Таван цагариг сонин №16
[align=center]Шилдгүүдэд тоогдсон шинэ цэргүүд[/align]
1. ХЕЙККИ КОВАЛАЙНЕН (РЕНО)
1981 оны аравдугаар сарын 19-нд Финландын Суомуссалмид төрсөн. Биеийн өндөр 172 см, 66 кг жинтэй. Ганц бие.
Авто спортын амжилтын товчоон.
1999 - Финландын Formula-А уралдааны дэд аварга
2000 - Финландын Formula-А уралдааны аварга, Скандинавын аварга, Эльф Мастерсын аварга, Финландын оны шилдэг картингийн уралдаанч
2001 - Формула-Реногийн Британийн АШТ IV байр (2 түрүү, 2 поул позишн, 3 хурдан тойрог, шилдэг шинэ нисэгч), Финландын авто мотоспортын холбооноос оны шилдэг залуу уралдаанчаар тодруулсан.
2002 - Formula-3-ын Британийн аварга(5 түрүү, 3 поул позишн, 3 хурдан тойрог, шилдэг шинэ нисэгч) Marlboro Masters IV байр
2003 - "Рено", "Минарди" багуудадтуршин нисэгчээр ажиллав. Nissan-ы цувралд дэд байр эзэллээ. (1 түрүү, 2 поул позишн)
2004 - Nissan-ы цувралын аварга(6 түрүү, 9 поул позишн, 10 хурдан тойрог), Стад де Франс-д болсон Аваргуудын уралдааны ялагч, "Рено"-д туршин нисгэгчээр ажиллав.
2005 - GP2 цувралын дэд аварга(5 түрүү, 2 поул позишн, 105 оноо)
2006 - "Рено"-гийн гуравдугаар нисэгч
Картингаар уралдаж эхэлсэн Хейкки 1999 онд анхны товойх амжилтаа гаргажээ. 2000 онд Финландын аварга болж, шилдэг картингчаар тодроод Британи руу шипжив. Будант Альбионд
хоёр жилийг үдэж, Formula-Renault-ийн аварга болон Япон руу одлоо. Nissan-ы цувралд амжилттай уралдсан түүнийг "Рено" туршин нисэгчээр урьсан байна. "Феррари"-гийн олон жилийн дарангуйллыг нураахад туршин нисэгч Хейкки Ковалайнены гүйцэтгэсэн үүрэг тодорхой хэмжээгээр бий нь лавтай.
2004 онд Аваргуудын уралдаанд шилдгүүдийг ялан түрүүлсэн нь олныг алмайруулав. Шилдэг нисэгчид халз өрсөлддөг тус тэмцээнд тэрбээр эхний тойрогт Дэвид Култхардыг 11,9 секундээр ялж, дараагийн даваанд Жан Алезиг 1,7 секундээр хожин их шөвөгт үлдсэн байна. Хагас шигшээд Михаэль Шумахерыг арван секундээр орхин, аваргын төлөө Раллигийн дэлхийн аварга Себастьян Лоебийг хоёр уралдаанд ялж түрүүлжээ. Ралличид давамгайлдаг тус тэмцээнд Хейкки ийнхүү анхны раллигийн бус аварга болж байлаа. 2005 онд дахин энэ тэмцээнд хурд сорьж, хагас шигшээд Том Кристенсенд ялагдсан байна.
"Рено"-гийн хоёрдугаар туршин нисэгч байсан тэрбээр Фрэнк Монтаньиг шахан, бүхий л сорилтыг ганцаараа хийх болсон ба 2005, 2006 онд нийт 23 мянган км давхижээ. Багийн лидер Алонсо нь "Макларен" руу явснаар Хейкки үндсэн нисэгчээр дэвшиж, Жанкарло Физикеллатай хорших боллоо.
2.ЛЬЮИС ХЭМИЛТОН (МАКЛАРЕН)
1985 оны нэгдугээр сарын 7-нд Английн Тьюинд төрсөн. Эцгийнх нь аав, ээж Гренадагаас Англид ирсэн цагаачид аж.
Авто спортын амжилтын товчоон.
1995-96 - Британийн картингийн өсвөрийн аварга
1997 - Junior Yamaha уралдааны аварга
1998-99 - Junior intercontinental-ын аварга
2000 - Британийн Formula-А уралдааны аварга, Британийн авто уралдаанчдын клубийн "Ирээдүйтэй од" шагнал хүртсэн.
2002 - Британийн Формула-Реногийн III байр (13 гараа, 3 түрүү, 3 поул позишн, 274 оноо)
2003 - Британийн Формула-Реногийн аварга (15 гараа, 10 түрүү, 11 поул позишн, 419 оноо)
2004 - Formula-З Европын цувралын V байр (20 гараа, 1 түрүү, 1 поул позишн, 69 оноо) , "Макларен"-д анх удаа тест хийв.
2005 - Formula-3 Европын цувралын аварга (20 гараа, 15 түрүү, 11 поул позишн, 172 оноо), Английн "Autosport" сэтгүүлээс оны шилдэг 50 уралдаанчийг тодруулахад Хэмилтон 24 дүгээрт орлоо.
2006 - GР2 цувралын аварга (21 гараа, 5 түрүү, 1 поул позишн 114 оноо)
Ковалайненаас дүү ч амжилтын хувьд арай илүү. Найман настайдаа анх жолооны ард суусан тэрбээр тэр даруй тэмцээн, уралдаанд өнгөлж эхэлсэн байна. Formula-1-д хөл тавих яриа ид өрнөх үед буюу 2003 оны зун тэрбээр хоёр ч удаа осолд орж, сүүлийнхэд нь эмнэлэгт хүргэгдэв. Дараа жил нь Formula-3-т шилжин тавдугаар байрт орлоо. Төдийлэн онцгой амжилт үзүүлээгүй ч дайчин довтолгоо, хурдтай давхилт, эрс шийдмэг үйлдэл нь олны анхаарлыг татжээ. Улмаар тэр оны арванхоёрдугаар сард "Макларен"-ы шинэ загварыг туршив.
Өнгерегч оны арваннэгдүгээр сарын 28-30-нд "Макларен"-ы хяналтын уралдаанд хамгийн өндөр амжилтыг үзүүлэн, үүгээрээ үндсэн багт орох эрхийг авчээ. Хашир туршлагатай Педро де ла Росагаас Хэмилтон тойрог бүрт 0,7 секундээр илүү давхисан байна.
Сонирхуулахад 1994 онд "Макларен"-ы босс Рон Деннис нэгэн картингийн уралдааны үеэр түүнтэй уулзаад ирээдүйд багийнх нь өмнөөс хурд сорих санал тавьж байсан гэдэг. Улмаар 1998 онд "Макларены нисэгчдийн хөгжлийн хөтөлбөр"-т түүнийг хамруулж, цаашдаа нисэгчээр авах гэрээг байгуулжээ. Ийнхүү 13-тайдаа Formula-1 -ийн багтай гэрээ байгуулсан нь түүхэнд байгаагүй тохиолдол юм. Туршин нисэгчээр ажиллаж байсан түүний хувьд Монтойя NASCAR-т, Райкконен "Феррари"-д шилжсэн нь жинхэнэ уралдаанд оролцох боломжийг нээж өгсөн. Ингэснээр Хэмилтон Formula-1-ийн түүхэнд хоёрдахь хар арьст нисэгч болсон юм.