by Chiluun » Fri Nov 18, 2011 10:03 am
Мөнх-Эрдэнэ арслангийн тухай нэг ийм нийтлэл оллоо. Нэгэн үе бараг ганцаараа Бат-Эрдэнэ аваргатай тулж, 6 залуу зааныг дарж, Архангайн нэрийг гаргаж байсан Хоёр Эрдэнийн нэг аваргын энтэй эгэлгүй хүчит арслангаа эргээд дурсахад сайхан байна. Юмны учрал тавилан гэдэг сонин хэрэв мань эр Бат-эрдэнэ аваргаас арай өөр цагт төрсөн бол яах ч байсан юм билээ. Одооний энэ аварга арслангуудаас ямар ч бсан хувь илүү байх байсан гэж боддог юм. Тэхдээ түүхэнд Бат-эрдэнэ аваргатай хамт үргэлж нэр нь дурсагдаж явнаа гэдэг хэн хүнд олдохгүй сайхан тавилан шүү....
Оройхон гараад ширүүхэн дайрсан нь
“Хожуу гарч ирсэн бөх ийм сайн барилдаж, том цолд хүрнэ гэдэг аргагүй мундаг бөхийн шинж” гэж дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөртэй нь таван жил дараалан улсын наадмын үзүүр түрүү булаалдсан Д.Мөнх-Эрдэнийн тухай хэлсэн юм. Монгол бөхийн онцлог шинж нь цол. Үеийнхнээсээ эрт цолд хүрсэн бөх дээгүүр ам авч, хэцүү өрсөлдөгчөөсөө тойрох, хөнгөнийг нь шилэх боломжтой болдог. Харин Д.Мөнх-Эрдэнийн хувьд хойд хөршид суралцсанаар үеийнхнээсээ хоцорч үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн. Анх заалны нэгэн барилдаанд Д.Цэрэнтогтох аваргыг сэвхийтэл л өргөж гаргаж ирснээр бяр тэнхээгээ бүрэн таниулсан юм. Удалгүй Д.Мөнх-Эрдэнэ алдсан жилээ нөхөж, хоцорсон цолоо авахаар тун сайн барилдсан.
Хүчирхэг луутнуудын үе
Нэгэн цагт “Хоёр Мөнх” монгол бөхийн дэвжээг эзэгнэж, хоорондоо яс үзэж байсан шиг “Хоёр Эрдэнэ” төдхөн гарч ирээд зөвхөн хоорондоо л өрсөлддөг болчихсон байлаа. Үүнийг таван жил дараалан улсын их баяр наадамд үзүүрлэсэн амжилт нь нотолдог. 1964 оны луу жилтэй бөхчүүдээс Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ, П.Сүхбат, Ч.Бямбадорж, Ц.Баярсайхан гээд олон сайн бөх төрөн гарсан билээ. Тэдний толгой нь Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ байсан.
Д.Мөнх-Эрдэнэ гол өрсөлдөгчөө бодвол маш олон мэх хийдэг. Харин Б.Бат-Эрдэнэ аваргад их бяр нь хангалттай байсан тухай дурсах нь бий. Мөнх-Эрдэнэ гуядана, давхар ачна, шуудагнаас шахаж татна, сэнжигнээс зөрүүлж татна, хөл авна, хутгана гээд маш олон талын барилдаантай. Тиймдээ ч дороос гарч ирсэн олон залуусын хэдэн жилийн турш торгоосон юм.
Залуу заануудын занга
Б.Бат-Эрдэнэ аварга шөвгийн дөрөвт амаа авчихаад буцахад арслан Д.Мөнх-Эрдэнэтэй ид ирэн дээрээ яваа, шинэ цол авсан залуу заанууд таардаг байлаа. Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, А.Сүхбат нарыг тэр л шөвгийн дөрөвт дарсан. Хөлөө алдчихаад сандралгүй хариу мэх хийж өрсөлдөгчөө олон давсан. Д.Сумьяабазар уг нь багаасаа чөлөөтөөр хичээллэж, хэний ч хөлийг авбал цацаад шидчихээр хэмжээнл хүрсэн бөх. Гэтэл 1996 оны наадмаар Ц.Цэрэнпунцаг зааныг халз дараалан хутгаж давсан түүнийг арслан хөлөө бараг өөрөө өгч байгаад л аргалчихсан. А.Сүхбатыг ч бас барьцгүй ганцхан хавирчихаад бөгсөөр нь газар суулгачихсан. Энэ мэтээр арслангийн арга мэх аргагүй элдэвтэй байлаа.
Бөх модны бөх
Архангайн Булган сумд “бөх мод” гэж бий. Баянхонгор, Архангайн зааг дээр шахуу ургасан энэ модыг нутгийн хүмүүс яагаад ч юм “Бөх мод” хэмээн нэрлэжээ. Энэ мод Архангай, Баянхонгорын хаашаа нь харж унана тэр нутгаас сайн бөх төрнө гэж ахмадууд хүүрнэдэг байж. Гэтэл Булган сумын нутаг дахь тэрхүү мод арслангийн ид гялалзаж эхлэхээс дөнгөж өмнө Архангай тийш харж унажээ. Нутгийн өвгөдийн яриа ч үнэний хувьтай байсан нь нотлогдож, удалгүй Архангайн Булган сумаас улсын арслан цолтой төрсөн нь Д.Мөнх-Эрдэнэ байв. Тиймээс ч арсланг “Бөх модны бөх” гэж нэрлэх нь бий. Энэ мод зөвхөн арсланд бус түүний араас залгаж гарсан бөхчүүдэд ч бас хамаардаг. Булган сумаас сайн бөх төрөлгүй хэсэг хугацаа болсны эцэст Д.Мөнх-Эрдэнэ арслангийн араас улсын заан Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан М.Бат-Отгон, аймгийн арслан Н.Гансүх, аймгийн заан Цолмонбаатар, чөлөөт бөхийн Ази тивийн аварга, ОУХМ ч.Ганзориг нарын бөхчүүд тэр даруй төрсөн гарсан юм.
Арслан цолыг аргагүй олгосон нь
Д.Мөнх-Эрдэнэ арслан хоёр дараалан үзүүрлээд байлаа. Тэр жил Б.Бат-Эрдэнэ аварга хөлийн бэртэлтэй бараг хагас жил орчим огт зодоглоогүй юм. Аваргын наадмаар барилдах эсэх нь ч эргэлзээтэй байв. Сураг сонсох нь аварга үзэгчдийн суудлаас бөх үзэх магадлал өндөр гэнэ. Гэвч наадмын өглөө болж, бөхчүүд зүүн барууны магнай дээр гарч ирэхэд Б.Бат-Эрдэнэ аварга зодог шуудгаа өмчихсөн харагдана. Уг нь аварга наадмын өглөө суга таягтай ирсэн юм билээ. Хэдийгээр хөл нь урьдынх нь өвдөж барилдахын аргагүй байгаагүй ч гэсэн хүч тэнцүү бөхчүүдтэй яс үзэх боломжгүй мэт санагдаж. Ингээд Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн хамгийн дотны хүний нэг, улсын заан Д.Мягмарт “Би барилдахгүй” гэж хэлжээ. Гэтэл заан “Юу гэсэн үг вэ? Яаж барилдах нь ямар хамаа байна. Ямар ч байсан улсын наадмаар нүцгэлж, ард түмнийхээ нүдийг баясга” гэж ятгасан гэдэг. Ингээд аварга эргэлзэж авчирсан зодгоо өмсжээ. Хөл нь гишгэхэд тун хөндүүрлэж байсан ч тэсээд гарчээ. Ингээд аварга нэгэнтээ зүлэг ногоон дэвжээндээ гармагцаа түрүүлэхийн төлөө шүд зүүн зүтгэсэн юм. О.Балжинням аваргатай их шөвөгт барилдахдаа давхар ачихад нь хариугаа хөл алдчих шахсан ч тэсч үлдээд, хонгодож дайраад давлаа. Гэхдээ аваргын хөл доголж харагдана, бас их ядарсан нь илт. Үүнийг харсан Д.Мөнх-Эрдэнэ арслан өрсөлдөгчөө давах боломж байгааг илт мэдэрч, барууны магнайд гарч ирэхдээ хөлөө тун дээр дээр өргөн засуул дээрээ дэвж, хурдхан шиг давахын хүсэлд автсан нь бөх сонирхогчдын нүдэнд ил байв.
Гэлээ ч хөл нь доголж, гар нь цуцсан аварга арслангийн санаснаар амархан даваа байсангүй. Тэд бүтэн дөрвөн цаг барилдсан юм. Дөрвөн цаг барилдаж, төрийн томчууд наадам уясан хоёр бөхийг харанхуйд харагдахгүй болтлоо ширтээд сүүлдээ залхжээ. Ингээд Бөхийн холбооны даргад хоёр бөхөө хурдан хаялцуулахыг үүрэг болголоо. Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Хоёр Эрдэнэ” хамаг хүчээ шавхахдаа үзэгчдийн тэвчээрийг ч барж орхисныг тайлбарлажээ. Гэхдээ “Унасан ч гэсэн гурвантаа үзүүрлэсэн болохоор арслан цол олгож болох юм” гэх утгатай зүйл хэлсэн гэдэг. Үүнийг дуулсан Д.Мөнх-Эрдэнэ “Үнэхээр арслан цол олгох юм бол би ингэж наадам уяад байх хэрэг алга” гэж хэлжээ. Энэ үгээс хойш төдий л удалгүй аварга монгол бөхөд нэвтрүүлсэн хаялцах барьцнаасаа өрсөлдөгчөө өргөж шидээд давсан юм. Наадмын дараахан Бөхийн холбооныхон “Улсын наадамд үзүүрлэсэн бөхөд арслан цол олгоно” гэсэн хатуу үзлээ зөөлрүүлж, О.Балжиннямд аварга, Д.Мөнх-Эрдэнэд арслан цол олгохоор тогтсон билээ. Дөрвөн цаг ноцолдож, улсын их баяр наадмыг уяж, төрийн тэргүүдийн нурууг чилээсэн их тэвчээрийнхээ үрээр Архангайн Булган сумаас улсын арслан цолтон төрсөн түүхийн товч энэ. Арслан үнэхээр жудаг сайтай бөх гэдгээ энэ барилдаанд бас харуулсан гэж яригддаг. Аваргын доголчихсон хөл рүү өшиглөсөн бол давчих боломж байсан ч гэсэн нэг ч удаа муу хөлд хүрээгүй юм.
Яасан энэрэлгүй хорвоо вэ?
Д.Мөнх-Эрдэнэ арслан энэ үзүүрийн дараа дахин хоёр удаа Б.Бат-Эрдэнэ аваргыг даган есөн хөлт цагаан тугийг тойрсон. Бөхийн холбооныхон гарьд, харцага цол санаачилж, бөхийн ертөнц тэр чигээрээ үймж эхлэх үед арсланд аварга цол олгох тухай яригдаж байлаа. Түүнийг таван удаа үзүүр түрүүнд орхисон Б.Бат-Эрдэнэ аварга энэ ярианы эх үндсийг тавьсан гэхэд хилсдэхгүй. “Их Эе”-ийн үеэр дүйцүүлж цол олгох асуудал хүчтэй яригдахад аварга “Таван удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол дүйцүүлж олгож болох юм бишүү” гэж хэлсэн. Гэлээ ч улсын наадамд түрүүлээгүй бөхөд аварга цол олгох боломжгүй гэж “Их Эе”-ийн дийлэнх гишүүд шийдсэн юм. Энэ хурлын шийдийг сонсоод арслангийн гэргий “Яасан энэрэлгүй хорвоо вэ?” гэж уулга алдсан гэдэг.
Арслан ид үедээ Б.Бат-Эрдэнэ аваргыг давсан тохиол бараг үгүй. Харин харьцангуй харьсан хойноо хэд хэд орхичихсон удаатай. Давхар ачих гээд олон удаа шуудагнаасаа татуулж шидүүлж байсан бол хожмоо энэ мэхээ даацтай хийж аваргыг чангахан унагасан. Ер нь арслан үеийнхээ бөхчүүдээс ганцаараа хожуу барилдаж, залуу үеийнхэнтэй гар зөрүүлэхээс эмээгээгүй юм. Цэргийн арслан Ч.Санжаадамбыг гурван ч барилдаанд гурвын даваанд дараалан амлаж барилдан, эр бяр, арга эвийг нь шалгасан. Нутгийн хүүгийн хүчийг үзэж, ирээдүйг нь мэдрэх гэсэн бодол арсланг ийм ам авахад хүргэсэн биз.
Р.Гэгээ / Хийморь сайт-аас/
Last edited by
Chiluun on Fri Nov 18, 2011 10:17 am, edited 2 times in total.