Улбар шар"-ын дундаршгүй авьяас
Ирэх зуны солилцоо наймааны зах дээр түүний нэр хамгийн анх сонсогдох болов уу. “Аякс”-ын авьяаслаг довтлогчийн төлөө дайнд “Ливерпуль”, “МЮ”, “Ньюкасл”, “Ювентус”, “Арсенал”, “Лион”, “Валенси” зэрэг баян, нэр алдартай клубүүд нэгдээд байна. Хар залуугаасаа авьяас нь тодорчихсон, гоолын жинхэнэ машин түүнийг авахын төлөө эдгээр багууд ил, далд тэмцэл өрнүүлээд эхэлчихсэн нь нууц биш.
Эрхэм уншигч та хэний тухай яриад байгааг бараг гадарласан байх. Энэ бол ирээдүйд Нистелройгийн шийрийг хатаах супер довтлогч болно хэмээн үнэлэгдэж буй Голландын залуу од Ян Клаас Хунтелаар юм. Жинхэнэ довтлогч хүнд байх бие бялдартай (183 см өндөр, 78 кг жинтэй) тэр нутагтаа тоглосон дөрвөн жилийн хугацаанд 168 тоглолтод гарахдаа 120 гаруй гоол оруулаад байгаа билээ.
Түүний толгой эргэм өндөр амжилт өдгөө олныг тэгтлээ гайхашруулахаа больжээ. Хунтелаар 1983 оны наймдугаар сарын 12-нд Голландын өмнө зүгт орших Дремпт хэмээх жижигхэн тосгонд төржээ. Хөлбөмбөгт төрөлхийн сонирхолтой эцэг нь хүүгээ “Аякс”-ын гол дайсан “ПСВ Эйндховен” багийн хүүхдийн сургуульд оруулав.
Хүү өдөр хоногоор бие бялдар, ур чадвараа нэмэгдүүлж байсан ч Голландын хамгийн алдартай багийн нэгэнд тоглоход арай л балчир байв. Тиймээс 2002 онд Яныг доод лигийн “Де Трааф” багт зээлдүүлэв. Энэ улиралд залуу довтлогч 10 тоглолтод оролцсон ч нэг ч гоол оруулсангүй. Тиймээс дараагийн улиралд буйр сэлгэн мөн л доод дивизионы “АГОВВ” багт хүрэлцэн ирсэн нь ирээдүйн амьдралыг шийдэх чухал алхам болжээ. Тэр жилдээ 26 гоол оруулж, олны анхаарлыг татлаа.
Доод лигийн шинэ авьяастныг тэр дор нь “Хееренвен” баг худалдан авсан юм. Ингээд хүү төрөлх “ПСВ” багтаа ганцхан тоглолт хийсэн үзүүлэлттэйгээр “Хееренвен”-ий өмч болжээ. Доод лигт гялалзаж байсан түүнийг томчуудын эгнээнд орж ирээд яаж тоглох бол гэж олон хүн сонирхож байсан ч тэр ажирсангүй. Эхний улиралд 20 гоол, харин удаах хагас улиралд 21 тоглолт, 21 гоол. Ур чадвараа хангалттай таниулсан Хунтелаар энэ удаад том багийн хараанд өртөж, өвлийн солилцоогоор Амстердамын “Аякс”-ыг зорилоо.
Түүнийг авахын тулд “Аякс” 9 сая евро зарлагадсан нь нийслэлийн багийн хувьд дээд амжилт байв. Хэдийгээр тэр үед “Фейеноорд”, “Хамбург” зэрэг баг түүнийг ангуучилж байсан ч өөрөө “Аякс”-ын баялаг түүхэн уламжлалыг хүндэтгэн сонголтоо хийжээ. Ер нь “Аякс”-т очсон 2006 он түүний хувьд тун амжилттай өндөрлөсөн. Улирлын эхний хагаст 21 гоол хийсэн амжилтаа “Аякс”-т үргэлжлүүлж, 25 тоглолтод 24 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаалаа. Тэр улиралд лигийн тоглолтод 33 гоол оруулж, шилдэг мэргэн бууч болсон юм. Гэвч амжилт, ялалтаар дүүрэн байсан түүнд шигшээ багийнхаа өмнөөс ДАШТ-д оролцох хувь дутав. Дасгалжуулагч М.Ван Бастен Нистелрой, Ван Перси, Кюйт нарыг түүнээс дээрд үзжээ.
Харин ДАШТ-ий дараа наймдугаар сард Ирландтай хийсэн нөхөрсөг тоглолтод Хунтелаарыг анх дуудахад жинхэнэ юу чаддагаа үзүүлж, дасгалжуулагчийг амаа барихад хүргэсэн удаатай. Түүний хийсэн хоёр гоол, хоёр дамжуулалтын ачаар Голландын шигшээ өрсөлдөгчөө 4:0-ээр бут ниргэсэн юм. Хэрвээ түүний нэг гоолыг шүүгч отон тоглолт хэмээн буруу хараагүй бол шигшээ багтаа хийсэн эхний тоглолтдоо л хет-трик хийх байлаа.
Шинэ улирал эхэлснээс хойш тэр урьдын адил гоолыг олноор нь хийсээр байгаа. Энэ жил 39 тоглолтод оролцохдоо 28 гоол (үүнээс лигт 17) хийсэн нь үүний нотолгоо. Хамгийн сүүлд “Аякс” лигийг тэргүүлж буй “ПСВ”-гийн талбайд зочлон 5:1-ээр буулгаж авахад Хунтелаар хоёр гоолоор тус хүргэсэн билээ. Европын том багууд юуны учир түүнийг авахаар амиа тавин хөөцөлдөж байгаа нь зүйн хэрэг. Ийм авьяаслаг залуу тун удалгүй буйр сэлгэж, Европыг байлдан дагуулах аянаа эхлэх биз ээ.
http://www.mongolnews.mn