by Мэргэн » Tue Sep 13, 2011 2:02 am
НБА-ийн ажил хаялт Кобигийн авах оноонд
хэрхэн нөлөөлөх вэ?
Коби өөрийгөө НБА-ийн бүх цаг үеийн онооны лидер рүү тэмүүлэх талаар нэг их бодоод байдаггүй гэдгээ нотлох гэж оролдсоор ирсэн. Харин түүнд итгэх хүн төдийлөн олон биш, тэр дундаа Фил Жэксон. Өнгөрсөн улиралд Лэйкерсийн хуучин дасгалжуулагчаас “Коби ямар тоглогчийг оноогоор гүйцэхийг хамгийн их хүсдэг вэ?” гэж асуухад Ф.Жэксон тээнэгэлзэлгүйгээр “Майкл Жордан” хэмээн хариулсан. Харин Коби үүнийг эрс үгүйсгэдэг бөгөөд өөрийнх нь цорын ганц зорилго бол Билл Расселлийн 11 өөрийн 5 удаагийн НБА-ийн аваргын зөрүүг багасгах явдал хэмээн хариулдаг. Тэрээр өөрийн гол зорилгынхоо талаар худлаа хэлээгүй, гэхдээ энэ нь уг яриагаараа түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч болохоор тэмүүлж байгаагаа багийн андууд, хэвлэл мэдээллийнхэн болоод олон нийтээс халхавчлах гэсэн л оролдлого юм.
Гэтэл НБА-ийн тоглогчид ажил хаясан одоогийн нөхцөл байдал үргэлжлээд цөөн тоглолттой улирал болвол эсхүл бүр улирал бүтнээрээ цуцлагдвал Кобигийн авах оноонд нөлөөлөх болчихоод байдаг. Тэрээр одоогоор 27,868 оноотойгоор Ш.О’нил (28,596), У.Чамберлэйн (31,419), М.Жордан (32,292), К.Мэлоун (36,928), К.А.Жаббар (38,387) нарын араас бүх цаг үеийн 6-т бичигдэж байгаа. Тэгэхээр Коби нэг улирал тоглоход Шакийг гүйцэх бүрэн боломжтой. Харин ажил хаялт нөлөөлснөөр тэрээр бүх цаг үеийн онооны жагсаалтын хэдэд хүрээд карьераа дуусгах бол? Хариулахад төвөгтэй болгох маш олон хүчин зүйлс байна. Эхнийх нь тэр цаашид хэр удаан тоглох бол?
Коби дахиад 3 жилийн 83.5 сая долларын гэрээтэй, гэхдээ энэ нь 2013-2014 оны улирал түүний сүүлчийнх гэсэн үг биш. Кобигийн дахин түрүүлэх хүсэл эрмэлзэл нь Лэйкерс түүнийг багтаа үлдээх шалтгаан болж болох юм. Гэхдээ бүх зүйл түүний эрүүл мэндээс хамаарах учир юу болохыг хэн ч урьдчилан хэлж чадахгүй. Кобигийн болоод багийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад Лэйкерс багийнхаа ирээдүйг Байнумаар төсөөлөөд байгаа мэт санагдах болсон. Энэ нь Кобид Жаббарыг гүйцэхэд шаардлагатай 10,520 оноог авахад багадаа 2 бүтэн дээр нь хэдэн тоглолт болох нь мэдэгдэхгүй нэг улирал байна гэсэн үг.
Улирал ямар нэгэн саадгүйгээр эхлэвэл Лэйкерсийн нээлтийн тоглолт 11 сарын 1-ны өдөр Оклахомагийн эсрэг байх болно. Эндээс эхлээд Коби Жаббарыг гүйцэхийн тулд дараагийн 3 улирлын 246 тоглолтод 42.76 оноо дундажлах шаардлагатай. 2011-2012 оны улирал 1998-99 оных шиг 50 тоглолттой болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Коби 214 тоглолтод 49.16 оноо авах хэрэгтэй. Хэрвээ улирал бүтэн цуцлагдвал 164 тоглолтод бүүр 64.15 оноо дундажлах шаардлага гарна.
Кобиг оролцуулахгүйгээр НБА-ийн ямар ч тоглогчийн хувьд дээрх үзүүлэлтэд хүрнэ гэж бодох нь бүтэшгүй зүйл юм. Харин одоо саяхны түүх рүү эргээд Кобиг сүүлийн улирал шигээ 25.3 оноо дундажлана гэж бодоод үзье. Энэ тохиолдолд тэрээр бүтэн 3 улирлын 246 тоглолтоос 6,224 оноо цуглуулж нийт 34,092 оноотой болсноор бүх цаг үеийн 3-т жагсах болно. Харин түүнд дараагийн улиралд 50 тоглолт тэгээд 2 бүтэн улирал байгаа гэж бодвол 214 тоглолтод 5,414 оноо авч 33,282 оноотой мөн л гуравт орно. 2011-2012 оны улиралд нэг ч тоглолт болохгүй бол Коби 164 тоглолтонд 4,149 оноо авч нийт 32,017 оноотойгоор 4 дүгээр байрыг л эзэмших болно.
Кобигийн фэнүүд түүнийг НБА-ийн бүх цаг үеийн онооны лидер болж чадахгүй гэсэн дээрх дүгнэлтийг эсэргүүцэхээс өмнө түүнээс 2010 онд Жаббарыг гүйцэх үү гэж асуухад юу гэж хариулсныг санацгаая. Коби “Би хэр удаан тоглохоо мэдэхгүй байна”.
Кобигийн 2013-2014 онд дуусах гэж байгаа гэрээ нь түүний зодог тайлах өдрийг илтгээгүй байж болох юм. Гэхдээ үүнийг ярихаас илүү тэр яаж эрүүл, үр бүтээлтэй тоглогч хэвээр үлдэх вэ гэдэг нь чухал. Хэл л дээ, “Коби тэр үед сайн тоглосоор байх болно, өнгөрсөн улиралд дунджилсан 25.3 оноогоо хадгалж чадна” гэж. Ийм оноо дунджилсан тохиолдолд тэр улирлын 416 тоглолтод оролцож байж Жаббарыг гүйцэх болно. Хэрвээ энэ улирлын тоглолт бүгд явагдана гэж үзвэл тэрээр 2016 онд 36 настайдаа зодог тайлтлаа дахиад 5 улирал бүтэн тоглох шаардлагатай гэсэн үг. Хэрвээ улирал бүтэн цуцлагдвал 2017 онд 37 настайдаа зодог тайлах хэрэгтэй болно. Харин улирал 50 тоглолттойгоор болвол 2016-2017 оны улирлын дунд хүртэл Жаббарын рекорд эвдэгдэхгүй бөгөөд тэр үед Коби НБА-д 20 дахь жилээ өнгөрүүлж байх болно.
Хэрвээ дээрхийг уншаад толгой чинь эргэж байгаа бол асуудлыг улам хүндрүүлэх дараагийн хүчин зүйлүүдийг мэдээд толгой чинь илүү ихээр өвдөх болно.
Кобигийн өнгөрсөн улирлын 33.9 минутад 25.3 оноон гэсэн статистик нь 2003-2004 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт нь. Гэхдээ түүний өмнөх гурван улирлын үзүүлэлтийг нь харах юм бол өнгөрсөн улирлын статистик илүү үр бүтээмжтэй байсан нь харагдана. Тэрээр 2007-08 онд 38.9 минутад 28.3 оноо дунжилж байсан бол дараа улиралд нь 36.1 минутад 26.8 оноо, 2009-10 онд 38.8 минутад 27 оноо дунджилсан. Харин ирэх улирлуудад тэрээр илүү эрч хүчтэй байж, олон минут тоглон, үр бүтээлтэй байхын зэрэгцээ оноо авч чадах уу?
Лэйкерс хуучин довтолгооны хувилбараа өөрчилж байгаа. Гурвалжин довтолгоо гэхээс илүүтэй Газоль, Байнум нар пик энд ролл хувилбарыг түлхүү хийнэ. Тэгэхээр Коби Майк Брауны амласан шиг байр сууриа хадгалж чадах уу? Эсхүл Байнум өөрийн хүссэнээр довтолгоог илүүтэй зохион байгуулах уу? Коби яаж эрүүл чийрэг хэвээр байх вэ? Түүний хуучин өвдөгний бэртэл нь сэдэрвэл яах вэ? Тэр карьерынхаа үлдсэн хугацаанд улирлын бүх 82 тоглолтондоо оролцож чадах уу? Эцэст нь Кобигийн тоглолт хэрхэн өөрчлөгдөх вэ?
Асуултын хариу болж чадахгүй ч Кобигийн тоглолтын өөрчлөлтүүдийн талаар зарим сонирхолтой л статистикуудыг дуръдая л даа.
Кобид оноо авалт нь багассан 4 улирал байсан. Тэрээр 2005-06 онд 2,832 оноо авсан бол 2006-07 онд 2,430, 2007-08 онд 2,323, 2008-09 онд 2,201, 2009-10 онд 1,970 оноо авсан. Харин өнгөрсөн улиралд 2,078 оноо авч буцаад өссөн. Коби 2 улирлын өмнө баруун гарын долоовор хуруу нь хугархай, баруун өвдөг болон баруун шагай нь гэмтэлтэй тоглохдоо цагариган доороос маш бага шидэж байсан ч 66 хувьтай довтолж байсан бол 2009-10 онд 58.6 хувь болж буурсан. Өнгөрсөн улиралд тэрээр баруун өвдгөө эмчлүүлж арай эрүүл болсон ч зүүн шагай болон баруун гарын долоовор хурууны үе нь гэмтэлтэй хэвээр байсан бөгөөд цагариган доорооос өмнөх улирлаасаа илүү олон шидсэн ч хувь нь 65.3 болж ихэссэн. Өөр бас нэг байрлалд мөн л үр бүтээлтэй тоглох болсон. Тухайлбал 10-15 фитийн зайнаас өмнөх улиралд 49.7%-тай шидсэн бол өнгөрсөн улиралд 51.5% болж өссөн. Харин 16-23 фитийн зайнаас өмнөх улиралд 38%-тай шидсэн бол өнгөрсөн улиралд 33% бол буурсан байна.
Эцэст нь Кобиг багадаа 30 мянган оноо авах болно хэмээн мэдэгдэж байсан Лэйкерсийн домог Жерри Вэстийн үгээр өндөрлөе. Тэрээр Кобигийн бүх цаг үеийн онооны лидер болох тухайд:
“Эрүүл мэнд бол хамгийн чухал нь, бас нас. Хүнд ялан дийлж чадахааргүй ганц л өрсөлдөгч байдаг, тэр бол нас. Тэр оролдоод үзэх л болно”.