by rednasca » Wed Feb 28, 2007 10:38 am
[font=Tahoma]Вэйдийн царай бүхнийг илэрхийлнэ.[/font]
Аливаа зүйлийг алдсаны дараа түүнийхээ үнэ цэнийг улам бүр ойлгох болно.
[align=justify]Би үүнийг түүний царайнаас харсан гэж бодож байна. Дуэйн Вэйдийг багийнхаа нөөц тоглогчдын суудалд өвчин зовлондоо шаналан суухыг хараад би түүний царайд нэгэн зүйлийг олж харсан гэдэгтээ итгэлтэй байна.
Тиймээ. Магадгүй ингээд л дуусаа гэж үү. Магадгүй ердөө 1 л аваргын бөгж. Цонх ингээд хаагдчихлаа гэж үү.
Ердөө хэдхэн хоногийн өмнө Майамигийн Гал баг Дорнод бүсийн 8 дугаар байранд амжилтаараа жагсан, плейоффт шалгаран ҮСБХ-ны аваргын төлөө тулалдах хамгийн магадлал өндөртэй багуудын нэг байлаа. Тэднийг хэн ч үгүйсгэж чадахгүй байлаа. Агуу дасгалжуулагч Пэт Райли мэс заслын дараа багтаа эргэн ирж, Жейсон Капоно 3 онооны шидэлтийн аварга болж, Шакил О’Нилийн тоглолт жигдрэн, хамгийн гол нь Дуйэн Вэйд өнгөрсөн жилийн аваргын төлөө тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийнхоо хэмжээнд тоглож байлаа.
Гэтэл одоо ердөө нэг үений зөрүү, нэг гэмтлээс болоод бүгд алга болов. Вэйд хэдэн долоо хоногоор магадгүй хэдэн сараар эмчилгээнд явлаа. Гэв гэнэт Райли ганц хөлтэй мэт, Капоно буцаад найдваргүй тоглогч болсон мэт, Шак хуучны шилдэг тоглогчийн сүүдэр нь болсон мэт санагдана. Бодит байдал.
Бүх зүйл одоо өөр болжээ. Бүлүүрүүд, Шидтэнүүд, Морин цэргүүд барианд тэргүүлэн орох шинжтэй болов. Орландо амьсгаа авахтайгаа болж, итгэл найдвар төрөв. Торнууд, бүр Нью-Йоркчуудын хувьд хүртэл хонгилын үзүүрт гэрэл аслаа. Дорнод бүс маш ойлгомжгүйн зэрэгцээ маш сул билээ. Тиймээс Галынхан энэ жил орон гаран байсан ч гэлээ, тэднийг плейоффт сүүлийн байраар гарч ирсэн ч гэлээ, бүгд эмээж байлаа.
Вэйд тэднийг аюултай баг болгож байсан. Тэр лигийн хамгийн үр ашигтай тоглогч. Тэр хүлээцтэй, тэвчээртэй, бас итгэл найдвар даадаг. Тэр өнгөрсөн жилийн амжилт тохиолдлынх байгаагүй гэдгийг батлах гэж тэмцэж байсан. Хэн ч түүнээр оролдохыг хүсэхгүй нь лавтай. Ялангуяа тэр энэ баг бол түүнийх гэдгийг зүрх сэтгэлдээ бүрэн дүүрэн мэдэрч, өдрөөс өдөрт улам сайжирч, улам ухаалаг тоглож байсан гэдгийг харгалзан үзвэл.
Түүний авьяас чадвар, түүний зүрх сэтгэлтэй байхад Маяами баг дан ганц боломжтой төдий биш, бараг зайлшгүй амжилт гаргах байлаа. Түүнгүй бол зүгээр л замбараагүй хэдэн нөхдүүд. Вэйд бол яг Стив Нэш шиг багтаа үнэ цэнэтэй. Түүний үйл хөдлөл бүр багтаа үр нөлөөтэй. Түүнийг самбарт довтлоход Капоно, Пози, Жонес нарт шидэх зай олдоно. Түүн дээр 2 хүн хамгаалан тоглоход Шак сул довтолно. Түүний эрч хүч, хурд багийнх нь хамгаалалтын өнгө аясыг тодорхойлно.
Тиймээс түүнгүйгээр тэд бэрхшээлтэй тулгаран даван туулахын төлөө тэмцэх биш, тэд амь тэмцэнэ. Муухай. Харамсалтай. Лоттерейд буух шинжтэй. Хамгийн гол нь дараа жил гэж байх болов уу. Дараа жил дахиад л амжилт гаргах юм чинь гэж найдаж болох болов уу. Шак нэг нас нэмнэ, улам уруудана. Зо, Гэри 2 зодог тайлж магад. Райли ч бас.
Нэгэн дурсамжыг сэргээе. Энэ бол 1977 оны аварга баг болох Портлэнд багийнхан юм. Тэд анхны аваргаа дараа дараагийн олон аваргын цомын анхдагч гэж бодож байв. Багийн холбон тоглогч Лайнел Холлинс хэлэхдээ “Бид бэлтгэгдсэн байсан. Сэтгэлзүйн болон биеийн хувьд. Биднийг хэн ч зогсоохгүй гэж тухайн үедээ бодож байлаа.”. Гэвч.......бараг л нүд ирмэх зуур бүгд алга болжээ. Тэд Сиеэтл багт хожигдов. Багийн лидер Билл Уолтоны хөл гэмтжээ. Багийн эзэд Морис Лукас зэрэг чухал тоглогчдыг зарав. Бүүм. Ингээд бүгд дуусч.
“Эргээд бодоход энэ бүгд ямар ховор, бас ямар хэврэг эд байжээ гэдгийг ойлгож байна” гэж Холлинс хэлэв. Түүний царайд зовиур мэдрэгдэж байв. Яг л дөнгөж тэр бүхэн тохиолдсон юм шиг. Түүний бодол санаанд тэр харуусал хадгалагдсаар байна. Гэхдээ аваргын цом авсан баяр хөөр, бахархал үргэлж хамт байхын зэрэгцээ жил ирэх тусам, дахиж түүнээ авахгүй гэдгээ мэдрэх тусам улам бүр баяжиж, улам бүр хүчтэй болж байгаа биз ээ.
Жордан, Пиппений тэргүүлсэн Бухнууд 8 жилд 6 удаа аварга болсон нь, Шак ба Кобигийн Нуурынхан 3 дараалан түрүүлсэн нь аварга болоход амархан гэсэн сэтгэгдэл төрүүлж мэдэх юм. Гэхдээ мэдээж тэр бүхэн амархан байгаагүй билээ. Бухнууд Кемп ба Пэйтон, Чарльз Баркли, Мэлоун ба Стоктон нарын гайхамшигт тоглолт, Майклын ханиад, багийнхаа менежерийн багаа яаралтай шинэчлэх гэсэн зүйлсүүдийг давж гарсан. Тэгвэл Нуурынхан Портлэндэд шийдвэрлэх 7 дахь тоглолтын 4 дүгээр үед 15 оноогоор хожигдож байсан ч эцэст нь хожсон. Хаадуудтай хийсэн ширүүн тэмцэл бүхий цуврал 7 тоглолтыг давж гарсан. Хоёр супер одынхоо бие биенээ үзэн ядах сэтгэлийг давж гарсан.
Танай баг хичнээн ч сайн байсан, танай багийн супер тоглогч хичнээн сайн тоглосон ч гэлээ аваргын төлөө туулсан зам ямар нэг байдлаар ид шидтэй холбоотой, ид шидийн нэгэн илрэл байдаг билээ. Бүх зүйл зөв байх, бүх эд эсүүд төгс зохицсон байх хэрэгтэй.
Түрүүн дурьдсан 1977 оны аваргын төлөө цуврал тоглолтыг эргэн дурсая. Эхний 2 тоглолтдоо Филадельфи багт бут ниргүүлсэн Портлэнд багийнханы хувьд Билл Уолтон ид үедээ байлаа. “Яг тэр жил гэмтэл бэртэлгүй байхдаа Билл бүх цаг үеийн шилдэг сагсчин байсан” гэж багийнх нь анд Дэйв Туардзик хэлэв. Тэд түүнд түшиглэн багаа босгож, үүргээ ухамсарласан тоглогчдоор бүрдүүлжээ. Тэд авьяас чадвартаа зохицсон хурдан тоглодог баг байлаа. Мөн тэдэнд тоглогчдоо хэрхэн урамшуулж, ир зоригийг нь хурцлахаа мэддэг дасгалжуулагч байлаа. Эд бүгд нийлээд, дээр нь эсрэг багийнх нь гол тоглогчид болох Др.Жей буюу Жулиус Ирвинг, Жорж МакГинис нарын сул тоглолтын үр дүнд тэд 4 дараалан ялж, аварга болжээ.
Яг үүнтай адилаар, 2006 оны аваргын төлөө цуврал тоглолтод Майами баг Далласт эхний 2 тоглолтоо алдаад байв. Гэхдээ тэдэнд Дуэйн Вэйд байлаа. 3 дахь тоглолтыг 4 дүгээр үед тэд 13 оноогоор хожигдож байв. Гэвч яг тэр мөчид тэр ирээдүйн супер одоос агуу тоглогч ангилалд үсрэн орж, өөрийгөө тоглолтын хувь заяаг эргүүлэх чадвартай гэдгээ ухамсарлажээ. Ингээд л түүнийг зогсоох тухай бодоод ч хэрэггүй болсон билээ. Дизель хочит Шак, үүргээ ухамсарласан тоглогчид, агуу дасгалжуулагч Райли. Тохирсон тоглолтын хэв маяг, бүхнийг даван туулна гэсэн итгэл үнэмшил. Диркийн сул тоглолт. 4 дараалсан ялалт. Аваргын цом.
Магадгүй өнөөдрийн Маяами баг өчигдрийн Портлэнд биш байх. Магадгүй тэд энэ жил гайхамшигийг бүтээж болох юм. Магадгүй Вэйдийн мөр хурдан эдгэж, Шакийн мотор дахиад ч хэдэн жил гүйх бололцоотой гэдгээ харуулж.....Мэдэхгүй юм.
Миний ганц мэдэж буй зүйл бол Вэйдийн зовлон зүдгүүртэй, нулимс дуслуулсан царайнд дан ганц өвчнөөс илүү зүйл харагдаж байсан юм. Айдсаас ч илүү зүйл. Давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдсөн хүний дүр төрх. Хүний боломж бололцооны хязгаар.
Гэхдээ түүний өвчин зовлонг мэдрэхийн зэрэгцээ би бас өөр зүйл ч мэдэрсэн. Ямар нэгэн сэтгэл хангалуун байхаар зүйл. Хүндэтгэл. Түүний царайг харж байхдаа түүний өнгөрсөн жил бүтээсэн тэр гайхамшигийг улам бүр мэдэрч, үнэлсэн. Түүний Бухнуудтай хийсэн тэмцэлд өөрийнхөө гуяны гэмтлийг үл хайхарч, Бүлүүрүүдтэй хийсэн цувралд ханиадаа үл тоон өрсөлдсөнийг эргэн дурсахад гүн бахархал төрнө. Түүний аваргын төлөө цувралд бүтээсэн гайхамшигийг агуу зүйл байжээ гэдгийг улам утга төгөлдөр ойлгож байна.
“Аваргын цом гэдэг нь ямар сайхан зүйл байж вэ? гэдгийг түүнийг алдсаныхаа дараа ойлгосон. Бүх зүйл өөрчлөгдсөний дараа.” гэж Холлинс өгүүлэв.
Тиймээ. Би ийм л зүйлийг Дуэйн Вэйдийн царайнаас олж харсан билээ. [/align]
Last edited by
rednasca on Wed Feb 28, 2007 12:07 pm, edited 2 times in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...