by ider » Fri Aug 19, 2011 12:52 am
2009 онд Өсөхөөтөй хийсэн ярилцлага:
Тэртээ 1992 оны 1-р сараас заалны барилдаанд чац өндөртэй, цаанаа нэг бөхийн хэв галбиртай залуу зодоглож эхэлсэн нь “Буур” Н.Жамъян аваргын зээ хүү, өдгөөгийн даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр байсан гэдэг. 19 настайдаа анх монгол бөхийн дэвжээнд гарч ирэн бөх сонирхогчдын анхаарлыг “гойд” татах болсноос нь хойш эдүгээ 20-иод жил урсан оджээ. Төрийнхөө их баяр наадамд 4 дэхь удаагаа түрүүлээд буй Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хороо, Бридж группийн бөх, даян аварга Г.Өсөхбаярыг энэ дугаарынхаа хүндтэй зочноор урьж ярилцсан юм.
-Даян аварга цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс дахин баяр хүргэе. Наадмын талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Баярлалаа. Би наадмаас хойш сонин хэвлэлд ярилцлага өгөөгүй байсан. МҮБХ-ны “Бөх” сониндоо анхны ярилцлагаа өгч байна. Наадам маань ерөнхийдөө нартай, хуртай, бөхчүүд маань бэлтгэл сургууль сайтай, ёс журмынхаа дагуу сайхан боллоо.
-Таны хувьд бэлтгэл хэр ханасан байв?
-Ноднин жилийн наадмын дараагаас л өвөөгийнхөө цолонд хүрчих юмсан гэсэн бодол надад байсан. Ялангуяа энэ жил өвөөгийн минь 110 жилийн ой тохиож байгаа онцлог жил байлаа. Дотроо маш их бодож, хүсч байсан. Мэдээж хүслээ биелүүлэхийн тулд зүгээр суухгүй шүү дээ. Өнгөрсөн намар 9-10 сараас эхлээд л бэлтгэл сургуулиа дээд түвшинд базааж, бэлдэж эхэлсэн. Нэлээд шаргуу бэлдсэнийх үр дүн нь ч сайн гарсан гэж бодож байна.
-Наадмын даваануудаа эргэн дурсвал?
-Барилдаанууд бол мэдээж хүнд байсан. Ялангуяа төрийн наадам магнайлж барилдана гэдэг асар их өндөр хариуцлага байдаг. Ам авах бүртээ бодож тунгаах гээд даваа болгон хүнд хэцүү. Тэр болгоныг зохицуулаад л барилдсан даа.
-Та ам авах үедээ олон хүнтэй зөвлөлдөж байгаа харагдсан?
-Мөнхбат багштайгаа зөвлөсөн, Сумъяабазар аварга, Хишигдорж заан, Гочоосүрэн заан, манай дүү Батбаяр харцага гээд ер нь тал талаасаа л ярилцсан даа. Ам авна гэдэг маш хариуцлагатай. Нэг хоёр хүн үлдсэн байлаа гэхэд хэн нь дээр вэ гээд маш сайн шүүж тунгаах шаардлага гардаг. Яг өөрөө толгой мэдээд ам авахад алдаа оноо гардаг л даа. Тал талаасаа зөвлөж ярилцаад, шүүж тунгаасан болохоор энэ жилийн ам авалтууд аятайхан боллоо гэж бодож байгаа.
-Олон жил барилдсан болохоор өмнөх алдаа, оноо болгоноосоо туршлага сууж, тэр хэрээрээ хашир, хийгүй барилдсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Би чинь үндсэндээ 16-17 жил төрийнхөө их баяр наадамд барилдлаа. Туршлага суухгүй гээд яахав. Хүн жил ирэх тусам амьдралын туршлага суудаг шиг наадмаас наадмын хооронд барилдааны арга барил, зөв ам авах гээд бүх л зүйлд туршлага сууж, суралцана шүү дээ.
-Наймын даваанд Мөнхбаатар арслан та хоёрын барилдаан багагүй шуугиан тарьсан?
-Тэр бол нэг их шуугиад сүйд болоод байхаар зүйл биш л дээ. Монголын үндэсний бөхийн дүрэмд байж байгаа зүйл. Хоёр бөх зүүн талаараа шуудагдалцаад барьц задарсан тохиолдолд дараагийн буюу баруун талын шуудганд шилжинэ гэж заасан байдаг. Миний хувьд дүрмээ л барьж барилдсан. Мөнхбаатар өдий зэргийн том цолтой хүн дүрмээ мэдэхгүй байна гэж байхгүй байлгүй дээ. Мөнхбаатар шуудагны барьц авсаны дараа 2-3 мэхний оролдлого хийсэн. Гэхдээ хүн унагачихаар сүйдтэй мэх байгаагүй л дээ. Тэгээд л барьцаа алдсан. Эндээс барилдаан зогсох ёстой. Уг нь хоёр засуул шуудагны барьц задрах үед хүрч ирж бариад дараагийн барьцанд шилжүүлэх ёстой юм дүрмээрээ. Ганбаатар арслан дүрэм баримталж 2 бөхийн барилдааныг зогсоож байсан. Энэ нь үзэгчдийн хувьд ойлгомжгүй санагдсан байж магадгүй. Тухайн үед барилдааныг дур мэдэн зогсоолоо гэх буруу зөрүү ойлголт, уур амьсгал гарч байсан. Ер нь цэнгэлдэхэд сууж байгаа бөхийн тайлбарлагч нар бөхийнхөө дүрмийг маш сайн мэддэг хүмүүс баймаар юм шиг санагдсан. Тэр үед тайлбарлагч МҮБ-ийн дүрмийн тэр заалтыг зарлаад, хэлээд өгчихсөн бол үзэгчид ойлгоно шүү дээ. Тэгэхгүйгээр нэг тийм битүү хардлага сэрдлэг төрүүлээд л… Ямар ч байсан би хувьдаа монгол бөхийнхөө дүрмийн дагуу л барилдсан.
-Наадмын дараа Г.Ганхуяг харцага сонинд өгсөн ярилцлагадаа “Хөвсгөлийнхнийг дандаа ингэж гадуурхдаг” гэсэн маягтай зүйл ярьсан байсан?
-Одоо ийм авч ч болохгүй, хаяж ч болохгүй явуургүй зүйл ярихаа больсон нь дээр. Тэр нутгийнхныг тэгж хавчдаг, ингэж хавчдаг гээд л. Тийм зүйл байхгүй шүү дээ. Бөхчүүд бид л бөхийнхөө дүрмийг биелүүлэхгүй юм бол өөр хэн биелүүлэх юм бэ? Өөрсдөө дүрэм журмаа баримталж, ёс жаягаа даган барилдахгүй бол дүрэм байхын хэрэг юу байна аа?
-Төрийн наадмын түрүүг дөрөв дэхь удаагаа булаалдахаар гарах мөчид юу бодогдож байсан бол?
-Хариуцлагатай гэвэл дэндүү хариуцлагатай үе л дээ. Өөрийнхөө энэ хүртэл зарцуулсан хөлс, хөдөлмөртөө би итгэж байсан гэж хэлж болно оо.
-Өвөө аав, зээ хүү хоёр хоёулаа “Даян аварга” цол хүртэнэ гэдэг монгол бөхийн түүхэнд бас л ховор тохиох амжилт шүү?
-Өвөө маань 110 жилийн тэртээ төрж, эр бие жагссан 27, 28 насандаа төрийн наадамд түрүүлж даян аварга цол хүртсэн алдартай сайхан бөх байсан. Бөхөөсөө гадна олон түмэндээ хүнийхээ хувьд хүндлэгдсэн нутаг орондоо хүндтэй хүн байлаа. Өвөөгийн маань энэ сайхан удмын ген, аав ээжээс заяасан бие бялдраа зөв ашиглаж монгол бөхийн үр удмыг залгах өндөр хариуцлага надад оногджээ гэдгийг бүр хүүхэд байхаасаа л ойлгож ухамсарлаж ирсэн хүн дээ, би. Дээрээс нь олон жил өвөөгийнхөө цолонд хүрчих юмсан гэж хүсч явлаа. Тэгээд энэ жил өвөөгийнхөө 110 жилийн ойгоор цолонд нь хүрсэндээ тун баяртай байгаа.
-Архангай аймаг 3 даян аварга, 1 аваргатай, харин дархан аварга төрөөгүй байгаа. Одоо таниас ард түмэн тань дархан аварга “нэхэж” байгаа байх даа?
-Наадмын дараа уулзсан хүмүүс боломж байна шүү гэж хэлээд байгаа. Хүссэнээр болдог ч юм бий, болдоггүй ч юм бий. Бүх зүйл өөрөөс л шалтгаална. Ямар ч байсан энэ намраас эхлээд бэлтгэлээ сайн хийе, өнгөрсөн жилийнхээ хэмжээнд өөрийгөө бэлдэе гэж бодож байгаа. Өвөө минь тэр чулуугаар малынхаа хашааны гадас шонг шаадаг байсан юм билээ
-Цахир суманд Н.Жамъян аваргын 110 жилийн ой тун сайхан болсон. Таны хувьд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Одоогоос 10 жилийн өмнө 100 жилийн ойг миний аав анх санааг нь гаргаад бид өвөөгийнхөө ойг тэмдэглэе, алдар хүндийг нь мөнхжүүлье, ард түмэндээ дуурсгая гээд Цахир суманд өргөн дэлгэр наадам хийж байлаа. Тиймдээ ч тэр наадам ард түмэнд мартагдахааргүй, одоо болтол ярьдаг, хүсэн хүлээдэг наадам болсон юм. Энэ жил мөн 110 жилийн ойг тэр хэмжээнд сайхан тэмдэглэе гэж зорьсон. 8-р сарын 5,6-нд 6 насны морьд уралдаж, 128 хүчит бөх зодоглосон наадам маань ч сайхан болсон. Тэр наадам дээр харж суухад надад өвөө минь ямар их буянтай хүн байж вэ гэсэн бодол их төрж байлаа. Тэр олон жилийн өмнө монгол бөхийн дэвжээнд амжилт гаргаж явсан ч гэлээ одоо болтол ард олондоо хайрлагдаж, хүндлэгдэж, дурсагдаж явна гэдэг их буян заяа шүү.
-Тэр наадмын хүүхдийн барилдаанд танайхны Өсөхжаргал гэж нэлээд өндөр хүү барилдаж байсан. Ер нь танайхны хүүхэд багачуудаас барилдахаар хүүхэд байгаа юу?
-Тэр манай эгчийн хүү. Одоо 14 настай. Өндөр шүү. Бараг 1 м 90 см дөхөж байгаа. Эгч нар маань бүгд хөвгүүдтэй. Яваандаа барилдацгаах биз дээ.
-Тэр үеэр өвөөгийнхөө аж ахуйдаа хэрэглэдэг байсан чулууг хөшөөнийх нь хөлд тавьсан гэж сонссон?
-Өвөөгийн минь зусдаг байсан газар тэр чулуу олон жил болсон. Өвөө минь тэр чулуугаар малынхаа хашааны гадас шонг шаадаг байсан юм билээ. Нутгийн хүмүүс өдий болтол харж, хамгаалж байсан. Тэгээд энэ жил бодож байгаад тэр чулууг сумын төвд авч ирэн боржин чулуун хөшөөнийх нь хөлд тавьлаа. Цахир суманд очсон хүмүүс үзэж сонирхог.
-Та тэр чулууг өргөв үү, ойролцоогоор хэд орчим кг жинтэй бол?
-Би өргөж үзсээн. 100 гаран кг байгаа байх. Харахад багавтар хэрнээ дотроо их цулмаг бололтой юм билээ.
-Батцэнгэл суманд таны цолны наадам болсон гэсэн?
-Наадмын дараа төрийн тахилгат Суварга хайрхан уулынхаа тахилгад оролцлоо. Батцэнгэл сум маань бөхийн өлгий нутаг. Намайг даян аварга цол хүртсэнийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа. Манай сум 4 улсын харцагатай. Монгол бөхийн түүхэнд 4 харцагатай сум ховор юм билээ. Энэ 4 харцагадаа хүндэтгэл үзүүлсэн давхар наадам болсон. Тэгээд өвөөгийнхөө наадмыг хийгээд дараа нь нутагтаа амарч байгаад саяхан ирэх шив дээ.
-Бөхийн өлгий гэснээс Архангай аймгаас 2-3 жил начин цолтон тасраад байгаа. Та магнайлж байгаа аварга хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тийм ээ, тийм. Начин цолтон төрөөгүй 3 жил болсон. Уг нь начин төрөөгүй жил манай аймгийн бөхийн түүхэнд бараг байхгүй байлаа. Энэ нь цаг хугацааны зүйл байж болох ч бөхчүүдийн маань өөрсдийн бэлтгэл сургууль хийх, өөрийгөө дайчлах байдал зэрэг нь нөлөөлж байгаа гэж би боддог. Хамгийн гол зүйл бол бэлтгэл сургуулиа сайн хийж, наадмын талбай дээр очоод үнэнч шударга барилдах хэрэгтэй. Бэлтгэл хийх нөхцөл боломжийг чинь хангаж, барилдах арга мэхийг чинь зааж өгье, та нар хариуд нь наадмын талбайд очоод бүхий л бололцоог ашиглан юу чаддагаа гарган барилдах хэрэгтэй гэж захидаг. Залуучууд маань үүнийг дагаж барилддаг. Хойшдоо нутгаас минь бөх төрнө өө, төрнө. Олон төрнө.
-Таны хувьд ярилцаж, зөвлөдөг бөхийн багш тань гэвэл?
-Манай аймаг “Бөхбилэгт” гэж дэвжээ байгуулаад ажиллаж байгаа. Намраас эхлээд наадам болтол заал танхимаар хангаад бэлтгэл сургууль хийлгэж байна. Хишигдорж заан, Гочоосүрэн заан нар багшилдаг. Миний хувьд залуучууддаа чадах чинээгээрээ хэлж зөвлөөд явдаг. Бид бэлтгэл дээрээ барилдааны арга барил, мэх техникээ ярилцана, нутгийн минь 2 сайхан заан бид бүгдэд чадах, мэдэх бүхнээ хэлж, зааж өгдөг. Бас Мөнхбат багш маань байна. Бөхөөс гадна их олон зүйлийн талаар зөвлөгөө авдаг юм.
Би аварга хүний хувьд бөхчүүд рүү дайрсан элдэв зүйлийг таслан зогсоох үүрэгтэй
-Ойрын үед хамгийн их анхаарал татсан асуудал бол допинг болоод байна. Хэрэглээгүй байж нэр холбогдож, хэлмэгдсэн хэдэн бөхийн нэг нь та болохоор энэ талаар асууя гэж бодлоо?
-Допингийн шинжилгээ аваад 10 жил болж байгаа. Би жил болгон өгдөг. Ялангуяа энэ жил допингийн хариу ирээгүй байхад хариуцлагагүй зарим нэг сэтгүүлч миний нэрийг бас сайхан барилдаж гарч ирсэн 2-3 залуусыг дурьдаж, нэр төр гутаалаа. Үүнд би их эгдүүцэж, дургүйцэж байгаа. Албан ёсны хариу ирээгүй байгаа үед тэгж нэр цохон бичих байтугай хэнээс юу илэрсэн гэдгийг задлах ёсгүй шүү дээ. Сонин сэтгүүлийнхэн зарим нь “Солонгосын лабортари руу хандлаа” гэсэн зүйл бичсэн байна лээ. Тэр лабортарид сонин хэвлэлийнхэн хандлаа гээд хариуг нь хэлээд өгчихдөг газар огт биш. Олон улсын батлагдсан дүрэм журамтай, хатуу чанд сахилга баттай газар. Тэнд Монголын 16 бөхийн шээсний дээж очлоо гэхэд энэ хэний шээс вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Бүгд тусгай кодтой тоогоор очдог. Өсөхбаяр гэсэн нэр биш зөвхөн 6 оронтой тоо явдаг гэсэн үг. Тэр нь эндээ баталгаажин үлддэг. Тэр талаар нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй, допинг гэж ямар учиртай, тамирчин хүнд ямар хор хохиролтой, яагаад энийг хориглоод байна вэ гэдгийг үндэс сууриар нь мэдэхгүй байж, допинг хэрэглэсэн гэж санаатайгаар, зохион байгуулалттайгаар нэр төрийг минь гутаахыг бодож байна, зарим сэтгүүлчид. Энэ бол үнэхээр ёс зүйгүй, бүдүүлэг байдал юм. Хүний хорин жил хөлс хүч, хөдөлмөрөө зориулж хүрсэн амжилтыг аль нэг хариуцлагагүй сэтгүүлч зүгээр л өрөөндөө сууж байгаад үзэгнийхээ үзүүрээр харлуулж болохгүй биз дээ, тийм ээ? Би өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, хариуцлагагүй нөхдүүдтэй хариуцлага тооцох тухай үгээ, дуугаа хүргэсэн. Тэр нь ч дээр юм шиг байна. Чимээгүй яваад байхаар “допинг хэрэглэчихээд нэрээ аргалаад татаад авчихлаа” зэргээр бичиж эхэлж байна. Би энэ цагийн монгол бөхийг толгойлон барилдаж байгаа аварга хүний хувьд, 20-иод жил хөлс хүчээ, цаг заваа зориулж яваа бөх хүний хувьд энэ бөхчүүд рүү дайрсан элдэв зүйлийг таслан зогсоох үүрэгтэй гэж үзэж байна. Зарим нэг сэтгүүлчидтэй хариуцлага тооцуулах талаар ажиллана гэж бодож байгаа. Бид хуультай, дүрэмтэй. Хуулиараа хүний эрх, эрх чөлөө, нэр төр нь хамгаалагдаж байдаг ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс шүү дээ.
-Бас зарим нэг бөхчүүд маань энэ сэтгүүлч нарыг турхираад байгаа юм болов уу гэж хааяа бодогдох юм?
-Яахав дээ. Янз бүрийн зүйл зөндөө л сонсогдох юм. Би бол бөхчүүд маань арай ч тэгэхгүй болов уу гэж бодох юм. Гэхдээ бас юмыг яаж мэдэх вэ? Ер нь бөхчүүд өөрсдөө анхаармаар байгаа юм. Допинг хэрэглэсэн гээд гардаг. Тэр нь үнэхээр хүч нэмэгдүүлээд, бяр суулгачихдаг юм байна уу, эсвэл эмчилгээ сувилгаанд хэрэглэсэн зүйлээс нь санамсаргүй гараад байна уу? Энд хувь хүний хариуцлага маш өндөр байх ёстой. Гар хөл бэртлээ гэхэд хэрэглэх гэж байгаа эм тариагаа хориглоод байдаг нэрсийн жагсаалтанд байна уу, үгүй юу гэдгийг хараад хянаад, мэргэжлийн хүнээс очиж асуух хэрэгтэй шүү дээ. Зарим нэг нь санамсаргүй эмчилгээндээ оруулаад тэрнээс нь допинг илэрчихдэг тохиолдол байдаг юм байна. Тэр болгонд хариуцлагатай л хандах ёстой.
-Уг нь допингийн талaap урьдчилаад хэлээд сануулаад л байдаг. Тэр хориглосон нэрсийг нь хүртэл наадмын өмнө гаргаад өгдөг биз дээ?
-Урьдчилж танилцуулдаг л даа. Бидэнд батламж өгдөг. Энэ эм тарианаас би хэрэглээгүй гэдгээ баталж гарын үсэг зурдаг. Хэн ч бай хариуцлагаа ухамсарлах ёстой. Тэгж байж спортод амжилт гаргадаг. Бэлтгэл сургуулиас гадна хувь хүний хариуцлага, ухамсар, сахилга бат гээд бүх юмаа зохицуулж байж амжилтанд хүрнэ шүү гэдгийг дахин хэлье. Бас анх допингийн асуудал яригдсан цагаас хатуу хариуцлага тооцоод явчихсан бол одоо ингэж унжирч сунжирсан зүйл гараа ч билүү, үгүй ч билүү. Хүний нэр төрийг гутаасан доромжилсон байдал үүсэх ийм хэмжээнд хүрэхгүй байсан даа. Ямар ч байсан энэ жил баяр наадмын комисс, бөхийн холбоо 2 ярилцаад хууль дүрмийнхээ дагуу хариуцлага тооцох байлгүй. Допинг нарийндаа хар тамхи юм шүү дээ. Монгол бөх эр хүний ноён нуруу, ёс жудгийн шалгуур юм шүү
-Та хүчний бэлтгэлд хэр их ач холбогдол өгдөг вэ, зарим нь хийх хэрэгтэй, зарим нь хэрэггүй гэлцэх юм?
-Хүчний бэлтгэл хийнэ ээ, хийнэ. Гэхдээ хорин хэдтэй байх үеийнх шигээ хийж чадахгүй байгаа. Одоо нас 35-36 хүрчихлээ. Насандаа тохируулж бэлтгэл сургууль хийхгүй бол болохгүй. Хүчний бэлтгэл бол суурин бэлтгэл чухал ач холбогдолтой л доо. Гэхдээ хажуугаар нь үндэсний бэлтгэлээ хослуулж явахгүйгээр дан хүчний бэлтгэл хийгээд байвал хамаг булчин хатуураад уян хатан чанар алдагдана шүү дээ. Аливаа юм хоёр талтай байдаг. Тийм болохоор аль алиныг нь зохицуулаад л явах хэрэгтэй.
-Бөхийн ёс жудгийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Монгол бөх гэдэг нарийн дэг журам, хувь хүний ноён нуруу, ёс жудгийн шалгуур болсон спорт юм шүү дээ. Дээд цолтой бөхөө хүндэлдэг, тэр хүний үг даалгаврыг сонсдог, ахмад үеэ хайрлаж хүндэлдэг, залуу үеэ өсгөн хүмүүжүүлдэг. Бөхчүүд маань уламжлал, ёс жудгаа нэлээд хадгалж яваа юм болов уу Гэж боддог. Харин сүүлийн үед ажиглаад хараад байхад тэр ёс жудгаа дагахгүй, хүндлэхгүй байгаа байдал гараад байна. Ганц нэг тийм хүмүүсээс болоод бөхчүүд “болдоггүй, дэггүй” гэсэн нэр зүүдэг. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг байх аа. Хүн болгон өөрсдөө хичээж бөхийнхөө энэ сайхан ариун ёс жудгийг нандигнаж явбал их сайн байгаа юм. Бөхчүүд бид ард олны хайр хүндлэлийг дааж, төлөв түвшин явах ёстой. Хаана явна, юу хийнэ бүгдийг нь олон түмэн харж, ажиглаж байдаг. Тийм болохоор алхаа гишгээ, үг яриагаа бодож, цэгнэж явмаар санагддаг.
-Орчин үеийн нийгэм бас энэ ёс жаягт нөлөөлөөд байна уу гэмээр санагдах үе байдаг?
-Нийгмээс нөлөөлөх юм бий л дээ. Гэхдээ хувь хүний төрөлхийн зан чанар, эцэг эхээс заяасан бүхнийг ямар ч нийгэм өөрчилж чадахгүй л болов уу. Хүний төрөлхийн чанар гэж байдаг даа. Үүнийг ямар ч нийгмийн олдмол зүйлүүд өөрчилж, эсвэл нөлөөлж чадахгүй байх гэж бодож байна.
-Монгол бөхөөс өнөөдөр анхаарал татаж байгаа зүйл гэвэл таны хувьд юу байна вэ?
-МҮБХ-ны “Их Эе” гэж хуралдаад юу ч болчихов доо. Ямартаа ч үр дүнд хүрч чадалгүй салсан. Одоо энэ их хурлаа нэг хуралдуулмаар санагддаг юм. Хугацаа тов нь юу болж байгаа юм бол доо. Болоод өнгөрчихсөн баймаар. Ямар ч байсан Их Эе-ээ хиймээр байна. Тэнд бодлогынхоо асуудлыг нэлээд яримаар байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үг бий. Ойлголцоод ярилцаад явах хэрэгтэй. Хурал болдог, хоорондоо таардаггүй, мэтгэлцэж маргалдаад тарчихдаг. Дахин ийм байдал гаргахгүй байх хэрэгтэй. Тийм болохоор хурлаа нэг хийгээд дотоод асуудлаа нэг сайн ярилцах юмсан.
-Бөхийн залгамж халаа болсон залуучуудынхаа тухай?
-Бөх бол үе үеэрээ гарч ирдэг. Сайн сайн залуучууд гарч ирж байна. Энэ жилийн наадмаар гэхэд хэдэн сайхан залуу цол авлаа. Хамгийн гол нь залуус маань монгол бөх ямар ариун нандин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол бөхийнхөө дотоод мөн чанарыг ойлгоогүй байж барилдана гэвэл учир дутагдалтай зүйл. Бөхийнхөө мөн чанарыг зөв ойлгож байж бид бөх гэдэг нэрээ өргөж явах ёстой юм шүү.
Миний хувьд улс төр рүү орох бодол нэг их төрдөггүй юм аа
-Одоо ид барилдаж байх ёстой Сумъяабазар аварга маань сүүлийн үед бөхөөсөө жаахан хөндийрөөд байна уу даа?
-Сумъяабазар маань бэртэл гэмтлийн улмаас энэ жил наадмаар барилдаж чадсангүй. Бас өнгөрсөн жил ерөнхийдөө ажлын ачаалал ихтэй байсан. Одоо бэлтгэл сургуулиа тогтмолжуулаад барилдах байх аа.
-Танд хэзээ нэг цагт улс төр рүү орох юм уу, бизнес хөөх бодол байдаг уу?
-Миний хувьд улс төр рүү орох бодол нэг их төрдөггүй юм аа. Нэгэнт монгол бөхийн гэдэг энэ агуу зүйл рүү өөрийн бие сэтгэл бүхий л зүйлээ зориулж, тэмүүлж тэр хэрээрээ ард олныхоо хайр хүндлэлийг дааж явах асар өндөр хариуцлага оногдсон болохоор бөхдөө л өөрийгөө зориулж явна. Мэдээж амьдралын шаардлагаар бага зэргийн бизнесийн ажил хийх үе байлгүй яахав.
-Ноднин жил байхаа, таныг барилгын бизнест хүч үзэж байна гэж хэвлэлүүд бичээд байсан санагдана?
-Аа, тэр нэг их сүйдтэй бизнесийн ажил биш л дээ. Гэхдээ цөөн ч гэлээ айлын гал голомт, байр сууцыг босгож өгнө гэдэг нэг бодлын буянтай ажил юм уу гэж бодож байгаа.
-Таныг ном их уншдаг гэх юм билээ. Ямар чиглэлийн ном унших дуртай вэ, хамгийн сүүлд ямар ном уншив гээд л…?
-Би нэг их чиглэл энэ тэр гэдэггүй ээ. Өөрт сонирхолтой санагдсан номыг л сонгодог. Хамгийн сүүлд наадмын бэлтгэл дээр АНУ-ын ерөнхийлөгч Барок Обамагийн “Мөхөшгүй найдварын гал” гэж ном уншлаа.
-Чөлөөт бөхийнхөн удахгүй дэлхийн аваргад явна. Хүн болгон одоо л нэг медальтай ирэх болов уу гэж горьдоод, хүлээгээд байгаа?
-Улсын аваргаас хойш хоёр удаа сорилго барилдаан гэж шинэлэг зүйл хийсэн. Улсын аваргад эхний 8, 6-д Шалгарсан тамирчдаа дахин хооронд нь барилдуулан шигшээд тэмцээнд явах тамирчдаа сонгосон.Энэ нь тамирчдын байнгын бэлтгэлд сайнаар нөлөөлөх юм. Тамирчид маань Сөгнөгөрийн амралтанд бэлтгэлд гарсан байгаа. Удахгүй тэмцээндээ явна. Бэлтгэлийн хувьд гайгүй аятайхан байгаа гэж бодож байна. Чөлөөт бөх маань ерөнхийдөө нэлээд уналтанд орчихжээ. Үүнийг ганцхан энэ удаагийн дэлхийн аварга, дараа жилийн дэлхийн аваргаар засчихна гэж бодохгүй байна. Наад зах нь 5-6 жил амжилт ололтоороо нөхөх болов уу. Гэхдээ Наранбаатар, Мандахнаран, Өнөрбат гээд сайн тамирчид байна аа, байна. Залуустаа их найдлага тавьж байгаа. Ерөнхийдөө сууриараа уналтанд орчихсон болохоор даруйхан босгож авах шаардлагатай байна гэж бодогддог. Тамирчдаас гадна багш дасгалжуулагч нарыг боловсруулах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх талаар анхаарах ёстой юм шиг байгаа юм. Тамирчид, тамирчид гээд л байдаг багш дасгалжуулагч нарын үүрэг роль их чухал юм шүү дээ. Багш нарыгаа гадагш дотогшоо сургалт семинарт явуулах хэрэгтэй байна. Болж өгвөл гаднаас мэргэжилтэн багш авч ирвэл зүгээр.
-Танд их баярлалаа. Олон олон жил наадамчин олноо баярлуулж явахын ерөөл өргөе!