Б.Жаргалсайхан: Би Оросын оюутнууд дунд босоо аварга байлаа2011.07.20
“Хасар” Жагаа. Энэ хүнийг монголчууд тайз дэлгэцийн олон дүрээр нь мэднэ. Харин бага залуудаа барилдаж одооны улсын цолтой бөхчүүдтэй өгөө аваатай явсныг сураг төдий л сонссон байх. Хот хөдөөгүй наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таныг цагдаа одооны аварга, арслан, заануудтай нэгэн цагт хүч үзэж явсан гэдэг. Хэдий үед үндэсний бөхөөр барилдаж байсан бэ?
-Сурагч байхдаа 1977 оноос 1982 оны хооронд бөхөөр хичээллэж явсан. Тухайн үед Пеонерийн ордны бөхийн секцэнд гавьяат О.Цэрэндагва багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалт хийдэг байлаа. Анх 1981 онд үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан маань дурсамжтай сайхан санагддаг. Тэр барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга, П.Сүхбат гарьд, Ц.Баярсайхан заан, Б.Жавхлантөгс харцага, улсын начин Дармаабазар, Даваадорж, Х.Амараа, Л.Энхбаяр, Л.Эрхбаяр, Ховдын Энхжаргал начин гээд одооны мундаг бөхчүүдтэй үзэж байлаа. Эхний өдрийн тойргийн барилдаанд би нэг ч уналгүй 11 давсан амжилттай тэргүүлж явлаа. Маргааш нь ганц ч уналгүй барилдсан болохоор бараг л түрүүлчих байх гэж бодож байсан. Гэтэл найм дахь барилдаанд Лодойн Энхбаяр начинтай барилдаж байгаад давахдаа тохойгоо мулталчихсан юм. Өмнөх барилдаанд нь П.Сүхбат гарьдтай 30,40 минут барилдаад их цуцсан байсан даа.
-П.Сүхбат гарьдтай барилдаанд хэр таардаг байсан. Ямархуу залуу байв?
-Өө мундаг. Налайхын “Баавгай” Сүхбат гээд цуутай байсан шүү. Бяр хүч их болохоор үеийн бид нар “баавгай” гэж хочилдог юм. Удаан барилдсаны эцэст би давуулж гуядаад давж байлаа.
-Ширүүн өрсөлдөгч нараа хэр олон удаа давж байсан бэ?
-Ц.Баярсайхан заан, П.Сүхбат гарьд нар мундаг байсан шүү. Гэхдээ давж л байлаа. Өгөө аваатай л үзнэ. Тэр хоёр нэг хэсэгтээ монгол бөхөд ноёлж байлаа. Алдарт аварга арслан заануудтай хүч үзэж явсандаа өөрийгөө азтайд тооцдог шүү.
-Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан нартай хэр үздэг байв?
-Д.Мөнх-Эрдэнэ арслантай үзэж л байсан. Харин давж унаж байснаа сайн санадаггүй юм. Б.Бат-Эрдэнэ аваргатай ганц нэг удаа таарахдаа өгөө аваатай л барилдсан.
-Та бас чөлөөтөөр барилддаг байсан. Хэдэн кг-ын жинд үздэг байв?
-Бие томтой болохоор +78, +90 кг-д барилддаг байсан. Хүнд жинд барилдах хообийтой. Ямар сайндаа улсын аваргаар +90-д барилдахын тулд долоон литр ус ууж байж жин дээр зогсч байлаа. Манай үеийнхэн чинь үндэсний бөх, чөлөөт бөхөөр давхар хичээллэдэг байсан. Ер нь чөлөөт, жүдогоор барилддаг бөхчүүд үндэсний бөхөөр хамгийн уран барилддаг. Унаа ч холтой. Жишээ нь 1994 оны наадамд долоогийн даваанд Б.Гантогтох гарьд П.Сүхбат гарьдын гарт эргээд л давчихсныг санаж байна уу. Тэр бол чөлөөтөөр хичээллэж байсны том гавьяа
- Улсын наадмын хүүхдийн барилдаанд хүч үзэж байв уу?
-Үгүй ээ.
-Бөхчүүдээс хэнтэй нь илүү найз нөхөд байсан бэ. Одоо уулздаг уу?
-Ц.Баярсайхан заан бид хоёр нэг дэвжээнийх болохоор их дотно. Нэг нэгнийхээ гэрт хонож өнжинө. П.Сүхбат гарьд Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан одоо ч сайхан найзууд.
-Яаж яваад бөхийн спортоос урлаг руу орсон юм бэ?
-Тэр их сонин. Би уг нь бөхөө орхино гэж хэзээ ч бодож байгаагүй. Аравдугаар ангидаа Төмөр замын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд орох гээд “Залуучууд” зочид буудалд байрлаж байсан юм. Гэтэл манай ангийн нэг хүүхэд кино жүжигчин шалгаруулж авч байна. Шалгарах юм бол Москва орох гэнэ. Биеэрхүү хүүхэд хэрэгтэй гэнэ чи тэнцэж магадгүй” гэж байна. Юун жүжигчин болох тэмцээнд орох гээд байрлаж байхад гээд бараг л уурлаж билээ. Урлагт сонирхол ч байгаагүй. Гэтэл манай найз “Чи хэрвээ тэнцчих юм бол алтан Москва үзнэ шүү” гэж байна. Алтан Москва үзнэ гэсэн чинь нэг л гоё сонсогдоод болдоггүй. Тэр үед чинь Москва хүн бүхний мөрөөдөл байлаа. Сайндаа ч биш Москва үзнэ гээд очоод шалгуулсан чинь эхний 15-т багтаад тэнцчихсэн. Нийт 700 гаруй хүүхэд шалгуулсан юм.
- Сургуульд ороод бөхөө орхисон гэсэн үг үү. Хааяа харамсах сэтгэл төрдөг юм биш биз?
-Бөхчүүдтэй хааяа уулзахаар “Чи урлагаар явсан зөв байсан. Чи бөхөөр явсан бол хугарч няцарсан биетэй улсын цолтой бөх л байх байсан” гэдэг. Тийм болохоор би урлагт орсон хамгийн ихээр баярлаж явдаг. Амьдралынхаа ханийг эндээс олж, гурван сайхан хүүхэдтэй, олон найз нөхөд, үзэгч олонтой болсон доо. Москвагийн театр урлагийн сургуульд очоод бөхийг орхисондоо.
-Тэнд очоод оюутнуудтай барилдаж байгаагүй гэж үү?
-Үзэлгүй яахав. Байрандаа бол дийлдэхгүй шүү. Ер нь чөлөөтөөр тэнд нэлээд хэдэн тэмцээнд оролцсон. Москвагийн бага олимп гээд 70 рублийн шагналтай тэмцээнд олон ч удаа түрүүлсэн дээ. Тэгэхээр бас ч гэж харийн дэвжээн дээр аваргалж байсан байгаа биз.
Н.Зербан
http://www.shock.mn