Арслангийн зүрхт Карлос Пуйоль
Амжилт
Испанийн аварга 2004-2005, 2005-2006
Аваргуудын лигийн аварга-2005-2006
Испанийн супер цом-2005-2006, 2006-2007
2000 оны Сиднейн олимпийн мөнгөн медаль
“Барселона” багт 1999 оноос хойш 227 тоглолтод оролцож, 4 гоол оруулсан. Испанийн шигшээд 54 тоглолт хийж, нэг гоол оруулаад байна
Амжилт, ялалтаар бялхаж байгаа “Барселона” багийн хамгийн гол хүн хэн бэ? Роналдиньо, Это`О, Деку магадгүй Месси юу. Эдгээр тоглогчид маргаангүй тус багийн гол хөдөлгөгч хүч болсоор яваа. Гэхдээ өнөөгийн “Барса”-г багийн ахлагч Карлос Пуйольгүйгээр төсөөлөхийн аргагүй. Орчин үеийн хөлбөмбөгийн шилдэг хамгаалагч, “Барселона”-гийн амьд бэлгэ тэмдэг болсон энэ хүнийг бид хэр мэддэг билээ? Хэрвээ бүх хөлбөмбөгчид яг л Карлос шиг өөрийн үүргээ ухамсарладаг бол дасгалжуулагч гэж байхын хэрэггүй” гэсэн Франк Райкаардын үг түүнийг бага ч болов тодотгох байх.
Cor de Lley
Түүнд цөөнгүй хоч бий. Эв хавгүй урт үснээс нь болж “Тарзан” хэмээн нэрлэнэ. Мөн багийн ахлагчийн туузыг зүүж, хамт олноо удирддаг болохоор нь Capita (Каталонаар толгой гэсэн үг) гэсэн хочтой. Гэхдээ эдгээрээс хамгийн алдартай нь Cor de Lley буюу “Арслангийн зүрх” юм. “Тэр яг л арслан шиг зоригтой, мөн үнэнч шударга хүн” хэмээн олон жил хамтран зүтгэж буй Хави Эрнандес өгүүлж байна.
Карлос Пуйоль Сафоркада 1978 оны дөрөвдүгээр сарын 13-нд Каталоны Побла де Сегур хэмээх жижиг хотноо зам засварын ажилчны гэрт төржээ. Түүний гэрийн хажууханд нь “Барселона” багийн хөлбөмбөгийн сургууль байсан нь хүүг ширэн бөмбөгтэй нөхөрлөхөд том түлхэц болсон байна.
“Барса”-гийн ирээдүйн ахлагч маань эхэн үедээ тоглох байрлалаа олох гэж чамгүй тэвджээ. Өнөөгийн төвийн хамгаалагчийн байрлалаа олохоос өмнө Карлос баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байв. Өөрийн ээлжээ чимээгүйхэн хүлээж суусан даруухан хүүг хожим Каталоны алдарт багийн түүхэнд үлдэх тоглогч болно гэдгийг хэн ч төсөөлсөнгүй. Баг байгуулагдсан 1899 оноос хойш өнөөг хүртэлх тоглогчдоос бүх цаг үеийн шилдэг 11-ийг тодруулахад Карлос багтсан нь түүний нэр хүндийн илэрхийлэл болох биз ээ.
1997 оны намар Пуйоль “Барса”-гийн бүрэлдэхүүнд тоглох урилыг хүлээж авлаа. Гэвч Аваргуудын лигийн тэр нэгэн тоглолтод Валерий Лобановскийн “Динамо Киев” нутаг дээрээ Каталоны алдарт багийг 4:0-ээр бут ниргэж, Шевченко хет-трик хийжээ. Мэдээж хэрэг Пуйоль талбайд гарсангүй, нөөцийн сандлаас багаа хэрхэн хожигдохыг гунигтай харан суулаа. Ийнхүү 19 настайдаа үндсэн бүрэлдэхүүнд багтах хүсэл нь хийсэн одов. Үүнээс хойш тэр багийнхаа хувцсыг өмсөх мөчийг хоёр жил хүлээжээ. Луи Ван Галийг удирдаж байх үеийн “Барса”-д баруун жигүүрээр Райцигер, зүүн жигүүрээр Серхи тоглодог байлаа. 1999 оны улиралд “Вальядолид” багтай хийсэн тоглолтын үеэр Райцигер хоёр дахь шар хуудсаа хүртчихлээ.
Сандарсан Луид манай гол баатрыг талбайд гаргахаас өөр арга байсангүй. Пуйоль талбайд гараад олныг алмайртал сайн тоглоогүй ч бас тийм ч муу байсангүй. Үүний дараа “Реал”-тай хийсэн тоглолтын үеэр Серхи хүнд гэмтэл авсан тул Пуйоль үндсэн бүрэлдэхүүнд тоглох боллоо. “Авьяаслаг залуу юм. Тэр надад таалагдаж байна. Тиймээс бэлтгэлээ л сайн хийвэл багийн үүд хаалга түүний өмнө нээлттэй” хэмээн Луи Ван Галь тэр үед өгүүлж байжээ. Улирлын төгсгөл гэхэд каталон залуу Райцигерийг шахан үндсэн багийн бүрэн эрхт гишүүн болсон байлаа. Ийнхүү балиашгууд “БарсаАякс”-ын (тэр үеийн “Барселона”-д Голландын олон тоглогч байсан тул ийн нэрлэдэг байв) бас нэгэн легионер бус, өөрийн нутгийн авьяаслаг залууг харах болсон юм.
Бүх зүйл ном журмын дагуу явагдаж байлаа. Карлос багийнхаа тоглолт бүрт оролцож, тэр ч байтугай Испанийн шигшээд багтан Сиднейн олимпоос мөнгөн медаль авчрав. Гэвч үлгэр ингээд амар сайхандаа жаргах учиргүй байж. Тамирчин хүний хамгийн гол дайсан болох гэмтэл түүнийг тойрсонгүй. Өвдөгний хүнд гэмтлээс болж Карлос хагас жил талбайд гарсангүй. Яг энэ үед “Барса”-гийн дасгалжуулагч солигдож, Лоренцо Серра Феррер ирсэн байлаа. Шинэ дасгалжуулагч ажлаа хүлээж аваад удалгүй “Энэ тоглогч надад хэрэггүй” гэж мэдэгдсэн нь түүний амьдралыг бүрхэг болгожээ. Залуу хамгаалагчийг өөр багт, тухайлбал “Реал”-д худалдах тухай яриа сонсогдож байв. Гэхдээ Л.Фигугийн шилжилт ямар том хэрэг мандуулсныг мэдэж байсан болохоор багийн удирдлагууд арай ч ингэж зүрхэлсэнгүй. Энэ эгзэгтэй мөчид шигшээ багийн дасгалжуулагч Камачо түүнийг дуудсан нь залуу хамгаалагчид үл итгэгчдийг амаа барихад хүргэсэн юм.
Удалгүй Серра Феррер ч халагдаж, Луи ван Галь дахин “Барса”-г удирдах боллоо. Голланд эр “Тарзан”-д урьд өмнө тусалж байсан шигээ энэ удаа ч тус болов. Дахин ирсэн голланд дасгалжуулагч Пуйолийг төвийн хамгаалалтын байрлалд авчирсан нь нүдээ олсон хэрэг байлаа. “Би бага байхын л янз бүрийн байрлалд тоглож үзсэн. Гэхдээ надад хаалгачид ойр, арын бүсэд тоглох нь илүү таалагддаг” хэмээн тэр өгүүлсэн. Пуйоль зөвхөн хамгаалаад байсангүй, тоглолтод ч идэвхтэй оролцоно. Ямартай ч улирал бүрт 5-7 оновчтой дамжуулалт өгчихдөг байв. “Түүний дамжуулалтууд ухаалаг, оновчтой байдаг. Би түүний ачаар арав гаруй гоол оруулсан байх” хэмээн “Барса”-гийн лидерүүдийн нэг Патрик Клюйверт үнэлж байсан юм. 2003 онд баг шинэ ахлагчаа сонгоход олонхийн санал Пуйоль дээр тогтжээ. Энэ мөчөөс хойш “арслангийн зүрхт хамгаалагч” маань багийн ахлагчийн үүргээ нэр төртэй биелүүлсээр явна.
Хувийн амьдрал
Пуйоль хөлбөмбөгийн талбай дээрх шигээ хувийн амьдралдаа ч үлгэр жишээ гэрийн эзэн. Түүний эхнэрийг Агнесс гэх бөгөөд тэд Марина охинтой. Охин нь аавтайгаа хамт дэлгүүр хэсэх туйлын дуртай гэнэ.
Харамсалтай нь өнгөрөгч оны намар түүний гэр бүлд уй гашуу тохиолдож, эцэг Хосеп нь 57 настайдаа зуурдаар нас нөгчжээ. Засмал зам тавьж байсан эцэг Пуйолийг трактор мөргөж хүнд гэмтээсэн юм. Эмч нар чадах бүхнээ хийсэн боловч засал авсангүй, эмнэлэг орох замдаа Хосеп таалал төгсчээ. Энэ явдал Карлост том цохилт боллоо.
“Ийм хүнд ажил битгий хий гэж би түүнд бараг зуун удаа хэлсэн байх. Би хангалттай мөнгө олж байна, тиймээс засмал зам тавилгүйгээр бид хангалуун амьдарч чадна гэж хэлдэг байлаа. Гэвч эцэг маань миний үгийг сонсохыг хүсээгүй. Тэр ажилдаа дэндүү дуртай байлаа” хэмээн Пуйоль харамсангуй өгүүлж байсан билээ. Гэхдээ Хосеп Пуйоль хайртай хүүгийнхээ Испанийн лиг, Аваргуудын лигт түрүүлж, алдар хүндийн оргилд хүрэхийг харсан болохоор санаа амар бурхны оронд заларсан биз ээ.
Таван цагариг сонин