах зөвлөл нь шийдвэр гаргах дээд зөвлөл байна.
4.3 Удирдах зөвлөлийн дарга гэдэгт удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй даргыг.
4.4 Удирдах зөвлөлийн дэд дарга гэдэгт удирдах зөвлөлийн даргад туслах болон орлох үүрэгтэй гишүүнийг.
4.5 Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох сонгуульт гишүүнийг.
4.6 Удирдах зөвлөлийн хороо гэдэгт удирдах зөвлөлийн байнгын ажлын хэсгийг.
4.7 Гүйцэтгэх захиргаа гэдэгт өдөр тутмын үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа ажлын албыг.
4.8 Спортын цонх-ТББ-ын гишүүн гэдэг нь саналын эрхтэй, байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрсөн этгээдийг хэлнэ.
Тавдугаар зүйл. Спортын цонх-ТББ-ын гишүүн
5.1. Спортын цонх-ТББ-ын гишүүд нь Спортын цонх-ТББ-ын дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дураар элссэн байна.
5.2. Спортын цонх-ТББ-ын гишүүд нь үүргийнхээ дагуу гүйцэтгэсэн ажлынхаа төлөө ямар нэгэн цалин хөлс авахгүй.
5.3. Спартын цонхын гишүүнээс татгалзах, чөлөөлөх, түтгэлзүүлэх.
5.3.1. Спартын цонхын гишүүн нь өөрийн хүсэлтээр татгалзах, чөлөөлөх, түтгэлзэж болно.
5.3.2. Спортын цонх-ТББ-ын дүрмийг зөрчсөн тохиолдолд хяналтын хорооны шийдвэрийн дагуу гишүүнээс чөлөөлөх болон түтгэлзүүлнэ.
5.4. Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргүүлэн элсүүлэх.
5.4.1. Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргэн элсэхийг хүссэн өргөдөл, нэмэлт төлбөр 50000 төгрөг/тавин мянган төгрөг/ буюу 50 ам.доллар /тавин ам.доллар/-ыг төлсөн баримтыг хяналтын хороонд хүргүүлнэ.
5.4.2. Хяналтын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар Спортын цонх-ТББ-ын гишүүнээр эргүүлэн элсүүлнэ.
Зургаадугаар зүйл. Бүх гишүүдийн чуулган
6.1. Бүх гишүүдийн чуулган нь эрх барих дээд зөвлөл байна. Чуулган нь 2 жил тутамд нэг удаа хуралдана.
6.2. Бүх гишүүдийн чуулганыг хуралдуулах хугацааг 1 сараас доошгүй хугацааны өмнө сонгуулийн хорооноос зарлана.
6.3. Бүх гишүүдийн чуулганд дүрмийн 5.1 -д заасан гишүүн оролцоно.
6.4. Чуулганд нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй хувь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. Сонгуулиас бусад шийдвэрийг хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар гаргана.
6.5. Чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
6.5.1 Үйл ажиллагааны тайлан, хянан шалгах зөвлөлийн тайлан;
6.5.2 Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.5.3 Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
6.5.4 Гишүүдийг батламжлах;
6.5.5 Бусад асуудал
6.6. Спортын цонх-ТББ-ын гишүүн Удирдах зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлнэ.
6.7. Удирдах зөвлөлийн гишүүдийг нууц санал хураалтаар явуулна. Удирдах зөвлөлийн гишүүд нэг бүрдээр санал хураалтыг явуулах ба нийт саналын 50-иас дээш хувийг авсан 7 гишүүнийг сонгогдсонд тооцогдоно.
6.8. Нийт гишүүдийн 2/3-ээс доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулж болно.
Долоодугаар зүйл. Удирдах зөвлөл
7.1 Удирдах зөвлөл нь Спортын цонх-ТББ-ыг бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
7.2. Спортын цонх-ТББ-ын гишүүн нь тухайн гишүүн байгууллагын сонгуульт ажил, үүргээс огцрох эсвэл татгалзах тохиолдолд гишүүнээс шууд чөлөөлөгдсөнд тооцогдоно.
7.3. Удирдах зөвлөл нь өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтлана.
7.4 Удирдах зөвлөлийн гишүүний тоо долоо байна.
7.5 Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 2 жилийн хугацаатай сонгогдох ба нэг гишүүн хэдэн ч удаа улиран сонгогдож болно.
7.6 Сонгуулийн хорооны санал болгосноор удирдах зөвлөлийн шинэ гишүүнийг чуулганаар, олонхийн саналаар батлан сонгоно.
7.7 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргыг удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
7.8 Удирдах зөвлөлийн дарга ба дэд даргын сонгуульт хугацаа 2 жил үргэлжлэх ба нэг удаа улируулан сонгож болно.
7.9 Удирдах зөвлөл дараахь ажил үүргийг гүйцэтгэнэ.
7.9.1 Удирдах зөвлалийн дүрмийг хэлэлцэн баталж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах;
7.9.2 Удирдах зөвлөлийн дотоод журмыг тогтоож, удирдлага зохион байгуулалтаар хангах;
7.9.3 Удирдах зөвлөлийн тэргүүнийг сонгох ба гүйцэтгэх захирлыг томилох чөлөөлөх;
7.9.4 Спортын цонх-ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх;
7.9.5 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;
7.9.6 Спортын цонх-ТББ-ын жилийн төвлөгөө, төсөв батлах;
7.9.7 Спортын цонх-ТББ-ын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
7.9.8 Спортын цонх-ТББ-ын өөрчлөн байгуулах, татан буулгах;
7.9.9 Спортын цонх-ТББ-ын Бусад асуудал;
Наймдугаар зүйл. Удирдах зөвлөлийн хурал
8.1 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
8.2 Удирдах зөвлөлийн хурал ээлжит ба ээлжит бус байна.
8.3 Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг хагас жилд нэг удаа хуралдуулна. Ээлжит хурлын хугацаа байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
8.4 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 –ний хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.
8.5 Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж, хурал болохоос 14-21 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ. Хурал болохоос өмнө удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
8.6 Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
8.7 Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд удирдах зөвлөлийн дарга эцсийн шийдвэрийг гаргана. Удирдах зөвлөлийн шийдвэр хурлаас гарсан хамтын шийдвэр тул цөөнх болсон гишүүд түүнийг дагаж мөрдөнө. Удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын 1 эрхтэй байна.
8.8 Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргыг Удирдах зөвлөлийн хурлаас томилно.
8.9 Хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөнө. Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.
Есдүгээр зүйл. Гишүүдийн салбар хороод
9.1 Хороод. Спортын цонх-ТББ-ын үйл ажиллагаа салбар хороодоор хэрэгжинэ. Спортын цонх-ТББ-ын гишүүд салбар хороодод хуваагдан ажиллана. Дараахь хороод ажиллана.
9.2 Сонгуулийн хороо. Шинээр элсэх гишүүнийг судлаж удирдах зөвлөлд санал оруулах, шинэ гишүүнд чиг баримжаа олгох болон идэвхи муутай удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх санал боловсруулж удирдах зөвлөлд оруулах үүрэгтэй. Мөн бүх гишүүдийн хурлын товыг зарлана.
9.3 Хяналтын хороо. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн үйл ажиллагааг хяналт хийж, хяналтын тайланг удирдах зөвлөлд танилцуулна.
9.4 Санхүүгийн хороо. Санхүүгийн хороо нь Спортын цонх-ТББ-ын санхүүгийн ба хөрөнгө босгох ажлыг бодлогын удирдлагаар хангах, санхүүгийн хяналт тавих үүргийг хүлээн ажиллана.
9.5 Бусад хороо. Удирдах зөвлөл ажлын ачааллаасаа шалтгаалж бусад салбар хороог байгуулж болно.
9.6 Хороог зохион байгуулах. Хороодын ахлагчид хорооны ажлын журам, зохион байгуулалт, уулзах хуваарийг боловсруулж удирдах зөвлөлийн даргаар батлуулна.
Аравдугаар зүйл. Удирдах зөвлөлийн албан тушаалтнууд
10.1 Удирдах зөвлөлийн албан тушаалтанд удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, салбар хороодын ахлагч нар болон хурлын нарийн бичгийн дарга хамаарна.
10.2 Удирдах зөвлөлийн даргын эрх үүрэг
10.2.1 Удирдах зөвлөлийн дарга Спортын цонх-ТББ-ыг гадаад, дотоодод төлөөлнө;
10.2.2 Удирдах зөвлөлийн хороодыг байгуулж, ахлагчдыг томилно;
10.2.3 Удирдах зөвлөлийн хурлыг даргалж, санал тэнцсэн тохиолдолд эцсийн шийдвэрийг гаргана;
10.2.4 Удирдах зөвлөл ба гүйцэтгэх захиргааны хоорондын ажлын уялдааг хангана;
10.2.5 Гүйцэтгэх захирал ба удирдах зөвлөлийн даргын хамтын манлайллыг хөгжүүлнэ;
10.2.6 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
10.3 Удирдах зөвлөлийн дэд даргын үүрэг. Удирдах зөвлөлийн дэд дарга хурлын даргад туслах болон даргыг эзгүйд хурлыг удирдах үүрэгтэй.
10.4 Салбар хороодын ахлагчдын үүрэг. Хороодын гишүүдийг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө болон журмыг боловсруулах үүрэг хүлээнэ. Өөрийн хороодоор дамжуулж удирдах зөвлөлийн үйл ажиллагааг хөгжүүлнэ.
10.5 Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг. Нарийн бичгийн дарга хурлыг зохион байгуулахад даргад туслах болон хурлын тэмдэглэлийг хөтлөх үүрэгтэй. Нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн дарга томилно.
Арван нэгдүгээр зүйл. Удирдах зөвлөлийн сонирхлын зөрчил
11.1 Сонирхлын зөрчилд үл автан шийдвэр гаргах. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг дэд дарга даргална.
Арван хоёрдугаар зүйл. Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх ба татгалзуулах
12.1 Чөлөөлөх журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн гишүүн хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
12.2 Татгалзуулах журам. Удирдах зөвлөлийн дарга ба дэд дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд сонгуулийн хорооны санал оруулснаар удирдах идэвх сул удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
12.3 Татгалзуулах шалтгаан. Удирдах зөвлөлийн хурлыг нэг жилд гурваас илүү тасалсан, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхлын зөрчилд автагдсан ба гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бол удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг татгалзуулах шалтгаан болно.
Арван гуравдугаар зүйл. Гүйцэтгэх захиргаа ба гүйцэтгэх захирал
13.1 Гүйцэтгэх захиргаа нь удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын алба мөн. Гүйцэтгэх захирлын албан үүргийг Удирдах зөвлөлийн гишүүн давхар эрхэлж болно.
13.2 Гүйцэтгэх захиргааг гүйцэтгэх захирал удирдана. Гүйцэтгэх захирлын эрх үүрэг:
13.2.1 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Спортын цонх-ТББ-ыг төлөөлөх;
13.2.2 Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.2.3 Спортын цонх-ТББ-ын нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай гэрээ хэлцэл байгуулж ажиллах;
13.2.4 Спортын цонх-ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах;
13.2.5 Спортын цонх-ТББ-ын тухайн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох төрийн байгууллагад тайлангаа явуулна;
13.2.6 Гүйцэтгэх захиргааны хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах, үнэлэх, чөлөөлөх;
13.2.7 Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах;
13.2.8 Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах;
13.3 Гүйцэтгэх захирлын бусад ажил үүргийг гэрээнд зааж болно.
Арван дөрөвдүгээр зүйл. Санхүүгийн асуудлууд
14.1 Спортын цонх-ТББ дараахь орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна.
14.1.1 Дүрэмд заасан үйл ажиллагаанаас олсон орлого;
14.1.2 Зорилгын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
14.1.3 Хөрөнгө босгож олсон хандив, бэлэг, тусламж;
14.1.4 Төрийн тэтгэлэгт хөтөлбөр, төслүүд;
14.1.5 Гадаад дотоодын санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэгт төслүүд;
14.1.6 Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр;
14.1.7 Гишүүдийн хураамж. Жилд 20000 төгрөг буюу хорин мянган төгрөг (20 ам.доллар буюу хорин ам.доллар) байна. Гишүүд хураамжаа тухайн жилдээ багтаан төлсөн байна.
14.1.8 Бусад орлого
14.2 Спортын цонх-ТББ-ын олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулна.
14.3 Спортын цонх-ТББ нь төрийн бус байгууллагын хуульд зааснаар ашиг хуваарилах, зээл олгох, хөрөнгийн баталгаа гаргах, хуульд хориглосон зориулалтаар хандив хэнд ч үл өгнө.
14.4 Удирдах зөвлөлийн дарга ба гишүүн, гүйцэтгэх захирал ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
14.5 Спортын цонх-ТББ-ын санхүүгийн үйл ажиллагааг санхүүгийн хороо хянаж шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.
14.6 Санхүүгийн жил. Спортын цонх-ТББ-ын санхүүгийн жил 1 сарын 1-ээс эхэлж 12 сарын 31- нд дуусгавар болно.
14.7 Санхүүгийн тайлан тэнцлийг зохих хууль журмын дагуу гаргаж дараа оны 2 дугаар сарын 15 дотор татварын албанд тайлагнана.
Арван тавдугаар зүйл. Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай
15.1 Спортын цонх-ТББ эрхэм зорилгоо хэрэгжүүлж дууссан гэж үзвэл удирдах зөвлөлийн шийдвэрээр Спортын цонх-ТББ-ыг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах буюу татан буулгаж болно.
15.2 Спортын цонх-ТББ татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг түүний гишүүд, үүсгэн байгуулагчид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад, болон аливаа этгээдэд хуваарилан олгохыг хориглоно.
15.3 Татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрмэнд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.
Арван зургаадугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
16.1 Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг удирдах зөвлөлийн гишүүн боловсруулж, нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр батласнаар хүчин төгөлдөр болно.
16.2 Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Хууль зүйн яаманд 30 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захирал хариуцна.
------------------------------------------ о 0 о ------------------------------------------