by Mojul » Fri Jul 22, 2011 6:00 pm
Сэр Алекс Фергюсон: Бид ээлжит цус сэлбэлтээ хийж байна
- Та шинэ улирлыг хэрхэн төсөөлж байна вэ. Багт ямар нэгэн хүнд асуудал байна уу?
- Бид туршлагатай таван тоглогчоо алдлаа. Браун, О Ши, ван дер Сар, Пол Скоулз, Гари Невилл нар багаа орхисон. Өнгөц харахад манай багт энэ тоглогчдыг явснаар хүнд асуудал тулгарсан мэт харагдаж буй байх. Гэвч бид зээллэгээс Клеверли, Уэлбэк нарыг эргүүлэн авч, Эшли Янг, Фил Жонс, Давид Де Хеа нарыг худалдан авлаа. Ингэснээр манай баг 22-оос доош настай 11 тоглогчтой болоод байна. Энэ нь ээлжит цус сэлбэлт гэж хэлж болох юм. Гэхдээ бас туршлагатай тоглогчид үлдсэн. Неманья Видич, Патрис Эвра, Рио Фердинанд багтаа гол үүрэг гүйцэтгэж, залууст үлгэр дууриал болох учиртай. Үүн дээр, 37 настай хэрнээ гайхалтай тоглож буй Райан Гиггз, мөн Майкл Кэррик, Майкл Оуэн нар нэмэгдэнэ. Тэд бүгдээрээ туршлагатай тоглогчид. Тэгэхээр манай багийн уур амьсгал, насны тэнцвэржилт их зөв байна.
- 19 дэх удаагаа Английн аварга болно гэдэг багийн хамгийн том амжилт байх, тийм үү?
- Би энэ ялалтын үнэ цэнийн тухай огт бодоогүй байлаа. Аварга болоход ойрхон болчихоод байхад ч тэгтлээ тэгж бодоогүй. Гэхдээ гайхалтай ялалт байсан шүү. Бороотой ч гэсэн тэр өдөр бидний ялалтын жагсаалыг хөгжөөн дэмжигчид гайхалтай дэмжиж хүлээн авсан. Жагсаалыг лав 250 мянган хүн дэмжсэн байх шүү.
- Багтаа ахлах дасгалжуулагчаар ирснээс хойш 25 жил өнгөрөх гэж байна гэж бодохоор итгэхийн аргагүй байна уу?
- “Юнайтед”-д 10 жил болохдоо нэгэн тэмдэглэлт ойд хүрлээ гэж тэмдэглэж байж. Харин түүнээс хойш бүх зүйл их хурдан урсчихсан. Бид урагшаа харж тэмүүлэх ёстой болохоор би эргэж нэг их хардаггүй.
- Та энэ оны эцсээр 70 нас хүрэх нь. Ажлаа өгөх ямар нэгэн хугацаа дотроо товлосон уу?
- Үгүй ээ, ямар ч хугацаа товлоогүй. Энэ талаар огт боддоггүй.
- 25 жилийн өмнөх шигээ гоол бүрийг баярлан хүлээж авдаг нь гайхалтай санагддаг гэж Роберто Манчини таны тухай хэлсэн байсан. Та үнэхээр залуу үеийнх нь шигээ догдолдог уу?
- Тэгэлгүй яахав. Бид чухал гоол оруулахад би аль болох үзэгдэхгүй байхыг боддог. Сэтгэлийн хөдлөл илрээд байхад одоо яахав дээ. Хүн бүр сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг. Би бол шотланд хүн. Манай үндэстэн сэтгэл хөдлөлөө барьдаггүй зантай. Шотландууд их сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс шүү дээ. Баг нь гоол оруулчихаад байхад “Гайхаад байхаар зүйл биш ээ, би мэдэж байсан юм” гээд зогсож байгаа дасгалжуулагчийг би хараагүй.
- Танай баг их өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа нь ирэх улиралд гэнэтийн асуудал гарахвий гэсэн түгшүүр төрүүлж байна уу?
- Үгүй. Нэг л түгшүүр төрүүлж буй байрлал нь хаалгач. Де Хеа их залуу, тэр Испанид хэдэн улирал тоглосон ч гэсэн Англи хөлбөмбөг их өөр. Миний бодлоор тэр энд дасахын тулд цаг хугацаа хэрэгтэй болно. Гэхдээ түүний авьяас чадвах бол үнэхээр сайн. Бараг хязгаараас давсан авьяастай залуу шүү. Тэр жил ирэх тусам л улам сайжирч байгаа. Надад бас Андерс Линдегаард байна. Энэ хоёр хоёулаа хаалганд зогсохын тулд өрсөлдөх болно. Гэхдээ хэсэг хугацааны дараа Де Хеа үндсэн хаалгач болно гэдэгт эргэлзээ алга.
- Ирэх улиралд аваргын төлөө өрсөлдөх баг олширно гэж та үнэхээр бодож байна уу. “Ливерпуль”, “Манчестер Сити” багаа бэхжүүлж, “Арсенал”-ыг ч бас тооцооноос хасч болохгүй байна уу?
- Таны нэрлэсэн багуудаас нэг нь л сүүлийн үед аваргын төлөө өрсөлдөх чадвартай болж нэмэгдсэн. “Арсенал”, “Челси”, “Ливерпуль”-тай бол бид жил бүр өрсөлддөг. Тиймээс эдгээр багуудын нэгтэй л бид өрсөлдөх нь тодорхой. Түүхийг өөрчлөх хэцүү, өөрчлөхийн тулд их зүйлийг давах хэрэгтэй болдог юм.
- Английн цомд түрүүлсэн нь “Манчестер Сити”-д дараагийн ялалтад хүрэхэд нь дэм болох болов уу?
- Тийм ээ. Том ялалт байгуулна гэдэг их дэм, урам өгнө. Дасгалжуулагч дээрх дарамт багасч, тоглогчид ч чөлөөтэй тоглож эхэлнэ. Тэд өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Тиймээс тэд үнэхээр аваргын төлөө өрсөлдөх байх.
- “Ливерпуль” ирэх улиралд танай багтай ширүүн өрсөлдөнө гэж бодож байна уу?
- Үнэндээ сайн хэлж мэдэхгүй байна. Тэд багаа бэхжүүлж буй нь үнэн. Гэхдээ лигийн аварга болно гэдэг үнэхээр хүнд шүү.
- Тэгвэл “Челси” тийм залуу дасгалжуулагчтай болсныг юу гэж бодож байна вэ?
- Тэр үнэхээр залуу болохоор гэнэтийн содон бэлэг болсон. Би 32 настай дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Гэхдээ тэр үед дасгалжуулагчийн албан маань ганцхан биеийн хүчний бэлтгэл хийлгэдэг дасгалжуулагч л надтай хамт байсан. Тэгэхээр нэг ялгаа байна. Тэр одоо хүссэн мэргэжилтнээ дасгалжуулагчийн багтаа авчихаж чадна. Тэр үнэхээр туршлагатай сайн мэргэжилтнийг туслахаар авчихаж болно. Тэгээд ч “Челси” лигийн хамгийн ахмад тоглогчидтой баг. Дрогба, Терри, Лампард, Чех, Коул гээд бүгдээрээ туршлагатай тоглогчид. Тэдп түүнд нөөлөг болно.
- Виллаш-Боашийн хувьд Моуриньотой зүйрлүүлэх нь хүнд тусах байх даа?
- Тэгэх л байх. Гэхдээ Моуриньо одоогийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах байсан нь сонин. Тэр хэн бэ гэдгэээ харуулсан. Гэвч ийм нөхцөл хэрхэх байсныг хэн ч мэдэхгүй.
- “Арсенал” одоогоор бүрэн бэлэн биш байна гэж хэлж болох уу?
- Та хар л даа, өнгөрсөн улиралд тэд аварга болоход ойрхон байсан. Улирлын төгсгөл хүртэл аваргын төлөө өрсөлдсөн. Гэхдээ үнэхээр лигийн аварга болох хүнд гэдгийг дахин хэлье. Манай баг хүртэл аварга болохын тулд 26 жил хүлээсэн түүх бий. Харин одоо “Ливерпуль” сүүлийн удаа аварга болсноос хойш 20 жил өнгөрөөд байна. Тэгэхээр иймэрхүү явдал үе үе тохиолддог хэрэг.
- Гэхдээ л “Арсенал” өмнөх шиг аюултай өрсөлдөгч биш болсон юм биш үү?
- Энэ бол таны л үзэл бодол. Жозе “Челси”-д ирээд зургаа дараалан хожсоныг санаж байна уу. Тэгэхэд бүгд л амаа ангайн гайхширсан. “Арсенал” ч одоо тэгэхийг үгүйсгэх аргагүй. Тэр цагт тэдний тухай өөрөөр ярьж эхэлнэ. 6-7 жил том ялалт байгуулахгүй байна гэдэг тэдэнд их дарамт өгч буй нь тодорхой. Гэхдээ баг бүрт ийм үе таардаг. “Барселона” ч ийм үетэй таарч байсан. Гэтэл тэд одоо гайхалтай амжилттай үетэйгээ золгоод байна. Энэ үе дахиад 2-3 жил үргэлжлэх байх.
- “Барселона” бусад багуудаас үнэхээр тийм их ялгаатай байгаа гэж үү?
- Бид тэднээс сайн баг болохын тулд хичээх болно. Гэхдээ одоогоор ирэх жил Мюнхенд болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтод хүрэх л бидний гол зорилго.
- Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн тоглолтод дахиж бэлдэх боломж олговол та юуг өөрчлөх байсан бэ?
- Нэгэнт өнгөрсөн явдлыг ингэж ярих утгагүй. Бид тоглолтыг бараг сая удаа дахин үзэж, дүн шинжилгээ сайн хийсэн гэдгийг л хэлье.
- Англидаа 19 дэх удаагаа түрүүлчихээд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод хожигдсон болохоор ирэх улирлын гол зорилго нь Европын тавцанд түрүүлэх явдал гэж ойлгож болох уу?
- Европт ч, лигтээ ч түрүүлэхийг эрмэлзэх ёстой. Премьер лиг бол улсын өнцөг булан бүрийн багуудын уур амьсгалыг давж гарч, үргэлж ялалтын төлөө тэмцэхийг шаарддаг. Ийм тэмцээнийг нэг амьсгалаар ялчихна гэж байхгүй. Ер нь хөнгөн атлетикийн тэмцээнээс их өөр шүү дээ. 100 метрийн уралдаанд Ослогийн замд нэг гүйснээ дараа нь таван сарын дараа Штутгартын замд гүйхээс тэс өөр. Долоо хоног бүр тоглож, үргэлж анхаарлаа дээд түвшинд байлгах хэрэгтэй. “Реал” ирэх улиралд Аваргуудын лигийн аварга болохын тулд лигтээ хэд хэдэн тоглолтод сул бүрэлдэхүүн гаргах шаардлага ч гарч магадгүй би бодож байна. Европын тавцан дахь ялалт хамгаас чухал тул хааяа улсынхаа аваргад иймэрхүү алхам хйихээс аргагүйд хүрдэг. Гэхдээ манай баг тийм биш. Би өөр бодолтой. Бид Премьер лигт ч, Аваргуудын лигт бүх хүчээ шавхан, зөвхөн аварга болохын төлөө тоглоно. Би л гэхэд бүтэн амьдралынхаа турш Аваргуудын лигийн аваргын цомыг ердөө хоёрхон удаа хүртсэн байна шүү дээ. Энэ бол энэ цомыг хүртэх хичнээн хэцүүг илтгэж байна.
- Улирал дундуур олон томоохон наймаа яригдаж, хийгдэж байна. Энэ байдал цонх хаагдтал үргэлжлэх байх даа?
- Цонх хаагдахын өмнөхөн байдал улам хурц болно гэж би бодож байна. Үүнд их итгэлтэй байна.
- Хавьер Эрнандес гайхалтай улирлыг үдсэн. Ийм амжилттай улирлын дараагаар тэр хэрхэн тоглох бол?
- Тэр амжилтаасаа болж өөрчлөгдөнө гэж би бодохгүй байна. Хари тоглолтын арга барил, хурд, хөдөлгөөн, хурдан шийдвэр гаргах чадвар, торгуулийн талбайд тоглох чадвар зэрэг нь дахиад дээшилж, сайжирна. Торгуулийн талбайд түүн шиг тоглодог тоглогч байхгүй. Алтан цомын би түүнийг хамгаалагчидтэй яаж тоглож байгааг нь хараад бахархсан. Үнэхээр гайхалтай тоглож байна билээ. Тэр ирээдүйд улам сайн тоглох болно.
- Пол Скоулзын орлох хүнийг олох ажил хэр ахицтай байна вэ?
- Одоохондоо тийм тоглогч харагдахгүй байна. Тэгэхээр байгаа тоглогчдоос төстэй хүнийг хайна даа.
- Уэсли Снейдерийг авах гэж буй талаар шуугиан дэгдсэн. “Интер” түүнийг явуулахгүйн тулд их хориг саад хийж буй гэдэг үнэн үү?
- Одоогоор юу ч шийдэгдээгүй байгаа тул энэ талаар тодорхой яримааргүй байна. Ямар ч байсан түүнийг авахад тун хүнд гэдгийг хэлье.
- Шинэ хагас хамгаалагчгүйгээр улирлыг эхлэхэд та бэлэн үү?
- Би одоогоор хайж л байна. Тоглолтын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт оруулах тоглогчийг олохыг хичээнэ. Гэхдээ манай багт хагас хамгаалалтад сайн тоглочихоор хөлбөмбөгчид цөөнгүй бий. Хэрвээ шинэ тоглогч олдохгүй бол байгаа багтайгаа ажиллах болно.
- Руни өөрийг нь талбайн төвд бүрэн орлож чадна гэж Скоулз хэлсэн байсан...
- Тэр урам өгөх гэж л тэгж хэлсэн байх. Скоулз багтаа ямар үүрэг гүйцэтгэж байснаа өөрөө ч сайн ойлгохгүй байх шиг. Руни үнэхээр талбайн төвд тоглож чадна. Гэхдээ Скоулз шиг тоглож чадахгүй. Тэр хоёр хэтэрхий өөр чиглэлийн тоглогчид. Руни талбайн төвд аль болох их хөдөлж, бүх орон зайг хаахыг хичээх нь тодорхой. Гэхдээ Пол шиг гайхалтай дамжуулалт өгч, тоглолтыг хөтлөхөд хүнд. Тиймээс түүнийг орлуулна гэдэгт тун амаргүй.
Орчуулсан Р.Гэгээ хийморь.мн
CHAMPIONS 20 13