by Тошилоо » Wed Jul 06, 2011 3:05 pm
Арслан цол аваагүй яваа Баянмөнхийн Гантогтох
Гурван үзүүр нэгээс үнэгүй гэж үү?
Монгол бөхийн цол хаана ч давтагдашгүй, хосгүй эрхэмсэг чанартай. Цол л үндэсний бөхийн амь нь болж, түүний төлөө л бөхчүүд хурд хүчээ шавхан залуу насаа зориулдаг. Өдөр бүр бэлтгэл хийж, идэж уухаа цэнэж, наргиж цэнгэхээ хойш тавьж яваа бөхчүүд олон бий. Гэтэл тэдний ирээдүйдээ итгэх итгэл, шударга өрсөлдөөнд найдах сэтгэлийг үгүй хийхүйц түүх монгол бөхөд чамгүй. Тэдний хамгийн ойрын жишээ нь Монгол Улсын гарьд Б.Гантогтоход одоог хүртэл арслан цол олгоогүй байгаа явдал. Үндэсний бөхийн түүхэнд наадмын үзүүрт хүрч үзээгүй бөхөд арслан цол олгосон тохиолдол цөөнгүй. Мөн сүүлийн жишээнээс дурьдахад улсын их баяр наадамд 1024 бөх барилдахад үзүүрлэсэн Д.Азжаргалд арслан цол олгосон билээ. Гэтэл Б.Гантогтох гурван удаа үзүүрлэсэн. Гурван удаа найм давж үзүүрлэнэ гэдэг нэг удаа ес давж үзүүрлэхээс үнэндээ чанартай юу гэхээс дордохгүйг бөхийг арьсгүй мэдэрдэг монгол түмэн андахгүй билээ. Гэтэл хууль, дүрэм л ийм гээд бахдам амжилт гаргасан бөхөө одоог хүртэл айлын хүүхэд алаг үзсэн мэт явах нь зохисгүй. “Х.Баянмөнх аваргын хүү болохоор минь л намайг ингэж байгаа юм” гэсэн үгсийг Б.Гантогтох хаа нэг ярилцлагадаа дурьдсан нь бий. Арай ч хувийн харилцааг санан занаж хүүд нь цол олгохгүй гэж гүрийдэггүй биз. Гэхдээ л ид сайхан барилдах насан дээрээ яваа бөхдөө арслан цол олгохоос яагаад татгалзаад байдаг юм бол.
Үзүүр түрүүнд дөрвөн цаг барилдах ёстой байв уу?
Д.Мөнх-Эрдэнэ арслан хоёр түрүүлчихээд гурав дахиа наадмын түрүүнд хүрэхийн төлөө Б.Бат-Эрдэнэ аваргатай дөрвөн цаг гаруй барилдсан түүх байдаг. Тэр барилдааны үеэр харанхуй болж, төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг хэчнээн ядмаг болохыг түмэнд таниулсны зэрэгцээ нэгэн явдал болсон юм. Энэ бол төр засгийн удирдлагууд барилдааныг хурдан дуусгахыг шавдуулахад Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж хоёр бөх дээр өөрийн биеэр очиж “Хурдан барилд. Мөнх-Эрдэнэд үзүүрлэсэн ч гэсэн арслан цол олгож болох тухай ярьж болох юм” гэх утгатай үг хэлснийг батлах хүн олон. Энэ үгийг сонссон Д.Мөнх-Эрдэнэ “Үнэхээр тийм юм бол би ингээд уяад удаад зогсоод байх сонирхол алга. Хурдхан барилдчихья” гэж хэлээд төдөлгүй унасан. Үнэхээр үүнээс хойш нэг их удалгүй түүнд арслан цол олгож, харин О.Балжиннямд аварга цол олгосон билээ. Тухайн үед бөхийн дүрэмд улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд л арслан цол олгоно гэж хатуу заасан байсан хэрнээ Д.Мөнх-Эрдэнийг хоёр удаа үзүүрлэсэн байхад нь ийнхүү арслан цол амласан байдаг. Ердөө наадам удаасны төлөө л бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах шалтгаан гарсан гэж эндээс ойлгох уу? Тэгвэл Б.Гантогтох ч удаад зогсоод, уяад байж чадахаар л бөх. Гэхдээ хаялцах хэмээх барьц түүнд Д.Мөнх-Эрдэнэ арслангийн түүхийг давтаж, тийм аргаар цол авах боломжийг нь хаачихсан хэрэг. Д.Мөнх-Эрдэнийн гурван удаа үзүүрлэсэн амжилтад арслан цол олгосон хэрнээ Б.Гантогтохыг гурав үзүүрлэчихээд байхад яагаад бас дүрмээсээ гажаад арслан цол олгохоос татгалзаад байгаа юм бол гэсэн яриа бөх сонирхогчдын дунд жил ирэх тусам газар авсаар.
Аавын хүүг алаг үзэв үү?
“Том” Сүхбат 70 жилийн ойн их баяр наадамд Б.Бат-Эрдэнэд аваргыг давж үзүүрлэхдээ арслангийн үнэмлэх алган дээрээ аваад буцаан хураалгаж байсан удаатай. Энэ гомдол хэчнээн жил үргэлжилснийг бөхөө мэддэг монголчууд андахгүй. Төрийн их баяр наадамд арван удаа түрүүлж, 44 насандаа улсын наадмын манлай бөхөөр тодорсон Хорлоогийн Баянмөнх аваргын бага хүү Гантогтох зөвхөн үндэсний бөхөөс гадна сумо, чөлөөт бөхөөр Монголынхоо нэрийг тахалж явсан нь саяхан. Гэтэл түүнээс цол, шагнал зугатаах нь элбэг. Мэргэжлийн сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг анх хүртсэн хэрнээ одоо хүртэл гавьяат тамирчин цол ч үгүй яваа. Аавын хүүг ялгаж, аяганы алаг үзэх үзэл бөхийн хүрээнд газар авч, дургүйд хүчгүйн үлгэр хүчээ авсан юм биш биз дээ.
Босоо аваргын шороогүй тахим нөлөөлдөг үү?
Улсын их баяр наадамд түрүүлэхийн төлөө 1988 оны баяр наадмын шөвгийн дөрөвт өөрийгөө авахыг Х.Баянмөнх аваргаас гуйсандаа Б.Бат-Эрдэнэ тэр жил түрүүлсэн. Гэтэл үүнийхээ хариуг 12 жилийн дараа мөн их шөвөгт Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтохыг амлаж, өвдөг шороогүй хэрнээ шууд тахимаа өгсөн нь тэнгэрлэг гэхээсээ монгол бөхөө үл хүндэлсэн явдал болсон. Монгол бөхийн дэвжээ бол хоёр хүний хоорондын авлага өглөгийн газар биш. Бас бөх хүн заавал өвдөг, тохой шороодож байж унасанд тооцогддог дүрэм бий. Гэтэл ид ирэн дээрээ ирээд, хэн нь эхэлж түрүүлэх вэ гэж догдолж зогсоо залуусын нэгийг нь урьдын өрөө дарах журмаар авч, шударга өрсөлдөөнд нь саад хийсэн гэм Б.Бат-Эрдэнэд аваргад бий. Ингэж Б.Гантогтох шөвгийн дөрөвт нэг удаа үнэн хүчийг үзэх хүсэлгүй аваргатай таарсныхаа төлөө шууд давсан билээ. Өөрөө элэг бүсээ тайлаад өгчихсөн аваргаас нэрэлхэн цэрвэж барилдах гэж дайрах хэрэг байгаагүй нь лавтай. Шөвгийн дөрөвт Б.Бат-Эрдэнэ аварга ам авах гэж очихдоо асрын өмнө удаан зогсож, Баянаа аваргын дэргэд очин “Миний даваа ханачихлаа” гэж хэлэхэд нь хар аварга “Тэгвэл би миний хүүг ав” гэж хэлснээ өөрөө дурсан ярьсан удаатай.
Монгол бөхийн түүхэнд зургаан залуу заан хэмээн үе үе дамжин яригдах гайхамшигт үеийг бүтээгчдийн нэг, амжилт, ааш авир, ёс жудгаараа монгол түмний бахдлыг төрүүлэгч Баянмөнхийн Гантогтоход арслан цол олгож, үндэсний бөхийн түүхэн дэх нэгэн шударга бус явдлыг богино хугацаанд арилгаасай.
хиймори.мн Р.Гэгээ
Монгол бөхийн босоо цагаан хийморь