Ц.Цэвэрбал: Лигт найм дахь багтайгаа ажиллаж байна
Энэ жилийн лигийн нээлтийн тоглолтын үеэр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдсан нь Монголын дасгалжуулагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн явдал. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) дэлхийн аль ч улсад баг тамирчид удирдах эрхийн үнэмлэхийг лигийн зарим ерөнхий дасгалжуулагч нарт олгосон. Тэдний нэг бол ХҮДС болон лигийн АШТ-ий “Таван толгой транс” компанийн “Ёлууд” багийн дасгалжуулагч Ц.Цэвэрбал юм. Түүнтэй лиг болон “Ёлууд” багийн талаар уулзаж ярилцлаа.
-Лигийн АШТ-ий гуравдугаар тойрог эхэллээ. “Ёлууд” багийнхаа талаар ямар сэтгэгдэлтэй байна?
-Энэ жилийн лигийн эхний хоёр тойргийг ажихад үндсэндээ таван баг плей-оффт үлдэх бололцоотой байна. Ер нь тоглогчдын ур чадвар ойролцоо үзүүштэй өрсөлдөөнтэй тоглолт их болж байна. Плей-оффт багуудын тоглолт жигдрээд сайжирах нь дамжиггүй. Манай багийн хувьд долоо хоногийн таван өдөр нь тоглолттой байгаа. Яг энэ бүрэлдэхүүнээрээ оюутны лигт давхар тоглож байгаа учраас тамирчид маань ядрангуй байна. Гэхдээ ачаалал авч, бэлтгэл сургуулилтаа сайн хийж байж тухайн тамирчны ур чадвар ахидаг гэж үздэг.
-Долоо хоногийн таван өдөр тоглолттой гэхээр бэлтгэл хийх зав гардаг юм уу?
-Тэгэхээр амралтын өдрүүдэд л бэлтгэл хийж байгаа. Одоо энэ мөчид оюутны лигийн АШТ-ий хагас шигшээ тоглолт эхэлчихсэн байгаа. Дөрвөн хэсгээс шалгарсан нийт найман баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байна.
-”Ёлууд” багийнхаа тоглогчдыг хэрхэн сонгосон бэ?
-Бүгдээрээ л гурван жилийн өмнө ХҮДС-д элссэн оюутнууд. Залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ гэх мэт олон тэмцээнд хамт тоглож багагүй туршлага хуримтлуулсан тоглогчид юм. Оюутны лигт сургуулийнхаа нэрийн өмнөөс ордог бол дээд лигт “Таван толгой транс” компанитай гэрээ байгууулсны дагуу тоглож байна. Ивээн тэтгэгч байгууллага маань гэрээнд тусгасны дагуу бидэнд тусалж дэмжиж байгаа. “Таван толгой транс” компанийн Дагвадорж захирал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон нийт хамт олонд нь баярлаж явдгаа илэрхийлье.
-Өмнө нь багийнхаа хүүхдүүдийг хэрхэн тоглодог талаар мэддэг байв уу?
-Бүүдээ (Ц.Пүрэвдорж) болон Б.Даваажав нарыг хэрхэн тоглодгийг мэдэхээс биш бусдыг нь таньдаггүй байлаа. Тэгээд сургуулийнхаа сагсны секцэнд хэдэн хүүхэд авахад замын явцад эд нар л шилэгдэн үлдсэн. Насны хувьд хамгийн залуу нь 17-той. Ахмад нь 22-той байх жишээтэй.
-Шавь нарынхаа тоглолтод сэтгэл хангалуун байж чадаж байна уу?
-Ямар ч дасгалжуулагч шавь нартаа 100 хувь сэтгэл хангалуун байдаггүй байх. Манай хүүхдүүдэд дутагдал бий. Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй гэдэг. Би энэ хэдийгээ хэрэндээ төгс болгохын тулд бэлдэж л байна. Үзэгчийн нүдээр харахад эд нар маань дунд хэмжээнд л тоглож байгаа.
-Эдгээр тоглогч таны дасгалжуулсан хэд дэх үеийнхэн бэ?
-ХҮДС-ийн хувьд дөрөв дэх үеийнхэн. Харин нийт дасгалжуулсан багийнхан гэвэл олон. Би нийтдээ лигийн АШТ-ий долоо дахь багаа дасгалжуулж байна шүү. “Азийн чоно”, “Угалзын цөөврүүд”, “Монсоник”, “Бизнесийн чөтгөрүүд”, “Азарга”, “Ирвэс”, “Скайтел” гэх мэт багууд.
-Хэдэн түрүү авсан билээ?
-Энэ хугацаанд гурван удаа түрүүлж, гурван удаа мөнгөн медаль авсан.
-Дасгалжуулагчаар хэдэн жил ажиллав? Анхны баг тань...
-1983 онд анх 13-р дунд сургуулийн дасгалжуулагч багшаар эхэлсэн түүхтэй. Үүний дараа Сүхбаатарын район, “Хоршоолол”, анхны сагсан бөмбөгийн төв клуб болох “Алтан од”-д дасгалжуулагч хийсэн. Түүнээс хойш лигийг багуудтай ажиллаж байгаа. Харин ХҮДС-д 1998 оноос ажиллаж байна.
-Таны шавь нараас олон мастер төрсөн биз?
-ХҮДС-иас 1998-2004 оны хооронд нийт 13 спортын мастер, 15 дэд мастер төрсөн. Одоогийн хүүхдүүд маань мөн мастерийн болзлоо хангачихсан байгаа.
-Танай багийн дэмжигчид их болжээ?
-Анхны лигийн АШТ-д оролцсон “Азийн чоно” багийн нэгэн адил манай баг залуучуудаас бүрдсэн. Тэр үед Т.Түвшинбаяр дөнгөж 20 настай байлаа. Үзэгчид үргэлж шинэ залуучуудыг шаарддаг. Тиймээс манай залуучуудыг дэмждэг байх. Үнэнийг хэлэхэд монголчууд гурвын шидэлтэд дуртай. Манай багийн хувьд бусад багуудаасаа илүү хувьтай довтолдог. Иймээс хөгжөөн дэмжигчдийг татдаг болов уу.
-Багийнхнаа нэгдүгээр тойргийн аварга болно гэж бодож байв уу?
-Лиг эхлэхээс өмнө аварга болно гэж зорилт тавьсан. Өөрсдөдөө итгэлтэй байж тэмцээнд оролцдог шүү дээ. Гэхдээ миний хувийн баримжаа байсан.
-Лигийн бусад багуудын талаарх таны бодол? Нэг бүрчлэн хариулт өгөхгүй юу?
-Хараагийн харцага: Өмнөх жилийн аварга баг нуруу сайтай. Залуу тоглогчид дээр туршлага хосолсон баг.
Хасын хҮлгҮҮд: Ид амжилт гаргадаг насандаа яваа. Хамгаалалт, довтолгоо аль аль талдаа сайн. Мөн хурдан довтолгоо сайтай. Ур чадвар нь жигдэрч яваа залуучууд.
УурхайЧин: Туршлагатай тоглогч олонтой. Лигийн эхэнд бэлтгэл тааруу байсан ч явцын дунд сайжирч байгаа.
Шаркс: Нуруулаг тоглогчидтой өдрөөс өдөрт туршлага сууж байгаа.
Лидер: Харьцангуй залуу баг. Олон багаас нэгдсэн учир эхэндээ нэгнийгээ ойлголцоогүй. Сүүлийн үед ойлголцож байгаа. Энэ нь сүүлийн тоглолтуудад харагдаж байна.
ХаллелуЯа: “Лидер”-ийн нэгэн адил олон газраас цугласан тоглогчидтой. Тоглогчдын нуруу харьцангуй намхан.
-Плей-оффт аль баг шалгарах бол...
-”Хараагийн харцага”, “Хасын хүлгүүд” шалгарчихна. Манайх энэ чигээрээ явбал плей-оффт орох байх. ШУТИС, “Уурхайчин” багуудын гуравдугаар тойргийн тоглолт их юм шийдэх байх. Тэдний аль хожсон нь плей-оффт шалгарах боломжтой.
-Таны тамирчдадаа тавьдаг шаардлага юу вэ?
-Дасгалжуулагчийн хувьд миний баримталдаг зүйл тамирчин хүн нэгдүгээрт авьяастай байх ёстой. Мөн бие бялдар, сахилга бат, уйгагүй бэлтгэл хийдэг байх. Хамгийн гол нь өөрийнхөө чадварыг ахиулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байхыг шаарддаг. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандахыг хүсдэг.
-Та шигшээ багшийн дасгалжуулагч Пак Сөн Кюний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хамт ажиллаж байгаагүй учир төдийлэн сайн мэдэхгүй. Хөндлөнгөөс харахад их хөдөлмөрч хүн юм билээ. Хамгаалалт дээр түлхүү анхаардаг. Хамгийн гол нь 40 минутын турш тамирчдаа эрчимтэй тоглуулдаг.
-Та ямар “школ”-оор баг тамирчдаа тоглуулахыг боддог вэ?
-Сагсан бөмбөгт ази, европ, америк арга барил гэж бий. Сүүлд өмнөд америкчууд бас нэг өөр арга барилаар тоглоод байгаа. Миний хувьд эдгээрийн сайн талуудыг л тамирчдадаа заахыг боддог.
-Сагсан бөмбөгийн тухай ном гаргахыг боддог уу?
-Өөрийнхөө олж мэдсэн зүйлээрээ ном гаргая гэж боддог л юм. Ачаалалтай ажилладаг учраас амжихгүй л байна.
http://www.mongolnews.mn