НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Toba's » Fri Sep 30, 2011 4:01 pm

Гончигдамбын сумын манай найз ярьж байсан аав нь их сайн хүн баян ч хүн байдаг гэж. Намайг энэ зун Завханы Их-Уулд найзындаа очихоос өмнө мялаалгаа хийгээд орсон айл болгон нутгийн ард олондоо баярлалаа гэсэн бичигтэй аяганд цай хийж өгөөд байсан. Хэ хэ би найзаасаа танай сумынхан Гончигдамбаа начин болгох гээд айл болгон найрааны мөнгө өгсиймүү гэсэн харин аав нь нэр хүндтэй сайн хүн байдаг хүнээс гуйхгүй аргалчихаар гэж байналээ өөрөө ч угаасаа сайн начин л даа.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Адмирал » Mon Oct 03, 2011 2:17 pm

Сумьяа аваргатай хийсэн сайхан ярилцлага байна...

-Миний бодлоор, таны хамгийн сайхан дурсамж, баяр бахдал Үндсний бөх дээрээ байдаг байх аа. Тийм үү?

-Өө, тэгэлгүй яахав. 1988 онд анх Улсын баяр наадмын өсвөрийн 64 бөхөд барилдаж түрүүлээд үндэсний бөхийн гараагаа эхэлж байсан. Тэгээд 2008 он хүртэл 20 жил барилджээ. Хүний амьдралын 20 жилийн хугацаа гэдэг бол бас л том тоо шүү.

-Цэнгэлдэхэд дүүрэн суусан хүмүүс, 30 гаруй мянган хүн байгаа шүү дээ. Тэр аяараа орилоод л, “Аварга, аварга” гэж уухайлж байхад... Тэр бол гайхашигтай биз. Яг тэр үеийнхээ сэтгэгдлээс эргээд нэг дурсаач?

/Сурвалжлагч: Сумъяа аварга сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг, бас ч өөрийгөө нээж чаддаг хүн юм билээ. Харин энэ асуулт түүнийг анх удаа нүдээ аньж, хэсэг зуур чимээгүй суухад хүргэснийг бодоход аргагүй том орон зайг энэ хүний оюун санаа, сэтгэл зүрхэнд эзэлдэг нь илэрхий. Ингээд хагас минут хэртэй нүдээ аньж, инээвхийлээд аварга маань цааш ярьсан юм/

-Тэр бол сэтгэл ханамжийн дээд хэлбэр. Өөр юу гэж ч хэлмээр юм. 20, 30 мянган хүний уухайлж байгаа түрлэг гэдэг бол үнэхээр гайхмаар. Хүний дотоод энергийн хүч тэгэж их гарч ирж байхад сэтгэл ханамжийн хамгийн дээд хэлбэрийг л мэдэрч байсан. Би өмнө нь тийм мэдрэмж авч байгаагүй. Тэр бол ард түмний тэгэж их хүсэн хүлээсэн сэтгэл, хайр байсан гэдгийг мэдрэх тусам гайхалтай. Тэр үеийг бол яг тийм гэж үгээр илэрхийлэх аргагүй юмаа.

-Гэхдээ тэр уухай бол одоо ч чихэнд сонсогдож байгаа даа?

-Би хэлж байна шүү дээ. Дахин давтагдахгүй ээ, гэж.

Үргэлжлэл
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Барнаба » Mon Oct 03, 2011 7:03 pm

Сайхан ярилцлага байна... Сумьяа бас дахиад барилдахгүй гэж...

Бат-Эрдэнэ аварга санаачлаад, удирдаад явбал араас нь Сүхбат, Өсөхбаяр, би гээд дэмжинэ... гэж...
Ер нь хараад байхнээ шинэчлэл хийх хэрэгтэй, ёстой гэдэг нь бодитой зүйл болоход нилээн дөхөм иржээ гэж бодох боллоо...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Mon Oct 03, 2011 10:02 pm

Тэр зодог тайлах тухай ямар сонин юм ярьчихаа вэ?

Ер нь үндэсний бөхөд зодог тайлна гэж тийм уламжлал, ёслол байсныг би мэдэхгүй юм.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby uuganaa_2491 » Mon Oct 03, 2011 10:59 pm

Их Монгол гуай лав зодог тайлж байсан тухай бодит мэдээ байдаг. Сумьяа нутгийнхаа аваргийн энэ түүхийг мэдэдгүйн байхдаа.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Gunnerz » Tue Oct 04, 2011 1:34 pm

Санжаагийн ярилцлага өглөөний сонин дээр байна
их л бөөрөнхийлж ярьдаг нөхөр байна
гэж сурвалжлага авсан хүүхэн хов жив ярьсан балай хүүхэн байна олигтой юм асуухгүй
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby spain man » Wed Oct 05, 2011 12:12 pm

Би засуул Гомбосүрэн гуайтай удахгүй уулзалдах байх...

Манайхан нэг асуултууд бэлдэх үү? Сонирхсон зүйлдээ хариулт авцгаая...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Wed Oct 05, 2011 4:22 pm

настай хүн мөн үү? наадмын өмнө БиТВ-р ярилцлагад ороод байсан, хур их дурсамж тээж яваа хүн бна лээ дээ. 50 жилийн Цэрэн аварга Дамдин аварга 2-ийн барилдааныг Цэрэн аварга давсан л гэж ярьж бна лээ, Түвдэн аварга Дамдиан наад өвдөгөө хар гэсэн чинь Дамдин тахимаа өгсөн гэж. Минийх болохоор Дамдин аваргын үс өндөр ургасан өвсөнд хүрээд тэгээд хүмүүс шуугихаар нь өгцийм гэнэ лээ гэж сонссон нь олон юм билээ.
Эсвэл өөр хүн үү? одоо засуул хийдэг хүн үү? хэрэв тийм бол энэ найраа допинг, саяны хэдэн өдөр Жижиг аваргын сэдэвт болсон хэрүүлийн талаар асуувал зүгээр юм уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Тошилоо » Mon Oct 10, 2011 7:50 pm

П.Хашчулуун Өдрийн сонин

Нэгэн цагт миний бие дархан аварга Х.Баянмөнхтэй энгийн сайхан хууч дэлгэж явснаа уншигчдадаа хүргэж байна.

Бөхийн өргөөнд явж байгаад Х.Баянмөнх аваргатай таардаг юм байна. Аварга өргөөн дотор бөхийн сургуулийнхаа оюутнуудыг бэлтгэл хийлгэхээр ирийтэл нь жагсаагаад орж ирсэн юм. Өөрөө өргөөний хоймрын суудалд тухалж аваад хараачилж суух. Энэ ер нь ямар байна, тэр нөхрийн бэлтгэл ер нь ямар байгаа бол гэсэн байдалтай шавь нэг бүр дээрээ хараа тогтоогоод байр байдал нь нухацтай. Дэргэд нь давхиж очоод суулаа. Ингээд их аваргын докторын зэрэг хамгаалсан сэдвийнх нь талаар асууж сураглалаа. Аварга ярьж байна аа, "Үгүй ээ энэ судалгааны ажил хийх гэдэг биеийн хүчний хөдөлмөр голдуу хийж байсан бидэн шиг хүмүүст ярвигтай шүү. Миний судалгааны ажил бол бүтэн 25 жилийн хүч хөдөлмөр. Төлөвлөгөө гаргаж нэгтгэн системтэйгээр цаасан дээр буулган дүгнэлт гаргахын тулд зургаан сар суусан юм. Манайх хөдөө адуу малтай байдаг, би гэрээсээ нэлээн зайдуу нэг жижиг гэр бариулчихаад тэр дотроо юмаа бичдэг байлаа. Их ядарна, бичих дур хүрэхгүй үед нь жаахан айраг уучихаар намрын айрганд халаад унтаж орхино. Тэгж байгаад л босч ирээд бичиж өгнө дөө. Ингэж байж л дэд докторынхоо бүтээлийн ард гарсан даа. Одоо докторын бүтээл дээрээ сууж байна" гэснээр бид хоёрын яриа сэдэрсэн юм.

Би аваргаас асуулаа л даа. "Ингэхэд танд эрдмийн ажил хийх санаа хэдийнээс төрсөн юм бэ" гэж. ... Аварга за байз гэж бодолхийлснээ ... УБИС төгссөний дараахан Москвад нэг мундаг эрдэмтэнтэй таарсан юм (эрдэмтнийхээ нэрийг хэлсэн боловч яриаг таслахгүйн үүднээс лавшруулж асууж чадсангүй.сурв). Тэр хүн намайг бөхийн спортоор судалгаа хий гэлээ. Тухайн үед миний санаанд багтахгүй байсан санагдаж байна. Тэр эрдэмтэн надад хэлэхдээ ... Чи нэг дэвтэр биеэсээ битгий салга. Өөрт ажиглагдсан зүйлээ, шинээр орж ирсэн санаагаа жижиг гэхгүй тэмдэглээд бай. Тэгээд нэг жилийн дараа хоёулаа уулзъя гэдэг юм байна. Тэгээд нэг жилийн дараа Тбилисийн олон улсын тэмцээний үеэр нөгөө хүнтэйгээ уулзах үед миний дэвтэр дээр 500 орчим зүйл тэмдэглэгдсэн байв. Дэвтрээ үзүүлж их ярилцсан. Тэгэхэд тэр эрдэмтэн ... чамд олон сайхан бүтээл хийх боломж байна. Үүнийгээ цааш нь үргэлжлүүл гэсэн дээ. Ингэж л анх судалгааны ажил хийх эхлэл тавигдсан гэснээр аварга амьсгаа авч шавь нарынхаа бэлтгэл рүү анхаарлаа баахан хандууллаа.

Тэгж байснаа Баянаа аварга халааснаасаа дунд зэргийн хар дэвтэр гаргаж ирээд "Өнөөдөр ч би энгэрээсээ дэвтэр салгадаггүй юм. Бие засаад сууж байхад хүртэл янз бүрийн сэдэл санаа орж ирдэг шүү дээ. Тэр бүхнийгээ тэмдэглээд л явдаг юм. Ийм зүйлс тэмдэглэсэн дэвтэр одоо надад 15, 16 орчим бий" гэлээ. Баянаа аварга ярианы дундуур бэлтгэл хийж буй оюутнууддаа тэг ингэ гэсэн заавар зөвлөгөө өгөөд яриагаа үргэлжлүүлж байв. ...Одоо манай хүүхдүүд намайг ганц хоёр зүйл дээр зэмлээд байх юм. Нэгд элдэв бусын эрээн цаас шагайж өөрийгөө ядраагаад гэж. Хоёрт, хэргийг нь хийхгүй байж адуу мал цуглуулж түүнийхээ хойноос өдөр шөнөгүй хөөцөлдөх юм гэсэн ийм хоёр зүйл дээр зэм сонсоод байх болсон доо гэж инээв. Ингээд аварга шавь нар дээрээ буцаад хэсэг төвлөрч юм бодсоноо ... Үгүй энэ Сэлэнгэд нэг айлд орос цусны хольцтой сайн соёолон үрээ байна гэнэ тийшээ нэг явна гэв. Тэгснээ, би ч ер нь нэг тийшээ явах болов л хүүхдүүддээ, гэр орныхондоо хэлэхгүй шүү дээ, шууд л гараад давхичихна. Уул нь манай адуу 300 орчим болоод байсан юм. Даанч маллаж дийлэхгүй 80 орчмыг нь шилж аваад бусдыг нь зарчихсан. Үлдсэн хэдэн адуугаа Гачууртад том хашаан дотор авчраад хашчихсан. Ер нь бөх барилдаад морь уях гэдэг ёстой бүтэхгүй зүйл юм. Үүнийг ч надад дээхнэ үед улсын арслан "хужаа" Чүлтэмсүрэн гуай хэлж л байсан юм гэснээр бид хоёрын адуу малын тухай хоромхон зуурын яриа өндөрлөлөө. Энэ үеэр оюутнуудтай хамт бэлтгэл хийж буй улсын заан Б.Гантогтох, Б.Ганбат (энэ бичлэгт буй бөхчүүдийг тухайн үеийн цолоор нь бичив.сурв) нар дээр нэмэгдэж улсын арслан А.Сүхбат орж ирлээ. Баянаа аварга, Сүхбатыг дуудаж "Бэлтгэл тараад Сеүл ресторан руу багш нартай хамт явна шүү" гэж хэлэх сонсогдов. Аварга, Б.Гантогтох, Б.Ганбат хоёрын барилдааныг хэсэгтээ ажигласнаа ... энэ Гантогтох мөн ч их таргалж байна даа. Лав 125 кг хүрсэн шүү гэсхийн халаглах маягтай болж ирснээ "Яадаг юм бол доо, жин нэмэгдэхээр чинь хөдөлгөөн багасна. Ер нь Гантогтох чинь хүүхэд байхын хашир, харж зогсож байгаад хүний алдаан дээр ажиллачихдаг байсан юм. Миний бага хүү юм шүү дээ. Эрх золиг л доо. Эрх ч гэж дээ би л дэргэдээсээ салгахгүй эрхлүүлчихдэг хүн. Эхнэр хүүхэдтэй болоод байхад нь хүртэл дэргэдээ гурван жил уясан. Сүүлдээ залхсан байх аа" гэж ярих. Тэгж байтал Гантогтохын цаанаас Ганбат заан босч ирэхийг харсан аварга "Бие нь их задарч байна. Анх ирэхдээ туранхай шар хүүхэд ирсэн юм" гээд би чамд Ганбатын тухай нэг зүйл ярья ... анх би Ганбатыг Увсаас авчраад одоо энэ ҮБТДС-ийн захирал Лхагвасүрэн, өөр хэн хэн ч байлаа нэлээн хэдэн хүмүүсийн дэргэд ёстой нэг бөх болох хүүхэд нэгийг авчирлаа гэж хэлэхэд тэд нар энэний бөх болдог ч гэж ...үгүй энэ Баянаа аварга зөнөж байгаа юм байх даа гэж байсан юм. Тэгэхэд Ганбат туранхай, дээр нь нэг муу сөөвийсөн сахалтай шүү ухаантай тийм л нөхөр байлаа (инээв). Үнэндээ ч бөхийн талын байгалиас заяасан жаахан юм ч бий л дээ. Одоо тэгээд бэлтгэл нэг их хийхгүй юм. Бие нь зовиуртай ч байгаа юм уу, энэ Ганбат ч ганц биш сая тэр Бумбаярын бэлтгэл хийхийг нь харахад бөглөрч үхэх гэж байгаа бололтой байна. Ер нь ч тэгээд би одоо эд нарт олон юм хэлэхээ больсон. Өөрснөө мэднэ биз. Олон л захиргаагүй хүмүүс болох нь шиг байна. Өдий зэрэгтэй болцгоолоо. Цолны зах зухаас барилаа, тийм биз дээ хэмээн надаас асууж байв. Харин тэрбээр А.Сүхбатын бэлтгэл хийхийг харзанаснаа "Энэ Сүхбат л формоо бариад бэлтгэл гайгүй хийж байна. Хараад байхад Сүхбат чинь ерөөсөө олон мэх хийгээд байгаа бөх биш юм. Гэхдээ олон мэх мэдэж байна. Харин өрсөлдөгч бөх маань ямар байдалтай надтай барилдаж байна. Хүчний тэнцвэр нь хаашаа байна, хаашаа унаж болох нь вэ. Би өөрөө ямар барилдаан хийх ёстой вэ зэргийг тухайн барилдааны явцад онцгой мэдэрдэг бөх юм. Энэ бол авьяас юм л даа" гэхчлэн тэр бүр хүнд ярьдаггүй унаган шавь нарынхаа нууцыг дэлгэж билээ.

Х.Баянмөнх аварга бид хоёрын энгүүн хууч үүгээр хараахан өндөрлөчихөөгүй юм. Аварга яриагаа үргэлжлүүлж ...Манай бөхийн холбооны 10 жилийн ой арванхоёрдугаар сард болно. Тэр үеэр аварга, арслан, заан, начингууд тус тусдаа баг болж шатрын тэмцээнд оролцох юм байна. Мөөеө, Бат-Эрдэнэ, Балжинням бид дөрөв нэг баг болж оролцоно. Бараг л түрүүлэх биз. Манай Мөөеө чинь шатрын аварга шүү дээ гэснээ ...үгүй энэ Мөөеө бид хоёрын паян гэж дуусахгүй шүү. Би Мөөеөгийн нэг бүтэлгүй авьяасын тухай гоё зүйл ярья. Ингэдэг юм байна. 1960 оны үед Унгарт Мөөеө бид нар тэмцээнд очоод тэндээ бэлтгэлийн заваар Унгарын бөхчүүдтэй хөлбөмбөг тоглодог юм байна. Тэгсэн Мөөеө их зальтай, эсрэг багийн хаалга руу бөмбөг явахаар гүйж очоод хаалгачийг нь таглаж зогсоод бөмбөг харуулах боломжийг хааж бидэндээ оноо авчирдаг байв. Тэгсэн нэг удаа эсрэг талаас манайх руу бөмбөг ирлээ. Бид тэвдээд бөмбөгийг буцаах санаатай Мөөеөг бөмбөгний өмнөөс гүйлгэлээ дээ. Манай хүн хар хурдаараа гүйж очоод өнөө бөмбөгийг нь өшиглөтөл байдаггүй ээ бөмбөгийг нь биш харин бөмбөгний доод газрыг өшиглөөд хөлөө бариад ойчдог юм байна. Хөлөө бэртээхээ нь алдсан, базарваань хумпад. Тэгээд Унгараас ирээд сар болсны дараа бид нар бэлтгэл дээр дахиад л хөлбөмбөг тоглолоо. Тэгсэн Мөөеө сүрлэг байна. Нэг харсан гарч буй бөмбөгний хойноос л хар хурдаараа гүйж очоод өшиглөтөл бөмбөгнийхөө дээгүүр хий өшиглөөд тас гэдрэгээ саваад, нүд нь эрээлжлээд, ухаан алдаад нам ойчлоо доо. Бид ч их тэвдлээ. Тэгээд нэг юм сэргэхээр нь яав юу болов гэтэл "Яг бөмбөг өшиглөх агшинд Унгарт газар өшиглөсөн санаанд ороод жаахан дээгүүр гөвтөл харин бөмбөгөө оносонгүй" гэдэг байгаа (инээв). Манай Мөөеө бөхөд аугаа авьяастай мөртлөө хөлбөмбөгт хэрэггүй хүн байгаа юм хэмээн биднийг хөгжөөлөө.

Ийнхүү инээд наргиан дунд бидний яриа өрнөж байх зуурт оюутнуудынх нь бэлтгэлийн хугацаа дууссанаар аварга бас яриагаа өндөрлөсөн юм. Баянаа, Мөөеө хоёр аваргыг монголчууд бараг уудлаад дууссан даа. Тэдний тухай мэдэхгүй юм их цөөн. Гэвч бидний хоорондын энэ хууч төдийлөн хүмүүст хүрч байгаагүй яриа болов уу гэж бодон өнөөдөр танд хүргэлээ.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Mon Oct 10, 2011 9:02 pm

:eek:
2 мөнх ч 2лаа л сайхан хүмүүс л дээ.
Энэ 2 уг нь хааяадаа сайхан уулзалдаал гэнц нэг юм мултлаад суувал сайхан сайхан яриа гарна даа тэрийг нь сонсох юмсан кк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Aagii_03 » Tue Oct 11, 2011 9:10 am

:eek: Гоё бичлэг байна. Аугаа бөх шүү
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Thu Oct 20, 2011 11:17 am

Монгол улсын шинэ начин Сүхбаатарын Батсуурь: Циркийн үзүүлбэр миний барилдаанд их зүйл суулгаж өгсөн


-Юуны өмнө монгол улсын начин цол хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-За баярлалаа.
-Таны төрж өссөн нутаг ус, аав ээжийн тань тухай асуултаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо?
-Би 1982 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Сумынхаа найман жилийн сургуулийг төгсөөд Улаангом хотод ирж 10 жилээ дүүргэсэн. 2000 онд хотод ирээд Банк санхүү менежментийн дээд сургуульд банкны нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн.
-Бөх рүү хэдий үеэс татагдав, бөх болоход нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?
-2004 онд их сургуулиа дүүргээд л бөхийн тогтмол бэлтгэл хийж эхэлсэн хүн. Өмнө нь хүүхэд байхдаа бусад эрэгтэй хүүхдүүдийн адилаар барилдаж, ноцолдож өссөн. Ерөнхийдөө багаасаа бөх гэж тууштай яваагүй хэрэг. Сүүлд нэг л мэдэхэд бөхийн зам руу татагдсан. Миний хувь тавилан л байсан юм байлгүй дээ.
-Гэхдээ бөх аавтай хүүхдүүд бөхийн орчинд төрж, өсдөг болохоор монгол бөхөд татагдах, дурлах нь арай л өөр байдаг байх?
-Магадгүй ээ. Манай аав аймгийн арслан цолтой Сүхбаатар гэж хүн бий. Аав минь өөрөө барилддаг бас биеийн тамирын багш болохоор суманд болсон бүхий л барилдаанд гарын даа хүртэл хийдэг байлаа. Би дээрээ хоёр ах, дороо нэг эмэгтэй дүүтэй. Тэгээд ямар нэг барилдаан болвол миний дээд талын ах бид хоёрыг бөхийн аманд гаргачихдаг байсан. Гарахаараа заримдаа ганц нэг давна, тэрэндээ урамшина, заримдаа гараад л унана.
-Тэр үед хэн нэгнийг давчихаад ихэд урамшиж, баярлаж байсан барилдаанаасаа нэгийг дурсвал...?
-Нэг удаа багийн өдөрлөг болоод тэр барилдаанд 2-3 давчихсан. Хүүхэд байсан болохоор тухайн үедээ их баярлаж байсан. Бас тэр жилээ сумынхаа наадамд аманд гараад цэргээс ирсэн нэг сайхан ахтай барилдаад хаяж байсан юм. Тэрнээс хойш л нэлээд урамшсан байх.
-Би хоёр жилийн өмнө таны танилцуулгыг сониндоо гаргахдаа Баатарын Батсуурь гэж бичээд хүмүүст зэмлүүлж байсан. Аавынх нь нэрийг буруу бичлээ гээд л...?
-Аав минь сумандаа бол Баатар л гэж нэрлэгддэг х үн л дээ. Үндсэн нэр нь Сүхбаатар боловч нутаг орныхон Баатар л гэдэг юм. Бөхийн бүртгэлд аль нэрээр нь бичих юм бэ гэхээр нь би “аль нь ч яах вэ” гэчихдэг. Тэгээд ихэвчлэн Сүхбаатар гэж бичсээр байгаад хэвшчихсэн байх. Харин манай суманд Сүхбаатар гэвэл мэдэхгүй Баатар гэвэл илүү мэддэг юм. Бас бидний бичиг баримт Баатарын л гэж явдаг юм шүү дээ.
-Аав тань хэзээ хаана аймгийн арслан цол авсан бол...?
-Баруун таван аймгийн тойргийн барилдаанаар аймгийн арслан цол авсан юм билээ. 80 хэдэн он юм бол доо...
-Бие бялдараар том уу?
-Манай аав нэлээд өндөр шүү. 185-186 см орчим байгаа байх. Харин би болохоор намхан /инээв/.
-Ах нар тань барилддаг уу?
-Миний дээд талын ах бага сага барилдана. “Шонхор” дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Энэ жил түүхт ойн жил гэж улсын наадамд барилдаад у.н Д.Пэрэнлэйдоржоор нэг даваад хоёрын даваанд Д.Мөнх-Эрдэнэ арслантай таарч өвдөг шороодсон. Надад хань болж ирээд зодоглосон нь тэр. Манай аав аймгийн арслан, бас ээжийн минь ойрын хамаатан улсын заан О.Одгэрэл байна.
-Хүмүүс таны гараа дэвээг өвөрмөц гэлцдэг юм. Анх хэнээр заалгаж байсан бол...?
-Мэдээжийн хэрэг ааваараа л анх заалгасан. Тэрнээс цаашлаад өөрөө оролдоод л... Манай Гантогтох гарьд их сайхан гараа, дэвээтэй шүү дээ. Гарьдынхаа гараа дэвээг дуурайж сурах гэж их оролддог байсан юм болов уу даа.
-Аймгийн заан, арслан цолоо хаана авлаа?
-2004 онд их сургуулиа дүүргэчихээд анх удаа наадмын бэлтгэлд гарч үзсэн. Тухайн үед бөхийн барьц ямар байдаг, яаж барилдах ёстой гээд л бүгдийг нь заалгаж байлаа. Тэр жилээ Дархан-Уул аймгийн наадамд очиж барилдаад аймгийн заан болсон. Аймгийн заан болчихоод 2008 онд дахиж Дарханы наадамд очиж барилдан шөвгөрөөд 2009 онд Сэлэнгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Аймгийн заан цолыг их хурдан авсан хэрнээ арслан болох гэж нэлээд удсан шүү.
-Ер нь таныг аймгийн заан цолтой байх үеэс эхлээд л хүмүүс барилдааныг чинь мэддэг, дэмждэг болчихсон шүү дээ. Хурц бас хийцтэй барилдаантай гээд л…?
-Аймгийн заан байхдаа аймаг цэргийнхний барилдаанд тухайн үедээ гайгүй л үздэг байсан. Ерөнхийдөө бие жижгэвтэр болохоор хурдтай, голдуу сэрвүүгээс барилдчихдаг байлаа. Бас хөлд орж барилддана, харин одоо золгож барилдах сонирхолтой болоод байна.

-Яагаад? Таны давуу тал юм биш үү, тэрийг өөрчлөх хэрэг байгаа юм уу?
-Үгүй ээ, өмнө бол хурдтай барилддаг байсан. Одоо тэр хурд байхгүй болчихсон байгаа юм. Тиймээс одоо хүн өөрийнхөө бие бялдарт тохирсон мэхтэй байх хэрэгтэй юм байна гэсэн ойлголттой болсон.
-Та бас циркт хүч тамирын үзүүлбэр үзүүлдэг байсан гэл үү?
-Аймгийн заан болсныхоо дараа нутаг руугаа явж ирчихээд Одгэрэл ахтай уулзаад, циркийн бэлтгэл хийж эхэлсэн. Самбо бөхийн дэлхийн аварга болж байсан Болдням ах бид гурав хүч тамирын үзүүлбэрийн бэлтгэл хийдэг байлаа. Циркийн үндсэн жүжигчид биш гэрээтэй үзүүлбэр үзүүлдэг хамтлагууд байдаг юм. Манай “Циркиус Монголиа” хамтлагийн ахлагч нь алиалагч Хатанбаатар ах байв. Намраас хавар хүртэл тогтмол бэлтгэл хийж байж тэр үзүүлбэрүүдийг хийж сурсан. Циркэд олон жил тэр үзүүлбэрийг үзүүлж байгаа Хишигдаваа ахаар их ч заалгасан. Бүтэн дөрвөн сар хичээллэж байж тайзан дээр анх гарч байлаа. Тэгээд 2-3 жил яваад 2008 оноос циркээ орхисон юм.
-Тэр үзүүлбэрт хүч чадлаас гадна мэдрэмж, эв дүй гээд олон зүйл хэрэгтэй байдаг байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Ямар ч байсан хүн болгон “би хийе” гэж зориглодоггүй, хүнд үзүүлбэр шүү дээ. Мэдээж хүч чадал, мэдрэмж гэд олон зүйл шаарддаг урлаг. Аль нэг нь юмаа зөв хийлгүй алдах л юм бол нөгөөх нь хохирох жишээтэй. Нэг хүнээс шалтгаалж нөгөөгийх нь хүч хөдөлмөр нурдаг болохоор хувь хүнээс маш их хариуцлага шаарддаг, бас аюултай л даа. Бидний үзүүлбэрийн хамгийн хүндийг нь Одгэрэл ах өргөдөг байсан. 850 кг-ийг өргөнө. Би бол хамтарч тоглодог, гир, шаарик шидэлцдэг, мост хийж, хүмүүсээ өргөнө. Гэхдээ сайхан урлаг шүү. Одоо ингээд улсын цолонд хүрчихээд сууж байгаагийн минь үр үндэс нь бас тэр сайхан урлаг спортын үзүүлбэртэй яалт ч үгүй холбоотой. Тэр үзүүлбэр миний барилдааны арга барилд их зүйл нэмж суулгаж өгсөн гэж боддог юм.
-Үндэсний бөхийн бэлтгэл тэр үед бараг орхигдсон байв уу?
-Тэгсэн шүү. Өвөлжин, хаваржин циркийн бэлтгэл хийгээд хавар нь Япон яваад наадмын өмнөхөн ирээд улсын наадамд зодоглоод хоёр давж, гурвын даваанд Д.Ганхуяг арсланг начин цолтой байхад нь өвдөг шороодож байсан.
-Та бөхийн өргөөнд болдог барилдаануудад тогтмол амжилттай барилддаг залуусын нэг. Харин энэ жил наадмын өмнө барилдаан чинь нэг л тогтворгүй болчихсон юм уу гэмээр байдал анзаарагдаад байсан..?
-Харин тийм ээ. Би ер нь аймгийн заан байхдаа ч тэр арслан болоод ч тэр өөрийнхөө хэмжээнд л барилдаж байсан. Давахдаа даваад, унахдаа унаад л… Өнгөрсөн намраас манай “Увс нуур” галын удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн биднийг Балжаа багшаар удирдуулаад нэгдсэн эрчимтэй бэлтгэл хийлгэж эхэлсэн. Ямар үед ачаалал өгөх вэ, ямар үед хөнгөн бэлтгэл хийх вэ гээд бүгдийг Балжаа багш маань тааруулж, тохируулж байсан. Тэгж эрчимтэй бэлтгэл хийсний үр дүнд би 3 сар хүртэл их сайн барилдсан. Улсын цолтнуудын барилдаанд заримдаа шөвгөрчихнө, аймаг цэрэгтээ бол түрүүлж, үзүүрлэх зэргээр ер нь л боломжийн барилдсан. Харин гурван сараас хойш нэг хэсэг олигтой барилдаагүй. Бэлтгэлийн ачаалал тэгж таарсан уу, дор даваанд олон унасаан. Ер нь бэлтгэл нэг үе сэргээд, нэг үе унаад л,үе шаттай явдаг юм шиг байгаа юм. Багш маань бидний бэлтгэлийн тэр ачааллыг аль хэдийн тооцсон байх. Наадам дөхүүлээд багш болон дарга удирдлагууд маань биднийг Увс руу онгоцоор аваачиж, Ханхөхий нурууны “Хархираа” амралтанд 14 хоног сэтгэлтийн бэлтгэл хийлгэсэн. Байгаль цагаа агаарын сайханд нутагтаа амраад ирсэн чинь шал өөр болж байгаа юм чинь. Наадмын үеэр илт сэргээд ирсэн шүү.
-Бэлтгэл сайхан болоод ирэхээр цол авна гэдэгт хэр итгэлтэй байв?
-Хамт бэлтгэл хийдэг найз нөхөд, багш нар гээд олон хүн “Чи энэ жил гарцаагүй улсын цол авна. Өөртөө итгэлтэй, зоригтой сайхан барилдана шүү” гэж надад урам зориг өгч байсан. Би өөрөө ч 1024 бөх барилдана ямар ч байсан болчих байх гэж дотроо бодож байсан. Түүхт ойн наадмаар улсын сайхан цолонд хүрсэндээ баяртай байгаа.
-Наадмын өглөө цэнгэлдэхийн гадаа явж байхдаа их л тайван харагдаж байсан. Ер нь барилдааны өмнө сэтгэл тавгүйтэх үе байдаг уу?
-Ер нь нэг их сэтгэл тавгүйтээд байдаггүй юм аа. Аймгийн арслан болсон жилээ сэтгэл ханачихсан байсан уу, яасан нэг их юм бодолгүй барилдсан. Харин ноднин сэтгэл санаа жаахан догдлолтой ч юм уу, биеэ барьсан ч юм уу, тиймэрхүү талууд байсан юм шиг байна лээ. Энэ жил би урьд урьдынхаас илүү тайван барилдсан. Би бүтэн жил бэлтгэлээ сайн хийсэн шүү гэж бодохоор цаанаа өөр юм билээ. Бас хүмүүсийн итгэл найдвар ч их түшиг болсон байх.
-Наадмын өмнө “улсын цолонд хүрэх болчихжээ” гэсэн үнэлэлтийг танд олон хүн өгч байсан. Тэр олны итгэлийг биелүүлэн төрийн наадамдаа тав давна гэдэг үнэхээр сайхан биз?
-Багш маань намайг улсын цолонд хүрэх хэмжээнд барилддаг гэж үнэлсэн учраас амалсан байх. Одоо багшийнхаа энэ сайхан итгэл сэтгэлийг дааж, цолондоо эзэн байж, цолоо ахиулахын төлөө хичээж барилдах асар их хариуцлага, үүрэг надад ирсэн гэж ойлгож байна. Бөхөөр хичээллэж байгаа хүн болгон улсын цолонд хүрэхийг боддог, мөрөөддөг. Мэдээж тэр мөрөөдөлд хүрэхийн тулд их хөдөлмөр хийж, том шалгуур давж байж хүрэх нэг нь хүрдэг гэдэг шүү дээ. Улсын цолтны эгнээнд багтана гэдэг маань их сайхан байлгүй яахав. Яах аргагүй сэтгэл огшдог, хөөрдөг юм билээ.
-Зургаагийн даваанд нутгийнхаа арслантай нэг их хүч гаргаж барилдсангүй юу даа гэмээр санагдсан шүү?
-Магадгүй хүмүүст тэгж харагдсан байж болох юм. Гэхдээ улсын наадам юм чинь сайхан барилдаад л унасан шүү дээ.
-Ер нь жил жилийн наадмын даваануудаас хамгийн хүнд даваа гэвэл, таны хувьд…?
-Аймгийн заан цолтой байхад хоёрын даваа маш хүнд байсан. Шинэхэн начин юм уу, цол авах гэж байгаа аймгийн арслангуудтай таарна. Тэгээд арслан болоод ирсэн чинь хоёрын даваа арай өөр болсон. Үе тэнгийнхээ болон өөрөөсөө доош цолтой бөхтэй таарсан. Энэ хоёрын хооронд их ялгаа байдаг юм билээ.
-Ер нь бөхөөр хожуухан эрчимтэй хичээллэсэн юм байна. Арай эрт бөхөөр хичээллэсэн бол… гэсэн бодол өмнө нь төрж байсан уу?
-Тийм бодол байсан шүү. Аймгийн заан, арслан болчихоод тухайн үед яг тэгж бодож байсан. “Би арай хожуу бөх рүү орсон юм уу даа. Магадгүй 18-19-тэй байхдаа бөхийн сургуулиар явсан бол яах байсан бол… “ гэж бодогдож байсан. Гэхдээ бүр харамсаад байсан зүйл байхгүй л дээ. Хожуу ч гэсэн бөхөөр хичээллээд одоо ингээд улсын цолонд хүрчихсэн юм чинь юундаа харамсах билээ. Энэ миний л явах ёстой зам, хувь тавилан байсан хэрэг. Харин ч би сургуульд сурснаараа хүнтэй харилцахаас эхлээд юманд тууштай байх, хөдөлмөрлөснөөр хүн амжилтанд хүрдэг зэрэг олон зүйлийг ойлгож авсан гэж боддог. Магадгүй багаасаа бөхөөр явсан бол ингэж тууштай явах ч билүү, өөрийгөө нээж чадах ч билүү, тийм ээ. Тийм болохоор харамсдаггүй юм аа. Харин улсын цолонд хүрч чадалгүй үлдвэл хожим харамсах байсан байж магадгүй.
-Танай дэвжээнийхэн энэ жил бас сайхан наадлаа. Аваргатай, начинтай…?
-Тэгсээн. Манайхан бэлтгэлийн үед зөвхөн өөрийн бэлтгэл гэхгүй бусдынхаа бэлтгэлд санаа тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг онцлогтой. Мэдээж манайхан дотор олон талын барилдаантай хүмүүс байдаг. Тэр болгоноосоо суралцаад, бие биндээ зааж сургаад нэгдэж бэлтгэл хийсний хүчинд дэвжээнээс минь аварга төрлөө. Хамт бэлтгэл сургуулиа хийж, жаргал зовлонгоо хуваалцаж явдаг анд минь аварга болсонд бид нар маш их баярлаж, бахархаж байна. Бас Гантулга маань хурц арслан, Батсуурь маань аймгийн арслан боллоо. Сониноос манай галд энэ жил гурван Батсуурь бэлтгэлд гарсан. Тэгсэн гурвуулаа шат ахиж цол авсан. Би аймгийн арслангаас улсын начин, Н.Батсуурь аймгийн начингаас аймгийн арслан, Алдартаны Батсуурь маань аймгийн начин болсон. Энэ бас сайхан тохиол шүү. Энэ дашрамд Увс аймгийн УБ хот дахь нутгийн зөвлөл, “Увс нуур” бөхийн галын удирдлага, хамт олондоо, “Хүч” спорт хороо болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд болон хамт олондоо, мөн намайг дэмждэг бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж, талархаж явдагаа “Бөх” сониноороо дамжуулаад уламжилъя.
-Одоо бэлтгэл жигдэрчихсэн үү?
-Хийж эхэлж байгаа. Арайхан жигдрээгүй л байна.
-Таны өндөр, жин хэд вэ?
-110 кг жинтэй, өндөр 178 см байдаг юм.
-Хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?
-Анх Одгэрэл ахтайгаа хамт хүчний бэлтгэл хийж эхэлж байлаа. Эхний үед нэлээд түлхүү хийдэг байсан. Одоо бол хүчний бэлтгэлийг нэг их голчилж хийхгүй байгаа.
-Хэр шартай вэ?
-Би ер нь хор шар багатай. Тэр миний дутагдал юм шиг байгаа юм. Спортын хүнд хор шар гэдэг зүйл тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй юм шиг ээ.
-Гэр бүлийнхээ тухай…?
-Эхнэр, охины хамт амьдардаг.
-Аймгийн цолтны танилцуулганд чинь түүх сонирхдог гэсэн байсан?
-Тийм ээ. Нэг их айхтар судлаад байхгүй ч тодорхой хэмжээнд түүхээ мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Бас хөл бөмбөг их сонирхоно оо. Челси багийг их дэмждэг. Ер нь зав чөлөө гарвал хөл бөмбөг үзээд л суучихна шүү.
-Цаг гарган сайхан ярилцсанд баярлалаа. Дараа жилийн наадмаар амжилттай сайхан барилдаж цолоо ахиулахын ерөөл өргөе.

Ярилцсан С.Бадамгарав
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Fri Oct 28, 2011 2:01 pm

А.н Л.Цээсүрэн: Түрүүлнэ гэж ёстой бодоогүй


- Өөрийн тань бага нас яаж өнгөрсөн бол? Хэрхэн бөхийн замд орж байв?

Би Увс аймгийн Тэс суманд төрсөн. Эхээс тавуулаа. Багадаа хөдөө мал маллаж өссөн дөө. Манай ээжийн талд аймгийн заан Пүрэвжав, аймгийн начин Гонгор гэж хүмүүс бий. Харин аавын талд улсын начин Л.Цэвээн гэж хүн байгаа. Ийм бөхийн удамтай болохоор багаасаа л бөх болохыг хүсдэг байсан. Тэгээд 2008 онд үндэсний бөхийн УАШТ Төв аймагт болоход ирж оролцоод 11-р байрт орсон. Тэр тэмцээнийг А.Сүхбат аварга ирж үзэж байгаад хүүхдүүд шалгаруулж авсан. Увс аймгаас одоогийн аймгийн арслан Энхбаяр бид хоёрыг сонгосон юм. Дараа нь аварга багш дээрээ ирж, "Олимп" сургуульд бэлтгэл хийж бөхийн замд орсон доо.

- Тэр тэмцээнд хэд барилдаад хэд давсан бэ?

Би эхний хоёр хэсгээсээ гарчихаад гуравдугаар хэсгээс гарч чадалгүй мултарсан. Тэгээд 11-20-р байран хооронд барилдаан болоход тэнд нь түрүүлсэн юм.

- Сургуулийнхаа талаар ярьж өгөөч. Ямар төрлөөр, хэдэн тамирчин бэлтгэгдэж байна вэ?

Чөлөөт, жүдо, үндэсний бөх гэсэн гурван төрлөөр 20 гаруй тамирчин бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Үндэсний бөхийг Д.Амгаланбаатар заан, жүдо бөхийг Ж.Ганболд заан, чөлөөт бөхийг гавъяат тамирчин О.Пүрэвбаатар хичээллүүлдэг. Манай сургууль хангамж, нөхцөл маш сайн. Бид нар тэндээ амьдраад, бэлтгэлээ хийгээд явдаг юм.

- Бэлтгэлийн дэглэм ямар байхав?

Өглөөд 7:00-д босч зарядканд гүйнэ. Тэгээд 10:00 цагаас бэлтгэлтэй. Дараа нь хоол идэж, унтаж амарч байгаад 16:00-18:00 цаг хүртэл дахин бэлтгэл хийдэг юм. Барилдааны, хүчний бэлтгэлээ ээлжилж хийгээд явна.

- Нас хэдтэй билээ?

1989 онд төрсөн.

- Үеийнхэн дундаа том биетэйд нь ордог байв уу?

Гайгүй өндөр, анги дотроо нэг, хоёрт л зогсдог байсан. Гэхдээ туранхай хүүхэд байсан.

- Аймгийн начин цолоо хэзээ авч байв?

Би 2007 оноос хойш аймагт барилдсан. 2009 онд Увс аймгийн баяр наадамд тав давж, начин болсон. Энэ жил Увс аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд тав давж цолоо баталсан юм. Өнгөрсөн жил Эрдэнэтэд очиж барилдаад гурвын даваанд унасан.

- Улсын наадамд хэдэн удаа зодоглоод байна?

Энэ жил анх удаа барилдаад хоёрын даваанд улсын начин Т.Санчирт уналаа.

- Ямар мэх голлон хийж барилдаж байна вэ?

Багш нар маань тохирох мэхийг заадаг. Миний хувьд золгооноос мордох, шахаж татах мэхийг ихэвчлэн хийдэг.

- Бусад төрлүүдээр хичээллэдэг үү? Амжилт юу байна?

Самбо, жүдогоор хичээллэдэг. 2009 онд самбын залуучуудын УАШТ-д түрүүлсэн. Хааяа жүдо барилдана. Гэхдээ айхтар гаргасан амжилт байхгүй ээ.

- Сая Богдхан хайрханы хишиг барилдаанд найм даван түрүүллээ. Тэр барилдааны талаар ярьж өгөөч?

Мэдээж маш их баярласан. Өөрийгөө тэгж түрүүлнэ гэж ёстой бодоогүй. Гэхдээ том цолтой хүмүүсийг хаяад эхлэхээр өөртөө итгэлтэй болдог юм билээ. Би тэгэхэд аймгийн арслан Р.Пүрэвдагва, улсын арслан Д.Ганхуяг, улсын начин Ду.Батбаяр, улсын харцага А.Бямбажав, Ц.Содномдорж, улсын начин Ц.Одбаяр нарыг хаяж түрүүлсэн юм.

- Эдгээр бөхчүүдтэй өмнө нь хэрхэн хүч үзэж байв? Хамгийн хүнд барилдаан аль нь вэ?

Барилдаан болгон л хүнд байлаа. Би өмнө нь Д.Ганхуяг арслан, Ц.Содномдорж, харцагатай барилдаад унаж байсан. Бусадтай нь анх удаа барилдаж үзлээ.

- Багш нар, нутгийнхан баяр хүргээд сүйд болсон уу?

Өө тэгэлгүй яахав. Багш нар, нутгийн бөхчүүд баяр хүргээд, цаашид илүү сайн барилдаарай гэж урам зориг хайрласан.

- Биеийн өндөр жин хэд вэ?

Өндөр 183 см, жин 98 кг орчим байгаа. Яваандаа жингээ жаахан нэмэх бодолтой.

- Барилдааныг нь харж, дуурайхыг хүсдэг бөх гэвэл хэн байна?

Одоо барилдаж байгаа бөхчүүдээс улсын харцага Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нарын барилдааныг харж, тэдэн шиг болохыг хүсдэг.

- Танай "Олимп" дэвжээнд аймгийн цолтой өөр бөх бий юу?

Улсын харцага Ө.Даваабаатар, аймгийн арслан Бо.Батжаргал, Энхбаяр зэрэг бөхчүүд байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Удахгүй улсын цол аваарай гэж ерөөе.

Баярлалаа. Танай сониноор дамжуулан бидэнд мэддэг, чаддаг бүхнээ заадаг багш нар болон ивээн тэтгэдэг "Гацуурт" компаний Л.Чинбат ахдаа баярлаж явдагаа хэлье.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Thu Nov 03, 2011 11:17 am

У.н Цэдэнбазарын Одбаяр: Би хэн нэгнээр хөтлүүлсэн гэхээсээ илүү өөрөө л бөх рүү орсон хүн


-Өнөөдрийн барилдаанд амжилттай сайхан барилдаж үзүүрлэсэн мөн улсын их баяр наадмаар начин цол хүртсэнд тань уншигчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргье?
-Баярлалаа. “Бөх” сонинд анх удаагаа ярилцлага өгч байгаадаа баяртай байна аа.
-Өнөөдөр тун сайхан барилдаж үзүүрлэлээ. Энэ талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайхан сайхан бөхчүүдтэй барилдлаа. Бяртай, мэхтэй заантай, харцагатай, начинтай барилдлаа. Богдхан хайрханыхаа барилдаанд үзүүрлэсэндээ их л баяртай байна даа.
-Түрүүлэх боломж их ойрхон байлаа шүү?
-Харин тийм ээ. Тайвширсан гэхэд бас хэцүү. Сүүлийн барилдаан дээр нэг л сонин болчихлоо. Уг нь бэлтгэл дээр давхар ачааг зарим хүнд хийхээр ороод байдаг юм. Сая хийсэн чинь нэг л болж өгсөнгүй. Ерөнхийдөө барилдааны л алдаа гаргачихлаа. Эсвэл би золгоод сайхан барилдчих байлаа гэж бодогдож байна. Гэхдээ зүгээр ээ, хүний мэхэнд унаагүй, өөрөө мэх хийж байгаад унасан.
-Өрсөлдөгч чинь нэг л сандрангуй харагдсан. Магадгүй таниас бэргэсэн ч байж болох юм?
-Хүмүүс намайг гарангуутаа л хөдөлгөж барилдах байх гэж бодсон болов уу. Харин би гарангуутаа элэг бүс аваад нэг мэх дутуу хийгээд уналаа. Гэхдээ зүгээр ээ, унах, хаях ийм үе байх шүү дээ.
-За хоёулаа энэ жилийн улсын баяр наадмын тухай ярилцъя. Та одтой сайхан барилдаж улсын начин цолонд хүрсэн бөхчүүдийн нэг. Барилдааныхаа талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ жил ч ёстой сайхан барилдсаан. Бяртай, иртэй улсын харцага Л.Пүрэвжаваар тав давж улсын цолтны босгыг давлаа. Тийм сайхан бөхөөр тав давж улсын цолонд хүрсэн болохоор тэр хүний хийморь лундаа надад шинэгсэн байх гэж бодож байна. Зургаагийн даваанд гарьд цолтой сайхан бөхөд унасан. Энэ жилийн наадам их сайхан болсон. Ойрын жилүүдэд манай нутгаас улсын цолтон төрөөгүй байсан. Хоёр зэрэг начин цол авсанд нутаг усныхан маань их ч баярласан.
-Зургаагийн даваанд Баяржавхлан гарьдтай бас сайхан барилдсан. Давах дөхсөн шүү?
-Би гарьдад таллах мэхээ хийсэн. Таллаж аваад тахимдсан. Тэгээд л яах аргагүй өөрөө суначихсан. Жавхаа ах өндөр, ер нь л надаас илүү байсан даа. Гэхдээ нэг их харамсахгүй байна. Тэр сайхан гарьд цолны буян хишиг хэзээ нэг цагт мөн ирэх болов уу гэж дотроо сүсэглэж явна даа. Өдий зэрэгтэй барилдаад улсын цолонд хүрсэндээ сэтгэл сайхан байна аа.
-Жил жилийн наадмын дараа шинэ цолтнуудыг янз бүрээр л ярьцгаадаг. Энэ нь найрааных, тэр нь хүчээрээ болсон гээд л… Таны хувьд…?
-Үнэнийг хэлэхэд би Пүүжээ ахад дүү нь начин болчихъё гэж хэлж үзсэн. Тэгсэн Пүүжээ ах “Ах нь өөрөө заан цолонд зүтгэж байгаа. Өөрөө үзнэ ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “За тэгвэл сайхан үзчихье” гээд л барилдсан. Бид хоёр барилдааны үеэр маргаад байсан. Тэрийг хүмүүс буруугаар ойлгосон юм шиг байгаа юм. Би болохоор сэрвүүгээс барилдах гээд байдаг, Пүүжээ ах золгох гээд элэг бүс авах гээд байдаг. Тэгээд би “Цаг болоогүй шүү дээ” гээд хоёулаа маргаад байсан. Тэгсээр байгаад элэг бүс сэнжиг авсан. Тэрийг л хүмүүс “Нөгөө юм хумаа яриад байсан” гэж бодоод байгаа байхгүй юу. Бас барьц сонгоон дээр хүмүүс хардсан байх. Би бэлтгэл дээр барьц сонгоог их сайн бэлдсэн. Миний найз Баянхонгорын Эрдэнэхүү арслан надаас их том шүү дээ. Эрдэнхүүгээр 2-3 удаа бариулахад би тавиулчихаж дөнгөөд л байсан юм. Золгооны бэлтгэл ч их хийсэн. Тэгж бэлдсэний маань үр дүн ч наадмаар гарсан шүү. Бугын САА гэж олон бөхчүүд бэлтгэлээ базаадаг ээлтэй сайхан газар наадмын бэлтгэлд гараад улсын сайхан цол хүртсэн. Бэлтгэлээсээ 10-ны орой буугаад гэртээ ирж хоночихоод улсынхаа баяр наадамд ирж барилдсан даа.
-Улсын наадмын доод давааны өрсөлдөгч нар тань хэр байв?
-Хоёрын даваанд аймгийн цолтнууд хоорондоо нугарч барилдсан шүү дээ. Миний хувьд их хүнд барилдаан байсан. Увсын Энхбаяр гэж Сүхбат аваргын шавь сайхан барилддаг залуу бий. Хоёр дээр Энхбаярыг хаяад, гуравт Э.Батбаатар харцагад амлуулж даваад, дөрөвт Г.Ганхуяг харцагатай оноолт таарч даваад, тавд Пүрэвжав харцагаар начин болсон.
-Үндэсний бөхөөр хэдэн жил хичээллэж байж улсын цолонд хүрэв ээ?
-Би багаасаа л барилдсан. 10 жилд байхдаа бөхийн секцэнд явдаг байлаа. 2005 онд Шонхор БТДС-ийн лицейд ирж суралцсан. Тэр жилээ бие өвдөөд олигтой бэлтгэл сургууль хийж барилдаж чадаагүй. 2006 оноос л харин тууштай бэлтгэл хийж барилдсан даа.
-Наадмын дараа танай аймгийн түүхт ой, говь шанхын хурд гээд том наадмууд болсон. Тэр наадмууддаа хэрхэн барилдав?
-Аймгийнхаа ойн наадмаар барилдах уу, яахав гэж эргэлзэж их бодсон л доо. Би өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд байхгүй юу. Яг тэр наадмын үеэр өвөө минь бурхан болчихоод ажил явдалд нь оролцож байлаа. Тэгээд барилдахаар шийдэж, дөрөвт Д.Лхагвадорж начинг хаяад тавд А.Цацабшир харцагад унасан. Сүүлд нь Говь-Шанхын наадам болсон. Энэ бол 4 жилд нэг удаа болдог морины сайхан наадам л даа. Манай нутгийн Бат-Эрдэнэ ах зохион байгуулдаг юм. Тэр наадамдаа барилдаад Санжаадамба заантай үлдэн үзүүрлэсэн. Санжаадамба манай “Ажнай” корпорацийн бөх болохоор наадмыг маань зорьж очсон байсан.
-Гэр бүлтэй билүү?
-Манай гэр бүлийн хүнийг Бямбаа гэдэг. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул. Аав ээж, гэрийнхэн нь Эрдэнэт хотод суурьшин амьдарч байгаа. Бид Сумъяабаяр гэж нэг хөөрхөн хүүтэй. Одоо хоёрхон ойтой хэрнээ бөхөд ёстой нугасгүй. Хүүгийн минь нэр бас их учиртай. Манай Өсөхбаяр аварга, Сумъяабазар аварга хоёр их сайхан бөхчүүд. Хоорондоо их найз шүү дээ. Тэгээд хоёр аваргынхаа нэрийг холбоод, ирээдүйд мундаг бөх болох байх гэж бэлэгдэж өгсөн нэр л дээ.
-Шинэ цолтнуудад энд тэндээс ийм ч бэлэг , тийм ч байр машин өглөө гээд л их бичиж, ярьцгаадаг. Таны хувьд цол хүртээд бэлэг хэр авсан бол…?
-Зарим орон нутаг, байгууллагууд бөхчүүддээ байр, машин энэ тэр өгдөг юм билээ. Надад бол тэгж өгсөн барьсан зүйл үнэхээр байхгүй ээ. Байр байтугай хөл дүүжлэх унаагүй, автобус микрондоо суугаад л явж байна. Би чинь тийм ч боломжтой айлын хүүхэд биш. Гэхдээ бөхийнхөө буянаар, бор зүрхээрээ сайхан л амьдарч явна. Хүмүүс манай аймгийг их баян аймаг болохоор хоёр шинэ начингаа тахичихсан л юм ярьдаг байхгүй юу /инээв/. Гэтэл үнэндээ тийм зүйл байхгүй. Би одоо зурагтын эцэст ахынхаа хашаанд сайхан монгол гэрээ бариад амьдарч байна. Болохгүй юм алга л байна шүү дээ.
-Та чинь одоо ямар байгууллагын бөх гэж барилддаг билээ?
-Би Биеийн тамир спортын “Ажнай” клубын бөх. Ажнай клуб дээрээ нутгийнхантайгаа бэлтгэл сургуулиа базаагаад л явж байна даа.
-Таныг анх бөхийн замд хөтөлсөн ямар хүн байдаг вэ?
-Би хэн нэгнээр бөхийн замд хөтлүүлсэн гэхээсээ илүү өөрөө л бөх рүү орсон гэж боддог.
-Удам бий юу?
-Бөхийн удам байна аа. Мундаг удамтай гэж хэлж болно. Монгол улсын начин Очирын Пүрэв, олноо “морьт” гэж алдаршсан бөх бол миний нагац ах. Тэр сайхан ахын минь цус бас миний цусаар гүйж байна. Бага байхдаа нагац ахынхаа барилдааныг хараад ах шигээ бөх болох юмсан гэж бодож мөрөөдөж явлаа.
-Улсын цол авчихаад нэлээд сэтгэл хөдөлсөн харагдсан. Яг тэр үед юу бодогдож байсан бол…?
-Мэдээж их л баярладаг юм билээ.
-Хамгийн эхэнд танд хэн баяр хүргэсэн бол, тэр үед?
-Манай клубын бөхчүүд л баяр хүргэсэн дээ. Миний дээлийн захыг Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат аймгийн арслан Идэрсүрэн ах маань мушгиж суусан. Сайхан ахаараа дээлийнхээ захыг мушгиулж барилдаад улсын цол авсандаа баяртай байна.
-Та цолныхоо найрыг хийсэн үү?
-Манай сум миний цолны цайллагыг хийсэн. Бас би өөрөө аймгийнхаа төв дээр ах дүү хамаатан саднаа цуглуулаад нэг газар орж цайллага хийсэн дээ. Хүмүүс одоо хотод цайллага, найр хийх үү гэж асууж байна лээ. Би хийхгүй ээ. Дараагийн цолоо авсаны дараа л цолны найр хийе гэж бодож байгаа.
-Өмнөговийг хамгийн баян аймаг л гэж ойлгодог. Тэр олон пүүс компаниудаас нь өөрийн бөх болгох санал хүсэлт ирэхгүй байна уу?
-Тийм юм байдаггүй юм шүү дээ. Манай Өмнөговиос биднийг дэмжиж тусалж явдаг хүн бол “Ажнай” корпарацийн ерөнхийлөгч Бат-Эрдэнэ ах юм. Бид нарт клуб байгуулж өгөөд бэлтгэл сургууль хийлгэж, цалин мөнгө өгдөг ганц хүн байгаа юм. Бас хажуугаар нь өөр компани байгууллагад орчих юмсан гэж бодолгүй яахав. Гэхдээ би өөрөө яваад уулзаад асуугаад байгаа ч юм алга л даа. Ганц нэг асуухаар нүүрэн дээрээ болох л байх, энэ тэр гэчихээд алга болчихдог юм аа.
-Улсын цол хүртэхээр найз нөхдийн хүрээлэл, танил тал хэр нэмэгдэж байна?
-Өө тийм юм байхгүй шүү дээ. Би бол хэнтэй ч сайхан харьцаад л явахыг боддог. Мэдээж нутгийнхантайгаа сайхан найзалж нөхөрлөнө.
-За ярилцлагаа үүгээр өндөрлөе. Манай сониноор дамжуулан хэн нэгэнд мэндчилгээ дэвшүүлж болно шүү?
-Намайг төрүүлж өдий зэрэгтэй хүмүүжүүлсэн ээждээ маш их баярлаж явдаг.Хэдийгээр бурхан болчихсон ч гэсэн миний өвөө, эмээ хоёр минь тэнгэрээс хүүгээ харж, ивээж байгаа гэдэгт итгэдэг. Энэ сайхан хүмүүсийнхээ буянаар л би өдий зэрэгтэй яваа шүү дээ. “Бөх” сониныг дандаа л бөхчүүд бөхийн хүрээнийхэн маань уншдаг юм билээ. Тэгэхээр бүгдэд нь спортын өндөр амжилт хүсье. Бөхчүүд маань бүгдээрээ цол хэргэмээ ахиулж, бөхийг маань хүмүүс улам ихээр үзэж, монгол бөх маань улам хөгжин дэлгэрэх болтугай гэж ерөөе дөө. Өнөөдөр монгол бөх бол үнэхээр их хөгжиж байгаа шүү дээ. Жирийн нэг барилдаан гэхэд ямар өрсөлдөөнтэй, ширүүн болдог билээ. Гараад нэг давна гэдэг их хэцүү болсон . Бөхөө үздэг үзэгчид нь их болсон. Би нэг бөхийн ярилцлагыг уншиж байхад “Дээхнэ үед амны хүүхдүүд хүрч ирээд шилээ маажиж, гуя нь чичирч байгаад л унадаг байсан. Одоо бол өмнөөс шүд нь тачигнаад л үзээд байдаг болж” гэсэн байсан. Үнэхээр тийм л болчихсон байна шүү дээ, тийм ээ?
-Баярлалаа танд. Спортын өндөр амжилт хүсье.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jugder_08 » Wed Nov 16, 2011 9:46 am

УЛСЫН НАЧИН Ц.ОДБАЯР: ПҮҮЖЭЭ АХАД УНАЧИХГҮЙ ЮМСАН ГЭЖ ҮЗСЭЭР БАЙГААД ДАВСАН ДАА

Өмнөговь аймаг нэгэн үед Г.Дэмүүл, И.Ламаажав зэрэг хүчит бөхчүүдээрээ гайхуулж явлаа.Харин сүүлийн үед энэ нутгаас төрөх бөхийн тоо цөөрсөн. Хамгийн сүүлд 2004 онд Т.Энхтуяа начин болсноос хойш Өмнийн цэнхэр говиос улсын цолтон төрөөгүй юм. Харин өнөө жил хоёрын хоёр бөх тав давж, нутаг усныхныгаа баярлуулсан. Тэрхүү хоёр начны нэг Цэдэнбазарын Одбаярыг “ТЦ-ийн бөхийн өргөө” буландаа урин ярилцлаа.

-Шинэ начин маань бэлтгэл сургуулилтаа хэзээнээс жигдрүүлэв?
-Би ер нь наадмаас хойш бэлтгэлээ тасалдуулаагүй шүү. Хөдөө нутгаараа явж байгаад есөн сард хотод орж ирчихээд бэлтгэлээ хийгээд байж байна.

-Бэлтгэлээ хаана голчлон базааж байна?
-Их олон газар хийдэг юм. “Хилчин” спорт хороон дээр бэлтгэл хийнэ. Хажуугаар нь Их шавийн дээд сургууль орно. Тэгээд энд тэндхийн дэвжээнүүдэд очиж бэлтгэл хийнэ дээ.

-Бөхийн замд хэрхэн орж байсан түүхээ манай уншигчдад сонирхуулна уу?
-Би Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн. Хөдөө өвөө, эмээ дээрээ мал маллаж өссөн юм. Багаасаа үеийнхээ хүүхдүүдтэй барилдаж, ноцолдох дуртай хүүхэд байсан. Тэгээд сургуульд орж аймгийн төвд ирээд хоёрдугаар ангид байхдаа бөхийн секцэнд явах болсон. Миний анхны багш манай аймгийн чөлөөт бөхийн багш Өлзийбүрэн гэж хүн байсан. Тэр хүний секцэнд орж, бөхийн гараагаа эхэлж байлаа. Харин яг тууштай бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн нь гэвэл 2005 онд “Шонхор” дээд сургуулийн эчнээ ангид орсон үе. Оюутан байхад заалны барилдаанд зодоглож чадалгүй хасагдаад буцна. Харин аймгийн цол аваад зааланд тогтмол барилддаг болсон.

-Танай нутагт бөх хэр хөгжиж байна вэ? Нутгийн удирдлагууд бөхийг хөгжүүлэх талаар дорвитой ажил хийж байна уу?
-Одоо л овоо болж байна. Нэг хэсэг Т.Энхтуяа начнаас хойш хэцүүхэн л байлаа. Зааланд тогтмол барилддаг нь С.Идэрсүрэн, Б.Сумъяа гээд цөөн хэдэн бөх байна. Харин уржнангаас “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнэ ах маань “Та нар нэгдэж бэлтгэл сургуулилтаа хий” гээд “Ажнай” клубийг байгуулсан. Энэ клуб байгуулагдсанаар Өмнөговийн бөхчүүд нэг дор бэлтгэл хийх боломжтой болсон юм. Одоо бол нэлээн олон бөх энд бэлтгэл хийж байна. Тэгээд энэ жил үр дүн эхнээсээ гарч, манай дэвжээнээс улсын цолтой хоёр бөх төрлөө.

-Бөхийн удам судар байгаа юу?
-Би өөрийгөө бөхийн мундаг удамтай гэж боддог. Манай ээжийн нагац ах нь Монгол улсын харцага О.Пүрэв гэж хүн байсан. Манай өвөө бас цагтаа аймаг, сумын наадамд сайхан барилдаж явсан. Ер нь манайхан бяртай талдаа хүмүүс бий. Би ч багаасаа л бөх болно гэж боддог байсан. Өөр юм бодож байсангүй.

-Улсын начингаас өмнө ямар ямар цолуудыг хүртээд байв?
-2007 онд сумын начин болж байсан. 2009 онд аймгийн аварга шалгаруулах барилдаанд үзүүрлэж, тойргийн аймгийн заан цол авсан. Гэхдээ тэр цол маань нутагтаа л хүчинтэй. Өөр аймаг юм уу хотод ирвэл хүчингүй байдаг. Тэгээд тэр жил аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан болсон.

-Өмнөговийн наадам хэр чанартай болдог вэ? Чи тэр үед хэн хэнийг даван түрүүлж байв?
-Манай наадам ёстой мундаг болдог юм. Сайн залуус манайд цол авах гэж ирнэ. Энэ жилийн наадмаар гэхэд 30-аад улсын цолтой бөх зодоглосон. 256 бөх зодоглоход аймгийн начин ч төрөөгүй. Ганц аймгийн арслан л төрсөн. Би тэгэхэд тавын даваанд аймгийн хурц арслан Т.Энхтайваныг, зургаад улсын начин Ж.Гансүхийг, долоод аймгийн арслан Г.Ганнямтай тунаж даваад, үзүүр, түрүүнд Өмнөговь аймгийн заан Хүрэлбаатартай үлдэж түрүүлсэн юм.

-Ноднин улсын наадамд анх удаагаа зодоглосон уу?
-Тэгсэн. Хоёрын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй таарч унасан.

-Энэ жил өөрийн чинь бэлтгэл хэр ханаад байв? Наадмаас өмнө ямархуу амжилттай хүч үзэв?
-Хавар гайгүй байсан. Заалны барилдаануудад гайгүй зодоглочихно. Нэг удаа улсын цолтнууд зодоглосон барилдаанд аймаг, цэргийн цолтой дөрвөн бөх шөвгийн дөрөвт үлдэхэд би нэг нь байсан. Бэлтгэлээ ч тогтмол сайн базаасан.

-Улсын начин гэдэг том цол санаанд чинь багтаж байв уу?
-Ер нь гайгүй барилдчих болов уу гэж бодож байсан. Гэхдээ өөртөө итгэж өгөхгүй байсан л даа. Тэгээд “За яавал ч яаг. Улсын наадамд нэг их олон жил барилдаж байгаа биш. Сайхан үзье” л гэж бодсон.

-Наадмынхаа барилдаануудыг дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
-Нэгийн даваанд Чингэлтэй дүүргийн залуу бөхтэй таарсан. Хоёр дээр чимэггүй аймгийн арслангууд хоорондоо таарахад Увс аймгийн арслан Д.Энхбаяртай барилдаж давсан. Гурвын даваанд улсын харцага Г.Батбаатараар давсан. Дөрвийн даваанд улсын харцага Г.Ганхуягтай оноолт таарч, тахимдах мэхээрээ давсан. Тэгээд тавд улсын харцага Л.Пүрэвжав харцагатай нэлээн хүч гарган барилдаж давсан даа. Пүүжээ ах эхэлж барьц сонгоход тавиулаад, дараа нь өөрийнхөө барьцан дээр хаясан юм. Наадмын бэлтгэл дээр аймгийн арслан Б.Эрдэнэхүүтэй барьц сонгооны бэлтгэл нэлээн хийхэд би заримдаа барьцыг нь тавиулж чадаад байсан. Тэр бэлтгэл маань хэрэг болсон шүү.

-Наадмын дараа хэвлэлүүдэд “Ажнайн БатЭрдэнийн их хөрөнгийн ачаар Өмнөговиос хоёр начин төрлөө” гэж бичиж байсан. Үүн дээр чи ямар хариулт өгөх вэ?
-Янз бүрээр ярьж л байна лээ. Ямар ч байсан ард түмэн намайг яаж барилдсаныг харсан. Би өөрийнхөө чадлаар л Пүүжээ ахтай барилдаж давсан. Уначихгүй юмсан гэж үзсээр байгаад л хаясан даа.

-Өмнө нь харцагатай барилдаж байсан уу?
-Өмнө нь хоёр удаа барилдаж, нэг нэг хаялцаад байсан юм.

- Зургаагийн даваанд М.Баяржавхлантай нэлээн шийдмэг барилдаад унасан?
- Б а я р ж а в х л а н гарьдад унасандаа харамсдаггүй юм. Яагаад гэвэл би барьцандаа хүрсэн. Тэгээд хийдэг мэхээ хийгээд суначихсан. Санасан мэхээ хийгээд унасан болохоор харамсаад байх юм алга. Намайг давсан бөх маань цаашаа сайхан барилдаж гарьд цол авлаа. Тэр хүний гарьд цолны хишиг буян ирэх байлгүй дээ.

-Нас хэдтэй билээ.?
-Одоо 24 хүрч байна.

-Төрж, өссөн нутаг усныхаа онцлогийн талаар ярьж өгөөч?
-Би Говь гурван сайхан уулаараа бахархаж явдаг. Манай сум Говь гурван сайхан уулын доохно байдаг юм. Нутаг усандаа залбирч, шүтэж явдгийн хишиг буян гардаг юм болов уу гэж боддог. Ер нь хүмүүс Өмнөговь гэхээр дан элс байдаг юм шиг төсөөлдөг. Тийм биш. Манай нутаг бол мундаг мундаг уул, устай сайхан газар.

-Өмнөговь гэхээр хамгийн түрүүнд уул, уурхай санаанд орж байна. Танай нутаг онгон байгалиа хадгалж чадаж байна уу?
-Том том олборлолт явагдаж байгаа газраа ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Ер нь тэр хавийн газар нутаг хэцүүдсэн л гэж сонсогддог юм. Харин манай нутагт гайгүй ээ. Ер нь Өмнөговь бол амгалан, сайхан нутаг. Хүн зоны ааш авир сайхан шүү.

-Аав, ээж чинь ямар хүмүүс байдаг вэ?
-Би ээж, хоёр ах, нэг охин дүүтэйгээ байдаг. Манай аав 2001 онд бурхан болсон юм. Би одоо бол тусдаа гарсан. Зурагтын эцэст эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байна.

-Ингэхэд нутгийн ард олон шинэ цолтноо хэрхэн мялаасан бол?
-Хүн болгон л ингэж асуудаг юм. Ер нь энд тэндхийн нутгийн бөхчүүдийг харж байхад аймаг, орон нутаг нь байр, машин өглөө гэж сонсогддог л юм. Надад бол нутгийнхан 13 сая төгрөг өгсөн. Бөхийнхөө буянаар болж л байна.

-Бөхчүүд аль нэг компани юм уу байгууллагын нэр дээр цоллуулж барилддаг. Өөрөө хаана харьяалагддаг билээ?
-Би “Ажнай” дэвжээн дээрээ л харьяалагдаж байна даа. Уг нь нэг компанийн харьяанд орчихвол амьдрал ахуйд ч нэмэртэй байдаг юм билээ. Надад одоохондоо тийм юм алга.

-Сая барилдаж байхыг чинь харахад бөхчүүд дундаа жижигт нь орж байна. Жин хэдтэй вэ?
-Жин 94, 95-тай л байна. Яваандаа жингээ жаахан нэмье гэж бодож байгаа. Гэхдээ хамаагүй нэмчихвэл хурдгүй болчихно. Би уг нь багадаа үеийнхэн дундаа биерхүү хүүхэд байсан. Харин одоо бол жижигд нь ороод байна (инээв).

-Ямар мэх голчлон хийж байна вэ?
-Сэнжигнээс голчлон мэхээ хийнэ. Сэнжигнээс таллах гэж үзнэ. Болох үедээ болно, заримдаа болохгүй. Одоо золгож барилддаг болъё гэж бодоод золгооны бэлтгэл хийж байгаа.

-Сэнжигнээс татах мэхийг И.Доржсамбуу гарьд чадмаг хийдэг. Гарьдаас заавар, зөвлөгөө авч байв уу?
-Гарьд ахаар юм заалгуулж байгаагүй. Харин Гиннесийн барилдаан дээр гарьд ахтай уулзаад “Таниар хэдэн юм заалгаж, ганц нэг холбоос мэхтэй болмоор байна” гэсэн чинь “Ах дээрээ хүрээд ирвэл юм хэлж бололгүй яахав” гэсэн. Удахгүй дэвжээн дээр нь очиж, юм заалгая гэж бодоод байгаа.

-Танай нутгаас улсын цол авах өөр залуус гэвэл хэн байна?
-Одоо зааланд тогтмол барилдаж байгаа бөхчүүдээс С.Идэрсүрэн ах байна. Мөн аймгийн арслан Дарханбат байна. Эд маань удахгүй улсын цол авах байх. Бас наана нь аймгийн цол авчихаар залуус нэлээн бий.

-Хүндэлж явдаг бөх хэн бэ?
-Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахыг их хүндэлж явдаг. Надад барилдааны арга, мэх их хэлж өгдөг. Өсөхөө ахаас суралцах зүйл их бий. Ер нь манай бөхчүүдэд сайн сайхан чанар их. Тэр бүх сайхан чанаруудаас суралцаж явах юмсан гэж боддог.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Sat Nov 19, 2011 1:44 am

Улсын гарьд П.Сүхбат: Хөөрхий Р.Нямдорж допинг хэрэглэсэн бөхчүүдийнхээ нэрийг нуух гэж олон жил зовж байна

[img]http://zindaa.mn/images/news/n280/201111/сүхбат.jpg[/img]

Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудтай холбоотой маргаан бас л тасраагүй байна. Бөхчүүдийн цол чимгийг хасдаг, танадаг, нэг нэгнээ ад шоо үздэг, хууль бусаар албан тушаалд суудаг гэсэн энэ муу нэрэн дээр бас нэг зүйл нэмэгдсэн нь допинг. Бид энэ талаар Улсын гарьд П.Сүхбаттай ярилцсан юм.

-Ялсан ч ялагдсан ч инээж л байдаг П.Сүхбат гарьддаа монгол түмэн бүгд л хайртай байдаг. Бас таныг зодоглоосой гэж хүсдэг. Сүүлийн үедд яагаад барилдахгүй байна вэ?
- Нас явж байна. Гэхдээ цагаан сар, Улсын баяр хоёртоо зодоглож, ард олноо баясгаж байна даа. Сүүлийн үед заалны барилдаанд ноцолдохгүй байгаа, жилдээ хоёр удаа барилдъя л гэж боддог болсон. Нөгөө жижиг Сүхбатын хэлдэгээр “Тэр өндөр даваанд барилдахүй” гэж би хэлэхгүй ээ.Тэгсэн атлаа бас дандаа унаад баймааргүй байна. Ард түмнийхээ мэндийг мэдэн, гурвын даваанд цолоо сайхан дуудуулъя л гэж боддог болсон. Ер нь спорт бол залуу хүний ааг омог, эрч хүчийг шавхсан хатуу талбар. Энэ талбар өөрийн гэсэн маш хатуу хуультай. Спортод хэн хүчтэй, хэн зоригтой, хэн ааг омогтой байгаа нь шалгарч үлддэг шүү дээ. Миний үеийнхэн бүү хэл Өсөхбаяр аварга, Сумъяабазар нарын үеийнхэн ч барилдахгүй л байна.
-Хоёр Сүхбат барилдахгүй, нэг нь бүр зодог тайлсан. Үүнийг МҮБХ-ны удирдлагуудтай холбон тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байгаа?
-Энэ үнэний ортой зүйл. А.Сүхбат аварга зодог тайлахынхаа өмнө, зодог тайлсныхаа дараа ч энэ талаар ч ярьж л байсан. Залуу хүн ааг омогтой л байдаг. Гэхдээ тэр хүн гомдол, бухимдалаа дийлэхгүй зодог тайлах шийдвэр гаргасан байх. Миний хувьд ч Монголын Үндэсний бөхийн холбооныхонд гомдолтой л явдаг. Авах ёстой цолыг минь өгөөгүй, дарж, боож, хааж байсан. Би өөрийгөө арслан цолыг зовохгүй авах байсан гэж боддог, бүр цолоо ч батлаж чадах байсан. Юун гарьд вэ? Үнэнийг хэлэхэд би гарьд цолоо чамлаж явдаг. Гарьд бол миний хувьд хүсээд байхаар сайн цол биш.Би заан цолондоо хайртай. Хэрвээ авах ёстй арслан цолоо авсан бол цолоо батлаад барилдаад л явж байх байсан.
-Таныг хэтэрхий хэнэггүй, бас цолонд шунадаггүй, найз нөхөддөө хэт найр тавьдаг. Түүнээс биш аваргын энтэй бөх гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг юм билээ?
-За аварга нь ч юу юм бэ. Гэхдээ сайхан арслан л байх байсан байх Надад арслан цолыг хоёр ч удаа батлах боломж байсан. Ганц нэг найз нөхөддөө унаж өгч ч байсан.
-Цол чимгийг нэмэх, хасах тал дээр олон жил маргалдаж байна. Яагаад таны авах ёстой арслан цолыг өгдөггүй юм бол?
-Цолны тал дээр Бөхийн холбоонд нэг асуудалтай тал бий.Шударга хэлэхэд Гантогтох Сүхбат бол гарьд байх ёсгүй хүмүүс. Ганц би ч ингэж бодож байгаа юм биш. Хэрвээ үнэмшихгүй байвал ард түмний дунд санал асуулга явуулаад үз л дээ. Юм шударга байх нь дээ. Б.Гантогтох гурав үзүүрлэж цолоо батласан арслан хүн. Ард түмний дунд П.Сүхбат, Б.Гантогтох хоёрын арслан цолыг өгөх үү гэдэг санал асуулга явуулбал ганцхан Р.Нямдорж л цолыг нь өгөхгүй гэх нь мэдээж. Өнөөдөр амьд сэрүүн байгаа, арслан цол авсан 50 гаруй бөх бий. Миний хувьд тэдгээрээс эрэмбээрээ 14-т ордог.Энэ бол мундаг эрэмбэ шүү. Би бүх тэгш жилд тохиосон ойгоор цолоо ахиулсан атлаа тэднээс ганцаараа цол нэмээгүй үлдсэн хүн. Авах ёстой цолоо цөөхөн хэдэн хүний амбицнаас болоод авч чадаагүй. Б.Гантогтох гурав үзүүрлэсэн сайхан арслан. Бас л цолоо авч чадаагүй хоцорсон.
-Та Монголын үндэсний бөхийн холбооныхонд гомддог уу?
-Гомдохоос илүү бүр гутардаг. Би авах ёстой зүйлээ авч чадаагүй гэж бодохоор залуу насны эрч хүч минь даанч хайран санагддаг
-Монгол бөхийн холбоо бөхчүүдээ үл тоомсорлож байх шиг санагддаг. Энэ холбооны удирдлага болоод бөхчүүд хоёр талцаж, хэрэлдэж, монгол бөхийн нэр хүндийг унагаж байна. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Энэ үнэн.Б.Гантогтох яагаад арслан цолоо авч чадахгүй байгаа нь хэнд ч ил тод, ойлгомжтой асуудал болж хувирсан. Яагаад гэвэл тэр Х.Баянмөнхийн хүүхэд болохоор лцолыг ь өгөхгүй байна. Би ч гэсэн Р.Нямдоржийн шүүмжилснийхээ төлөө цолоо авч чадаагүй. Б.Гантогтох, П.Сүхбатаас өөр, Р.Нямдоржийг дэмждэг, Бөхийн холбооны удирдлагуудтай санал бодол нийлдэг бусад хүмүүс цолоо авчихсан л байгаа.Ер нь хүн нас ахихаар л их олон зүйл боддог юм байна. Би бага залуудаа цолны тухай боддог ч үгүй, тоодог ч үгүй байсан. Тухайн үед онгироо ч байж дээ. Тоодог ч үгүй байж. Одоо бодоход үнэхээр харамсдаг. Нас ахих тусам харамсаад байх бололтой. Залуу нас гэдэг хүнд эргэж олдоггүй. Тиймээс залуу насны хүч хөдөлмөр, хөлсийг хэн ч үнэлэхгүйгээр хөсөр хаяж болохгүй биз дээ.
-Та яг хэдтэй юм бэ?
-Нуугаад яахав . Одоо 50 хүрч байна. Миний хувьд одоо цолоо ахиулдаг нас үнэхээр өнгөрсөн. Би барилдаж, цолоо ахиулна гэж худлаа хөөрцөглөөд яахав. Харин бөхөө хүндэлж хайрлаж явдгийн хувьд залуу насандаа өөрийн эр бяраар авсан цолыг минь нөхөөд өгөөсэй л гэж хүсдэг
-Та Баянхонгор аймгийн бөхчүүдийн гал ахлаж наадмын бэлтгэлд гардаг. Энэ жил танай галаас шинэ начин төрсөн. Миний хувьд Чулуунбатыг арай хожуу начин болж байна уу даа гэж боддсон?
-Начин цол авахад нас оройтохгүй ээ.Ер нь ямар ч цолыг хожуу авлаа гэсэн ойлголт байж болохгүй. Хамгийн чухал нь авсан цолоо батлах хэрэгтэй.Цолоо хайрлаж, хамгаална гэдэг бөх хүний том үүрэг шүү гэж залуу бөхчүүддээ захимаар байна.Би тав зургаан ч удаа зургаа давсан. Заан цолоо хоёр ч удаа баталсан. Бөх хүн цолоо батлаж байх хэрэгтэй. Миний хувьд Баянхонгорын бөхчүүдийн галыг ахлаад харцага төрүүлсэн. Энэ жил сайхан начинтай боллоо. Би энэ завшааныг ашиглаад “Армон” компанийн захирал, Шөнийн захын эзэн Хүрэлсүх найздаа баярлаж явдгаа хэлмээр байна. Баянхонгорын бөхчүүдийн амжилт энэ хүнтэй салшгүй холбоотой. Бидний бэлтгэл сургуулилт дээр маш их дэмжлэг үзүүлдэг хүн.
-Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагад өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй юу? Та ямар бодолтой явдаг бэ?
- Р.Нямдорж гэдэг энэ хүнд хууль үйлчлэхээ байсан шүү дээ. Манай Бөхийн холбоо хөгшчүүдээ сонсдог, хүндэлдэг. Гэтэл Р.Нямдорж хөгшчүүдээр дөрөөлж ажлаад сурчихсан. Ганц шинэлэг зүйл хийхгүй байна. Би нэг муу зүйл боддог юм.Эцсийн эцэст Баянаа аваргын тэмцэл Гантогтох Сүхбатын зөрчил хурцдаж, цаашдаа Р.Нямдоржийн хүү Ганбаатарынх нь эсрэг тэмцэл болох юм биш байгаа. Бүр цаашлаад Говь-Алтайн бөхчүүдийн эсрэг хэрүүл тэмцэл болох бий гэж болгоомжилдог. Үүнийг Р.Нямдорж бодож байх хэрэгтэй. Хүн алдаж, эндэж л байдаг. Хөөрхий Р.Нямдорж андуурч байж ч магадгүй юм. Хамгийн гол нь хүн шударга байх л хэрэгтэй.
-Ер нь Р.Нямдорж гэдэг маш аргатай, бас хүчтэй хүн юм биш үү? Бөхчүүд түүнийг олон жил эсэргүүцлээ. Хэн нь ч дийлэхгүй байна?
-Тэр арга зальтай хүн. Хуулийн болоод хувилгаан талтай хүн. Р.Нямдорж таван удаа улирсан. Монгол Улсад түүнд үйлчлэх хууль гэж байхгүй. Р.Нямдорж багаа маш сайн бүрдүүлсэн. Би бүр тодхон санаж байна. Анх нэг хар дипломат цүнх барьсан, МУИС-ийн хуулийн багш залууг бид нар татаж авчраад Бөхийн өргөөний тэргүүн болгож байсан.Тэгээд буруу зүйл хийгээд байхаар нь “Одоо та цүнхээ үүрээд яв. Огцор” гэсэн чинь “Явахгүй ээ” гээд сандалд өөрийгөө хадчихсан.Бөхийн өргөөг бөөрөнхий болохоор нь гэр шигээ санасан байх.Энэ өргөө монгол түмнийх болохоос биш ганц Нямдоржийн эдлэн биш.Бүр сонгуульд хүртэл сонгогдчих санаатай үзсэн хүн.Ер нь буруу талдаа хөгжсөн айхтар менежменттэй хүн.Бид нар бас машин тэргийг нь зогсоогоод, хэл ам хийгээд шуугиулж л байсан. Хөгшин настай хүмүүсээр дөрөөлж, тэднийг хооллож, ундлаад, тархи толгойг нь эргүүлчихдэг. Мөнгийг нь өгөөд захаар оруулаад баярлуулчихдаг. Сонгууль нь дөхөхөөр нутгийхныгаа дуудаад ирчихдэг.Нямдорж сонгогдсоноос хойш ахмадуудын цолыг ямар ч үнэ цэнгүй болгосон. Ахмад хүмүүс хичнээн мундаг цолтой бай шинэ залуу бөхчүүд урд нь гарна шүү. Хүү нь зөндөө л дээшээ гарлаа. Одоо болоо юм биш үү.Ёстой нөгөө Мөнхбат аваргын хэлдгээр онигоо шиг л юм болно л доо. Мөнх-Эрдэнэ арслан таван удаа үзүүрлэсэн.Одоо бол барилдаан бүр дээр л хойшоо ухраад байна. Өрөө ч надад ахиж барилдмааргүй байна гэж ярьж байсан.Түрүүлсэн, үзүүрлэсэн болгон л Мөнх-Эрдэнэ арслангын урд гардаг. Энэ хүний эрэмбэ жил жилийн наадмаар ухраад байх хэцүү штээ. Мөнх-Эрдэнэ бол жинхэнэ арслан хүн. Юун Азжаргал нартай харьцуулашгүй бөх хүн. Гэтэл энэ хүний урьд саяхан цол нэмж арслан гэдэг нэр зүүсэн залуучууд гарч иж байна. Та нар бод доо.Гантогтох гурван удаа үзүүрлээд байхад нэг үзүүрлсэн хүнийг урд нь гаргаад зогсоочихдог. Хэнд ч сайхан санагдахгүй биз дээ.
-Таныг зодог тайлах гэж байгаа гэж сонссон юм байна?
-Үгүй ээ. Би дотроо бодолтой, дороо дороо суурьтай хүн. Ард түмэндээ хүндлэгдээд явж байсан нь дээр. Надад зодог тайлах шаардлага байхгүй. Магадгүй гарьд цолтой л байх ёстой ч юм бил үү
-Олон жил гадаадад амьдарсан. Та гадаадад байхдаа наашаа хэнтэй их холбогддог байхсан бэ?
-Ганбаатар начинтайгаа их холбоотой байсан. Холбогддог хүн минь Гамбаа л байлаа. Наадам болж байхад шууд Төв цэнгэлдэх рүү байгаа Гамбаа руу л залгана. Наадмаар нутгаас хо байх шиг хэцүү зүйл бөх хүнд байхгүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосондоо. Өнөөдөр ч манай олон бөхчүүд, Болдын Жавхлантөгс, Эхбаяр Эрхэмбаяр нар гадаадад байгаа. Тэдэнтэй холбоотой байх юмсан гэж боддог юм.
-Та нулимсанд их ойрхон хүн. Аварга А.Сүхбатыг зодог тайлахад мэдээж уйлсан байх. Яг яаж хүлээж авсан бэ?
-Би гадаадад байсан.Бэртэлийн улмаас зодог тайлж байна гэхийг нь сонссон. Гэхдээ залуу хүн эдгэж бас болно шүү дээ.Ер нь А.Сүхбат олон хүнийг түрүүлж, үзүүрлэхэд саад болж байсан учраас бодлогын чанартайгаар түүнийг зодог тайлуулсан гэж ойлгодог юм.Ер нь А.Сүхбат барилдаж байсан бол Өсөхөө, Сумъяг түрүүлэхэд саад болох байсан. Мөнхбаатар, Азжаргал хүртэл ийм амархан цолонд хүрэхгүй л байсан шүү дээ. Гэхдээ зодог тайлах шийдвэр гаргасандаа А.Сүхбат өөрөө харамсдаггүй юм байна лээ. Сүхбатын энэ шийдвэрийг ганц би гэлгүй ард түмэн бүгдээрээ л хүндээр хүлээж авсан. Гэхдээ ард түмэн өөрсдөө шударга шүүгчид шүү дээ.Тэд нар Бөхийн өргөөн доторх бүхий л явдлыг нэвт харж байгаа. Тэр өргөөнд хаалга, хатавч, хаана, тооно гээд байж л байгаа. Харин бөхийн өргөөнд байгаа зарим нэг хүмүүс ард түмэнийг хараагүй сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй гэж андуу ойлгодог юм шиг байна лээ
-Амгаа заан тэргүүнтэй хүмүүс Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан. Энэ талаар та надаас илүү мэдэж байгаа байх?
-Би мэднэ. Дэмжиж ч байгаа. Бидний эсрэг талыхан ямар хаалгаар яваад байгааг би мэдэхгүй. Ямар ч байсан бид бөхөөр бол хоёр давчихсан яваа. Нийслэлийн шүүхийн шийдвэр хоёр ч удаа манай тал дээр гарсан.
-Энэ жил хоёр ч бөхөөс допинг илэрсэн. Гэвч допинг хэрэглэсэн хүнд хүлээлгэх хариуцлага гэж байдаггүй бололтой. Жил бүр л сэргээш хэрэглэсэн гэлэг яриа гарч байна шүү дээ?
-Хэрвээ допинг илэрсэн л бол цолыг шууд хураах эрх бий. Медалаа хураалгахгүй бол бүр тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасдаг, улс орных нь нэр хүндтэй ч холбож шийтгэл оноодог хууль дүрэм олон улсад ч хэрэгжиж байна. Гэхдээ Р.Нямдоржийн хууль Нямдорждоо л үйлчилдэг. Ер нь Р.Нямдорж хойч үеийнхээ төлөө больчих хэрэгтэй байгаа юм л даа. Нэгэнт л Р.Нямдорж шалгаад, арга хэмжээ авч чадахгүй юм бол допингын шинжилгээ авдгаа ч болих хэрэгтэй. Урьд нь Соронзонболдоос сэргээш илэрсэн. Тэр хүндээ ямар арга хэмжээ авснаа олон түмэнд зарлаач. Битгий А-Б сорьц гэж ард түмнийг хуураач. Би энийг дэлхийн аваргад орох гэж, арван таван кг хастлаа зүтгэж байсны хувьд сайн мэднэ. А” л бол А “Б” л бол Б л байдаг байхгүй юу. Ахиж Б сорьц явуулдаг мөнгөтэй хүн ч байдаггүй юм. Манай монгол яасан ч мөнгөтэй болчихсон юм. Ямар ч худалч болчихсон юм. Допингийн шинжилгээг мэддэггүй хүн байвал надаас ирж асуу. Р.Нямдорж чи надаас ирж асуу. Худлаа битгий ард түмнийг төөрөлдүүлээд бай. Сүүлийн хэдэн жилийн допингийн шинжилгэний хариу хаана байна гэж Р.Нямдоржоос асуумаар байна. Энэ жил бас “Б” шинжилгээний хариуг хүлээж байна гээд л суугаад байна. Шинжилгээ авахдаа нэг шээсийг хоёр шилэнд хувааж хийдэг. Хэрвээ заргалдвал нөгөөхийг нь шалгаж, баталгаажуулах зорилготой эд. Тэрүүгээр заргалдаад мөрийгөө авсан түүх байдаггүй юм. Хэрвээ Р.Нямдорж гуай та үүнийг мэдэхгүй мэддэг хүнээс нь асуу. Олимпын хорооны Загдсүрэн гуайгаас асуу. Тэр хүн мэднэ. Намайг Олимпод орж байхад хажууд минь зогосж байгаад намайг шээлгэж, сорьцонд орж байхыг мэднэ. “А” шинжилгээ асуудалтай бол шууд л хураагддаг ном журамтай. Р.Нямдорж ийм илт зүйл дээр л худлаа яриад байдаг хүн. Хэдэн мянган хүнийг толгойлж байж бөхийн нэрийн өмнөөс худлаа ярьж болох уу. Хоёрхон бөхийг хамгаалах гээд хоёр гурван мянган бөхийн нэрийг сэвтүүлж болох уу? Болохгүй биз дээ. Тэр хоёр бөхийг юунд нь хайрлаад байгаа юм бэ.Цолтой эрэмбэтэй нь халчих хэрэгтэй л дээ. Энэ хатуу ч гэсэн үнэн шүү. Цолтойгынх нь цолыг хасаад, цалин мөнгөтэйг нь мөнгөөр торгож болохгүй юм уу. Энэ хууль дүрэм, сэргээшний үинжилгээний талаар Р.Нямдорж мэдэхгүй байгаа байх л даа. Тэгвэл надаас ирж асуу? Би хоёр Олимп, таван дэлхийн аваргат допингийн шинжилгээ өгсөн. Р.Нямдоржоос илүү сайн мэднэ. Хэрвээ Р.Нямдорж допинг хэрэглэсэн бөхчүүдтэй хариуцлага тооцож чадахгүй юм бол ийм шинжилгээг бүр авахаа болих хэрэгтэй. Р.Нямдорж допинг хэрэглэсэн бөхчүүдийнхээ шээсийг нуух гэж зовж л байгаа шүү дээ. Р.Нямдоржийг байгаа цагт допингийн асуудал тасрахгүй. Р.Нямдорж л огцорч байж Монгол бөхийн холбоонд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэнэ.
-Баярлалаа. Танд амжилт хүсье
Б.Болорцэрэн

shudarga.mn
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Sat Nov 19, 2011 1:59 am

:eek:

hosko wrote: Би нэг муу зүйл боддог юм.Эцсийн эцэст Баянаа аваргын тэмцэл Гантогтох Сүхбатын зөрчил хурцдаж, цаашдаа Р.Нямдоржийн хүү Ганбаатарынх нь эсрэг тэмцэл болох юм биш байгаа. Бүр цаашлаад Говь-Алтайн бөхчүүдийн эсрэг хэрүүл тэмцэл болох бий гэж болгоомжилдог

Энэ үнэхээр үнэн л дээ. Одоо ч Хайнцвал Хантайшир давна ч гэх шиг, Ганбаатард зориулсон барьц л гэнэ, Ду, Соронзон 2-оор цолтонгууд төрүүлэх гээд допингийг нь нуудаг ч гэх шиг. Яг үнэндээ бол хэлмэгдээд байна л даа Алтайнхан
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby uuganaa_2491 » Sat Nov 19, 2011 3:13 am

ер нь бол Нямдорж одоо больчих л хэрэгтэй байхгүй юу. 20 гаран жил ганцаараа эзэн суулаа. яахав хийсэн зүйл байгаа л гэх байх. Учир мэдэх хүмүүс талийгч Даваасамбуу гуйн хүч хөдөлмөр гэдгийг ялгаж ойлгохтойгоо байгаа. Тэгээд энэ допингчидод авч байгаа арга хэмжээний царайг ээ. Ичмээр юм. одоо юу хийх гэж суугаад байдгийм бгаан. Арай Ганбаатараа аварга болгох гэж сэрүүн зүүдлэдэггүй байлгүй дээ
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Sat Nov 19, 2011 9:09 pm

Тиймээ, тийн.
Би ч бас больчих л хэрэгтэй гэж боддог.
Мөнх-Эрдэнэ арслан, Гантогтох 2-ын талаар үнэн л хэлж.
Энэ чанаргүй том цолтнууд, бөөн найраа, хэрүүл, дан барьц сонгосон барилдаанууд, бөх сонирхогчдын шүүмжлэл гээд үндсэндээ эсрэг дүр шахуу л болох гээд байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Халхын Хавтгай » Sat Nov 19, 2011 10:22 pm

Гантогтохын хувьд 3 узуурлэцэн уед нь арслан цол огцон бол дараа нь нэг туруулцэн аварга байж болхоор л байсан
Халхын Хавтгай
 
Posts: 12
Joined: Fri Nov 18, 2011 4:47 pm
Location: UB Mongolia

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Penny_deegii » Sun Nov 20, 2011 1:18 am

Халхын Хавтгай wrote:Гантогтохын хувьд 3 узуурлэцэн уед нь арслан цол огцон бол дараа нь нэг туруулцэн аварга байж болхоор л байсан

Хэхэ, хэдий 3 үзүүрлэсэн хэдий ч 2004 онд л өөрийнхөө жинхэнэ чадлаар гарч ирсэн байх.
Тэр үед арслан цолыг нь өгсөн ч дараа дараагийн наадмуудын нэгэнд нь түрүүлээд аварга болно гэдэг арай л худлаа санагдаж байна, миний хувьд.
Гантогтох гарьдын хувьд ер нь тэр гээд нэрлэчихээр түрүүлсэн томоохон барилдаанууд хэр олон байдаг юм бол доо?
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Sun Nov 20, 2011 11:32 am

2004 онд Ганаа 32той байсан байх.... Өнгөрсөн жил Ганбат арслан түрүүлэхдээ 34төй байсан л даа..... Энэ үүднээс үзвэл цаг тухайд нь цол өгсөн бол хоёр, гурван жилдээ илүү хичээж барилдах нь тодорхой хэрэг.... Цол дагаж бяр гэж үг зүгээр нэг гараагүй...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Sun Nov 20, 2011 11:36 am

Тийм тийм... Мэдээж арслан болсон бол байдал арай л өөр байх байсан л даа...1-2 түрүү байх л байсан болов уу гэж боддог ш дээ миний хувьд...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Yes Man » Sun Nov 20, 2011 11:42 am

Би нэг зүйлийг сайн ойлгохгүй байгаам..... Хүнд цол өгчихөөд буцаад авч болдог юм байж...... Яахав андуурал гарсан байж болно л доо...... Харин допинг хэрэглэж цол авсаныг ягаад хурааж авч болохгүй байгааг л ойлгохгүй байгаа юм даа.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Sun Dec 04, 2011 8:15 pm

МУ-ын аварга С.Мөнхбат: Улсын наадмын түрүү дахиад байгаа гэж боддог

Дөрвөн тэгш ой тохиосон өнөө жилийн баяр наадмаар улс орны өнцөг булан бүрээс ирсэн хүчит 1024 бөх зодоглоход Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын харцага Сүхбаатарын Мөнхбат арав даван түрүүлж, Монгол Улсын 20 дахь аварга болсон билээ. Отгон аваргыг Д.Бумбаяр зааны “Алдартан” клубт бэлтгэлээ базааж байх үед нь “олзолж”, “Таван цагаригийн бөхийн өргөө” буландаа урин уулзаж ярилцлаа.
-Аваргын бэлтгэл сургуулилт хэр жигдэрч байна вэ?
-Одоо л ерөнхийдөө жигдэрч эхэлж байна. Нэг хэсэг сагс тоглох зэргээр хөнгөн бэлтгэл хийсэн. Өнөөдөр л барилдааны бэлтгэл хийлээ.
-Сая Ц.Содномдорж харцагатай бэлтгэл хийж байгаа харагдлаа. Өнөөдөр та хоёрын даваа, унааны харьцаа хэд хэд болчихов?
-Нэлээн олон барилдлаа. Даваа, унаагаа сайн тоолсонгүй ээ. Харцага сайн байна лээ.
-Та нэлээн жин нэмсэн харагдана?
-Наадмаас хойш бэлтгэл сайн хийгээгүй болохоор жин нэлээн нэмэгдчихлээ. Одоо бэлтгэлээ сайн хийж, хуучин хэвэндээ орох санаатай. Бэлтгэл жигдрээд эхэлчихвэл гайгүй байх аа.
-Дээр ярихад цолныхоо найрыг хийх гээд зав муутай байна гэсэн. Найр сайхан болсон уу?
-Найр сайхан боллоо. Аравдугаар сарын 20-нд цолныхоо найрыг хийсэн. Энэ өдрийг сонгож хийсэн минь бас учиртай. Яагаад гэвэл би 10 давж түрүүлээд 20 дахь аварга болсон. Тийм болохоор энэ тоог бэлэгддэг юм. Миний машин ч ийм дугаартай. Ийм бэлгэдэлтэй өдөр аварга, арслан гэсэн хоёр том цолныхоо найрыг хийлээ. Хүмүүс их цугласан, том найр болсон.
-Гурван жил дараалаад найр хийчихэв үү?
-Тэглээ (инээв). Өмнө нь начин, харцага цол, харин энэ жил аварга цолны найр хийлээ. Энэ жил овоо туршлагатай болсон. Дээрээс нь аваргын найр гэдэг утгаараа гоё болж өнгөрлөө.
-Та энэ жил наадмаас өмнөх барилдаануудад түрүүлж, үзүүрлээд бэлтгэл сайтай байсан. Тэгэхээр цолоо ахиулж барилдах зорилготой байсан байх. Харин аварга цол хүртэнэ гэж төсөөлж байв уу?
-Би өмнө нь аймгийн заан байхдаа аймгийн арслан болчих юмсан гэж мөрөөддөг байлаа. Дараа нь улсын цол бодож эхэлсэн. Тэгээд цол авсныхаа дараа түүнийгээ ахиулах юмсан гэж хүссэн. Харин цолоо ахиулсныхаа дараа “Ер нь бөх болж төрсний хэрэг яг юу юм бэ” гэсэн том асуултыг өөртөө тавьж үзсэн л дээ. Хүн болгон салбарынхаа өндөрлөгт нь хүрэхийг мөрөөддөг. Тэр ч утгаараа төрийн наадамд түрүүлж үзэх юмсан гэж хүсдэг байлаа. Энэ жилийн хувьд ямар ч байсан дээгүүр барилдаж, цолоо ахиулна гэсэн бодолтой байсан.
-Наадмын өмнө О.Балжинням аварга “Энэ жил Мөнхбат заан цол хүртэнэ” гэж ярьж байсан гэсэн. Тэгэхээр нутгийн аварга таныг дээгүүр барилдана гэдгийг мэдэрч дээ?
-Балжинням аварга өнгөрсөн жил яг гардаж бидний бэлтгэлийг хийлгэсэн. Өөрөө наадамд олон жил барилдаж, түрүүлж байсан хүн хэн нь сайн барилдах нь вэ гэдгийг анзаарсан байх л даа.
-Улсын наадамд хийсэн барилдааныхаа талаар өмнө нь олон ярьсан байх. Гэхдээ наадмын барилдаануудаа дахин нэг ярьж өгөхгүй юу? Долоо давж, зааны болзол хангасны дараа дотор уужраад сайхан байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. Даваагүй даваагаа давж, заан гэсэн том цолны босго алхсандаа их баярласан. Өнгөрсөн жил би энэ даваанд тунаад унасан. Би өмнө нь зургаагийн даваанд барилдаж байхдаа жаахан бэртэл авсан юм. Түүндээ эмзэглэж байсан ч өөрийгөө ялж чадан долоо давчихаад бахархах сэтгэл төрж л байлаа. Д.Рагчаа заан бол бөхчүүд дундаа бяртай, том цол руу зүтгэх хэмжээний мундаг бөх. Тиймээс зааныг давчихаад ир орсон л доо. Миний бэлтгэл гайгүй байгаа юм байна гэдгээ тэр үед мэдэрсэн.
-Тэр үед түрүүлж болох юм байна гэсэн бодол төрсөн үү?
-Тухайн үед түрүүлэх талаар бодоогүй ээ. Ямар ч байсан өмнөө таарсан өрсөлдөгч болгонтойгоо бүх юмаа шавхаж барилдана гэж бодсон. Өмнөх жилүүдийн улсын наадмаар би шинэ цол авсандаа баярлаад дандаа яарч барилдаад унасан. Түүнээс биш дутуудаа унаж байгаагүй. Тиймээс энэ жил алдаагаа давтахгүй байх юмсан гэж хичээсэн. Мэдээж том цолыг ээлж дараалан авахаар сэтгэл хөдлөөд баярлаад гүйчихмээр л санагдана. Гэхдээ дараагийн даваа байгаа гэж бодоод өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарж байлаа.
-Наадамд дээгүүр барилдана гэж үнэлэгдсэн Ч.Санжаадамбыг та шийдсэн мэхээ хийж давсан. Тухайн үед ийм мэх хийнэ гэж төлөвлөсөн байсан уу?
-Санжаадамба бол манай үеийнхэн дундаа бяртай, хүчтэй сайн залуу. Том цол руу зүтгэж байгаа бөх. Би тухайн үед бүх юмаа дуустал барилдана гэж бодсоноос ийм мэх хийнэ гэж төлөвлөөгүй. Тэгээд барилдааны явц дунд л мэх ороод ирсэн.
-Үзүүр, түрүүнд Г.Эрхэмбаяр арсланг хаясан барилдааныхаа талаар…
-Би арсланг өмнө нь давж байсан. Тиймээс унах болов уу, яах бол гэсэн бодол төрөөгүй. Ямар ч байсан шийдсэн мэхээ хийж, сайхан барилдъя гэж бодсон. Тэгээд хөдөлгөөд, барилдааны санаачилгыг авах гэж их үзсэн. Гэхдээ Эрхэмбаяр арслан бяртай, олон жил барилдсан туршлагатай болохоор тэр бүр хөдөлж өгөхгүй хэцүү байсан. Нэлээн цуцасхийж байгаад хийн дээр нь мэх хийж давсан даа. Давчихаад “Би чадлаа даа” гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирсэн. Би өмнө нь “Хэрвээ улсын наадамд түрүүлчихвэл ингэнэ, тэгнэ” гэх зэргээр мөрөөддөг л байсан. Харин яг түрүүлчихээд туг тойрч явахад яагаад ч юм тийм айхтар сэтгэгдэл төрөөгүй. Гэхдээ аварга цолныхоо тэмдийг зүүхдээ огшиж байсан даа. Би бөхчүүд дундаа жижиг биетэйд нь орно. Тийм болохоор хүмүүс намайг том цолны даваанд гарч ирнэ гэж тооцоолоогүй байх. Тэр бодлыг нь эвдэж, улсын наадамд түрүүлсэндээ их баярласан.
-Наадмын дараах хэд хоног өөрийнхөө амжилтад итгэмээргүй юм шиг санагдана биз?
-Өө, тэгэлгүй яахав. Заримдаа хүмүүс “Аварга аа” гэж дуудахаар өөр хүнийг дуудаад байгаа юм шиг санагдана.
-Увсынхан тэгш ойн жилийг авдаг гэсэн яриа бий. Энэ талаар наадмын өмнө мэдэж байсан уу?
-Манайхан “Увсын бөхчүүд тэгш ойн жилийг авах ёстой” гэж ярьж л байсан. Миний хувьд тэр яриаг нэг их ойшоогоогүй. Харин наадмын бэлтгэл дээр тоглоомоор “Энэ жил түрүүлнэ ээ. Өмнө нь дандаа Увсын хар бөхчүүд түрүүлж байсан. Би та нараас илүү харлачихсан байна. Тийм болохоор энэ жил түрүүлнэ” гэж маазарч байсан. Одоо манай найз нар “Чи өөрийгөө мэдэж байсан юм уу” гэдэг юм. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг нь нөлөөлсөн юм болов уу.
-Сүүлийн үед бөхчүүдийн жин нэмэгдэж, ихэнх барилдаан барьц сонгосон байдлаар өндөрлөж байгаа. Харин энэ жил та түрүүлэхдээ бараг барьц сонгоогүй. Энэ нь өөрөөр барилдаад амжилт гаргаж болох юм байна гэдгийг харуулсан хэрэг байх?
-Би Д.Рагчаа заантай барьц сонголцсон. Харин бусад барилдаандаа барьц сонгоогүй. Ер нь аль болох хурдан барилдах сонирхолтой. Гэхдээ бяртай хүн мэх хийлгэхгүй хориод байвал яах аргагүй барьц сонголцоход хүрнэ. Наадмын өмнө би барьц сонгооны бэлтгэл хийж байсан нь нөлөөлсөн байх. Одоо барилдаж буй бөхчүүдийн жин 110 кг-аас дээшээ гарчихаад нэгэндээ илт бярдуулахаа больчихож. Дандаа том биетэй, масстай бөхчүүд болсон. Бас далбаа, сэнжиг, шуудаг нь барьц өгөхөөргүй нарийсаад ирсэн. Үүнээс болж бөхчүүдийн хийдэг мэхнүүд хоригдоод байна. Тэгэхээр барьц сонгоо их гарах болсон. Миний хувьд энэ жил өөрийнхөө давуу тал болох хурдыг онцлог барилдаантайгаа хослуулж чадсанаар амжилтад хүрлээ.
-Таныг дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай гэж сонссон. Ийм бярыг яаж олж авдаг юм бол?
-Тэрийг ёстой мэдэхгүй юм. Миний хувьд хүчний бэлтгэл бараг хийдэггүй. Багадаа газар тариалангийн ажил хийдэг байсан нь тамир суухад нөлөөлсөн байх.
-Таны наадмын өглөө хэрхэн өнгөрдөг бол?
-Мэдээж бөх хүн зодог, шуудаг, дээл малгайгаа хүндэлж, арц хүжээр ариулаад дээшээ тавьж хононо. Тэгээд өглөө нь цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөөд гарч өгнө дөө. Би урьд өмнөх жилүүдэд хүлээлтийн байдалтай, догдлоод олигтой унтаж чаддаггүй байсан. Харин энэ жил сайхан амарсан шүү.
-Наадмын үеэр хоол, цайгаа тохируулах гээд асуудал гарна биз?
-Мэдээж тэгэлгүй яахав. Хэтэрхий их идчихвэл хөдөлж чадахаа байчихна. Их өлсвөл ядарна. Тэр болгоныг тааруулах хэрэгтэй болно. Бас ууж байгаа юмаа хүртэл зөв сонгох хэрэгтэй. Миний хувьд гар хөл сарвайлгаад, ядраагаад байхгүйг нь бодож хар цай голдуу ууна. Ер нь наадмын дэвжээ гоё шүү дээ. Бүтэн жилийн бэлтгэлээ хоёрхон өдөрт шалгуулах болохоор хүн бүр л дор бүрнээ хичээнэ.
-Нэг үе зургаан залуу заан хоорондоо эн тэнцүү өрсөлдөж, тэдний нэг нь л улсын наадамд түрүүлнэ гэж таамагладаг байлаа. Харин ойрын үед наадмын үзүүр, түрүүнд хүрч барилдах бөх таны бодлоор хэн бэ?
-Би үеийнхнээсээ түрүүлээд том цол хүртлээ. Миний араас гарч ирэх бөх олон байна. Хэрвээ зөв хөдөлмөрлөж чадвал одоогийн залуусаас хэн нь ч дээшээ гараад ирж магадгүй. Өмнө нь түрүүлж, үзүүрлэх бөхчүүдийн нэр тодорхой хүрээнд л яригддаг байсан бол одоо бөхийг тааж хэлэхэд хэцүү болсон.
-Таны хувьд барилдаан таарддаггүй, хамгийн эвгүй бөх хэн бэ?
-Бөхчүүд бүгдээрээ л хүнд унахгүйн төлөө бэлтгэл хийж байна. Тиймээс бөх болгон л надад амаргүй өрсөлдөгч болно. Тийм учраас би бүгдэнтэй нь надад эвгүй биш байхаар барилдахыг боддог юм.
-Наадмаар сайхан барилдаж аварга цол авлаа. Одоо энэ цолны үүрэг хариуцлага гэж айхтар зүйл таны өмнө тулгарч байна?
-Миний үеийнхэн хоорондоо “Тийм цол авчихвал яах бол” гэх зэргээр их ярина л даа. Би тэгэхэд “Арслан л болж байвал боллоо” гэдэг байсан. Харин тэр мөрөөдлөө давуулан биелүүлж, аварга боллоо. Аварга цол авсны маргаашаас эхлээд л би олны анхаарлын төвд орсноо мэдэрсэн. Одоо надаар дамжуулж нийт бөхчүүдийг дүгнэнэ. Тийм учраас аварга цолны нэр хүндийг авч явахын тулд алхсан газар болгоноо эргэж харах хэрэгтэй болно. Нийт бөхчүүдийн, цаашлаад аварга цолны нэр хүндийг унагалгүй авч явах юмсан гэж их хичээдэг. Хүмүүс бөхчүүдийг боловсролгүй, мэдлэггүй гэж шүүмжилдэг. Би хувьдаа ард түмний дунд байдаг тэр яриаг өөрчлөх юмсан гэж боддог юм.
-Хүмүүс аварга хүнээс үргэлж давахыг шаарддаг. Нэг ёсондоо аварга цолтой бөх ямар ч барилдаанд үзүүр, түрүүнд хүрч барилдах хэрэгтэй болно. Энэ нь танд дарамт учруулдаг уу?
-Аварга гэдэг цолоор өөрийгөө боочихвол би барилдаж чадахаа байчихна. Би аварга цолтой болохоор унаж болохгүй шүү гэж бодоод байвал барилдаанаа гаргаж чадахгүй. Тиймээс давбал даваад, унавал унаад өөрийнхөөрөө л байна гэж боддог. Бөх хүн хэдийд ч унаж болно шүү дээ.
-Та аварга цол хүртсэнээсээ хойш Гиннесийн барилдаанд анх удаа зодоглосон. Тухайн үед шинэ аварга маань яаж барилдах бол гэж хүмүүс харж байсан. Тэр барилдааныхаа талаар юу хэлэх вэ?
-Хүн болгон шинэ аварга түрүүлэх ёстой гэж байсан л даа. Харин би Санжаадамбад унан үзүүрлэлээ. Гэхдээ унасандаа элдэв юм бодохгүй байгаа. Аварга цолныхоо чансааг цаашид олон барилдаан дээр харуулах байлгүй дээ.
-Та бага насныхаа сайхан дурсамжаас хуваалцаач?
-Хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил бөх болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд хөлд орох цагаасаа айлын хүүхдүүдтэй ноцолдож, дээл хувцсаа урж өссөн. Манай аав сумын заан цолтой. Тиймээс хүүхдүүдээ бөх болгоно гэж хөөрөгдөнө. Би доороо гурван эрэгтэй дүүтэй. Манайх чинь оройдоо бөөн бужигнасан юм болно. Унтахаасаа өмнө гудсаа дэвсчихээд аавтайгаа нийлээд тавуулаа бужигнуулж өгнө. Баганыхаа хоёр талд зогсчихоод нэгнийхээ цолыг дуудаад л оройжингоо барилдчихдаг байж билээ. Ээж “Та нар гэр буулгалаа” гээд уурлана. Одоо тэр үеэ дурсахад сайхан байна шүү.
-Дүү нараас чинь барилдаж ноцолддог хүн бий юу?
-Манай бага дүү бөхөөр хичээллэж эхэлсэн. Одоо 20 настай.
-Бөх болох замд хөтөлж, гардан бэлтгэсэн багш гэвэл хэн бэ?
-Яг тэгж дагнасан багш гэвэл бараг байхгүй шахуу. Би зургадугаар ангидаа Баруунтуруун сумандаа Эрдэнэтогтох гэж биеийн тамирын багшийн хичээллүүлдэг секцэнд орж, хоёр жил хэртэй явсан. Дараа нь нэг хэсэг бэлтгэл хийлгүй тасарсан. Хотод орж ирээд Хилийн цэрэг, ТИС гээд сургуулиар дамжиж байгаад 2004 оны намар “Шонхор” дээд сургуульд орж, аймгийн арслан Дамдингийн удирдлагад бэлтгэл хийх болсон. Тэгээд 2005 онд аймгийн заан болсон. Дараа нь 2008 онд Ө.БатОрших харцага, С.Батсуурь начин бид гурав Б.Гантогтох гарьд дээр бэлтгэл сургуулилт хийсэн. Тухайн үед барилдаанаас гадна бөх хүн ямар байх ёстой юм, бэлтгэлийг яаж хийдэг юм зэрэг маш олон зүйлийг гарьдаас сурсан. Тэрнээс хойш багшгүй шахам явж байгаад сүүлийн хоёр жил О.Балжинням аваргын удирдлагад бэлтгэл хийж байна.
-Цэргийн арслан цолоо хэзээ авлаа?
-2009 онд цэргийн арслан болсон. Би гурван жилийн дотор үндэсний бөхийн таван цол авсан байдаг юм. Цэргийн арслан болсон жилээ улсын начин цол хүртсэн. Өнгөрсөн жил харцага болоод энэ жил улсын арслан, улсын аварга цолыг дараалан хүртлээ. Ер нь монгол бөхийн бүх цолыг авсан байна шүү. Анх арван жилийн хүүхэд сумандаа болсон тойргийн барилдаанаар сумын начин болж байлаа. Дараа нь сумандаа түрүүлж сумын заан болсон. Тэгээд Хөвсгөл аймагт болсон Д.Дамдин аваргын нэрэмжит барилдаанд аймгийн начин болж, Сүхбаатар аймгийн баяр наадамд үзүрлэж, аймгийн заан авсан. Мөн Увс аймгийн аваргуудын чуулга барилдаанд барилдаад тойргийн аймгийн арслан болсон. Тэгээд 2009 оноос хойш цэргийн арслан, улсын начин, харцага, заан, гарьд, арслан, аварга цол авлаа.
-Аварга болсноос хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бол?
-Мэдээж ахуй амьдралын хувьд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан л даа. Унаж байгаа машинаас эхлээд. Нутгийн ард олон гаргасан амжилтыг минь үнэлж, сайхан машин авч өглөө. Энэ мэтээр өөрчлөлт гарсан. Харин сэтгэл санаа, зан авирын тал дээр бол хэвээрээ. Өөрчлөгдөхийг ч хүсэхгүй байна. Байгаагаараа л байх сайхан.
-Таны өмнөх 19 аварга бүгд өөрийн өөрийн онцлогоороо түүхэнд үлдсэн. Харин та олон жилийн дараа өөрийг чинь ямраар дурсаасай гэж хүсдэг вэ?
-А.Сүхбат аварга уран барилдаанаараа, Х.Баянмөнх аварга олон жил түрүүлсэн, Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон түрүүлсэн гээд хүн болгонд өөр өөрийн онцлог бий. Надад нэг хүн “За одоо ингээд аварга гэдэг том түүхийн эхний хуудас эргэлээ” гэж хэлж байсан. Тэрэн шиг миний түүх дөнгөж эхэлж байна. Одоо түүхээ яаж бичих нь зөвхөн надаас л шалтгаална.
-Уучлаарай, таниас нэг эвгүй зүйл асууя. Дөнгөж эхэлж байгаа аваргын түүхийг сэвтүүлэх мэдээлэл зарим сайт дээр гарсан байна лээ. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Аварга Мөнхбат хүн зоджээ гээд л бичсэнийг би уншсан. Ийм мэдээлэл түгээдэг сайтууд үнэн бодитой юм бичиж байгаасай гэж хүсч байна. Миний нэр хүнд унах ч яахав. Цаана нь монгол үндэсний бөхөөр барилдаж буй өчнөөн олон залуусын нэр хүндийн асуудал энд байна. Иймэрхүү ор үндэсгүй мэдээлэл цацсанд харамсаж л байна.
-Бөх сонирхогчид шинэ аваргаа барилдаан болгон дээр харахыг хүсч байгаа. Та цаашид барилдаан алгасалгүй зодоглоод явах уу, эсвэл цөөрүүлэх үү?
-Тухайн үеийн нөхцөл байдлаас л болох байлгүй дээ. Ерөнхийдөө барилдаан бүрт зодоглохыг хичээнэ.
-Улсын наадамд дахин түрүүлэх боломж, нөхцөл танд хэр байгаа бол?
-Мэдээж надад түрүүлэх боломж хангалттай байгаа. Би харих насандаа биш, барилдааныхаа замналыг дөнгөж эхэлж байхдаа том наадам түрүүллээ. Нас залуу байна. Тэгээд ч үеийнхнээсээ түрүүлэн том цол авч, дээр нь гарлаа. Тэгэхээр улсын наадмын түрүүнүүд дахиад байгаа гэж бодож байна.
-Хувийн амьдралынхаа талаар сонирхуулаач?
-Би нутгийнхаа бүсгүйтэй гэрлэсэн. Гэр бүлийн хүн маань прокурорын байгууллагад ажилладаг юм. Нэг охинтой. Охин маань гурван настай.
-Бөхөөс өөр юу сонирхдог вэ?
-Би ан гөрөө нэг их сонирхдоггүй. Спортын бусад төрлүүд, тэр дундаа сагс тоглох дуртай. Харин дуу хууранд тааруухан.
-Гэхдээ аминдаа тулвал дуулчихна биз дээ?
-Тийм үед ч дуулчихна аа. Нэг үеэ бодвол сайжраад байгаа (инээв). Ер нь сүүлийн үед найр хуримд их уригдах шинжтэй. Тиймээс дуулах бэлтгэл сайн хийхгүй бол болохгүй. Манай Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд олон жил найр хурим, хүлээн авалтад оролцсон болохоор ямар үед ямар дуу дуулах, юу хэлэхээ сайн мэддэг болчихдог юм билээ.
-Үндэсний бөх маань зөв замаараа хөгжиж чадаж байна уу? Илүү сайн хөгжүүлэхийн тулд яах ёстой талаар таны бодлыг сонирхоё?
-Үндэсний бөх нэг үеэ бодвол сайхан хөгжиж байна. Бидний дээд үеийн бөхчүүдийн хувийн амьдрал, одоо барилдаж байгаа бөхчүүдийн амьдралыг харьцуулахад их ялгаа гарна. Тэр талаараа бол бөх хөгжиж байна. Гэхдээ үүнээс илүү хөгжих ёстой. Хөгжихийн тулд барилдаан бүр шударга, үзүүштэй гоё байх ёстой. Хүмүүс хоёр бөх барьц сонголцоод зогсохыг биш, уран гоё барилдаан харахыг хүсдэг. Тийм барилдаан их гарвал үзэгчдийн тоо нэмэгдэнэ. Ер нь үзэгчгүй бол бөх гэж байхгүй шүү дээ. Монгол Улс маань сайхан хөгжиж байна. Үүнийгээ дагаад үндэсний бөх ч гэсэн илүү хөгжих байх аа.
-Цаг, зав гарган сайхан ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Танай сониноор дамжуулаад нийт Монголынхоо ард түмэнд өөрийнхөө болон нийт бөхчүүдийнхээ зүгээс монгол бөхийн босоо цагаан хийморь та бүгдийг ивээж явах болтугай гэж ерөөе.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron