- sonin.mn -
http://www.sonin.mn -
Монголын Үндэсний бөхийн дөрөвдүгээр их эе
Хэвлэгдсэн: 2007 оны 09 сарын 15 өдрийн 11:07 цаг, Бөх | 10 сэтгэгдэл
Б.Бат-Эрдэнэ /дархан аварга/ -Харин мөнгө төгрөг идэж шамшигдуулсан юм гарсангүй. Шат дараалсан шалгалт сайн хийсний үр дүн байх. Нөгөө талаар бөхчүүд бид өөрсдийнхөө зан байдлын талаар бас бодох юм байх шиг байна. Бөхөд шинэчлэл хийх шаардлагатай байсан уу гэвэл байсан. Наанадаж цаг наргүй бие биеэ түшээд зогсчихдог, олон түмнийг чилээдэг байдлаас гарахын тулд цаг заахаас өөр аргагүй болсон шүү дээ. Дээрээс нь цолны найраа, бөхчүүдийн үзүүлсэн амжилтыг үнэлж эрэмбэлэх гээд тодорхой өөрчлөлт шаардлагатай болж нэлээд хөдөлмөр зарж хийлээ. Энэ бүхнийг ч бас ярих хэрэгтэй болов уу.
Ж.Ганболд /улсын заан/ -Монгол бөхийн өргөөг барихад хоёр тэргүүний оруулсан хувь нэмэр асар их, Үүнийг ярихгүй өнгөрч болохгүй. Зөвхөн энэ хоёр тэргүүнийг шүүмжлээд байх нь нэг талдаа утгагүй юм. Энэ хоёрын цаана буруутай олон хүн байгаа. Тэдний тухай ярих хэрэгтэй. Ийнхүү 34 төлөөлөгч санал бодлоо хэлж дөрвөн цаг гаруй хэлэлцсэний дараа дээрх тайлан илтгэлийг батлах тогтоолын төслийг редакцын комиссын дарга Ж. Болдбаатар танилцуулав. Тогтоолын төсөлд МҮБХ-ноос тайлант хугацаанд хийсэн ажлыг 2-3 салгаж дүгнэх санал гарч, үүн дээр төлөөлөгчид, саналаа хэлж, санал хураалгасны эцэст Бөхийн өргөөний менежментийн асуудал, бөхчүүдийн нийгмийн хамгааллын талаар хийсэн ажлыг төлөөлөгчийн олонхийн саналаар бүрэн хангалттай гэж баталсан ч сонгуульт хугацаанд бөхийн шинэчлэлийн талаар хийсэн ажил, бөхийн ёс жудгийн талаар авсан арга хэмжээний асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэв. Энэ хоёр асуудлаар маргаан дэгдэж, төлөөлөгчдийн олонхи нь хурал замбараагүй болж байгаад ундууцан маргааш наадахийг чинь шийдье гэцгээснээр эхний өдрийн хуралдаан 23 цаг өнгөрч байхад завсарлахаас өөр аргагүйд хүрэв.
Пүрэв гаригт эхэлсэн “ИХ ЭЕ” дөрөв дэх өдрөө үргэлжилж, гурав дахь өдөр шөнө дунд хүртэл хуралдсан төлөөлөгчид МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн сонгуульт хугацаандаа хийсэн ажлын тайланг авч хэлэлцэн үнэлгээ өгсний дараа тус холбооны шинэчилсэн дүрмийг хэлэлцэв. Ингэхдээ МҮБХ-ны боловсруулсан болон улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн нарын оруулсан дүрмийн төслийг харьцуулан авч үзлээ. Төлөөлөгчид дүрэм боловсруулагчдаас зарим зүйлийг тодруулсан юм.
Г.Пүрэв-Очир /улсын начин/ - Энэхүү дүрмийн төслийг боловруулахдаа бусад хуультай хэрхэн харьцуулсан бэ?
Д.Данзан /дэд тэргүүн/ - Төрийн бус байгууллагын дүрмийг л баримталсан.
Ж.Ганболд /улсын заан/ - Үндсэн хууль, Иргэний хуулиас манайхтай холбоотой заалтаас санаа авсан юм бий. Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Бөхийн холбооны тэргүүлэгчид илүүдчихээд байгаа юм. Үүний дараа санал хураалт явуулж, д урмийн төслийн заалтуудыг баталж эхэлсэн юм. МҮБХ-ны удирдлагын тогтолцоо нь Их эе, цэцдийн зөвлөл, тэргүүн, тэргүүлэгчдийн хурал гэсэн тогтолцоотой байна гэсэн заалт дээр төлөөлөгчид удаан маргалдсаны эцэст тэргүүлэгчид эсвэл гүйцэтгэх удирдлагатай байя гэдгээр санал хураахад төлөөлөгчдийн дийлэнх олонхи буюу 113 нь тэргүүлэгчидтэй байхыг дэмжлээ. Хурлын дэгийн дагуу цөөнх болсон төлөөлөгчдөөс гурван хүн үг хэллээ.
X. Баянмөнх /дархан аварга/ - Бөхийн холбооны тэргүүн бодлого л хариуцах хэрэгтэй. Гүйцэтгэх захирал нь тэргүүнтэй гэрээ хийж, Өдөр тутмын ажлаа амжуулдаг байх нь зөв. Тэгэхээр тэргүүлэгчид байхын шаадлагагүй.
А. Сүхбат /улсын аварга/ - Удирдах зөвлөлтэй байна гээд заачихсан байхад яагаад заавал тэргүүлэгч гэдэг хуучин үгэндээ автаад байгаа юм бэ?
Ж. Ганболд /улсын заан/ - Нэрийн л асуудал шүү дээ. Тэргүүлэгчид, гүйцэтгэх захирал нь тэргүүндээ ажлаа тайлагнадаг байх хэрэгтэй. Цөөнхийн шаардлагаар дахин санал хураалгахад өмнөх санал хүчинтэйгээр батлагдав.Үүний дараа тэргүүнтэй гэрээгээр ажиллах гүйцэтгэх захирал байх уу, хуучнаар дэд тэргүүн, ажлын албатай байх уу гэдэг дээр бас маргалдаж, олонхийн саналаар гүйцэтгэх удирдлагатай байхаар боллоо. Дурмийн төсөлд байгаа МҮБХ-ны тэргуунийг Цэцдийн зөвлөлийн гишүүдээс сонгоно гэсэн заалтыг өөрчилж, Тэргүүнийг Их эеэс шууд сонгохоор батлав. Цэцдийн зөвлөлийг 67 хүний бүрэлдэхүүнтэй байна гэж баталсны дараа гишүүдийг хэрхэн сонгох талаар аймгуудын бөхийн холбоодын тэргүүн нар шууд сонгогдох, үлдсэн 46 гишүүний 23 нь бөх, 23 нь бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, засуул, цэц байхаар тооцсон улсын заан Ж.Ганболдын саналын талаар бас л маргаан дэгдлээ.
Л.Жавжмаа /Булган/ - Too зааж өгдөг нь ерөөсөө буруу. Харин өргөн ардчиллын дагуу хэн олон санал авсан нь л сонгогдох хэрэгтэй.
Х.Баянмөнх /дархан аварга/ - Цэцдийн зөвлөл бөхийн барилдааны дүрэм батлах учраас бөх хүн илүү байх ёстой.
Б.Бат-Эрдэнэ /дархан аварга/ Цэццийн зөвлөл нь бөхийн дүрмээс гадна олон асуудал шийдэх байгууллага шүү дээ.
У.Мижиддорж / улсын арслам/ - Бөхийн тоонд цолоор нь квот тогтоох нь зөв. Тэргүүний саналыг дэмжиж байна.
Д.Сэрээтэр /улсын начин/ - Манай бөхчүүд сонгогдчихоод хуралдаа ирдэггүй улс. Түүний оронд үнэхээр бөхийн төлөө сэтгэлтэй хүмүүсийг сонгосон нь дээр.
Р.Чулуун /сэтгүүлч/ - Улсын аварга, 21 аймгийн даргыг шууд сонгоод үлдэх 40 хүний нэрийг дэвшүүлье, бид үзэл бодлоороо саналаа өгье. Жижүүрийн хэдхэн хүн ярьж байгааг анхаараач. Саналаа шуурхай хураая. Б.Онх /улсын начин/ - Тэргүүнийхээр бол бөх биш хүн 44, бөх 23, байх нь. Нөгөө л бөхөө дорд үздэг илрэл гарч байна. Бөхийн зүтгэлтний холбоо биш шүү.
Л.Сосорбарам /улсын арслан/ - Бөхийн их хурал болж байна. Тийм болохоор бөхчүүдийнх нь тоо олон байх хэрэгтэй.
Г.Бадарч /Орхон/ - Бөх илүү байх нь зөв байх. Би ч гэсэн барилдаж л байсан. Гэхдээ асуудлаа өөрсдөө шийдэг. Цолны квот бүү ярь.
П.Сүхбат /улсын заан/ - Сэрээтэр начин буруу ярьж байна. Одоо барилдаж байгаа бөхчүүд л дүрмээ өөрчилж байгаа биз дээ. Тэд өөрсдийн эрх ашгийг хамгаалахгүй бол хэн хамгаалах юм бэ? Тийм учраас бүр олон бөх сонгох хэрэгтэй.
Ц.Баярсайхан /улсын заан/ - Зургаан аваргаа сонгуульгүй оруулъя. Бусад цолтны хувьд тоо заалгүй сонгоё.
Н.Жүгдэн /засуул/ Бөхчүүдээ дийлэнх оруулаад Жавзмаагийнхаар санал хураая.
А.Сүхбат /улсын аварга/ Тэргүүний саналыг эрс эсэргүүцэж байна. Бид бөхийн төлөө шударга тэмцэж байгаа. Зарим бөх хачин байна шүү. Б.Бат-Эрдэнэ аварга, П.Дагвасүрэн арслан, Мягмар заан, Сэрээтэр начин нар. Тэргүүнийхээ хажууд наалдаж суучихаад тэднийгээ дэмжсэн юм яриад байх юм. Би өөрийгөө бөхөөр мэргэжсэн хүн гэж хэлнэ. Бие махбодиороо мэдэрсэн хүн л бөхөө мэднэ. Бөхчүүдээ дийлэнх байхаар санал хурааж өгөөч гэж хүсмээр байна.
А.Зангад /зүтгэлтэн/ шууд санал хураахаар юм уу цолны квот тогтоохгүй бол жишээ нь нэг ч заан, арслан орохгүй бол яах вэ? гэхдээ санал хурааж шийдье.
Н.Насан- Очир /зүтгэлтэн/Улсын 6 аварга, тэргүүнээ хасаад үлдэх 36 хүний 27 нь бөх, 12 нь бөхийн зүтгэлтэн, засуул, цэц байя.
Х.Баянмөнх /дархан аварга/ - Цолтон тус бүрийг бичиж санал хураана. Өчигдөр А.Сүхбат ярьж байсан. 80 жилээр шодоход би яаж баярлаж, Бат-Эрдэнэ яаж барайж байсныг мэдэрсэн хүний хувьд хэлсэн. Би Цэцдийн зөвлөлийн хурал дээр нэг аймгийн бөхийн холбооны даргад хэлж байсан. Бид ширээн дээрх махыг хараад бүгд зөв ярина. Гэтэл би тэр махыг залгиж идээд баасан хүн шиг ярина. Зүйрлэхэд ийм. Бөхийн дүрэм батлахад яг ийм юм гардаг.
Б.Цэдэв /зүтгэлтэн/ - Тоог тогтоох илүү. Энэ бол өргөн ардчилал биш, сонгууль биш байна. Яагаад аваргууд заавал байх ёстой юм. Жавзмаагийн саналыг дэмжиж байна. Барилддаггүй хүн бөх мэддэггүй гэж хэн тодорхойлж байгаа юм бэ?
Д.Цогзол /засуул/ -Би Цэдэвийн саналыг дэмжиж байна. Зарим нь тулгалт хүлээлгэж болохгүй. Аваргуудыг хүчээр зүтгүүлдгээ больё. Тэд сонгогдохгүй байсан ч яадаг юм. Заавал юм бүхэнд орж байх албагүй шүү дээ. Зөвлөх маягаар тэдний үгийг сонсож болно.
Х.Баянмөнх /дархан аварга/ - Сонсохгүй ч байж болно гэсэн үг. Аваргуудыг оруулна. Ерөөс бөхийн түүх гэдэг аваргуудын түүх, аваргуудтай барилдаж явсан түүх л байдаг юм шүү.
Ш.Дашцэрэн -зүтгэлтэн/ - Аваргууд өөдөөс харж суучихаад бөхчүүд болон биднийг дарамталдгаа болиоч ээ. Зүтгэнлтэн хүн олон байна гэж би зүтгээгүй шүү.
Ийнхүү төлөөлөгчид нэлээд мэтгэлцэж Цэцдийн зөвлөлд орох бөхчүүдийн тоог тогтоох уу гэдгээр санал хурааж, тоог тоолохоор боллоо. Ингээд төлөөлөгчид Цэцдийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж эхлэв. Нэг төлөөлөгч 3 хүний нэр дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшүүлж дууссаны дараа тооллогын комисс нэр дэвшигчдийг танилцуулахад зарим хүмүүс нэрээ татав.
Ж.Болдбаатар /бөх судлаач, эрдэмтэн/ - Би зав муутай, тэртэй тэргүй би зав чөлөөгөөрөө бөхөө судлаад л явна гээд нэрээ татлаа.
Д.Мягмар /улсын заан/ - Би өөрөө ЗЦГ, тэргүүлэгчээр I Их эе-ээс сонгогдоод 12 жил болж байна. Хэлж чаддаг нь дээр , хийсэн нь доор орж байдаг байж таарахгүй. Энэ миний бодол шүү. X. Баянмөнх сайхан ярьж байна. Би 666 мэх байгааг бүртгэсэн гэж хэлээд л байгаа. Одоо болтол энэ тухай гарсан гарын авлага байхгүй л байгаа шүү дээ. Та бүхэн бодит ухаанаар асуудлаа шийдээрэй. Би нэрээ татлаа.
Н.Чулуунбаатар /зүтгэлтэн/ -Би нэрээ татаж байна. Бөхийн зүтгэлтэнүүд гэж олон сайхан хүмүүс байдаг шүү. Битгий бөх мэддэггүйгээр нь дуудаарай. Олон сайхан хүмүүсээ гомдоож болохгүй шүү.
Б.Цэдэв /зүтгэлтэн/ - Миний нэрийг дэвшүүлсэн Жавзмаа болон төлөөлөгчдөд баярласнаа илэрхийлье. Би хэмжээндээ бөх мэднэ. Цагтаа бөхийн торгон зодогноос барьж л явлаа. Шинээр сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны дүрмийг хэлэлцэхдээ алдааг засч сайн дүрэм батлаасай, тэгвэл олон түмний санаанд нийцэж, нэр төрд нөлөөлнө шүү гэдгийг захья. Би нэрээ татлаа. Энэ мэтээр зарим нэр дэвшигч нэрээ татан, аварга Г.Өсөхбаяр, арслан Ж.Чойжилсүрэн, Ж.Хайдав, Б.Ганбаатар нарын зэрэг хуралд оролцохоор мандат аваагүй төлөөлөгчдийг хасаад үлдэх хүмүүсийг саналын хуудсанд бичихээр болов. Энэ хооронд МҮБХ-ны дүрмийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Төлөөлөгчид дүрмийн төслийн 7.16 заалтдээр гацаж бас л маргаан дэгдэв. Энэ нь МҮБХ-ны тэргүүн орон тооны байх уу гэдэг асуудал.
С.Дарьсүрэн /Баянхонгор/ - Би Баянхонгор аймгийн БТСХ-ны дарга. Аймагт үндэсний бөхийн холбооны тэргүүн маань орон тооны бус хүн байдаг болохоор нэг ажил хийх гэхээр олддоггүй. МҮБХ өөрийн хөрөнгөтэй болохоор тэргүүн нь орон тооных байгаасай гэж боддог. Орон тооны байна гэдгээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжиж, цөөнх үг хэлэв.
Ж.Ганболд - Тэргүүн нь өөрийн төсөвтэй. Хамгийн гол нь бөхийн ирээдүйн хөгжлийн талаарх бодлогыг барьдаг хүн байх ёстой. Бид тэргүүндээ бодлогыг нь ч бариулаад, эдийн засгийг ч гарт нь өгөөд олон давхар ачаа үүрүүлсээр байна. Эдийн засгийн асуудлыг гүйцэтгэх удирдлагын аппарат барьж өдөр бүрийн ажилтай зууралдах ёстой юм. Тиймээс орон тооны бус хүн байх ёстой. Нэг гарт гурван эрх мэдэл төвлөрснөөс болж, бөхийн холбооны удирдлага ямар улаан луйварчид болоод байгааг та нар мэдсээр байж яагаад ингээд байгаа юм бэ? Бөхийн өргөөний барилгын нийт хөрөнгө оруулалтын 10 хувийг өнөөдөр хувьчилчихаад байна. Бөхийн өргөөг бүтээн босгох ажлын менежментийн удирдагч нь Р.Нямдорж байхаар тэргүүлэгчид нь баталчихаад байна. Одоо 44 хувь нь Төрийн өмчийн хорооны мэдэлд байгаа ч цаагуураа бүгдийг нь хувьчилж авахаар зэхчихсэн байгаа. Би энэ өргөөнд чинь санаархаад байгаа юм биш. Би бөхийн өргөөг барихад нэг сая төгрөг хандивласан. Бөхчүүдийнхээ эрх ашгийн төлөө Бат-Эрдэнэ аварга бид хоёр шиг халааснаасаа сая төгрөг гаргаад өгсөн хүн хэн байгаа юм бэ? Буяндэлгэр уяач 12 мянган ам доллар хандивласан байна лээ. Тэрбээр бөхийн өргөөг хувьцаат компани болгох юм бол 12-ыгоо 24 мянган ам доллар болгон ашгаа авна гээд ярьж байсан. Би ч тэгнэ. Гэхдээ энд авахдаа гол бус Бөхийн өргөөг ард түмний өмч хэвээр байлгах юм бол надад ашиг хүртэх сонирхол алга. Би хөрөнгө нийлүүлсэн учраас энэ өргөөний төлөө санаа зовж, бөхчүүддээ үлдээсэй гэж бодож байна. Юу ч өгөөгүй хүн луйвардаад бүү авчихаасай гэсэндээ тэмцэж байна. Аятайхан л байгаарай.
Х.Баянмөнх /дархан аварга/ - Тэргүүн нь орон тооны байх юм бол иддэг уудаг шуналтнуудын замыг засч байна гэсэн үг. Р.Нямдорж биш байлаа ч ер нь хэн ч гарч ирсэн ашиглахыг л хичээнэ биз дээ. Сая би хүмүүсийн санал өгч байгааг харлаа. Тэргүүнийг орон тооны байна гэдэг дээр дөрөвхөн бөх гар өргөлөө. Бусад нь цөм албаны улс. Бөхийн өргөөг худалдаж авах нь тодорхой болчихоод байгаа. Энэ хүмүүс 12 жил болчихоод одоо яагаад дахин гарах гээд үхэн хатан зүтгээд байгаа юм бэ, бүх юм тодорхой байна шүү дээ. Одоо бид Нямдоржийг тэргүүнээр сонгочих юм бол тэгээд бүх юм гүйцээ. Нөгөөдөр гэхэд л Бөхийн өргөө хувчлагдана. Дөрвөн жилийн дараа Бөхийн өргөө ноолуурын агуулах болно. Бөх барилдаад орлого орохгүй юм бол баячуудын барааны агуулах болгохоос өөр яах юм бэ.
А.Сүхбат /улсын аварга/ - Өнөөдөр бөхийн холбооны удирдлага үнэнч шударга ажилласан бол бөхчүүд ингэж бухимдах уу даа. Энэ улс улаан луйвар хийгээд байна. Ү.Хүрэлбаатар, Зангад, Нямдорж, Данзан, Дагвасүрэн, Сэрээтэр. Эд цөм улаан луйварчид байна шүү дээ. Яагаад тэр 10 хувийг хувьчлах гээд байгаа юм бэ. Энэ чинь хэний өмч юм бэ. Нямдорж, Данзан та нар 10 жилийн өмнө хэн байсан юм бэ? та нар ийм байх юм бол бөхийн заяа гомдоно шүү.
С.Эрдэнэбат /улсын начин/ - Нэг хүний гарт хэт их эрх мэдэл очихоор ийм зүйл үйлчилнэ. Бид цөөнх болсон учир санал хураалгаж өгөөч.
Цөөнх үгээ хэлсний дараа дахин санал хураахад тэргүүнийг орон тооны бус байхаар төлөөлөгчдийн дийлэнх нь саналаа өгсөн юм. Мөн л цөөнх үг хэллээ.
Р.Нямдорж /тэргүүн/ - Бөхийн өргөөг хувьчилж авах гэж байгаа тухай мэдээлэл тараажээ. Хүмүүс ч сая омогтой, ууртай, заналхийлэлтэй ярьж байна. Монгол бөхийн өргөө бол хоёр талын хөрөнгө оруулалттай газар. МҮБХ хандив, нэр төрийн арилжаа, албан байгууллагын сугалаа, алтан карт, өргөмжит талархал гэдэг Монголд урьд өмнө нуруугаа аваагүй таван шинэ ажил явуулсан. Бөхийн өргөөний нийт хөрөнгийн 44 хувь нь төрийн 46 хувь нь МҮБХ-ных, менежментийн оюуны өмч 10 хувь болчихдог юм. Тэр 10 хувиа Бөхийн холбоондоо нэмээд үндсэндээ 56 хувь болж байгаа юм. Энэ нь бөхчүүдийн эрх ашигт л хэрэгтэй. Энэ ажиллагаа чинь үнэхээр буруу байна гэж үзвэл, чи луйвар хийж байна гэж байгаа юм бол тогтоол гаргаад тэр менежментийн 10 хувь гэдгээ хасчихаач. Ингэхээр төрийн өмч 49 хувь, Бөхийн холбооны өмч 51 хувьтай, энэ дунд нэг шалгалт хийвэл 50, 50 хувьтай болж тэнцэх юм аа. Үүнийг ойлгоосой. Би Монголын бөхчүүдийн эрх ашгийн төлөө л үүнийг хийсэн. Намайг сүүлийн үед их сүрдүүлж, заналхийлж байгаа. Гэвч би айхгүй. Нөгөө талаар тэргүүн орон тооны байна гэхээр Нямдорж нэрээ дэвшүүлж өрсөлдөх гээд байна гэж бодож байх шиг байна. Би орон тооны байсан ч, орон тооны бус байсан нэрээ дэвшүүлж өрсөлдөх болно. Маш их ухуулга явж байгааг мэдэж байна. Ганболд заан хэллээ. Тэр Төрийн өмчийн хорооны Цоггэрэл гэдэг залуутай би ярина. Үнэн юм үнэнээрээ л байсан нь дээр. Тэр 10 хувийг Нямдорж авч байгаад 44 хувийг Бат-Эрдэнэ нартай хуйвалдаж хувьчилж авах гээд байна гэж Төрийн өмчийн хороонд ажиллаж байгаа хүн ярьсан тухай энд суугаа 200-гаад хүн сонслоо. Би хэнээс ч өөрийгөө сонгоод өг гэж гуйгаагүй. Баянмөнх тэгсэн, Ганболд ингэж ярьж байна гэж би хэнд ч ярьж байгаагүй. Юм шударга нь дээр. 12 жил болсон болохоор та нар надаас уйдсан юм байж. Би 12 жилд маш сайн ажилласан. Надад гомдох юм алга. Би бүтээсэн юмтай хүн. Би Монгол бөхөд 25 цоо шинэ зүйл хийсэн. Түүний дотор Бөхийн өргөө гэж шуналын гал маналзуулаад байгаа тэр байшин Нямдорж гэдэг хүний зүтгэлээр боссон. Бөхийн ордон барих гэж байна гэж Монголын ард түмэн бүгд хөдөлсөн нь үнэн. Түүнийг ашиглаж, хэн менежмент хийсэн юм бэ? Ганболд хийсэн юм уу, тэр Бямбажав гуай өмнө нь хийчихсэн байсан юм уу. Нямдорж л хийсэн байхгүй юу. Та нар хэлээд сурчих. Зөвшөөрөөд сурчих. Хэн нь айлган сүрдүүлж байдаг, тэр нь үнэн байдаг, хийсэн нь худлаа байдаг ийм системээр явах юм бол тэргүүн болсон бүх хүн зовно. Бөхийн холбоо байнгын удирдагчтай байсан нь ононо шүү. Тэр нь Нямдорж нь байна уу, хэн нь байна хамаа байхгүй, үүнийг бодолцоод дахин санал хураалгамаар байна.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт
Интернетийн эх сурвалж: sonin.mn:
http://www.sonin.mn
Интернетэд унших хаяг:
http://www.sonin.mn/?p=14225
Энд дарж хэвлэ.