Кобигийн ''єсєлт''
Коби Брайантын сүүлийн хоёр долоо хоногийн ер бусын тоглолтууд нь өөрийн эрхгүй Майкл Жорданыг санагдуулж байгаа юм. Агуу Майклыг бусдаас ялгаруулдаг зүйлс бол түүний гайхалтай бие бялдар, хожих агуу их хүсэл, эсвэл “нислэг” нь байгаагүй. Яагаад гэвэл “Алдрын танхим”-ын бусад гишүүд ч ийм чанарыг их бага, хэмжээгээр эзэмшиж байсан. Тиймээс М.Жорданыг бусдаас онцгойруулдаг гол чанар бол лигийг оноогоор тэргүүлэхийн зэрэгцээ аварга болж байсанд нь оршдог.
М.Жорданаас өмнө энэ хоёр чанарыг нэгтгэх нь NBA-д огтхон ч боломжгүй байжээ. Лигт мэргэн буучид, мөн аваргууд байв. Багууд аль нэгийг нь л сонгох ёстой аж. Залуу У.Чемберлен долоон жил дараалан лигийн мэргэн бууч болсон ч аваргалж чадаагүй. Харин 1966-67 онд онооны дунджаа даруй есөөр бууруулж (24.1 оноо, лигт гуравдугаар байрт орсон), дамжуулалтаа үлэмж өсгөсний дүнд (17.8) “Филадельфи”-г аварга болгож байв.
“Бостон”-ыг 16 удаа аварга болоход нэг ч тоглогч нь улирлын мэргэн бууч болж байсангүй. Тиймээс нэгэн зэрэг оноо түүгч, ялагч байх боломжгүй гэдгийг NBA-гийн 40 жилийн туршлага нотолсон ажгуу. Энэ хугацаанд нэг л онцгой тохиолдол гарсан нь 1970-71 онд Карим Абдул Жаббар 31.7 оноогоор лигийг тэргүүлсний зэрэгцээ “Милоуки Бакс” баг нь аваргалж чадав. Гэвч түүнийг хувиа хичээсэн оноо түүгч гэж нэрлэж, шударга бусаар шүүмжилж байсан бөгөөд 1980-аад онд Мэжик Жонсонтой хамт таван удаа аваргалахад ч энэ хоч нь салаагүй юм.
М.Жорданыг дөрвөн улирал дараалан нэг тоглолтод дунджаар 30 оноо авч лигийг тэргүүлсэн ч аваргын төлөө тоглолтод шалгарч чадахгүй үед нь мөн ийн шүүмжилж байсан. Гэвч Жордан мэргэн буучийн авьяасаа багийн хэрэгцээ, шаардлагатай холбож чадсан билээ. 1990-98 оны хооронд тэрбээр дахин зургаан удаа улирлын мэргэн буучаар шалгарахдаа тухай бүр аваргалж чадсан юм (1999-2000 онд Шакил О`Нил уг амжилтыг давтсан).
К.Брайант ч эдүгээ тиймэрхүү түвшинд дөхөж, өөрийн авьяасаа сулруулалгүйгээр багийн андууддаа тус болж эхэлж байна. “Лейкерс”-т дөнгөж 19 настай төвийн тоглогч Э.Байним, “D-League”-ээс орж ирсэн холбон тоглогч С.Паркер нар бий. Түүнчлэн Л.Одом, Л.Уолтон, К.Браун, В.Радманович, К.Мим нар нийтдээ 170 тоглолтод гэмтлийн улмаас оролцоогүй юм. Гэсэн атлаа тэд (К.Брайантын ачаар) “Өрнөд”-ийн элит багуудыг ялж чаджээ.
Тухайлбал эхний шатанд учраа таарах боломжтой “Сан Антонио”-г хоёр хожиж, нэг ялагдсан үзүүлэлттэй. Хэрэв Э.Байним дахин хоёр жилийн туршлага хуримтлуулаад, ганц хоёр ахмад тоглогч нэмээд, бүгд эрүүл саруул байвал Коби багаа аварга болгох бүрэн боломжтой. Тэр тусмаа ирэх зун К.Гарнеттийг чөлөөт агентаар багтаа элсүүлчихвэл ч…
Саяхныг хүртэл Брайанттай хамт тоглохыг нэг ч од хүсдэггүй гэж яригддаг байлаа. Одоо энэ шүүмжлэл цагаа өнгөрөөжээ. Энэ улиралд “Лейкерс” 45 тоглолтод ялах боломжтой байгаа нь Брайант лигийг оноогоор тэргүүлж буйгаас үүдэлтэй. Энэ нь түүний хувьд тун чухал өөрчлөлт бөгөөд лигийн түүхэн дэх тэргүүн зэргийн тоглогчдын нэг болон мөнхрөх замыг нь нээж өгөх билээ.
Таван Цагариг