Нойрссон гүнжийг сэрээв
Эхлэл
Хааны шилтгээний дэргэд зочид цугларчээ. Хааны охин Аврорагийн мэндэлснийг зарлаж дохио хангинана.Гүнж мэндэлсний баярт ирэхийг урьсан урилгыг тараахаар ёслол үйлдэгч Каталабют хаант улсын өнцөг бүрт элч мордуулна. Мөн сайн санаат Дагинуудыг ч урихаа мартсангүй.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1-р үзэгдэл
Хааны ордон.
Зочид шинэ мэндэлсэн гүнжийг харахыг тэсч ядан хүлээнэ. Өрлөг эх Аврораг өлгийд тавихад зочид баясан түүнд бэлэг өгнө. Танхимд хаан, хатан орж ирнэ. Удалгүй Сирени дагина бараа бологчдын хамт ирэн бяцхан Аврорад ховор бэлэг авчирчээ. Гэнэт аймшигт зочин айсуй мэдээг хаанд Каталабют ирж мэдэгдэнэ. Энэ үед аймшгийн дагина Карабос харх хулгана хөллөсөн тэргээр ирнэ. Тэрээр Каталабютыг, өөрийгөө уриагүйд хилэгнэсэн байв.
Хааны ордныхон Карабосыг тайвшруулахыг оролдовч тэднийг илбэдэн тараана. Каталабют тайлбарлахыг оролдовч Карабосын уур хилэн нь улам бадарч дайран давшлан түүний толгойд нэг ч үс үлдээлгүй халзан болгов. Каталабютыг ингэж цээрлүүлээд Аврорагийн өлгий рүү хандахад хатан ээж энэрэнгүй, сэтгэл гаргахыг түүнээс хүснэ. Карабос охинийг харж «16 насандаа хурц үзүүртэй ээрүүл /иг/ -д хатгуулж үхнэ» гэж хувь заяаг нь зураглана. Энэ мөчид Аврораг сайн санаат дагина Сирена өмгөөлж, амь насыг авран, харин 100 жил нойрсуулахаар болгож чаджээ. Карабос дагалдан явагчдынхаа хамт шилтгээг орхин одно.
Сайн санаат дагинууд Аврорагийн өлгийд мэхийн хүндэтгэн буцацгаана. Хаан энэ өдрөөс эхлэн харъяат нараа хурц үзүүртэй игийг хэрэглэхийг хатуу хориглосон зарлиг буулгав...
УДБЭТ - д П.И.Чайковскийн - Нойрссон гүнж балет сэргээн тоглогдов. 3 бүлэг, 4 үзэгдэлт балет маань анх 1890-01-03 нд Петербургийн Марийнский театрт анх тоглосон юм билээ. Монголд 1990 онд анх тоглогдсон. Тоглолтын хувцас хэрэглэл муудсаны улмаас арван жил тоглогдоогүй байсан Sleeping beauty - г арван жилийн дараа дахин сэрээсэн нь энэ.
Ивээн тэтгэгчээр "Төгөлдөр" сан ажиллаж, бүжигчдийн хувцас хэрэглэл, тайзны засал чимэглэл бүхий л талаар сайн ажилласан байна. Шинэ хувцасны загвар, дизайн их гоё болж. Миний хувьд гүнжийг сэрээх боломж олдож, театрын бельтажаас 2 цаг 30 минутын турш сонороо баясгав. Ерөнхий сайдаас авахуулаад, урлагийн том том зүтгэлтнүүд, дипломат консулууд урилгаар ирсэн бололтой.
Бүжигчид, хөгжимчид гээд бүгдээрээ их чадварлаг байсан. Ялангуяа Дезире ханхүүгийн дүрийг бүтээсэн бүжигчний хурц хөдөлгөөнүүд үзэгчдийн таашаалд их нийцэж байх шиг санагдсан.
За тэгээд сонгодог урлаг бол сонгодог л байдаг шүү дээ. Тэр нь ийм байсан, тийм байсан гэж том том дүгнэлт хэлэх зүрх зориг алга. Бүгд л их гайхамшигтай байлаа.
20 - нд дахиад тоглогдох юм билээ. Тэгээд манайхан зав зайгаараа үзнэ биз дээ.