Michael Jordan бол мэргэжлийн сагсан бөмбөг тоглогчдын амьд домог билээ. Түүний нэр дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог билээ. Гэвч тэрхүү агуу хүн хэрхэн тийм алдартай өрсөлдөгч болж чадсан гэдэг нь их сонирхолтой билээ. Одоо бид та бүхэнд алдарт сагсчины хувийн амьдрал, хайрладаг тоглоом, аавынх нь аллага болоод бусад олон зүйлийн тухай ярилцсаныг орчуулан хүргэж байна.
Бараг сүүлийн 20 жилийн турш Michael Jordan-ыг сая сая фэнүүд нь хайрлан хүндэлж явдаг. Тэрээр нийтээ 6 NBA-гийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн "Chicago Bulls" багаа ахлан оролцсон билээ. Үүгээр тэрээр дахин давтагдашгүй нэгэн болж чадсан юм. Тэрээр энэ бүх тухайдаа өөрийн шинэ "Driven from Within" номондоо бичсэн аж. Дашрамд дурьдахад энэ бол түүний сагсан бөмбөгөө орхисноос хойших анхны бүрэн хэмжээний ярилцлага юм. Ярилцлагын үеэр тэрээр заримдаа их урам зоригтой, мөн зарим үед маш их сэтгэл нь өвдөж байгаа нь илт харагдаж байжээ.
Одоо үед Michael Jordan гэдэг түүний зөвхөн нэр биш. Энэ нэр бол зөөлөн ундаанаас зууш, түргэн хоолноос дотуур хувцас хүртэл бүх зүйлийн рекламны гарчиг, өнгө төрх болсон билээ. Агуу аварга энэ бүх зар сурталчилгаанаас тэрээр жилд нийтдээ 35 сая долларын орлого олдог юм. Мөн тэрээр дөрвөн ном бичсэн бөгөөд өөрийн нэрийн хувцасны брэнд гаргах, Nike-тай хамтран ажиллах гээд өчнөөн их ажилтай байгаа юм.
Бид бүхэн таныг сагсан бөмбөгөө орхиж, тэтгэвэрт гарсаныг чинь мэднэ. Та өөрийнхөө амьдралыг буцаан олж авахыг хичээж байгаа юм байна. Та хэнээс энэ бүхнийг буцааж авах гэж?
-Олон нийтээс. Тэгэхээр та бүхэн намайг эдгээр жилүүдэд олны нүдэнд дээр амьдарч байсныг мэднэ. Чамайг гадагш гарах үед хүмүүс уулзаж, танилцахыг хүсэж, гарын үсэг зуруулах гээд л. Энэ бүхнээс би холдож байна. Энэ бол миний цаг хугацаа. Бусад хүмүүсийх биш гэж л би хэлмээр байна.
Та одоо ч гэсэн спортын талбайдаа ниссээр байна уу?
-Тэгэхээр бид бүгдээрээ нисдэг. Нэг л газраас хөндийрвөл тэгээд л нисэж эхэлдэг. Харин зарим нэгэн нь бусдаасаа илүү өндөрт, удаан нисдэг гэхүү дээ. Би одоо "Michael Jordan Senior Flight School" сургуульдаа ажиллаж байна. Энд сагсан бөмбөгт хайртай залуучууд цуглаж миний туршлага, тоглолт, арга барил зэргээс суралцдаг. Ганц сагсан бөмбөг гэлтгүй амьдралын тухай туршлагаа ч бас хуваалцаж байгаа юм.
Хувийн амьдралын тухайд, эцэг эх байна гэдэг?
-Эцэг эх байна гэдэг хүүхдүүддээ өөрийгөө таниулж мэдүүлнэ гэсэн үг юм. Миний том хүү өөрийгөө хоёр дахь Michael Jordan болох ёстой гэж бодож явдаг. Харин эхнэр бид хоёр түүнийг энэ бодлоос нь холдуулахыг хичээж "Хүү минь. Чи зүгээр л хийх дуртай зүйлээ хийж. Michael Jordan ганцхан л байх ёстой гэж хэлдэг."
Шинэхэн номынхоо тухайд?
-Би номондоо гэр бүлийнхнийхээ харилцаа, өрсөлдөх чадвар хаанаас гарч ирсэн тухай бичсэн. Манай гэр бүлийнхэн хэзээ ч намайг амжилтанд хүрнэ гэж итгэж байгаагүй. Энэ л намайг ялалтыг хүсхэд чангалж, зоригжуулж өгдөг байсан. Би тийм эмзэг нэгэн биш л дээ. Зөвхөн сагсан бөмбөгт их хайртай, тоглох дуртай л нэгэн. Гэр бүлийнхэний минь төдийгүй би өөрөө ч мэргэжлийн тоглогч болно гэдэгтээ итгэж байсангүй. Гэтэл энэ бүхэн 1982 онд North Carolina-гийн их сургуульд байх үедээ NCAA-гийн аваргын тоглолтонд сүүлчийн секундэд хожлын голь хийхэд маань өөрчлөгдсөн дөө.
Ажлын өдрүүдэд юу хийдэг вэ?
-Ажлын өдрүүдийн ердөө л хоёр өдрийг албан тасалгаандаа өнгөрүүлж, ихэнхдээ л хандивын үйл ажиллагаа, уулзалтуудад оролцдог. Мөн гольфийн дамжаанд явж байгаа, сүүлийн үед миний хамгийн их сонирхоод байгаа спорт гэхүү дээ.
Та 1993 онд мэргэжлийн сагсан бөмбөгөөс тэтгэвэртээ гараад "Chicago White Sox"-д бэйсбол тоглохоор шийдсэн. Төдийлөн амжилт үзүүлээгүй, тиймээс ч олон нийт бэйсбол таны хувьд алдаатай сонголт байлаа хэмээн дүгнэсэн?
-Би тэгж боддоггүй. Би өөрийгөө мэдээж Babe Ruth, Barry Bonds ч юмуу өөр бусад нэгэн шиг тоглоно гэж бодож байгаагүй. Зөвхөн тэрхүү тоглоомыг ойлгохыг, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэхийг л хүсэж байсан.
Ойрын үед таны сонирхол ямар спорт дээр төвлөрөөд байна?
-Би мотоциклийн уралдаан их сонирхож байна. Нэг багийг спонсорлож байгаа. Цагт 150 милийн хурдтай давхина гэдэг жаахан аюултай боловч үнэхээр сайхан байдаг.
-Танд мөрийтэй тоглоомд хутгалдаж байсан үе байсан. Тэр үеийн тухайд эргээд бодоход?
"Би өөрийгөө мөрийтэй тоглоом гэдэг зүйлд хутгаж байсан. Маш их мөнгөө алдаж байлаа. Гоомой хэрэг байсан. Сүүлдээ энэ нь надад маш их дарамттай байсан юм. Гэхдээ би хэзээ ч амьдрал, гэр бүлээрээ дэнчин явж явсангүй." гэжээ.
Эцэг тань 1993 онд харамсалтайгаар амь насаа алдсан. Хүн бүр түүнийг таны хамгийн итгэлтэй дасгалжуулагч, итгэлтэй хүн чинь байсаныг мэднэ?
-Аав минь нас барсан. Энэ нь бол хамгийн харамсалтай зүйл, үүнийг хэн нэгэн гараараа үйлдсэн гэдэг миний хувьд хүлээж авахад маш хэцүү явдал байсан. Миний аав надтай 32 жил хамт байж, намайг сургаж байсан. Та мэднэ дээ, хүүхэд нь эцэгтэйгээ ийм ойр дотно байж, эцэг эхийнхээ нөлөөн доор хүмүүжиж чадна гэдэг одоогийн нийгэмд бараг байхгүй болсон. Гэвч надад тийм азтай хувь тавилан байсан.
Эцэг эхийнхээ тухайд?
-Миний ээж Delores болоод аав маань маш ажилсаг, сайхан сэтгэлтэй, журамтай хүмүүс байсан. Тийм учраас надад агуу үлгэр дууриал болдог байлаа.
Яагаад Jordan улс төр, нийгмийн амьдралын тухай ярьдаггүй вэ. Бусад Mohammad Ali, Arthur Ashe, Jackie Robinson нар энэ тухай их ярьдаг шүү дээ?
-Бүх л зүйлд оролцож явна гэдэг бол маш хэцүү үүрэг. Миний ажил сагсан бөмбөг тоглох байсан. Би сагсан бөмбөг үзэх дуртай хүн бүрт сагсан бөмбөг тоглон харуулж чадна. Магадгүй зарим хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Гэвч дахин хэлэхэд би тэр хүн бүрийн надаар хийлгэхийг хүсэж буй зүйлүүдийг гүйцэлдүүлэн амьдарч чадахгүй.
Одоо эргээд нэг сагсан бөмбөгийн ертөнцийг харахад?
-Улсын сагсны багт, сагсан бөмбөгийн ертөнцөд маш олон залуухан тоглогчид нэмэгджээ. Мөн зарим нь сагсан бөмбөгт бүдүүлэг зүйлийг авчирч байна. Энэ нь маш муу зүйл.
Та 43 настайдаа NBA-д сагсан бөмбөг тоглож чадах уу?
-Мэдээж, хэдийгээр бие мах бодь маань чадахгүй байсан ч сэтгэл зүрх минь "Би тоглож чадна. Би одоо ч гэсэн NBA-д тоглож буй ихэнх тамирчдаас илүү тоглож чадна." гэж надад хэлж байна. Би сагсан бөмбөгөөс бүр мөсөн холдоогүй бөгөөд удахгүй NBA-гийн багтай эзэмшдэг болно гэж найдаж байна.
Орчуулсан Н.Урнаа /Banjig.Net/