Авьяастай бас ааштай Ибра.
“Балкан”-ы хүү
Югослав гэр бүл эх орноосоо дүрвэж хөрш Швед улсын Мальмё хотын ойролцоохь Русенгорд хэмээх жижиг хотод амв зуух болсон нь Ибрахимовичийнх байлаа. Златан Шведэд төрж, өссөн юм.
Бусад “одод”-ыг бодвол тэр эрээн бөмбөгийг арай хожуу элдэж эхэлжээ. Муухан дэлгүүрээс тааруухан пүүз авснаас хойш сургууль, гэрийн ойролцоохь цонх тэсэхээ ч байж. Бас тэнд танхай залуус, таагүй явдал ихтэй тул зориг зүрхтэй л байхгүй бол бусдын дарамтад орж гүйцэх байлаа. Багаасаа л нуруулаг Златанд зориг зүрх хангаллтай байжээ. Тиймээс тэр хавдаа атаман шахуу явж. Ямар ч байсан тэквондогийн дугуйланд суралцаж, өөрийгөө хамгаалчихаар болсон байна.
Хорват, Серби, Босни, Югославаас дүрвэ ирсэн цагаачдын хүүхдүүд нийлэн “Балкан” хэмээх баг байгуулсанд Златан багтжээ. Тэр 10 настай байхдаа 12 настнуудын тэмцээнд анхны дасгалжуулагчийнхаа ятгалгаар орсон байна. Эхний үед “Велинга” гэдэг баг “Балкан”-ыг 4:0-ээр уншиж эхлэв. Арга барагдсан дасгалжуулагч нь хоёрдугаар үед хоёр насаар дүү Златаныг гаргатал 8:5-аар “Балкан” хожчих нь тэр. Хамгийн гайхалтай тэр найман гоалыг бүгдийг нь Златан хийжээ. Өрсөлдөгч багийн дасгалжуулагч нь өндөр Златаныг хараад “Та нар нас дарж оруулсан байна. Наадахь чинь том хүүхэд байна” гэж дайрч. Харин хариуд нь дасгалжуулагч нь үнэндээ 10-тай, энд тоглосон хүүхдүүдээс хоёр насаар дүү болохыг нь баталсан бичиг баримтыг нь үзүүлж бүр гайхшруулж орхижээ.
Златан сурлага онцгой муутайгаа гадна ааш их тааруутай хүүхэд. Ямар сайндаа л багш нь түүний тухай “Би гучин жил багшилсан хүн. Гэхдээ түүн шиг муу сурагчтай таарч байгаагүй. Тэр ганцаараа гайхамшигтай амьтан шиг л аашилдаг байсан” гэж ярьсан байдаг. Хожим энэ яриаг Златан олж мэдээд “Хаана тийм багш байсан юм бэ. Хэзээ би тийм байсан юм бэ” хэмээн уурссан гэнэ билээ. Ер нь сургуульдаа завсарлагааны хонх л хүлээж суудаг хүү байсан бололтой.
Үеийнх нь нэгэн бүсгүй түүний бага насны тухай “Түүнтэй би гудамжинд нэг удаа таарахад нэг гартаа хөлбөмбөг, нөгөө гартаа талх барьчихсан явна. Би үүнийг нь эрхгүй инээд алдтал “Инээ, инээ. Мөдхөн дэлхий даяар миний нэрийг мэддэг болно оо, гайгүй гэж хэлчихээд явчихсан” хэмээн дурсжээ.
Златан
Авьяастай, ирээдүйтэй нь тодорхой болсон Златан хүүг Шведийн шилдэг багуудын нэг “Мальмё” “Балкан”-аас авлаа. Гэвч тухайн үед эдийн засгийн хямралд нэрвэгдсэн “Мальмё” хоёрдугаар дивизион руу уналаа. Багтаа дөнгөж ирээд байсан Златан улиралд 16 гоал оруулжээ. Энэ чамлахааргүй амжилт алс Англид байгаа “Арсенал”-ын Арсен Венгерийн чихэнд тэр даруй дуулдаж. Ер нь Венгер түүнийг хөлбөмбөгийн томоохон мэргэжилтнүүдээс урьтаж харсан гэхэд болно. Ингээд “Арсенал” “Мальмё”-д санал тавилаа. Златан ч Лондонд очиж, ирээдүйн багийнхантайгаа таницлаж, тэр ч байтугай бүр 9 дугаартай Златан гэсэн нэртэй “Арсенал”-ын цамцыг хүртэл өмсөж үзэв. Гэтэл хоёр баг эцсийн мөчид наймаагаа тохирч чадсангүй. Златан Шведэд үлдэхээр болжээ. Түүнд Английн дурсамж болж Златан гэсэн нэртэй хоёр “Арсенал”-ын цамц л үлдсэн байна.
Норвегийн “Мосса” багийн хаалганд гайхалтай гоал оруулсных нь дараа сэтгүүлч түүнээс ярилцлага авахаар очжээ.
- Та хөлбөмбөгийн ямар сургуулиар нь тоглодог вэ. Швед үү, Балкан уу?
- Златаны сургууль
- За тэгвэл Андерс Свенссон, Ким Кальстрёмын хэнтэй төстэй вэ гэж асууя л даа?
- Златаныхтай!
- Тэгвэл та хэнтэй адилхан байхыг хүсдэг вэ?
- Би үргэлж Златантай л адилхан байхыг хүсдэг.
Энэ ярилцлага болон бусад олон үйлдлээрээ Златан цээжээ дэлдэгч болж байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэр их өөрийнхөөрөө, бас их ааштай юм гэдгийг хүмүүс мэдэрч эхэлж байв. Тэр бүр шигшээ багтаа тоглох хүртлээ өмсгөлийнхөө ард Златан гэдэг нэрээ тавиулдаг байсан. Харин хожим эцэг эхээ хүндлэх нь зөв юм байна гэдгийг мэдрэн Ибрагимович хэмээн бичүүлдэг болсон юм.
Голландын “Аякс” түүнд дараа нь санал тавилаа. Шведийн хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй өндөр наймаа үнэтэй наймааг “Аякс” хийж, “Мальмё”-д 7.8 сая ам.доллар төллөө.
Тэр Голландад ирмэгцээ хүссэн 9 дугаараа авсны сацуу эхний хоёр тоглолтод л есөн гоал оруулж орхив. Хэдийгээр өрсөлдөгч нар нь тааруухан баг байсан ч гэсэн есөн гоал гэдэг анзаарахгүй байхын аргагүй үзүүлэлт. Гэлээ ч дасгалжуулагч Лео Беенхаккер Вамберто, Махлас хоёрыг гараанд тавьчихаад Златаныг нөөцөнд л суулгаад байв. Өөрийгөө хүчирхэг бар шиг санаж, цөс нь хөөрчихсөн Голландад ирсэн залуу аажимдаа арван минут л талбайд гарахаа хүлээн суух болжээ. “Банз халааж” залхсан Ибра Рональд Куманыг дасгалжуулагчаар ирэхэд л сая нэг гарааны тоглогч болов. Куманы багт Мидо гэж цагтаа Златанаас ч илүү ирээдүйтэй гэгдэж байсан египет залуу байсан нь түүнд бас л хүнд даваа болж байлаа. Гэвч Мидо Кумантай маргалдсаны улмаас “Аякс”-аас явахад хүрсэн нь Златанд өөрийгөө харуулах боломж олгосон юм.
Шигшээгийн довтлогч
Шведийн шигшээ түүнийг удаж төдөлгүй дуудлаа. Тэр Азербайжаны эсрэг анх шар-хөх цамц өмсөн гарч, эхнийхээ тоглолтод гоал хийдэг уламжлалаа хадгалан нэг бөмбөгөөр өрсөлдөгчийнхөө хаалгыг “мялаасан” байна. Шведүүд дэлхийн аваргын шигшээ тэмцээнд Аргентин, Нигери, Англитай нэг хэсэгт таарлаа. Хэсгээсээ гарна гэдэг дэлхийн аварга болсноос ч бараг ялгаагүй шахуу тийм хүнд багууд байлаа. Япон-Солонгос хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд оролцохдоо тэр анх удаагаа өмсгөлийнхөө ард Ибрахимович гэж бичүүлсэн юм. Эхлээд Нигериг хожоод, дараа нь Англитай тэнцсэнээр шведүүд хэсгээсээ гарах эрхээ бараг авчихлаа. Гэхдээ энэ тоглолтод Ибрагимович оролцсонгүй. Хэсгийн сүүлийн тоглолтын сүүлийн минут эхлэхэд л тэр талбайд гарсан юм. Аргентинтай 1:1-ээр тэнцэж явсан үе. 1/8 шигшээ тоглолтод шведүүд шуугиан эзэн Сенегалтай учраа таарлаа. Тоглолтын 76 дахь минутад Ибрагимович сэлгээгээр талбайд гарлаа. Тэр үлдсэн арван хэдхэн минутад нэг удаа гоал оруулах 100 хувийн боломжийг алдаж орхив. Харин нэмэлт цагт Анри Камара гоал оруулснаар Сенегал цааш өрсөлдөхөөр үлдлээ.
Хүзүүг чинь хуга мушгина шүү, Рафа
Дасгалжуулагч Куман багийнхаа шилдгүүд болох Ибрахимович, Ван Дер Ваарт хоёрыг хооронд нь эвтэй байлгах гэж хичээдэг байлаа. Гэтэл тэд юунаас ч юм юм болоод хоорондоо хонь чоно шиг гэнэ. Златаны муухай ааштай л үүнийг холбож тайлбарлах гэсэн боловч тэр багийн анд Мидотой их дотно сайн харилцаатай байв.
Магадгүй тэдний хооронд эхлээд амжилтын далд өрсөлдөөн байснаа сүүлдээ ил гарсан нь тэр биз.
ДельПьеро, Инзаги нарын хооронд нэг хэсэг хүйтэн дайн дэгдэж байсан бол Златан, Рафаэль хоёрын дунд галт тулаан өрнөсөн гэж болно.
Тэдний тааламжгүй харилцааны тод гэрч нь “Бреда”-д Златан гоал оруулахад харагдсан юм. Ибра маш олон өрсөлдөгчөө хуурч, дэндүү гоёмсог гоал оруулахад багийнхан нь түүн рүү баяр хүргэхээр ухасхийсэн. Гэтэл Ван Дер Ваарт дээр яагаад ч юм телевизийн камер тусахад тэр байдгаараа барайчихсан зогсож байлаа. Үүнийг олон хүн харсан, харин Ибрагийн тэр гоал улирлын хамгийн гоёмсог гоалаар шууд нэрлэгдсэн билээ. “Рафаэлийн барайсан царайг дэлгэцээр нэг харуулах хэрэггүй байсан юм. Энэ баг доторхи уур амьсгалыг улам хэцүү болгоно” гэж энэ тоглолтын дараа Куман хэлсэн юм.
2004 онд Португалд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд Голландын шигшээ багтай Шведүүд учраа таарахад Златан Рафаэлийг санаандгүй гэмтээчихлээ. Мэдээж, санаатай, санаандгүй тухай яриа өрнөв. Нэгэн сэтгүүлч багийн андаа гэмтээчихээд эргээд багтаа очиход асуудалд үүсэх эсэх тухай асуухад “Ямар асуудал гарна гэж? Надад ямар ч асуудалд байхгүй шүү дээ. Чамд асуудал байгаа юм уу” хэмээн сөргүүлэн асуужээ.
Харин Ван Дер Ваарт энэ талаар ам нээлээ. “Тэр намайг санаатайгаар гэмтээсэн” гэж голланд залуу өчиж. “Аякс”-т эргэж ирмэгцээ Златан шууд Рафаэлийг заамдан авч “Чи дахиад хэвлэлээр элдэв хэрэггүй үг шулагнаад явбал хүзүүг чинь хуга мушгина шүү” гэж хэлсэн тухай хэвлэлээр бичиж дуулиан тарив.
Энэ явдлын дараа “Аякс”-т үлдэх найдлага Златанд бараг үлдсэнгүй. Тэгээд ч түүнийг илүү нэр хүндтэй “Ювентус” авья гэжээ.
Италийг байлдан дагуулсан нь
Тэр 19 сая еврогоор үнэлэгдэн “Ювентус”-т ирлээ. Ибра энд “Мальмё” юм уу “Аякс”-т байсан шигээ дураараа бас муухай ааштай байвал юунд ч хүрэхгүй эхнээсээ л сайн ойлгожээ. Дасгалжуулагч, нөхөдтэйгээ аль болох сайхан харилцахыг хичээх болов. Энд ирээд тэр мөн л анхны тоглолтдоо “Брешиа”-г гоалаар гомдоогоод авлаа. Трезеге-Ибрагимовичийн хослол энэ улиралд “Ювентус”-т маш их тус болсон. Харин алдарт Дель Пьеро ихэвчлэн нөөцийн суудалд шигдээстэй байлаа. Златан улиралд 16 гоал хийжээ.
Харин 2004/05 оны улиралд “Ювентус” аваргаар лахин тодорсон ч Ибра гялалзаж чадсангүй. Тэр туранхай зэгзгэр залуу байхаа больж, 13 кг нэмчихлээ. Сайн тал нь биеийн хүчний тоглолтод хүн дээрэлхүүлэхээргүй болсон ч муу тал нь өмнөх улирлынх шиг хууралт, хөдөлгөөн үзэгдэхээ болив.
“Тревизо”-той тоглож байхад дасгалжуулагч Капелло илт бухимдан уурлаж, Ибра руу сайн тоглохыг шаардан хашгирсаар байж. Эцэстээ Ибрагийн ааш нь хөдөлж, “Хэрвээ би үнэхээр тийм муу тоглоод байвал. Энэ талбайгаас аа зайлуулаач дээ. Би эсэргүүцэхгүй” хэмээн хариу хашгирсан юм.
Энэ үед багийнхантайгаа ч түнжин хагараад эхэллээ. Бэлтгэл дээр Патрик Виейратай хана хаяж тоглож байтал франц эр түүнд бөмбөг эргүүлж өгсөнгүй гэнэ. Швед залуу уурандаа ойр байсан зүйлийг аваад франц эр рүү шидэж орхиж. Патрик ч мөн адил хариуг нь барьжээ. Гэтэл Ибра Патрик руу уурсан өмнөөс нь алхахад хэдэн хормын дараа зодоон болох нь тодорхой боллоо. Үүний мэдсэн багийнхан нь дасгалжуулагч Капеллотой хамтран байж арай гэж зогсоолоо. Капелло ааштай тоглогчоо урьдын адил үнэлсээр байв.
Италийн хэд хэдэн баг хээл хахуулийн хэрэгт холбогдсоноор “Ювентус” шийтгэл хүлээж, Сери Б рүү шидэгдэх болов. Дандаа дээд зэрэглэлийн имй олон хөлбөмбөгчинг бүгдийг аваад Сери Б рүү унана гэдэг угаасаа үл бүтэх зүйл. Тиймээс “Юве” гол гэсэн мөн өөрсдөө үлдье гэсэн заримыг нь л авч үлдлээ. Каморанези, Трезеге, Недвед, Дель Пьеро, Буффон гээд олон тоглогч Сери Б рүү унасан байгаа дагасан нь бахархалтай явдал байлаа. Харин Каннаваро, Замбротта, Виейра, Тюрам нарын хувьд өөр багийг зорьсон нь зөв шийдэл байсан биз ээ. Златан ч явахаар шийдлээ. Гэхдээ онцлог нь “Ювентус” түүний төлөө “Интер”-ээс 24.8 сая евро авсан нь хүнд үед багт нь хамгийн их тус болсон гэдэг.
Уг нь тэр үед “Реал” Златаны төлөө 70 саяыг гаргахад бэлэн байгаа тухай швед эрийн агент мэдэгдэл хийсэн удаатай. Гэвч хожим агент эр цалингаа нэмүүлэхийн тулд худал цуу дэгдээсэн нь мэдэгдэж тун ч этгүй байдалд орсон юм. Ингээд Ибрахимович “Интер”-т ирлээ. Тэр шинэ багтаа ирснээр жингээ илт гээж, биеэ ч их барих боллоо. Ингэснээр “Интер”-ийн гол довтлогч болчихоод байна. Өнгөрсөн онд тэр Сери А-гийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон. Моратти “Ибрагимовичийг зарж болно оо. Гэхдээ 100 саяас наашгүй шүү дээ” гэж 2009 оны хавар мэдэгдсэн. Гэвч удаж төдөлгүй “Барселона” түүнийг Это О дээр үлэмж хэмжээний мөнгө хаяж худалдан авсан билээ.
Гэвч “Барселона”-д Месси төвийн довтлогчоор тоглох санал гаргасныг Гвардиола хүлээн зөвшөөрсөн тул Ибрахимович буцан Итали руу одсон. Гэхдээ энэ удаад “Милан”-д тоглохоор болсон юм.
Р.Гэгээ
http://hiimori.mn/3f7