Жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг жүдочид нэр заан уригдаж оролцдог “Мастерс”-ын гурав дахь удаагийн тэмцээн Казахстаны Алматы хотноо зохиогдоход анхдугаар тэмцээний аварга Санжаасүрэнгийн Мияарагчаа өнгөрсөн оны түрүүт Хашбаатарын Цагаанбаатартай алтан медалийн төлөө өрсөлдөж, хошой аварга болсон билээ. Оролцогчид нь олимп, дэлхий, тивийн АШТ-ий медальтнууд л байдгаараа бусад тэмцээнээс ялгарах “Мастерс”-т С.Мияарагчаа хоёр дахиа аваргалж, ТОП зэрэглэлийнх гэдгээ ийнхүү баталсан юм. Түүнийг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Та Мастерс тэмцээн анх зохиогдоход аваргалж байлаа. Харин өнгөрсөн жилийнхэд хангалтгүй барилдсан. Энэ удаагийнхад алдаагаа залруулж, аваргаа батлах зорилго тавьж очсон нь дамжиггүй байх...
-Миний хувьд 2010 оны эхний хагаст бэлтгэл сайн, амжилт гайгүй байлаа. Гэвч түүнээс хойш биеийн байдал сайнгүй, түүнийг дагаад амжилт тогтворгүй болж ирсэн. Харин өнгөрсөн намраас бэлтгэлжилт шат шатаар ахиж, тэр хэрээр барилдаан сайжирч байна. Энэ удаагийн “Мастерс”-т авна гэж зорьж очсон медалиа энгэртээ зүүж, Х.Цагаанбаатартайгаа зэрэгцэж зогсоод төрийн дууллаа сонсоход оргилуун, омогших сэтгэл төрж байлаа.
-Оролцох тамирчид нь тодорхой байдаг нь “Мастерс”-ын бусад тэмцээнээс ялгарах онцлог. Бараг сугалаа яаж гарахыг багцаалчихаж болохоор. Таны хувьд тэмцээнд оролцогч 16 тамирчны дотор чансаагаараа яг тэг дунд нь эрэмбэлэгдсэн болохоор бусад жүдочтой харьцуулахад илүү хатуу даваа туулах нь тодорхой байсан. Энэ нь ч хийсэн барилдаануудаас харагдаж байгаа. Энэ талаар тооцоо хийж үзсэн үү?
-Тийм ээ. Миний барилдсан хүн бүр ДАШТ-ий алт, хүрэл медальтай бөхчүүд. Ер нь сугалаа ингэж таарах магадлалтайг тооцсон л доо. Би урьд нь барилдаан болон бэлтгэлийн тэмдэглэл хөтөлж чаддаггүй байжээ. Тэмдэглэл хийдэг болсноор өрсөлдөгчийн судалгаа сайжирч, барилдаандаа дүгнэлт хийх чадвар нэмэгдсэн. “Мастерс”-т амжилттай барилдахад энэ нөлөөлсөн шүү.
-Барилдаан бүрийнхээ талаар ямар тактик төлөвлөж гарсан, түүнийгээ хэрэгжүүлж чадсан эсэх гээд дүгнэлтээ хэлнэ үү?
-Эхний тойрогт өрсөлдсөн францтай урьд нь тэмцээнд таарч байгаагүй. Харин Токиогийн их дуулгын дараа гурав хоногийн хамтарсан бэлтгэл хийхэд Корвалтай зорьж барилдаж үзсэн. Тэгэхэд надад маш эвгүй, бяртай, мэхэндээ тэсрэлттэй, хожиход хэцүү хүн шиг санагдсан. Интернэтээс бичлэгүүдийг нь үзэхэд таван минутын төгсгөл рүү их ядардаг юм гэдгийг анзаарч, барилдааны төгсгөлд хожиж болох юм байна гэж бодсон. Хэрвээ хүмүүс анзаарсан бол би Корвалтай хийсэн барилдааны эхний гурван минутад барьцан дээр л бяралхаж байснаас биш ямар ч мэх хийгээгүй. Тиймээс ч хоёр торгуулсан. Гэхдээ ингэлээ гээд сандраагүй. Төлөвлөснийхөө дагуу гурав дахь минут өнгөрөнгүүт дайрч эхлэн хоёр гурав унагаад л хожсон доо.
Дараагийн тойрогт таарсан Могушковтой бол урьд нь хоёр барилдаад ялалтын харьцаа 1:1 болчихоод байсан. Мөн л Токиогийн Их дуулгын дараах хамтарсан бэлтгэл дээр барилдаж үзээд тэмдэглэл дээрээ “Могушковын солгой гарыг нь дарж байгаад өмсвөл унагааж болмоор юм байна” гэж бичсэн. Мастерсын өглөө дэвтрээ эргүүлж суугаад яг тэр өгүүлбэрийг уншаад Корвалыг ялчихвал Могушковтой хийх барилдаан дээр тэр мэхийг хийнэ дээ гэж бодсон. Барилдаан эхлэнгүүт яг энэ мэхээ хийж вазари аваад цагийн төгсгөл хүртэл оноогоо хамгаалж, өрсөлдөгч маань шатаж дайрахад нь дахиж вазари аваад хожсон доо.
-Моришитагаас бас л энэ өмсөх мэхээрээ унагаж, үнэлгээ авсан. Өмсөх мэх шинэ дүрмийн хувьд бас эрсдэлтэйд орно. Гар хөлд хүрчихвэл хансокү торгууль авна. Шинэ дүрэмд зохицсон өмсөөг хэрхэн сурав?
-Миний дархан мэхийн нэг өмсөө юм л даа. Тиймээс үүнийгээ дүрмийн өөрчлөлтөд зохицуулан хийж сурах шаардлага гарсан. Хоёр гарыг нь дарж байгаад гараа хөл рүү оруулахгүй өмсвөл хансокү торгууль авахгүй. Энэ мэхийг төгс болгох тал дээр шигшээгийн багш нарынхаа заавар зөвлөгөөгөөр сайн ажиллаж байгаа. Үүний үр дүнд би сая ихэнх өрсөлдөгчөө өмсөх мэхээр хожлоо. Ер нь зүүн талтай хүмүүстэй би бяралхаж барилдан, өмсөж буулгадаг.
-2010 онд “Мастерс”-т түрүүлээд тэр хавартаа үнэхээр одтой барилдсан шүү дээ. Европт дөрвөн тэмцээнд оролцохдоо гуравт нь аваргын төлөө барилдсан. Тэр үетэй харьцуулахад одоо бэлтгэлийн өнгө ямархуу байна?
-2010 он миний хувьд амжилт сайн байсан ч алдаа дутагдал бас багагүй байж. Өмнө нь хэлсэнчлэн өрсөлдөгчийн судалгаа сайн хийдэггүй байлаа. Одоо бол өөрийнхөө хэмжээнд тэмдэглэл хөтөлж, алдаа оноогоо дүгнэж байна. Биеийн байдал сайжирч, бэлтгэл жигдрээд ирэхээр сэтгэл санаа ч тогтворжин, тайван байдаг болсон. Хүмүүс ч сэтгэл санаагаар их дэмжсэн. Амжилт гэдэг том, жижиг олон хүчин зүйлийн нийлбэр, хамтын хүчээр бүтдэг шүү дээ. Ингээд бүх зүйл жигдрээд тэгшрээд ирэхээр төлөвлөсөн барилдаанаа гаргаж, зорьсон амжилтдаа хүрч чаддаг болж байна. Үүнийгээ ч “Мастерс”-ын алтан медалиар харууллаа.
Одоо бэлтгэлийн энэ эрчмээ алдалгүй, формоо хадгалаад Европын цувралуудад амжилтаа батлахыг хичээнэ ээ. Цагаанбаатар бид хоёрын хэнийг нь олимпод барилдуулахыг шийдэхэд Европын тэмцээнүүдийн үр дүн чухал нөлөө үзүүлэх учраас “Мастерс”-ын түвшний амжилтаа гаргахыг зорино. Гэхдээ бөх, морь хоёрыг ам дардаг гэдэг шиг тийм медаль авна гэж амламааргүй байна. Тэмцээнд оролцож байгаа хүн бүр л түрүүлэх зорилготой учир барилдаан бүртээ анхаарч, хичээнэ. Зорилго бол мэдээж медаль.
-Цагаанбаатар та хоёрын өрсөлдөөн хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Та хоёрын хэн хэн нь том тэмцээний финалд хоорондоо тулах юмсан гэж ярьдаг. Монголдоо бол бараг тэмцээн болгоны финалд шалгардаг та хоёрын тэр хүсэл биелж, сая “Мастерс”-ын алтан медалийн төлөө өрсөлдлөө...
-Есдүгээр сард “Чингис хаан” Дэлхийн цомын финалд Цагаанаатай барилдахад бусгахад нь тэвэрч шидэх гэж байгаад би доор нь орчихсон. Дараа нь арваннэгдүгээр сард Амстердамын Гранпригийн хагас шигшээд таараад Цагаанбаатарыг би давуулж барихад нь хойгуур нь өшиглөөд вазари, тэгээд дайраад ирэхэд дагуулж өмсөөд цэвэр хожсон. Сая Алматыд хайнаагаа хагалахад би Цагаанааг жийхэд нь этээд яллаа.
-Могушковын тухай тэмдэглэл хийсэн шиг Цагаанаагийн талаар бүр нарийн судалгаа байгаа биз?
-Байнга л бэлтгэлээ хамт хийдэг болохоор тэмдэглэл, судалгаа хийгээд байх шаардлага байдаггүй юм аа. Цагаанаагийн бэлтгэл ямар түвшинд байна, би өөрөө ямархуу байгаа гэдгээ багцаалдаад анзаараад мэдчихнэ.
-Одоо бол ямар ч тэмцээнд та хоёр хоёулаа оролцож болоод байна. Харин олимпод нэг чинь л барилдана. Монголчуудын хувьд та хоёрын хэн нь ч барилдсан, том амжилтад хүрч чадна гэсэн итгэлтэй, мөн хэн нь ч үлдсэн тэр хүний өмнөөс харамсах сэтгэлтэй байх болов уу?
-Би урьд нь бараг өөрийнхөө оронд гэх юм уу даа, багш нар болон холбооны шийдвэрийг хүндлээд Цагаанбаатарыг ДАШТ-д явуулж байсан. 2009 онд би жүдогоор дотоодод зохиогдсон таван тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн дээ. Улсын аваргаар, мөн “Sensei Cup”-аар Цагаанааг хожиж аваргалсан. Үүгээрээ ДАШТ-д оролцох эрхээ 100 хувь хангачихсан байсан. Харин багш нар ярилцаад “Цагаанаа гадагшаа сайн барилддаг юм байна, Мияарагчааг энэ удаа өнжөөе” гэхэд нь би Холбооны шийдвэрийг хүндэлж, Цагаанаагийн бэлтгэлийг хангалцаж, боломжтой бүх талаараа туслаад, явахад нь араас нь сүү өргөөд, сайн барилдаарай гээд дэмжээд үлдсэн. Тухайн үед би намайг үлдээчихлээ гээд нэг их юм бодоогүй. Харамсах сэтгэл төрөөгүй.
Бээжингийн олимпод барилдах боломж байсныг мөн л өөрөөс хамаарахгүй шалтгаанаар алдсан. Тиймээс том тэмцээнд оролцох боломжоо гурав дахиа алдмааргүй байна. Харин одоо намайг бэлтгэл сайн, амжилт дээшээ байгаа үед тиймэрхүү шалтгаанаар үлдээвэл сэтгэлд минь юм үлдэж магадгүй. Яагаад гэвэл би олимпод амжилт гаргахын төлөө бүх зүйлээ зориулж, бүр зарим зүйлийг золиослож, бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Мэдээж хэн сайн байгаа нь олимпод барилдана, харин намайг сайн байсан ч өмнөх шиг шалтгаанаар үлдээчихвэл их л хэцүү байх байх даа. Хэн хэн маань бие биеэсээ илүү байхын тулд илүү их хөдөлмөрлөж байгаа.
-Анхны “Мастерс”-т түрүүлэхдээ та уран гоё барилдаанууд хийж, бүр оны шилдэг иппоны эзнээр тодорч байлаа. Сая ч гэсэн мөн дайчин сайхан барилдаанаар үзэгчдийг баясгалаа. Алматыд хүмүүсийн хандлага хэр байв? Миний бодлоор үзэгчдийг хамгийн их хөгжөөж, цөсийг нь хөөргөж, таашаал өгсөн барилдааныг та гаргасан юм болов уу?
-Казахстанчууд жүдог сайн мэддэг, мөн монголчуудад их элэгтэй юм байна лээ. Жүдогоор дөнгөж хичээллэж эхэлж байгаа болов уу гэмээр жаахан хүүхдүүд бид нарыг овог нэртэй нь мэддэг, энд тэнд таарахаар нэрээр дуудаад “Хамт зургаа авахуулъя” гээд сайхан байсан. Өрсөлдөгчөө ялаад дэвжээнээс буухад үзэгчид уухайлаад л нутагтаа байгаагаас өөрцгүй сэтгэгдэл төрсөн. Хэвлэлүүдэд “сүүлийн гурван жилийн дэлхийн аваргыг доороо зогсоосон” гээд бичсэн нь надад их урам өгсөн шүү. Илүү боломж байгааг мэдрүүлсэн.
-Жүдогоор олон жил хичээллэлээ. Цаг хугацаа өнгөрөх тусам л туршлага нэмэгдэж зузаарч байгаа нь дамжиггүй. Тамирчин хүний спортын замналд дандаа ялалт байдаггүй нь жам. Өнгөрсөн хугацаан дахь ялагдлуудаа эргээд харахад ямар алдаа түгээмэл гаргасан байна?
-Янз бүр л дээ. Өрсөлдөгч сайн, миний биеийн байдал тааруу байсан гээд л. Мөн сэтгэл санааны байдлаас их шалтгаална. Тэгэхээр ялагдлын шалтгаан янз янз л байх юм даа. Одоо хуучныг бодвол тэмцээн уралдааны зардалд санаа зовох нь гайгүй болсон. Зардал хайж гүйсээр бэлтгэл сургуулилалт дутуу тэмцээнд ороод хожигдох байдал ч нэг биш байсан. Одоо бол зөвхөн бэлтгэл, тэмцээн хоёртоо л анхаарах боломжтой болоод сайхан байна аа.
-Таныг “Мастерс”-т оролцдог, түрүүлдэг хэмжээний жүдоч болох эхлэлийг тавьсан тэмцээн бол 2009 оны Чиндаогийн Гранпри. Намар нь оролцсон тэмцээнүүддээ тааруу барилдсанаас та Чиндаод зодоглох багийн бүрэлдэхүүнд багтаагүй. Тиймээс машинаа барьцаалж байж зардлаа олоод очиж барилдан түрүүлснийг тань мэдэх юм. Тэр үеийг эргээд бодоход хэрвээ Чиндаод тааруу барилдсан бол том хөрөнгөө алдаж, нэлээн хүнд байдалд орох байсан санагддаг. Мөн их зоригтой, бас өөртөө дэндүү итгэлтэй байж дээ. Ер нь манай тамирчдын дунд ийм зам туулсан хүн олон. Амжилтын төлөө ар гэрээ, амьдралаа бараг л золиослож байна гэсэн үг шүү дээ. Түүнээс хойш та дахиж тийм байдалд орсон уу?
-Тамирчин хүн амжилтад хүрэхийн төлөө олон зүйлийг орхиж, золиослох хэрэгтэй болдог. Хүний сайн хань, хүүхдүүдийнхээ сайн аав нь байж чадахгүй мэт үе байсаан. Үүнээс болж сэтгэл санаагаар унан, улмаар амжилт уруудах тохиолдол байна. Тамирчин хүний хань байна гэдэг маш их тэвчээр шаарддагийг би мэдэрсэн. Хүний амьдрал дандаа л дардан зам шиг байхгүй шүү дээ. Тиймээс намайг сайн ойлгож, зорьсон амжилтынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхэд чадах бүхнээрээ тусалдаг ханьдаа маш их баярладаг юм. Жүдод элэгтэй, тамирчдадаа түшигтэй хүмүүсийн тус дэмээр эхнэр, хүүхдүүдээ мөр бүтэн, хоосон хонуулчихгүй байлгах юмсан гэсэн санаа зовнил үгүй болсон.
Гэр бүлийн уур амьсгал ч халуун дулаан болоод, ер нь амжилт гаргах зам маань тэгширч байгаа юм уу даа гэсэн сэтгэгдэл төрж байгаа. Бэлтгэл, тэмцээний завсраар гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх ховорхон боломж олддогийг алдахгүйг хичээдэг. Би одоо “Дүнжингарав” компанийн бөх болсон. Энэ компанийн харъяалалд орсноор бэлтгэл, нөхөн сэргээлтийн амин дэмээс гадна ар гэртээ санаа зовох асуудал үгүй болсон. Ингээд хүмүүс хөрөнгө санхүү, сэтгэл санаагаар дэмжээд өгөхөөр амжилт гаргах урам зориг ч нэмэгдэж, илүү өндөрт гарах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл бий болдог юм байна.
Х.Баттулга сайдын удирдлагаар зангидсан гар шиг ажилладаг МЖБХны зөв менежмент, бодлого бидний амжилтад маш том нөлөө үзүүлж байгааг хэлэх хэрэгтэй. БТСГ-ын үйл ажиллагаа, дэмжлэг сайн байгааг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бүгд манай жүдочдын амжилтын том хөшүүрэг. Манай холбооноос тамирчдынхаа барилдааны ур чадварыг ахиулах талаар бүх талын дэмжлэг үзүүлж байгаа. Саяхан Германы шүүгч Владимир Хнетка Монголд ирж, манай шигшээгийн тамирчдын алдаа дутагдлыг хүн тус бүр дээр нь бичлэг үзүүлэн хэлж тайлбарлаж өгсөн. Энэ сургалтын дараа манай тамирчдын барилдааны үзүүлэлт эрс дээшилсэн нь анзаарагдаж байна. Шүүгч ямар үед торгууль өгдөг, яавал шүүгчид идэвхтэй харагдах вэ гэдгийг бид ойлгосноор дэвжээн дээр зөвхөн өрсөлдөгчтэйгөө биш, бас шүүгчтэй харилцах ёстой юм байна гэдгийг мэдлээ. Жишээ нь өрсөлдөгч чинь мэхийн гурван оролдлого хийх юм бол дөрөв дэх дайралтын дараа чамд торгууль ирнэ гэдгийг мэдсэнээр яг тийм үед заавал дөрөв дэх мэхээс нь өмнө түрүүлж очиж сөрөг довтолгоо хийх ёстой гэдгийг ойлгож, хүчний зөв хуваарилалт хийдэг боллоо. Энэ нь ихэвчлэн торгуулиар ялагддаг манайхны хувьд шүүгчийн нүдэнд тэнцвэртэй харагдаж, шүүгчийг мэдэрч чаддаг болох том давуу тал болсон. Мөн Японоос мундаг дасгалжуулагч ирж бидэнд заавар зөвлөгөө өгч, бэлтгэл удирдан явуулж байна.
Сая БНСУ-ын Чэжүд болсон Дэлхийн цомд манай улсаас залуучууд голдуу 50 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцууллаа. Жүдогийн түүхэнд аль ч улс ийм өргөн бүрэлдэхүүнтэй багийг хилийн чанад дахь тэмцээнд явуулсан тохиолдол байхгүй байх. Энэ нь залуу тамирчдыг туршлагажуулах, олон улсын тэмцээний цочроог нь гаргах ач холбогдолтой. Зөвхөн болох гэж байгаа тэмцээнд хандсан биш, ирээдүйдээ чиглэсэн бодлого явуулж буй нь МЖБХ-ны үйл ажиллагаанаас тод харагддаг. Мөн “Чингис хаан” Дэлхийн цомоор гадны олон сайн тамирчин Монголд ирдэг. Тэдэнтэй залуучууд маань тэмцээн дээр болон бэлтгэл дээр гар зөрүүлэх боломж гарч байна. Ингэснээр залгамж халаа сайн бэлтгэгдэж, амжилт тасрахгүй байх нөхцөл бүрдэх юм. Бид сайн байх юм бол хойч үеийнхэн маань дагаад сайн байна. Бас нөгөөтэйгүүр залуучууд маань сайжирвал бид ч мөн барилдаан, ур чадварын тал дээр ахиц гаргадаг. Тэгэхээр үр өгөөжийг нь яриад байвал их юм аа. Чиндаогийн тэмцээнээс хойш дахиж тийм байдалд ороогүй ээ. Анхдугаар “Мастерс”-т түрүүлснээр хүмүүст гайгүй танигдсан байх. Урьд нь тэмцээнд оролцох зардлаа 100 хувь өөрөөсөө гаргаад явах тохиолдол олон байсан бол олон хүний сэтгэлийн дэмээр өмнөх шиг хүнд байдлыг үзэхгүй болсон.
-Том амжилтын дараа шагнал урамшуулал, цолны тухай байнга яригддаг шүү дээ. Шилдгийн шилдгүүдийн тэмцээнд та хоёр ч удаа түрүүлчихлээ. Ийм энгийн биш амжилт үзүүлээд ирэхээр тэр тухай бодогдох юм уу? Яагаад энэ тухай асуув гэхээр хүмүүс таныг аль хэдийн гавъяатын болзол биелүүлчихсэн гэж ярьж байна л даа.
-Яах вэ, бас битүүхэн бодож үзсээн. Гэхдээ энэ миний зорилго биш учраас сэтгэл санаанд үргэлж хадаатай байдаггүй л дээ. Илүү том, өндөр зүйлийг зорьж, тэмүүлж яваа учраас шагналын тухай бодоод байдаггүй. Магадгүй олимпод барилдсаныхаа маргааш л би юуны төлөө, яаж хэрхэн бэлдсэн бэ, үүнийг маань хэн яаж үнэлэх ёстой вэ гэдгийг бодож магадгүй юм. Түүнээс наана янз бүрийн юм бодож сэтгэл санаагаа хоёрдуулах шаардлага байхгүй гэж бодож байна. -Ямар ч спортын төрөлд олимпийн хэмнэлээр тамирчдын үе солигддог нь харагддаг. Одоо нэг олимп хаяанд ирчихээд байна. Таны барилдах хугацаа энэ олимпоор хязгаарлагдах уу, дахиад хэдэн жил байна уу? Рио-де-Жанейрогийн олимпод ч барилдах боломж, нөөц байгаа харагддаг.
-Миний хувьд Лондонд л сайн барилдах юмсан гэсэн хүсэл эрмэлзлээр бэлтгэлээ хийж байна. Миний нас тамирчны хувьд тийм залуудаа орохгүй шүү дээ. Лондоны олимпод сайн барилдахын төлөө бүхнээ зориулаад дараа нь өөр амьдралаар амьдарч үзмээр байна. Гэхдээ тухайн үед байдал ямар байхыг урьдчилан хэлж мэдэхгүй байна. Магадгүй олимпийн дараа жилийн ДАШТ-д барилдах бодол байж болно.
-Илэн далангүй сайхан ярилцсанд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе.
-Намайг хөтөлж энэ замд оруулсан өмнөх үеийн ах нартаа баярлалаа. Хойч залуу үеийнхэн маань ч жүдо бөхийн хөгжлийн төлөө нэгдэж хичээгээрэй гэж хэлэх байна. 2006 оноос МЖБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Х.Баттулга ах маань энэ албыг авснаар олон зүйлийг санаачлан хийж, том амжилтад хүрсэн нь хүмүүсийн нүдэн дээр ил байгаа. Олимп, дэлхийн аваргуудтай боллоо. Баттулга ахын бүрдүүлсэн зангидсан гар шиг эвсэг, чадвартай баг, хамт олны ажлын үр дүнд жүдочид маань амжилтаар дүүрэн, хүрсэн амжилтаа ахиулах хүсэл эрмэлзлээр оргилж яваа шүү гэдгийг хэлмээр байна.
Ярилцсан Ж.БАТМӨНХ, Ч.ГАНБАТ(
www.bukh.mn)