21 дүгээр зууны эхний 10 жилийн аваргалж чадаагүй 10 шилдэг багШинэ улирал эхлэж байгаатай холбоотой нэг бичлэг оруулчихъя. Энэ улиралд түрүүлэх магадлалтай хэд хэдэн баг байгаа ч яг тэр нь гээд хэлчихэд хэцүү. Улирал эхлэхэд энэ жил түрүүлэх боломжтой гэж яригдаж байсан, улирлыг ч амжилттай дуусгасан боловч харамсалтайгаар бөгжөө алдах тохиолдол бишгүй. Ингээд 21 дүгээр зууны эхний 10 жилийн тухайн жилдээ түрүүлж чадаагүй шилдэг 10 багийг танилцуулъя.
10. Miami Heat, 2004-05
Шакийн багт ирсэн анхны улирал, Вэйдийн 2 дахь жил буюу ноёрхлоо эхлүүлсэн улирал. Тэд Стэн Ван Гандигийн удирдлага дор улиралд 59 ялалт байгуулсан. Лигт хамгаалалтаараа 6-д, довтолгоогоороо 5-т эрэмбэлэгдсэн. Дэмон Жонес, Эдди Жонес, Кристиан Леаттнер, Удониз Хаслем гээд бүгд л сайн тоглоцгоож байлаа.
Харамсалтай нь бүсийн аваргын 7 дахь тоглолтод Вэйд гэмтсэнээр (Шак ч бага зэргийн гэмтэлтэй байсан) Детройтод хожигдсон. Пэт Райли дараа жил нь Антойн Уолкер, Жэсон Уиллиамс, Жэймс Пози зэрэг тоглогчдоор багаа хүчирхэгжүүлснээр 2006 онд баг нь түрүүлсэн.
9. Detroit Pistons, 2005-06
Ларри Брауны үед хамгаалалтаараа 3-т бичигддэг байсан багийг Флип Саундерс 5 руу унагаасан ч 17-т байсан довтолгоог 4 рүү үсэртэл сайжруулж чадсан юм. Тэднийг 3 сар хүртэл 70 хожил авах боломжтой гэж ярьж байсан ч 49-9 амжилттай байсан баг нь 4 сараас 17 хожиж 9 хожигдсоноор боломжгүй болсон.
Улирлын төгсгөлийг муу хийсэн Детройтчууд ПО-ийн эхний тойрогт Милваукий Бакс тэгээд Кливеландыг хожсон ч бүсийн аваргын төлөө тоглолтод Миамид 4-2-оор хожигдсон юм. Миами 4 хожлынхоо 3-ийг нь 10+ онооны зөрүүтэй хожсон гэхээр хэр илүүрхсэн нь ойлгомжтой.
2004-05, 2007-08 оны Детройт Пистон ч бас л азгүй байсан.
8. Phoenix Suns, 2004-05
Тэд хамгаалалтын үр нөлөөгөөрөө лигт 17-т жагсаж байсан ч довтолгоогоороо түүнийгээ нөхөж байсан гэхэд болно. Чөлөөт агентаас авсан Стив Нэшээр ахлуулсан баг лигийг довтолгоогоороо тэргүүлж байсан юм. Тэд 110 оноо дунджилж улирлыг 62-20 амжилттай дуусгасан. Тэр эрчээрээ ПО-ийн эхний тойрогт Мемфисийг шүүрдэж, Далласыг 4:2-оор хожсон ч бүсийн аваргын төлөө тоглолтод Спөрст 4:1-ээр хожигдсон. 40 минут тоглож 18.3 оноо дунджилж байсан Жое Жонсон гэмтлийн улмаас цувралын эхний 2 тоглолтод оролцоогүй. Хэдийгээр Жим Жэксон Жонсонг сайн орлож байсан ч баг нь 7, 3, 10, 6 онооны зөрүүтэй хожигдсон юм. Тэднийг хожсон Спөрсчүүд Детройтыг хожсоноор түрүүлсэн түүхтэй.
7. Minnesota Timberwolves, 2003-04
Кевин Гарнеттийн цорын ганц улирлын МВП болсон жил. Хэдийгээр их гурвал гэж нэрлэгдээгүй ч Гарнеттаас гадна Лэтрелл Спревелл, Сэм Кассел нар гайхалтай байсан. Спревелл 16.8 оноо, Касселл 19.8 оноо, 7.3 о.д дунджилж байсан бол Гарнетт 24 оноо, 14 самбар, 5 о.д, 1.5 бөмбөг таслалт, 2.2 блок. Дээр нь мэдээж хамгаалалт гайхалтай байсан багийг түрүүлнэ гэж олон хүн итгэж байсан. Гэвч дахиад л өнөөх бэртэл. Улирлын дууссаны дараа Кассел бэртсэнээр тэдний мөрөөдөл үгүй болсон гэхэд болно. Тэд бүсийнхээ финал хүртэл явж чадсан ч Кассел бэртлийн улмаас өөрийн тоглолтоо бүрэн гаргаж чадалгүй байсаар Лэйкерст хожигдсон юм. ПО-ийн 2 дугаар шатны 7 дахь тоглолтод Сакраментогийн эсрэг Гарнетт 32 оноо, 21 самбар, 5 блок, 4 бөмбөг таслалт, 2 о.д тэмдэглүүлсэн нь бүх цаг үеийн хамгийн шилдэг гүйцэтгэлүүдийн нэг байлаа.
6. Los Angeles Lakers, 2003-04
Цаасан дээр бол бүх цаг үеийн хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Гэри Пэйтон, Карл Мэлоун, Шакил Онил, Коби Брайнт. Бүх оддын тоглолт үзэж байна уу гэмээр. Харамсалтай нь багт дахиад л асуудал бий болсон. Энэ удаад гэмтэл бэртэл биш. Харин Кобигийн хууль, шүүхийн асуудал. Коби улирлын турш сэтгэл санааны асуудалтай байсан нь багийн амжилтыг хойш татсан. Тэр багийн дасгалжуулагчид, тоглогчидтой бараг л харьцдаггүй байснаар талбай дээр ойлголцдоггүй, хувиа хичээсэн гэмээр тоглолт үзүүлж байлаа. Дээр нь Пэйтон довтолгоонд нэмэргүй, Шакил гэмтэлтэй байсан бол ганц асуудалгүй тоглогч нь Мэлоун л байсан юм. Эцэст нь финалд Детройтод хожигдсоныг бүгд мэдэж байгаа.
5. Dallas Mavericks, 2006-07
Тухайн жилийн гол фаворит баг. Улирлыг 4 хожигдлоор эхлүүлсэн ч түүнээс хойш 67 хожил 11хэн хожигдсоноор дуусгасан, мөн Дирк МВП болсон. Хэдийгээр ийнхүү бүсээ тэргүүлсэн ч 8-аар гарсан Голден Стэйтэд 4:2-оор хожигдсон. Тэд өмнөх 2 улиралд нь дайчидтай 7 тоглоход ганцхан хожсон байсан нь тоглолт таардаггүй байсныг харуулна.
4. Portland Trail Blazers, 1999-00
Ямар нэгэн бэртэл гэмтэл, өөр бусад асуудалгүй байсан ч түрүүлж чадаагүй. Улирлыг 59-23 амжилттай дуусгаж, бүсийн аваргын төлөө гарч ирсэн ч Лэйкерст 7 тоглолтын эцэст хожигдсон. 7 дахь тоглолтод дөрөвдүгээр үеийг 15 онооны давамгайллаар эхлүүлсэн ч Лэйкерс эргэн ирэлтийг хийж Брайн Шоу-ийн гайхалтай 3 онооны ачаар Портлэндийг мулталсан юм.
3. San Antonio Spurs, 2003-04
Лэйкерст 2001 оны ПО-т шүүрдүүлж, 2002 онд 4:1-ээр хожигдсон Спөрс 2003 онд хариугаа аван улмаар түрүүлж, 2004 онд дахиад л таарсан юм. Эхний 4 тоглолтод 2 2 хожоод байсан багуудад 5 дахь тоглолт маш чухал байлаа. 5 дахь тоглолтын цаг дуусахад 0.4 секунд үлдээд байхад Спөрс 73:72 харьцаатай хожиж байсан ч Фишерийн "драм" хожлыг нь хулгайлж улмаар 6 дахь тоглолтод хожигдсоноор ПО-ыг дуусгасан юм.
2. Sacramento Kings, 2001-02
Тэд бөгж зүүх гавъяатай баг байсан юм. Сакраментогийн 7 тоглогч 10+ оноо дунджилж байсны дотор Веббер, Пежа нар 20 гаран оноо авч байсан гэхээр ямар гайхалтай довтолгоотой баг байсан нь ойлгомжтой. Хамгаалалт ч түүнээсээ дутахгүй байсан бөгөөд хамгаалалтын үр нөлөөгөөрөө лигт 6-т бичигдэж байлаа. Тэр ч утгаараа улирлыг 61-21 амжилттайгаар тэргүүлж, гэртээ 42 тоглосны 36-т нь хожоод байлаа. Гэвч бүсийн аваргын төлөө Лэйкерстэй 7 тоглолт хийж хожигдсон юм. 6 дахь тоглолтод шүүгчдийн алдаанаас болж хожигдсон хэмээн одоо ч маргаантай байдаг бол 4 дэх тоглолтод В.Дивацийн бүтэлгүйтэл, Роберт Орригийн 3 оноо хожигдолд хүргэсэн.
1. Cleveland Cavaliers, 2008-09
Морьтон цэргүүд улирлыг 66-16 амжилттайгаар тэргүүлж багийнхаа, гэртээ 39-2 амжилт үзүүлж НБА-ийн рекорд тогтоосон юм. Багуудыг дунджаар 8.9 онооны зөрүүтэй хожиж байсан нь алдарт Чикаго Буллзтэй бараг л адил үзүүлэлт бөгөөд өөр дээр нь бичигдэх баг байхгүй. Дасгалжуулагч Майк Браун нь шилдэг дасгалжуулагч болсон бол Леброн Жэймс МВП. Улмаар ПО-т эхлээд Детройтыг, дараа нь Миамиг хожиж гарч ирсэн Атлантаг шүүрдсэн нь багийн хувьд ПО-д 8 дараалж хожсон анхны тохиолдол. Детройтийг гэхэд л бүх 4 тоглолтод 10+ оноогоор хожсон гэхээр үнэхээр хүчирхэг байсан гэдгийг нь илтгэнэ. Харамсалтай нь тэд ПО-ийг оролцуулаад 90 тоглолтынхоо 74-т нь хожсоны эцэст бүсийн аваргын төлөө Орландотой 6 тоглолт хийж хожигдсон юм.