by Nomer 10 » Sun Aug 12, 2007 12:20 am
Шагдарын ЧАНРАВ
(2007.08.11)
(1948-2007)
Монгол Улсын анхны Дэлхийн аварга бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Шагдарын Чанрав хүнд өвчний улмаас 2007 оны 08-р сарын 10-ны өдөр нас нөгчиж, Монголын спортод хүнд гарз учирлаа.
Ш.Чанрав 1948 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутаг Хонгорын Улаантолгой гэдэг газар төржээ. Тэрбээр МБАТ-ий спартакиад, УАШТ-д удаа дараа аваргалж, 1973 онд Монголын бөхчүүдээс самбо бөхийн Дэлхийн аваргын анхны алтан медалийг хүртсэн юм.
Ш.Чанрав 1974 онд самбо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 1975 онд жү-до бөхийн ДАШТ-д шагналт байрт шалгаран, 1976 оны Монреалийн олимпод оролцсоны дээр самбо, жүдо барилдааны олон улсын “Интернационал” тэмцээнд тус бүр 2 удаа түрүүлж, Тбилисийн жү-до бөхийн “А” зэрэглэлийн тэмцээний анхны мөнгөн медалийг хүртэн, олон улсын нэр хүндтэй томоохон тэмцээнүүдээс нийтдээ 30-аад алт, мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан Монголын гарамгай тамирчдын нэг байлаа.
Ш.Чанрав нь 1978 онд УБДС-ийг багш-дасгалжуулагч мэргэжлээр төгсөн, 1978-1985 онд самбо, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 1985-1999 онд Ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд түүний шавь нараас самбо, жүдо бөхөөр олимп, дэлхийн аваргын медальтнууд 5 төрөн гарсан байна.
Тэрбээр 1977 оноос өнөөг хүртэл Улсын баяр наадам, Цагаан сарын болон бусад үндэсний бөхийн барилдаануудыг радио, телевизээр тайлбарлаж, олон түмний гүн талархлыг хүлээсэн шилдэг тайлбарлагч, үндэсний болон самбо, жүдо бөхийг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан бөхийн нэрт зүтгэлтэн байв.
Ш.Чанравын спортын амжилтыг Монголын төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин цол, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”, “Радио, телевизийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг зэрэг шагналуудаар шагнажээ.
Түүний эгэл даруу, хүнлэг, энэрэнгүй зан төрх, цуцашгүй хөдөлмөрч чанар, дундаршгүй их авьяас, Монголын төлөө, бөхийн спортын төлөө цохилсон зүрх сэтгэл нь хөх тэнгэрийн дор мөнх орших болно.
Таны гэгээн дүр, гэрэлт амьдралын замнал, монгол түмний сэтгэл зүрхэнд оршсон эгэл, эгнэшгүй зан төлөв, Монголын спортод оруулсан хүндтэй гавьяаг бид ямагт бахархан дээдлэх болно.
Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, ах дүү анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Н.ЭНХБАЯР, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, М.ЭНХБОЛД, Д.ТУЯА, Ө.ЭНХТҮВШИН, Г.ЗАНДАНШАТАР, Б.БАТ-ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА, Ц.ЖАРГАЛ, Ц.ШИЙРЭВДАМБА, Ж.ГАНХҮЛЭГ, П.ЗОРИГТБААТАР, Ч.НАРАНБААТАР, Д.ЗАГДСҮРЭН
Өнөөдөр сонин.
Hup Holland Hup