“Хатуухан боорцог” буюу харцага Ц.СодномдоржГурван аваргын нутаг гэгдэх Хөвсгөл аймаг бөх сайтайгаараа алдартай. Уялган голын гурван аварга
Д.Дамдин, Г.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид нарын хойчийг залгамжилсан олон хүчтэн сүүлийн жилүүдэд тус аймгаас төрөн гарч буй. Тэдний нэг энэ жилийн улсын баяр наадмаар улсын харцага болсон Ц.Содномдорж юм. Түүний тухай бяцхан хөрөг ярилцлага хийсэн юм.
-Сайн байна уу. Харцага цол хүртсэнд чинь баяр хүргэе.
-Баярлалаа. Намайг дэмждэг бөх сонирхогч олон түмэндээ баярлалаа гэдгээ хэлье. Бас том ойнуудын жил болохоор баярын мэнд хүргэе.
-Хөвсгөл нутагтаа очиж наадаад ирэв үү. Наян жилийн ойн наадам сайхан болсон уу?
-Тэглээ. Их өргөн сайхан наадам боллоо. 512 бөх барилдлаа. Миний Хөвсгөл бөхийн орон юм шүү дээ. Би үзүүрлэж сайхан л наадлаа.
Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн наадамд улсын баяр наадмаар барилддаг тооны 512 бөх зодоглож хүч үзэв. Ц.Содномдорж харцага аймгийнхаа наадмын үзүүр түрүүнд дөрөв дэхиэ үлдсэн байна. 2007, 2008 онд аймагтаа түрүүлсэн бол ноднин шадар ван Чингүнжавын мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэх наадмаар улсын арслан Х.Мөнхбаатартай үлдэж даваад түрүүлсэн юм. Тэгвэл энэ жил аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн наадмаар мөн л арслантай хоёул үлдэж. Харин энэ удаа арсланг барсангүй үзүүрлэсэн байна.
-Та Х.Мөнхбаатар арслантай хоёр дахь удаагаа үзүүр, түрүүнд үлдлээ. Түүнийг үнэхээр барсангүй юу. Түрүүг ээлжлэх бодолтой байв уу?
-Манай Х.Мөнхбаатар арслан үнэхээр хүчтэй, аргагүй л барилдаанч хүн шүү дээ. Цээжний бяр гэж
аймаар. Үнэхээр бараагүй дээ. Түүнээс би шударга биш барилдаантай эвлэрдэггүй л дээ. Хэн хэн нь цуцсаныг олон түмэн гэдэг мэргэн шүүгчид хараа байхаа.
-Өөрийг чинь харцага цол хүртсэнд нутгийнхан чинь баярлаж хүндэтгэл үзүүлж байгааг харлаа. Баярыг чинь хуваалцаж суулаа. Нутгийн зөвлөл чинь 30 сая төгрөг, аймгийн ЗДТТ зургаан сая гээд их л өглөгч хандлаа даа?
-Тийм ээ. Нутгийн олон түмний минь хайр хүндэтгэл сайхан л байлаа. Хойшид хичээн барилдаж тэр хайр хүндэтгэлийг хариулах л үлдлээ.
-Хоёул улсын баяр наадмын талаар ярилцъя л даа. Зааны даваа хүртэл учраа хэр чанга байв даа?
-Ер нь учраа бүхэн чанга байдаг шүү дээ. Тийм болохоор наадмын дэнж хатуу, цолны босго өндөр гэж ярьдаг байх.
-Дөрвийн давааны нугалаанд аймгийн арслан Н.Түвшинбаяртай таарч бас ч нэлээд хүч үзэх шиг болсон?
-Тэгсээн. Аймгийн сайн арслан юм байна лээ шүү. Олимпийн аварга том бөх л дөө. Барилдааны мэдрэмж тун сайтай, ойр зуурын мэхэнд сөхөрчих шинжгүй л байсан даа.
-Долоогийн даваанд Ч.Санжаадамбатай жаахан будилсан. Үнэхээр цэцийнхэн буруу шийдвэр гаргасан гэж наадамчид хэлэлцэж байх нь сонсогдсон шүү?
-Тийм ээ. Нэгэнт болоод өнгөрсөн явдлын талаар одоо нэг их гомдоллож яриад яахав. Ч.Санжаадамбын талаар хоёр удаа барьц сонгосон ч барилдаан төгс болоогүйг олон түмэн харж л байсан байх. Гэтэл Санжаадамбыг давуулчихсан. Үндэсний бөхийн дүрэм зөрчигдсөн л дөө. Барьц задарсан тохиолдол барилдааныг зогсоох учиртай. Тэгээгүй. Учраа маань ч барьц задарсныг мэдсээр байж барилдаанаа үргэлжлүүлж булхайцсан.
-Тэгэхлээр өөрөө өрсөлдөгчийнхөө буруу их байсан гэж гомдсон уу. Уйлаад байсан?
-Ч.Санжаадамбын буруу гэж юу байхав. Тэр шийдвэр гаргасан нөхдөд л би гомдсон. Цэцэд ажиллагсдын олонхи Санжаадамбын талд үйлчилж байгаа нь ажиглагдсан.
-Зааны даваа өрсөлдөөн ихтэй нь мэдээж. Гэхдээ Санжаадамбын барилдаан нэг л биш юм шиг харагдсан?
-Надад бүр тод мэдрэгдсэн. Ардаас өшиглөж ч байх шиг. Унасан хойно цохиод ч байх шиг. Түүний яагаад тэгснийг би ойлгоогүй. Тухайн хүний зан араншингийн илрэл л тэр байсан байх.
-Наадмаас хойш Ч.Санжаадамбатай холбоо барьсан уу?
-Үгүй л байна. Би холбоо барина, эв эетэй байя гэж хэлнээ. Эр улс бөх хүмүүс бие биендээ муу санаж хялалзаж цэхэлзэж явах муухай. Би ч түүнийг муу санадаггүй шүү. Сайхан л бөх.
-Бөхийн цэцийнхнийг барилдаан шийдвэрлэхдээ муу гэж их шүүмжлэх юм. Энэ нь та хоёрын барилдааныг шийдснээс улам тодорч байна гэж үзэж болох нь ээ дээ?
-Тэгж болноо. Ч.Санжаадамба би давсан гээд дэвж давхиагүй. Цэц л хуудуутай шийдсэн. Гайхмаар нь та нар шийдэхдээ ТВ-ийн бичлэг үзээч гэсэн чинь "Тийм дүрэм байхгүй" гэж байна лээ. Бүх зүйлд техникийн дэвшлийг ашиглах болсон цагт юу гэсэн үг вэ гэж гайхаад өнгөрсөндөө.
Харцага Ц.Содномдорж энэ жил 25-тай. Мориор юм бол яг л соёолон насандаа явна. Энэ залууд асар сайхан ирээдүй бий. Олон талын барилдаантай, бөхийн хийц сайтай гэж ярьдаг тийм л бөх. Хутгана, хуурна, суйлна. Тэр дотроос нэг гаргуун сайн хийдэг мэх нь тойгдох. Ц.Содномдоржийн бяр чадал, бие бялдар нь жинхэнэ тэгширчээ. Харцага цолоо ахиулах гэдэг түүний хувьд тун ойрхон. Бүр том цолд хүрнэ гэж бөхийн мэргэжилтнүүд хэлж байгаа. Бас гундуугүй сайхан сэтгэлтэй нэгэн.
-Найраа гэдгийг юу гэж боддог вэ гэж түүнээс асуухад:
-Надад тэгж найрч налигнаж цолоо ахиулах сонирхол огт төрдөггүй гэсэн юм. Энэ нь би цолыг гуйж авахгүй ээ гэсэнтэй адил сонсогдож байсан юм.
http://news.gogo.mn/r/91159