Айлын ганц гоол дээр манайхан улгаан ташаал, хүний мөс сайтай л улсууд юм
Тоглолт үзэх явцдаа олон олон гоолноос болоод тойм гэхээсээ илүү тикер бичмээр санагдсан. Шөнө АЛ-д оруулсныгаа энд ч гэсэн бас оруулчий.
Манчестер Юнайтед - AC Рома
vs
Аваргуудын лигид тойм бичиж эхэлсэн үеэ эргээд харахад бас ч гэж хэдэн жил өнгөрчихөж. Цаг хугацаа ч хурдан юм аа. Гэхдээ агуу багуудын аварга тоглолтуудыг мэдрэн цаг хугацааг өнгөрөөж байгаа нь хөлбөмбөгийн фэн бидний хувьд гайхалтай хэрэг билээ. Энэ хугацаанд АЛ-д хамгийн хайртай багийнхаа тухай нэг ч тойм бичиж байгаагүй гэхээр өөрт минь хачин санагдаж байна. Гэхдээ 5 жилийн өмнө л хагас шигшээ хүрч байсан болохоор, тэр үед тойм бичиж хараахан эхлээгүй байсан болохоор ингэсэн бололтой. За ингээд Манчестерийнхаа анхныхаа тоймыг бахдам тоглолтоор эхэлж байгаадаа баяртай байна. Тоглолтыг үзэх явцад тоймыг хэрхэн бичих бодол маань шууд өөрчлөгдсөн юм. 3 жилийн өмнө цас бударсан өвлийн тэр нэгэн үдэш Мюнхен хотод эхнэр дээрээ байхдаа зурагтаар Галактико Мюнхенд газардлаа гэснийг хараад оройных нь тоглолтыг сэтгэл хөдлөн үзээд тоймыг нь бичиж байлаа. Реал Мадрид тэгэхэд онгоцноос буугаад хагас өдрийн дараа Олимпиа цэнгэлдэхэд тоглож байсансан. Тэр үед тойм бичсэн яг тэр аргачлалаараа өнөө оройны гайхамшигт тоглолтыг бичих нь илүү дээр гэж шийдсэн юм. Таалан соёрхоно уу, хөлбөмбөгийн фэнүүд тэр дундаа МанЮ-гийн сэтгэл зүрх нэгтэй балиашагууд аа
0' Тоглолтын өмнө АС Тотти багийн ахлагч "Би Англид бас англи хөлбөмбөгт дургүй" гэсэн нь манайхны шарыг гозойлгож орхисон байлаа. Рио хариуд нь "Тэр энд эелдгээр хүлээн авагдах болно" хэмээн ёжилсон нь бодит байдлыг зөгнөсөн хэрэг байлаа. МанЮ өмнөх тоглолтоо 2 байрлал дээр өөрчилжээ. Шар - улаан торгуультай Скоулзын оронд Флетчер, бага зэрэг тамирдсан байдалтай байгаа Солскярын оронд залуу довтлогч Смит нарыг талбайд гаргасан бол Рома шар торгуулийн улмаас өнжих болсон дэлхийн аварга Перроттагийнхаа оронд чили Пицаррог, Таддейгийн байранд монтенегро Вучиничийг зогсоожээ. Бусад тоглогчид нь хэвээрээ 2 багийн тоглогчид "Мөрөөдлийн театр"-ийн тайзан дээр гарлаа. Шүүгчээр словак Лубос Мишел ажиллах нь, муугүй шүүгч. Ингээд түүх эхлэх нь тэр ээ.
1' Гэрийн эзэд анхнаас нь дарамтлахаар шийдсэн бололтой.
2' Гэвч анхны довтолгооныг Рома хийх гэж оролдов. Пануччи зүүн талаас хаалганы урд руу хаясан ч ван дер Сарын гаранд очив.
3' Дахиад л Рома. Гэхдээ Пицаррогийн алсын буудалт хаалганаас алд дэлэм дэгүүр өнгөрлөө.
5' Тоглолтын өмнө Рүүний хамтрагчаа "Яг одоогийн формоор бол тэр дэлхийн хамгийн шилдэг тоглогч, тэр өнөөдөр бидэнд гайхамшигаасаа харуулах болно" гэсэн байлаа. Хэнийг хэлж байгаа нь ойлгосжтой. Португал залуу 2 3 италийн дундуур сүлжээд Флетчертэй хамтран довтлох гэсэн боловч бүтсэнгүй. Түүний царайнаас харахад нөгөө л бардам төрх, ялахын асар их хүсэл мөрөөдөл нүүрэнд нь илт тодорно.
6' Холоос шулуун бууддаг Тотти үхлийн цохилтоо хийхээр оролдов. Цохилтын хүч, техник гээл аймшигтай ч ван дер Сард аюул авчирсангүй. Дараа дараагийн минутад бөмбөг ээлжлэн эзэмшицгээн байсан ч МанЮ дайсны хүчийг урагш нь сорчихоод хүчтэй контр аттаклах тактиктай байгаа мэт. Ингээд 11 дэх минуттай золголоо.
11' ГООЛ. Сөрөг довтолгооноос Роналдо Кэррикт маш уран гаргаж өглөө. Англи эр хориод метрээс шууд л буудах нь тэр. Бөмбөг эргэлдсээр баруун дээд буланд очин торыг сархийлгэв. Дони хаалганаасаа хэт хол байрласан байсан нь бурууджээ. Ийм хурдан довтолгоо, ийм хүчтнй цохилт ирнэ гэж бодоогүй байсан байх аа. Үнэхээр үзүүштэй сайхан гоол байлаа
12' Энэ гоол манайхны урам зоригийг бадруулаад өгчээ. Өмнөхөө бодвол илүү зорилготойгоор урагш дайрч эхлэв. Яг одоогийн байдлаар бид хагас шигшээд шалгарсан байгаа ч дахиад 2 гоол хэрэгтэй, ингэж байж л дараагийн шатанд гарах нь тодорхой болно.
17' ГООЛ. Хайнце төвөөс зүүн тал уруу Гиггзэд хаяхад ахмадын тууз зүүгч удаан бодсонгүй, шууд л торгуулийн шугамд байсан Смитэд дамжууллаа. Мань эр ч ганцаараа бөмбөгтэй болчих нь тэр. Донид боломж олголгүйгээр гоолдлоо, бас л харууштай довтолгоо
18' ГООЛ. Дээд зэрэгтээ хүртэл сандарч мэгдсэн Ромагийнхны замбараагүй бужигнааныг ашиглан онцгой уран комбинац. Энэ удаа баруун талаар явагдав. Арай л хэрцгий гэмээр хүчирхийлэл байлаа. Рүүний худлаа долигосонгүй ээ, тэр үнэн байдлыг үнэнээр нь л хэлж. Роналдо төвд бөмбөгтэй яаж харьцдагийг яруу тодоор харуулснаа бөөрөнхий ширийг багийн анддаа пасслав. Смитээр дамжин Гиггз дээр ирлээ. Нэгийн зэрэг хамгаалагч бол асар олон удаа дарийн утаа үнэртсэн түүний хувьд хүүхдийн будаа гэхэд болно. Төв рүү өгөхөд Рүүний Кассеттигээс хамаагүй илүү шалмаг байлаа. Энэ нь Манчестерийн 3 дэх баруун хөл байв
22' Зорилго зуун хувь биеллээ. Ингэж тоглож байгаа баг 2 гоол алдана гэж үгүй. Одоо зөвхөн дуртай дуугаа аялангаа Сопкаст дээр явж байгаа Валенси - Челси уруу байн байн хяламхийгээд байдаг хэрэг.
21' Сандарсан Тотти де Россид өгч мөргүүлсэн ч хаалганаас хавьгүй холуур өнгөрлөө.
25' Бүрэн шоконд орсон Рома довтлох гэж оролдох ч сүр сүлд нь нэгэнт оджээ. МанЮ-ийн хамгаалалт тэднийг хөдөлгөхгүй байлаа.
30' Роналдо голоос буудсан ч хаалганаас тун ойрхон зөрөв. Мань залуу толгойгоо бариад л.
35' Байдал хэвээрээ, МанЮ бага зэрэг темпээ удаашруулжээ. Гэхдээ л бүхнийг контролдсон хэвээрээ.
38' Роналдо чөлөөт цохилтоос нөгөө сүүлийн үед хийх гээд байдгаа хийсэн ч Дони хамгаалж дөнгөв, давгүй цохилт байсан шүү.
40' Ха ха, Рио хүртэл би нэг боломжийг ашиглаадхий гэсэн шиг урагш дайрч байнаа.
41' Байдал хол илүү байхад Смит **н** юм хийх юм. Кивуг дэгээдэж шар хүртчих юм аа. Дараагийн шатанд гарах нь тодорхой болсон юм чинь манайхан одоо зүгээр л сайхан эв найрамдалтай тоглоод дуусгах нь чухал. Наймын даваанд Милан эсвэл Байерн гэсэн шал өөр маркийн гэхдээ бүр илүү нарийн хийцтэй калибр бидэнтэй тулна. Тоглогч бүр бидэнд үнэтэй байх болно. Анхааралтай байх хэрэгтэй шүү, залуус аа
42' Хмм. Хэлж дуусаагүй байхад л. Рио шар авчихлаа бас, гэхдээ бага зэрэг шүүгчийн үзэмж холилдчихлоо.
44' ГООЛ. Гарамгай Роналдо бөмбөгтэйгээ дайрахад айсан Киву ухарлаа. Гэхдээ мань хүн биеэрээ зүүн тал уруу дарах гэж байгаа юм шиг хөдөлгөөн хийсэн л дээ. Киву ухрангуут түүний өмнө асар уудам хөндий ил гарч ирэх нь энэ ээ. Арьсыг яг чигээр нь гүйлгэж баруун доод булан луу чихлээ. Аргагүй л авьяаслаг залуу шүү, мэдрэмж энэ тэр ярих юм биш
45' Тоттигийн дархан мэхний байрлал ирлээ. Хүний сурсан юм гэж өөр ажээ, бишрэхээр цохилт. Гэхдээ өнөөдөр түүнд бурхан том ам гаргасных нь хариуг өгч дээ.
Эхний хагас дуусав. Хосгүй уран довтолгоонуудыг хоёр нүдээрээ харж баяссан би гэдэг хүн хойшоо налаад орон дээрээ хэвтлээ. Мөрөөдлийн театр ямар байдгийг мэдрээгүй АС Тотти багаа хөөргөн дэвэргэх гал улаан фэнүүдийн нүргээнд балмагджээ, нэгэнт. Телевизийн эксперт, Дортмунд болон Германы шигшээгийн од асан Маттиас Заммер хэлж байлаа. Би Дортмундад ер бусын уур амьсгалыг зөндөө үзсэн, гэхдээ Олд Траффордод арай л дэндүү нүсэр юм, ийм гайхамшигтай атмосферыг би өмнө нь хаана ч үзээгүй гэж. МанЮ-ийн тоглолтын хэмнэлийг ч гэсэн тэр хэлэх үгээ олж ядан магтаж байсан. Нөгөө талд үзэсгэлэнт залуу Мориентос гоолдоод хөхүүд мултрахад их ойрхон сайхан байна шүү
46' Хоёрдугаар хагас эхэллээ. 22 тоглогч хэвээрээ зүлгэн дээр гишгэцгээлээ.
47' Рүүнийгийн мунаг хүчтэй буудалт. Дони булан болгов, барих боломж яаж байхав дээ.
49' ГООЛ. Дахиад л ганган Роналдо галзуу Гиггз нар. Уэлс эр маань зүүн талаар манаргаж байнаа, энэ нөхөр өнөөдөр талбайг би эзэн нь гэсэн шиг бүхэлд нь эзэгнэж байнаа. Хаана л бол хаана зүлэг сэндийлээд л. Түүний пассыг Смит алдсан ч Роналдо хэрэгтэй газар зогсож байв. Хаалганаас өнгөрөх гэж байсан бөмбөгийг чихэж чадлаа. АЛ-д 83 цохилт хийхдээ ганц ч гоол хийгээгүй гэгдэж байсан залуу маань шүүсжлэгчдийн амыг хамхиулж хос гоол хийв ээ гэж. Манай ахмад өнөөдөр нээрээ тансаг байнаа, 5 гоолын 4-ийг нь бэлдэж өглөө. Гайхамшигтай
52' Шүүмжлэлийн бай болоод байсан ч урамтай тоглолтыг харуулж байсан О'Шиг Алекс Эврагаар солилоо. Ирланд залууг бодвол ирэх тоглолтуудад их хэрэг болно гэсэн бодлоор гаргасан байх.
57' Баруун булангийн бөмбөгийг ромчууд мөргөсөн ч гоодож чадсангүй, энэ л тэдний өнөөдрийн хамгийн том боломж байсан.
60' ГООЛ. Яаж дүрслэхээ мэдэхгүй байна. Кэррик хагас зүүн байрлалаас асар их тэнхээ мэдэн буудсан. Арай л аймаар юм
61' МанЮ-гийн 3 баруун хөлийн дараа дахиад 3 баруун хөл дарааллаа. Баруун хөлнүүдийг шүтмээр өдөр байна даа.
61' Ахмад туузаа Солскярт өглөө. Түүнийг нөөхгүй бол болохгүй шүү.
65' Норвеги залуу орж ирүүтээ л манаргаал. Рүүнийгийн пассыг чулуу болгож амжаагүй ч гоолонд тун ойрхон байлаа.
69' ГООЛ. Маш сайхан гоол. Гэхдээ энэ удаа Ромагийн талаас. Тоттигийн пассыг де Росси воллейдож нэр төрийн ганц гоолоо хийв.
71'Тоглолт цуг үзэж суусан Ливерпүүлийн улаан фэн залуу бүр хөөрчихсөн Одоо дахиад нэг гоолдоосой гэж авч байна. Английн фэн болохоороо АЛ-д Английн бүх багийг дэмждэг гэнэ. Нөгөө талд Челси тэнцүүлчихсэн, мань хүний ч нар гарч байгаа бололтой. Инээд алдаад л.
72' Хурсан олны уухайлсан дуун дор Кэррик талбайг орхилоо. Ричардсон орлож орж ирэв.
75' Ричардсон ч гэсэн бужигнуулах гэж оролдоол. Гладиаторын нутгийнхан гоолдох гэж ор нэр төдий оролдох ч МанЮ-ийг хамгаалалт бетон болжээ.
81' ГООЛ. Энэ удаагийн гоол бусдаасаа ялгаатай байв. Учир нь баруун бус зүүн хөлөөр орсон гоол байсан юм. Сэлгээгээр орсон франц залуу арван долоо найман метрээс буудсан. Дотор үонгоос ойгоод гоол боллоо. Өмнөх 6 гоол шигээ дахин дахин хармаар сайхан гоол. Эвра ингээд 2004 онд Монакотой хагас шигшээд үлдэж байсан шигээ МанЮ-тай хагас шигшээд үлдлээ. Тэр үед Челсид шийдвэрлэх гоолыг шонтой наалдан барин хийж, финалд үлдэж байсан юм. Түүний энэ гоол Раниериг ажлаас нь мулталсан билээ.
90' Рома энэ байдлаараа байгаад байхад нэмээд л гоолдоод байх юм байна гэдгийг сайтар ойлгожээ. Ойр ойрхон дараалан 3 сэлгээ хийж, тоглолтын цагийг хурдан дуусгахаар шийдсэнээ илтгэв. Энэ хооронд Тотти өөрийнхөө дархан мэхээ дахин нэг хийх гэж оролдсон ч ван дер Сар баталгаатай ажиллалаа. Харууштай цохилт байсан шүү.
91' Рүүний бас нэг буудаж үзэв.
92' Тотти бас.
93' Тоглолт дууслаа.
Гайхалтай ялалт, солиормоор гоолууд. Харамсалтай нь нөгөө талд Челси сүүлийн минутад гоолдоод хожчихлоо, азтай шаарнууд юм аа. Нөгөө залуу бүр босч бүжиглэх нээ, баахан инээж авлаа. Ливерпүүл гэхдээ тэднийг гүвээд өгнө л дөө. Гэсэн ч суперб МанЮ маань галзуу тоглосон болохоор үүнээс сайхан юм гэж юу байхав. Хагас шигшээд ингээд Английн 3 баг үлдлээ, Премиер лигийн нэр хүнд ч улам өргөгдөх нь тодорхой боллоо доо. Маргааш Бавари - Милан гэсэн бас нэгэн агуу дуэл болно. Аль нь ч гарсан МанЮ-гаас чичрээд салганах нь тодорхой.