Монгол бөхийн дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүргүүлэх 6016 бөхийн барилдаан нийт есөн өдөр үргэлжилж өчигдөр орой Монгол бөхийн өргөөнд өндөрлөлөө. Нэг хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд 17-22 ны өдрүүдэд хүртэл үргэлжилсэн бол гурваас арван гурвын даваа хүртэл Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.
Улсын арслан Б.Ганбат, улсын гарьд М.Баяржавхлан, улсын заан Д.Рагчаа, улсын заан Б.Сайнбаяр, улсын харцага Т.Мөнгөнцоож, улсын харцага М.Батжаргал, А.Цацабшир аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва зэрэг ид барилдаж байгаа хүчтэнүүд тодорхой шалтгааны улмаас зодоглоогүй бол улсын заан Д.Баасандорж гарын бэртлийн улмаас барилдсангүй. Мөн Стамбулийн дэлхийн аваргаас Олимпийн эрхээ өвөртөлсөн Чулуунбат начин ирж барилдаж амжаагүй. Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дорнод аймгийн харьяат улсын ахмад начин Г.Пүрэв-Очироос өөр улсын цолтон унаагүй юм.
Дөрвийн даваанд улсын ахмад начингууд бараг бүгд өвдөг шороодсон юм. Даян аварга Г.Өсөхбаяр дөрөв давсан боловч ар гэрт нь гачигдал гарсан тул цааш барилдааныг үргэлжлүүлж чадалгүй орхижээ. Энэ барилдааны дуулиан болоод байсан Кёкюшүзан Даваагийн Батбаяр гурвын даваанд улсын начин Ц.Цэрэнчимэдийг давсан ч тавын даваанд Монгол улсын арслан Х.Мөнхбаатар амлаж өвдөг шороодуулсан.
Тавын даваанд шинэ начингууд болох Б.Амарзаяа нутгийн ах аймгийн заан В.Мишигдоржид, улсын начин Б.Гочигдамба өөрийн амалж авсан Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн заан Даваахүүгийн Цэвэлсодномд тус тус тахим буулгажээ. Дөрвийн даваанд улсын өсөх идэр начин Ёндонсамбуу, Пэрэнлэйдорж нар унасан бол тавын даваанд улсын начин Ю.Алтансүх начин өөрийн шавь Төв аймгийн Б.Батмөнх начинг амлаж унав. Мөн тавын давааны төгсгөлд аймгийн цолтонгууд хоорондоо оноолтоор барилдаж Увсын ахмад арслан Түмэн-Өлзийн Баярмагнай Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат сумын заан Батбаярт, Завханы Д.Батжаргал Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат сумын заан Даваа-Очирт, Булганы Б.Бат-Эрдэнэ Дорнод аймгийн харьяат аймгийн начин Нямсайханд, Л.Нямбаяр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Бат-Очирт, Ч.Булганхүү Увс аймгийн харьяат сумын заан Бат-Өлзийд, Б.Эрдэнэхүү Ховд аймгийн начин Энхбилэгт, Б.Суманчулуун Архангай аймгийн Тариат сумын заан Болдгэрэлд, Ш.Шинэбаяр Төв аймгийн начин Хүдэрбулгад, Т.Отгонзоригт Сэлэнгэ аймгийн начин Баярбаатарт, Н.Баатархүү Баян-Өлгий аймгийн начин Аманбект, Д.Түмэнжаргал Төв аймгийн начин Баярцэнгэлийн Энхбатад, Б.Нармандах аймгийн начин Өгийдалайд, Т.Гүрсоронзон аймгийн начин Ц.Ганбатад, Д.Тангад аймгийн начин Х.Гантулгад, А.Саруулсайхан, Ж.Алтаншагай Ховд аймгийн начин М.Ганзоригт, Д.Дэлгэрбат аймгийн начин О.Бундхоролд, С.Ариунбилэг аймгийн начин С.Ерөөлтөд, С.Лхагвабаатар аймгийн начин Д.Ихтамирт, П.Батхуяг аймгийн начин Х.Батбаярт, Г.Ганцоож аймгийн начин Б.Мөнхбатад (Булганы), М.Эркебулан аймгийн начин Т.Шинэзоригт тус тус өвдөг шорооджээ. Мөн энэ даваанд Дундговь аймгийн арслан А.Алтанхуяг, аймгийн арслан А.Саруулсайхан нар унав. Тавын даваа 24-ний өдрийн 19 цаг 40 минутад дууссан.
Сүүлийн өдрийн эхний даваа
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өчигдөр 14 цагт бөхийн өргөөнд эхлэв. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын харцага Бадарчийг, С.Мөнхбат аварга аймгийн заан Адьяаг тус тус амлаж өвдөг шороодуулсан. Энэ даваанд онцлох барилдаанууд хэд хэд гарсан. Аралтай бяртай Лхагвадорж начин Өвөрхангай аймгийн начин Бундхоролыг амласан боловч хашиж мордуулан өвдөг шороодов. Аймгийн арслан Батчулуун аймгийн харцага Батсайханыг барилдаан эхэлсэн цагаас бярдсан боловч эцсийн мөчид Ховдын харцага эвээр хаячихсан. Харин Дундговийн Өндөршилийн аймгийн начин Х.Батбаяр хурц арслан Гантулгыг нэлээд сандаргасан боловч арал бяранд нь илүүрхүүлэн уналаа. Өвөрхангайн аймгийн заан Батзориг Хөвсгөл аймгийн арслан Б.Ганхуягтай таарч суганд сэжихэд нь баруун талдаа давуулаад гуядчихав. Улсын шинэ начингуудаас Ч.Цогбаяраас бусад нь аймгийн арслангуудыг амлаж давсан юм.
Өвөрхангай аймгийн арслан Чимэддорж, Увс аймгийн заан Б.Ганзориг нарын барилдаан тун сонирхолтой болсон. Чимэддорж арслан зүүн хөлд нь орж дэрлэхэд Ганзориг заан дагуулж гуядан уран барилдаан үзүүлж давна лээ.
Давааны төгсгөлд Завханы Алдархааны хоёр бөх таарч Бадамсүрэн заан барьц сонгож мордоод давсан бол Өвөрхангайн хоёр бөхийн барилдаан будлиантай болсон. Аймгийн арслан Батдорж зүүн талдаа мордоход аймгийн заан Тогтоолын Мягмарсүрэн дагуулж хөмөрсөн. Яах аргагүй Мягмарсүрэн зааны толгой түрүүлж хүрсэн боловч цэцийн шийдвэр буруу гарч давуулсан. Энэ даваанд сумын цолтнууд бүгд унаж дууссан юм.
47 хос дүйзтэй долоогийн даваа
Баруун зүүний тэргүүн дагавар магнайн бөхчүүд цолоо дуудуулснаар энэ даваа эхэлж Балж аварга нутгийн дүү аймгийн заан Б.Ганзоригийг амлаж унасан. Сэлэнгэ аймгийн шинэхэн начин Баярбаатарыг Соронзонболд заан амлаж гар ачаад давсан бол энэ жил Сүхбаатар аймагт түрүүлсэн Уснихын Батгэрэл Амгаланбаатар заанд амлуулан шахаж татан хутгахад биеэ суллан дээр нь туссан. Даваабаатар харцага Заяамандах начинг амлаж унаж яваад дунгуйлдаж татан давж Бумбаяр заан өөрийн шавь Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Хүдэрбулгыг өвдөг шороодуулав. Харин Батболд харцага энэ жилийн улсын наадмаар унасан Сүхбаатарын Одсүрэн харцагын хүү Баярхүү арсланг амлаж зүүн хонгодон давжээ. Одоогоос арван жилийн өмнө улсын начин цол хүртэж байсан Л.Наранбаатар энэ даваанд шинэ начин Амарын Батмөнхийг амлаж барилдсан. Хашир начин хөлд нь орсон ч залуу начин бяр заан тавиулж байна лээ. Барилдааны эцэст Батмөнх баруун суганд нь сэжиж өргөөд гозойтол хаясан. Өсөх идэр начин Ж.Отгонбаяр хурц арслан Одгэрэлтэй барилдаж байгаад барьцаа алдан ойчсон бол Ховдын Нямпүрэвийн Батсайханыг Санги начин амлаж бяр мэхээр илүүрхсэн. Улсын харцага Ц.Содномдорж бяртай начин Санчирыг авсан нь бас л сонин ам байлаа.
Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат аймгийн арслан Жаалайгийн Наранбаатар энэ даваанд өөрөөсөө арал чац илүү Баянмөнх начинг шахаж татан орхиж үнэхээр сайжирч яваа гэдгээ харууллаа. Улсын идэр залуу начингууд аймгийн арслангуудыг амласны эцэст дөрвөн аймгийн цолтон үлдэж Мөнгөнбаатар арслан Өвөрхангай Лутын Батзоригтой, О.Гантулгыг Бо.Батжаргал тус тус таарав. Бо арслан өмнөх даваануудад ихэд бярдаж байсан хурц арсланг баруун хавирч тун төвөггүй давж сүүлийн 47 бөхөд шалгарлаа.
Том цолтонгууд нь давсан наймын даваа
Их аварга гоц мөргөсөн энэ даваанд онцгой уран барилдаанууд гарсныг хэлүүштэй. Даваа эхлээд удаагүй байхад Бо.Батжаргал Увсын Ганзориг заантай тунаж хөлд нь орж яваад суначихна лээ. Улсын харцага Даваабаатар ойрд хийгээгүй алдарт дүүгүүрдэх мэхээрээ Амарын Батмөнхийг тун ч уран хаяж бөхийн өргөөг доргиогоод авсан. Даваабаатар 2008 оны хавар аймгийн арслан цолтой байхдаа л нэг иймэрхүү барилдаж байсансан. Батмөнх начин өмнөх даваанд нь улсын начин Наранбаатарыг мөн их нисэлттэй унагасан байв. Энэ даваанд гарсан бас нэг уран барилдаан улсын начин Э.Энхбат шинэ начин Эрдэнэбат нарын хооронд болсон. Эрдэнэбат таллаж араар мордоход нь дагуулж хөмрөн давсан нь Энхбат начингийн Жүдогийн татами дээр гаргадаг барилдааныг санагдуулам байлаа. Санжаадамба заан өмнөх даваанд Сэлэнгийн Баянмөнх начинг давсан Өвөрхангай аймгийн арслан Наранбаатарыг амлаж давсан бол Бямбажав харцага, Жаргалсайхан начин хоёр удтал хүч үзээд барьц сонголцсон. Жаргалсайханы талаар шоо бууж барьц сонгоод бараг задарч явахад хавирч давав. Содномдорж харцага, улсын начин Батзаяаг, Пүрэвжав харцага, улсын начин Нямсүрэнг, Өсөх-Ирээдүй харцага Уламбаяр начинг тус тус амлаж орхив.
Наймын даваанд Мөнгөнбаатар, Ганзориг, Шинэбаатар, Түвшинбаяр нарын дөрвөн аймгийн цолтон давсан.
Хоёр хөдөлмөрийн баатар бие биенээ амлав
Хүчит бөхийн барилдааны есийн даваанд Дархан аварга Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ өөрийн шавь Бээжингийн Олимпийн аварга Хөдөлмөрийн баатар Түвшинбаярыг амлаж унасан. Ер нь бараг энэ барилдаанд хоёрхон хөдөлмөрийн баатар байсан нь энэ хоёр байх. Харин гавьяатууд бол нэлээн хэд байсан шүү.
Шинэхэн гарьд Бат-Эрдэнэ “Даян аваргын шагнал”-тай Б.Ганзориг зааныг амлаж барилдсан бөгөөд аймгийн заан хэд хэдэн удаа алдалж суун сандаргаад барьцгүй баруун хавирч унагасан. Бадрахын Ганзориг энэ даваанд давсан хоёрхон аймгийн цолтны нэг юм. Азжаргал арслан Дундговийн Пүрэвжав харцагаар, Ганбаатар гарьд Өсөх-Ирээдүй харцагыг тус тус амлаж давсан бол дээгүүр барилдана хэмээгдэж байсан Өсөхбаяр заан Бат-Орших харцагыг амлан түрж хөөж яваад суначихсан.
Энэ давааны төгсгөлд улсын заан Соронзонболд гурван бөхөөс улсын харцага Даваабаатарыг авч, улсын заан Санжаадамба, Ц.Содномдорж нар туналаа. 90 жилийн ойгоор их маргасан хоёрын барилдаан тун шуурхай болж Санжаадамба заан харцагадаж баруун мордоод төвөггүй орхив. Харин Соронзонболд заан, Даваабаатар харцага хоёрын барилдаан яльгүй маргаантай болж цэцийн шийдвэр харцагын талд буулаа. Давааны төгсгөлд Мөнхбаатар арслан их сургуулийн нэг өрөөний анд Жаргалсайхан начныг баруун хутгаад давсан.
10 ийн даваанд
Мөнхбат аварга энэ даваанд өөрийн найз аймгийн заан Ганзоригийг авч шахаж татаж өргөөд унагасан бол Ганхуяг арслан Доржсамбуу гарьдыг, Мөнхбаатар арслан Азжаргал арсланг тус тус орхиж 6016 бөхөөс 6 д шалгаран үлдсэн. Энэ даваанд Санжаадамба заан мөн л Даваабаатар харцагатай тунаж, дархан баруун хавирах мэхээрээ өвдөг шороодуулсан. Бат-Орших харцага Ганбаатар гарьдыг этээд нэлээн ойрхон газардаж дахиж барилдан Бат-Орших баруун талдаа тохоод тун ч цэвэрхэн давна лээ. Давааны төгсгөлд Эрхэмбаяр арслан Олимпийн аваргатай үлдсэн. Өнгөрсөн Чингис хаан дэлхийн цомыг өнжсөн Түвшинбаяр тун сайн бэлтгэлтэй байгаа нь энэ барилдаанаас харагдаж байна лээ. Гэхдээ Жүдо бол жүдо, Үндэс бол үндэс гэдэг нь барьц сонгоон дээр Түвшинбаяр юу ч хийж чадалгүй барьц задарсанаас ажиглагдсан. Эрхэмбаяр зүүн талд нь барьц сонгож даваад шөвгийн зургаан бөхөд үлдлээ. Давааны дараа МҮБХ-ны тэргүүн Нямдорж, Гиннесийн дээд амжилтын хорооны шинжээч Чин Дун нар бөхийн өргөөний хойморт заларч албан ёсоор дэлхийн дээд амжилт болсныг зарлалаа. Хятадын энэ шинжээч Монголоор мэндчилж үзэгчдийг хөгжөөгөөд авна лээ.
Арван нэгийн даваа
Мөнхбат аварга нутгийн харцагаа амлан давж дараагийн даваанд гоц мөргөх нь тодорхой тул шууд тэргүүн байрын төлөө барилдахаар болсон. Мөнхбаатар арсланг Санжаадамба заан суганд нь сэжиж хавираад дараагийн даваанд Ганхуяг, Эрхэмбаяр арслангуудын давсантай нь барилдахаар үлдэв. Харин хоёр арслан хэд хэдэн удаа барьц сонголцсоны эцэст Эрхэмбаяр энэ жилийн наадмаар Ганбаатар гарьдыг орхисон мэхээрээ давав. Монгол бөхийн түүхэнд арван нэг давсан бөхчүүд үгүй биз. Тэгэхээр энэ гурван бөх түүхэн амжилтын эзэд болж байгаа юм.
Дараагийн даваанд Мөнхбат аварга гоц мөргөж, Эрхэмбаяр арслан барилдалгүй тахим өгснөөр Санжаадамба заан Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх барилдааны тэргүүн байрын төлөө шалгарсан. Энэ хоёр бөх энэ зуны наадмын наймын даваанд тунаж С.Мөнхбат халз хутган давж улсын гарьд цолны болзол хангаж байсан билээ. Аварга заан хоёр эхлээд баруун зүүн дан золголцсон ч аль аль нь дорвитой мэх хийсэнгүй. Баруун давхар золгооноос мөн хаялцаагүй бөгөөд зүүн давхар золгооноос Мөнхбат энэ жилийн улсын наадмынх шиг халз хутгасан боловч Санжаадамба барилдааны төгсгөлийг сайн хийн давж түрүүлэв. Ийнхүү Санжаадамба заан Дэлхийн түүхэнд хамгийн олон бөхөд түрүүлсэн хүн боллоо.
Түрүү бөхийн бай болох Монгол бөхийн суваргыг 15 сая төгрөг, Дурсгалын зургийн хамт, Үзүүр бөхийн бай болох бөхийн суварга ... сая төгрөгийг ерөнхий сайд С.Батболд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардууллаа.
www.hiimori.mn