Түүх болон үлдэх агуу тоглолтуудын өмнөх цаг агаарын прогноз
МанЮ - Рома
Манчестер Портсмоутод 2-1-ээр хожигдсон. Тэртэй тэргүй задгай байгаа хамгаалалтын гол хүн болох Фердинанд маш муу тоглосон. Цаана нь гэтэл ачааны хүндийг үүрээд гарах хамгаалагч бараг алга. Иймээс МанЮ довтолгоондоо хамаг анхаарлаа тавьж тоглох ёстой. Нэг гоол оруулчихаад хамгаалаад хэвтчихнэ гэвэл санасны гарз. Гялалзсан тоглолт нь сүүлийн үед харагдахгүй байгаа Роналдо - Рүүний хослолоос их юм шалтгаална. Энэ тоглолтыг герман шүүгч Пандел дахиад шүүхгүй нь сайхан хэрэг. Скоулзд улаан өгсөн тэр 2004 онд МанЮ-г АЛ-ээс мултрахад шүүж байсан. Жилийн дараа ч бас. Эхний тоглолтын дараа Фергюсон 10 хүнтэй 12 хүний эсрэг тоглосон гэхэд дажгүй үр дүн гэж ёжилсон. 12 дэх хүнээр тэр Ромагийн үзэгчдийг биш, герман шүүгчийг хэлсэн нь ойлгомжтой.
Нөгөө талд Рома Катанияг талбайд нь 2-0-оор бут ниргэж сэтгэл санааны хувьд хамаагүй давуу байдал олж авсан. Тотти Би Англид ч, тэдний хөлбөмбөгт ч дургүй, тэрнээс гадна тэнд цаг агаар дандаа муухай байдаг гэсэн нь Фердинандын цусыг хөөргөжээ. Мань эр гэхдээ шаталтаа дотроо нууж Тэр энд найрсагаар хүлээн авагдах болно гэсэн ойлголттой байх хэрэгтэй хэмээжээ. Тэдний Лионтой хийсэн эхний тоглолт дээр авсан 8 шар хуудас нь цаашдын тоглолтод нь эрс нөлөөлнө гэсэн таамгийг орвонгоор нь эвдэж, АЛ-д аваргалах битүү морь хэмээн тооцогдож байсан Лионыг талбайд нь давамгайлан тоглож дараагийн шатанд шалгарсан. Тэр зоригондоо МанЮ-г талбайдаа дээрэлхсэн. Тэдний боломж муу биш боловч Рүүнийгийн гоол том шавар хаах болов уу. АЛ-д 3 жилийн дараа, Англиас гаднах талбайд Евро 2004-өөс хойш гоолдоогүй байсан билээ. Энэ гоол түүний тэсрэлтийг эргүүлэн авчрах гарц болсон байх аа. Гарах магадлал: МанЮ - 60%, Рома - 40%.
Валенси - Челси
Валенси лигээсээ хасагдах гэж байгаа багтай тоглоод 1-0-оор хожигдсон ч энэ нь тэдний сэтгэл зүйд нөлөөлөх нь юу л бол. Учир нь тэд 2-р багаа тоглуулсан. Бүрэлдэхүүний хувьд өмнөх бүрэлдэхүүн хэвээрээ байх бололтой. Челси хүчтэй өрсөлдөгч Тоттенхэмийг Карвальогийн супер гоолын ачаар хожиж, АЛ-ын өмнөх бэлтгэлээ сайтар базаасан. Лондоны тоглолтын дараа ЖМ Байдал амаргүй байна, Валенсид 1 гоол хийхэд хараал идмээр хүнд байх болно, гэхдээ би АЛ-ээс одоо хасагдвал хүүхдүүдээ хөтлөөд загас барихаар явах болно гэсэн. Энэ үг нь түүний ирээдүйг зөгнөчихсөн л болов уу. Энэ улирлын дараа түүний сууринд Хиддинк залрах магадлал тун муугүй байгаа. Челсигийн гол зүрх урьдын адил Дрогба л байх болно. Энэ өндөр хар залуу мөргөсөн гоолоороо энэ улирал дэх клубынхаа 30 дэх гоолыг хийсэн. Ийм үзүүлэлтийг 22 жилийн өмнө Диксон л хийж байсан гэнэ лээ.
Челсигийн хүчийг сулруулах гэж Испаний хэвлэлүүд Улаан өндөгний баярын гол билиг тэмдэг туулайгаар далимдуулан ЖМ-ыг Аймхай туулай, Романыг Хийлүүлсэн саятан гэх мэтээр үгээр дайрч байгааг хашир чоно анзаарсан ч гаднаа тайван харагддаг нөгөөх л зангаараа Энэ бол ажил хэрэгт болж л байдаг зүйл хэмээн хээвнэг өгүүлж сууна. Миний тоглогчид юуны төлөө яригдаж байгааг мэдэж байгаа гэсэн тэр үүгээрээ бас л нэгийг хэлсэн. Энэ нь мэдээж дасгалжуулагчаа аврах тухай санаа юм. Түүний энэ санаа бүтэхгүй гэж хэлж чадахгүй ч бүтнэ гэж бүр чадахгүй нь. Местеллад асар хурц үнэртэй хүнд агаар тэднийг угтах болно. Валенси 60%, Челси 40%.
Бавари - Милан
Бавари Ханноверыг талбайд нь 2-1-ээр хожсон ч энэ үр дүн шударга бус байсан. Ханновер тэднээс илүү санаачилгатай байсан юм, ялангуяа эхний үед лигийн аваргуудыг бүрэн дарамталсан билээ. Харин 2 гоол нь үнэхээр үзүүштэй сайхан гоолууд байсан юм. Оттлын 2 супер пассаар Демишелис Швайни нар яг адилхан гоол хийсэн. Гэвч 2-уулаа уг тоглолтод гэмтчихсэн, нөгөөдөр тоглох эсэх нь эргэлзээтэй, бараг л үгүй болов уу. Шоллийг гэмтэл дээр нэмэгдээд Милантай тоглоход гэмтсэн Саньолын гэмтэл тэдэнд саад болох ч Ханновертай тоглоход нөөгдсөн Лусио, Салихамижич Харгрийвз нар сэргэлт авсан. Мөн Каан ван Боммел нарын торгуулийн хугацаа дуусч, оройн тооллогонд жагсахад бэлэн болсон. Бавари хэдий таатай байдал олж авсан ч Милан тэдний зүрхэнд орсон гэдэг нь баг тоглогчдын ярианаас мэдэгдэнэ. Математикийн багш Оттмар Бидний хожих магадлал 55 хувь гэж шивнэж байгаа бол менежер Хөнэсс 50 хувиас илүү гэж даруухан дуугарна. Эхний тоглолтыг Мюнхенд сэтгэл зүйч гүйлтийн коуч 2-тойгоо цуг зурагтаар үзсэн ван Боммел бүр ч болгоомжлон 51:49 гэж байхад нутгийнх нь залуу Милан өчүүхэн сиймхийг алдахгүй ашигладаг төгс мэргэжилтэнгүүд, тиймээс бид 90 минут бүрэн анхааралтай байх хэрэгтэй хэмээн анхааруулж байна. Макайгийн энэ сануулгыг ван Боммел хамгийн их ойлгож байгаа нь ч байж магадгүй. 2 жилийн өмнө тэр Эйндховенд байхдаа хагас шигшээд Милантай тааран эхлээд 2-0-оор хожигдож байсан. Дараа нь нутагтаа хариуг нь бариад цаг дууслаа. Бүгд сэтгэл амрангуут 91 дэх минутад Амброзини тэдний тайвширсныг ашиглан мөргөчихсөн юм. Нэг минутын дараа Коку 3-1 болгосон ч тэдэнд дахин нэг гоол хэрэгтэй байсан юм. Ван Боммел Би хувиараа энэ дансаа дугуйлсан, харин Баварид тооцоо бодох цаг нь одоо ирсэн гэж тэр хэлэв. Ноднин хагас шигшээд тэр Барсатай тоглон Миланыг хожиж байсан юм. Ван Боммел цааш үргэлжлүүлэхдээ хоолойныхоо аясыг хошин байдалтай болгов. Тоглолтын дараа Каан дахиад шинжилгээнд орох байх гэж хэлэхдээ тэр инээж байлаа.
Милан Эмполиг 3-1-ээр итгэл төгс тоглож хожсон ч Роналдогийн үүрэг энэ тоглолтод их. Харамсалтай нь тэр Баваритай тоглож болохгүй. Гэвч Би Мюнхенд тоглож болдоггүй нь ямар хяслантай хэрэг вэ хэмээн гаслах түүнгүйгээр багийн өнгө аяс тун өөдрөг байна. Дэд ерөнхийлөгч Галлиани Бид Байернаас илүү хүчтэй гэсэн бол Неста Тэдэнд тоглолтыг шийдэх фэномэн байхгүй, тэгэхээр бид давамгайлна гэжээ. Эмполиг хожсоноор Баваригийн өмнөх айдас үргэлээ гэж Ла Газзетта делло Спорт сонин бичсэн бол Кака Милан иймэрхүү адал явдалтай өч төчнөөн учирч байсан ч даваад л гардаг, ийм байдалд хэвшсэн хэмээж байна. Тэр цааш нь өгүүлэхдээ Эхний тоглолтод тэд азаар 2 гоол хийсэн ч бид тоглолтыг давамгайлсан, энэ нь бидний эерэг тал, Бавари айлын талбай дэх дүрэм сайн гэсэн бодлоо мартах болно гэв. Тэр 11 метрээс гоолдсоноор АЛ-д 6 гоолтой зэрэгцэж байсан Рүүд ван Нистелройгоос нэгээр илүү гарсан билээ. Түүний араас 6 гоолтой элдэх Дрогбагийн Челси хасагдвал түүнд АЛ-ын мэргэн буучийг хүртэх боломж байна. Түүнтэй зэрэгцээд Инзаги манаргана. Эмполитэй тоглосон шигээ 75 минут тогловол бид Мюнхенд ялна гэх Анчелотти Аварга туршлагатай тоглогчид түүндээ дулдуйдаад тоглолтын хувь заяаг шийдэх нь бий хэмээн Инзагиг үнэлнэ. Энэ 2 багийн хоорондох үгийн толхилцооныг дэвэргэсэн нэгэн асуудал гэнэт ой модноос сугаран гарч ирлээ.
Тэр нь юу гэвэл Миланы өмсгөл дээрх бичиг. Бундэслигийн клубүүд мөрийтэй тоглоомыг сурталчлах ёсгүй гэлцэн сар хоногоор маргасны эцэст Брэмэн Bwin гэдгийгээ We win болгон талбайд гарч байсан нь өчигдөрхөн. Мюнхен хотын захиргаа Миланыг энэ бичигтэйгээ ирвэл Аллианцад нэвтрүүлэхгүй хэмээн сүрдүүлсэн ч УЕФА-ын зөвшөөрөлтэй Миланы хөх инээд нь хүрч нуг нуг хийсэн. Ингэсэн тохиолдолд дүрэм ёсоор Миланд 3-0 гэсэн үнэлгээг өгнө, гэтэл хайртай багаа зүгээр л тавиад туучих хүсэл Баваригийн фэнүүдэд үгүй. Тэдний шахалтнаас айсан хотын захиргаа шүүхтэйгээ хамтраад Миланыг 100 мянган еврогоор торгох тухай болгож өөрчлөв. Хачирхалтай нь Милан үүнийг хүлээн зөвшөөрөх бололтой. Усыг нь уувал ёсыг нь дага гэдгийн үлгэр мэт. Үүнд шаралхсан Милан Бавариг хожоод хагас шигшээд орон, энэ мөнгөө эндээс гаргаж авахаар шийджээ. Юу л болдог бол доо, бурхан минь. 3 дэхийн орой л бүгд тодорноо. Бавари 50%, Милан 50%.
Ливерпүүл - Эйндховен
Энд шууд гарах магадлалыг бичсэн нь зөв байх. Ливерпүүл зуун хувийн боломжоор хагас шигшээд зогсох болно. Тэд эхний тоглолтыг ялгуусан парадаар өндөрлөсөн ч тун үнэтэй жагсаал байсан юм. Рафагийн хуучин багаасаа хөөцөлдсөөр байгаад авчирсан Аурелио нь гадны нөлөөгүй унаж гэмтсэн. Хэд хоногийн дараа онош нь бүрэн тодорч, баруун хөлийнх нь шөрмөс нь тасарсан нь мэдэгдсэн юм. Сүүлийн үед бразил залуугаар гол хөзрийнхөө моднуудын нэгийг хийж байгаа Бенитез тун их харамсч Тэрний үүрэг их, хажууд нь хэн ч байхгүй байхад чулуугаар цохиулсан юм шиг унасан гэсэн. Гэхдээ түүнийг орлуулах потенциал Рэдст хангалттай бий. Түүнийг нь мэдээд Куман Бидэнд одоо ямар ч шаанс байхгүй гэж байхад Сан сонин Энэ тоглолт зүгээр л нэр төдий болно гэжээ. Рафа харин болгоомжилж байна. Бид 2 жилийн өмнөх өөрсдийнхөө ялалтыг санах хэрэгтэй, 3-0 байсан шүү дээ гэж байна.
Гэхдээ тэр өөрийнхөө багт дээд зэргээр сэтгэл ханамжтай байгаа. Эхний тоглолтод хийсэн 3 гоолыг 3 өөр хүн хийсэн хэмээн сайрхан сууна. Жеррард уг тоглолтод мөргөснөөр АЛ-ийн 15 дэх гоолоо хийн өөрийн шүтээн Иан Рашаа гүйцчихсэн. Би түүнийг хүүхэд байхаасаа шүтдэг байсан, түүний рекордыг эвдлээ гэсэн чинь онигоотой санагдаж байна гэж толгойгоо илэн тэр инээмсэглэнэ. Хагас хамгаалагч ийм их гоол хийсэн гэхээр Рэдсийн потенциал ямархуу гэдэг нь илт. Тэд ч сүүлийн үед тоглолтоос тоглолтод шилдэг формоо харуулсаар. Уншиж байна багийг талбайд нь 2-1-ээр хожсон нь Эйндховены өмнөх нэгэн амтат зууш болсон. Эсрэгээр гэтэл 2-1-ээр Эйндховен Нимеген хэмээх сул багт хожигдсон. Тэд лигидээ хүснэгтийг тэргүүлж байгаа ч Алкмаар Аякс багуудаас ердөө 2-хон онооны илүү яваа. Аякс сая тэнцсэн нь тэдний аз. Сүүлийн жилүүдэд АЛ-д түрүүлэх гэсэн нууцхан хүсэлдээ хөтлөгдөн буй тэд дотоодын лигидээ гол хүчээ гаргахгүй бол ирэх жил нууцхан хүслээ биелүүлэх боломжоо юу ч үгүй хийсгэж мэдэхээр байдалд орчихоод байна. Олон олон оддыг бойжуулсан түүхт энэ багт гэхдээ сүүлийн жилүүдэд АЛ-д амжилтаар муугүй оролцож байгаад нь баяр хүргээд АЛ-ийн цаг агаарын мэдээгээ өндөрлөе. Эцэст нь байгаль дэлхийн цаг агаарын мэдээ. Маргааш нөгөөдөр 2 Европод нарлаг дулаахан, 18 хэм дулаан байна. Үе үед яригдах үлгэр домог мэт буурал түүхийн төгсгөл тавигдах 2 орой цэнгэлдэхэд гэхдээ онцгой халуун уур амьсгалтай байх нь мэдээж.