Моуриньо-Лампард дэлхийн хамгийн шилдэг тоглогч
Дэлхийд хөл бөмбөгийн дасгалжуулагч хэд байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ одоо дэлхийд хамгийн алдартай дасгалжуулагч гэвэл эргэлзэх юмгүй Жозе Моуриньог нэрлэнэ. Биеэ авж явах байдал, хэл яриа гээд Жозе шиг онцлог дасгалжуулагч байхгүй билээ. Энэхүү дасгалжуулагчийг хувь заяаны тэнгэр олон удаа ивээн тэтгэж байсан. Аваргуудын лигийн 1/8 тоглолтын сугалаа түүнд бас нэгэн аз авчирсан. Аз гэхийн учир нь Челси Моуриньогийн хуучин баг Портотой таарсан юм.
Портотой хийх тоглолт жирийн л нэг тоглолт
- 2004/05 онд та Портотой тоглохоор дайсны хувьд ирж байсан. Тэгэхэд балиашгууд шүгэлдэн угтаж авсан.
- Тиймээ, эргэн санахад хэцүүхэн дурсамж. Гэхдээ би тэдэнд гомдохгүй байна. Шүтээнээсээ салахад хэцүү байдаг нь мэдээж. Миний хувьд Портотой хийх тоглолт жирийн л нэг тоглолт. Манай орны аварга Порто уламжлалтай сайн баг, гэхдээ бид өөрсдийн чадалд 100% итгэлтэй байна.
- "Челси" гээс гадна ямар баг Аваргуудын лигэд түрүүлэх боломжтой гэж бодож байна?,
- "Реал", "Милан", "Лион", "Манчестер Юнайтед" ,"Барселона" .
- Хэсгийн тоглолтын үед танайхан Барсаг хасагдуулах гэж их хичээсэн гэж ярьцгаадаг. Үнэхээр тэгэж бодож байсан юм уу?
- Яах юм. Тэртэй тэргүй бид Барсагаас хүчтэй гэдгээ харуулсан. Айх юм байхгүй.
- Урьд нь та Челсигийн хувьд хамгийн том зорилго бол Премьер-лигэд түрүүлэх гэж ярьж байсан. Хоёр түрүүлсэний дараа бодол тань өөрчлөгдсөн үү?
- Үгүй шүү. Европын цомын тэмцээнд тохиолдолоор хожих баг гардаг. Жишээ нь 2004/05 онд бид дотоодын тэмцээнд таарах болгондоо хожиж байсан "Ливерпуль"-д алдаатай тооцсон бөмбөгнөөс болж ялагдсан. Өнгөрсөн жил ч Барсагаас илүү байсан мөртлөө шүүгчийн алдаанаас болж хожигдсон. Дель Орнод улаан карт өгөх шаардлага байгаагүй. Тэгвэл улсын аварга гэдэг 38 тоглолт байдаг урт марафон тул үнэхээр хүчтэй баг л түрүүлж чадна.
- Энэ жилийн Английн аваргийн талаар таамаглал дэвшүүлбэл?
- "Челси" түрүүлж, хоёрт "Манчестер Юнайтед", гуравт - "Ливерпуль" (Раф Бенитесийн чадалд итгэж байна), дөрөвт - "Арсенал". Удаахь байрнууд сонирхол татахгүй байна. Улирал эхлэхэд Тоттенхэм гайгүй тоглож, топ-4 тэй өрсөлдөж магад гэж бодож байлаа.
- "Челси" улирлын эхэнд нэг л итгэлгүй тоглож байсан. Бэлтгэл дутсан уу?
- Дэлхийн аваргаас болоод бэлтгэл багассан нь үнэн. Манай багаас 15 тоглогч оролцсон шүү дээ. Гэхдээ бид ямар нэгэн алдаа гаргасан гэж бодохгүй байна. Муу тоголж байсан ч гэж бодоогүй. Харин Манчестер маш сайн тоголж байсан гэвэл өөр хэрэг. Гэхдээ би тоглогчиддоо итгэж байна.Одоогийн Челси Премьер-лигийн хамгийн агуу баг болж чадна гэж би итгэдэг. Яагаад болохгүй гэж. Бид улиралд авах онооны дээд амжилт тогтоосон. Одоо бид тоглолтоо улам сайжруулах тал дээр ажиллаж байна.
- Хэрэв энэ жил Аваргуудын лигэд түрүүлж чадвал таны хувьд Челсид тавих зорилго байхгүй болох мэт санагдах юм.
- Зорилго байлгүй яахав. Алекс Фергюсонг хар л даа. Тэр Манчестэртэй авж болох бүх л цомыг авсан мөртлөө одоо ч дахин дахин цом авахыг хүсэж байна. Би ч гэсэн дахиад олон ялалт байгуулахыг хүсэж байна. Фергюсоныг даваж гарах сан гэж боддог. Нэг удаа Английн супер цомын шигшээ тоглолтын өмнө Арсен Венгер: "Би 4 удаа энэ цомыг авж байлаа. Тийм болохоор өнөөдөр тоглолт яаж ч дууссан надад хамаа алга гэж хэлэхийг сонссон юм. Би ажилд яаж тэгэж хандаж болохыг ойлгохгүй байна. Би Англид 5 дараалан түрүүлэх, хоёр дахь Лигийн цомоо, хоёр дахь супер цомоо, анхны Английн цомоо авахыг хүсэж байна. Мөн хоёр дахь аваргийн лигийн цомоо энэ удаад Челситэй хүртэхийг мөрөөдөж байна. Харин хоёр дахь УЕФА гийн цом авахгүй ч байсан яахав.
Шевагийн тухай асуултуудаас залхаж байна
-Премьер-лигэд ялах улам хэцүү болж байна гэж боддог уу?
- Тиймээ, таны зөв. Одоо багууд манайхтай тоглохдоо бүрэн бүрэлдхүүнээрээ л хамгаалдаг болж. Гоол хийхийг бодохгүй хамгаалаад л байдаг багийг үзэн яддаг. Хамгаалаад байна гэдэг хөл бөмбөгийн хамгийн амархан зүйл. Харин тийм багтай тоглоно гэдэг хамгийн хэцүү.
- "Челси"-г ч хэт хамгаалж тоголж байна гэж шүүмжилдэг байсан.....
- Челсиг хамгаалж тоглодог гэх нь хамгийн **н** юм. Зарим үед хамаг цоожоо түгжих хэрэг мэдээж гардаг. Жишээ нь бид 1-0 хожиж байлаа гэж бодьё. Өрсөлдөгч баг биднээс илүү тоголж байвал хамгаалах нь мэдээж. Иймэрхүү юм бол байх. Тэглээ гээд Челси хамгаалж тоглодог, тоглолтыг алж байна гэж ярих эрх хэнд ч байхгүй. Бид тоглолтын ихэнх хэсгийг удирдаж давамгайлдагийг та анзаарсан байх. Өнгөрсөн жил Челси Дидье Дрогба эсвэл Креспо гэсэн ганц довтлогчтой тоголж, тэднийг хоёр жигүүрээс Роббен Дафф нар зарим үед Коул дэмждэг байсан. Манай 16-д орохоос нь өмнө прессинг хийж бөмбөг булааж аваад л хурдан хөлтнүүдээ гүйлгэдэг байсан. Хурдан сөрөг довтолгоо хийх нь манай гол хөзөр болж байсан бол одоо бид айлын талбай дээр тоголж байсан ч хамаагүй бөмбөг барин давамгайлах бодлоготой тоголж байгаа. "Манчестер Юнайтед" тэй хийсэн сүүлийн тоглолтод манай залуус тэднийг "Олд Траффорд" –д нь өөрсдийн хөгжим доор бүжиглүүлсэн шүү дээ. Ялангуяа хоёр дугаар үед манайх хамаагүй илүү байсан. Мэдээж хэрэг хамгаалж тоглох үе гарна, хамгаалахгүй гээд яах ч юм билээ. Гэхдээ дахиад хэлэхэд бид хамгаалах тактик барьдаг баг биш.
- Бүрэн төгс болсон байсан 4-3-3 системээ 4-4-2 болгож өөрчлөсөн нь буруу алхам болсон гэж мэргэжилтнүүд ярьдаг. Шевченко, Баллак гэсэн шинэ одуудад байр олж өгөх гэж ийм алхам хийсэн гэдэг үнэн үү?
- Хөл бөмбөг ойлгодоггүй хүн л тэгэж ярьна. Ямар ч баг хөгжиж урагшлах ёстой. Миний бодлоор шинэ систем илүү дэвшилтэт, үр дүнтэй. Дээр хэлсэн ёсоор 4-3-3 бол сөрөг довтолгоо хийхэд тохирсон тактик. Сүүлийн үед өрсөлдөгч нар маань талбайгаасаа ч гарахгүй хамгаалдаг болсон тул тэдний хамгаалалтыг сэтлэхэд улам хэцүү болж байна. Тэгээд ч бид хүсвэл тоглолтын аль ч хэсэгт хуучин системдээ шилжин орж чадна. Миний нэг нууц зэвсэг гэсэн үг. Сүүлийн тоглолтуудад та ажигласан байх.
- Шевченко Премьер-лигэд яагаад дасахгүй байна гээд асуугаад байхаар та залхаж байна уу?
- Маш их залхаж байна. Мэдээж алдартай тоглогчид хүмүүс анхаарал хандуулах нь ойлгомжтой хэрэг. Шева шиг том мастер арван бөмбөг ч оруулж чадаагүй байна, тэгээд яагаад түүнийг талбайд гаргаад байна вэ гэцгээж байгаа. Тэгээд л тэд Абрамович заавал тоглуул гэсэн үүрэг өгж гэсэн үлгэр зохиогоод эхэлсэн хэрэг. Ёстой хоосон яриа.
- Үүрэг өгөхгүй ч гэсэн чимээгүй дарамт үзүүлж байж болох уу? Абрамович Шевченког шүтдэг гэдгийг та сайн мэднэ шүү дээ.
- Үгүй дээ. Абрамович ухаантай хүн. Хэдэн жил хамт ажилласных би түүний занг муугүй мэддэг болсон. Тэр хэзээ ч дасгалжуулагчид өөрийн бодлоо тулгахгүй. Нуулгүй хэлэхэд Роман хөл бөмбөгийн талаар сайн мэдэхгүй (сүүлийн хоёр жил сайжирч байгаа ч). Тийм болохоор тэр дасгалжуулагчдаа итгэх ёстой. Үгүй бол түүнд гэрээгээ цуцалсаны төлбөр надад өгөх чадал ямар байхгүй гэх биш дээ.
Лампард тасархай
- 2006 онд та багийхаа халдашгүй найман тоглогчийг нэрлэсэн. Энэ тоглогчдын нэрсэд өөрчлөлт орсон уу?
- Ороогүй. Клод Макелеле, Фрэнк Лампард, Михаэль Баллак, Жон Терри, Рикарду Карвалью, Эшли Коул, Дидье Дрогба, Майкл Эссьен нар халдашгүй хэвээр. Дээр нь гэмтээд байгаа Петер Чех. Эргээд ирэхээрээ тэр автоматаар энэ хэсэгт орох болно.
- Үндсэн хаалгачийн гэмтэл багийн үзүүлэлтэд нөлөөлсөн үү?
- Мэдээж. Чех миний хамгийн чухал тоглогчийн нэг. Үнэнээ хэлбэл би талбайн таван тоглогчоор ганц түүнийг солиход бэлэн.
- Баллак Шеваг бодвол хурдан багтаа даслаа.
- Тиймээ. Андрей шиг авьяаслаг тоглогч ч туулдаг бэрхшээлийг хурдан даваж гарсан. Одоо бол багийн тоглолтод ч даслаа. Гэвч довтлогчийн байрлал хөл бөмбөгт хамгийн хэцүү гэдгийг мартаж болохгүй. Челсид мэдээж Милан шиг багаараа Шевад дамжуулж тоглохгүй. Миний бодлоор довтлогч гэдэг зөвхөн гоол оруулдаг ажил хийх ёсгүй. Маш өргөн хүрээнд тоглох ёстой. Тийм болохоор миний удирдаж байсан багуудад ганц лидер бомбардир хэзээ ч байгаагүй.
- Дрогба лидер бомбардир биш гэж үү?
- Түүнийг сайн тоголж байгаад би баяртай байгаа. Гэхдээ нөгөө талаас багийн үзүүлэлт Дрогбагийн тоглолтоос шалтгаалж байгаа нь санаанд таарахгүй байна. Нэг хүн 30 гоол оруулж бусад нь дамжуулсанаас гурван хүн арав арван бөмбөг хийвэл би илүү баярлах болно.
– Та одоо болтол Лампардыг дэлхийн шилдэг хөл бөмбөгч гэж үзсэн хэвээр байгаа юу?
- Лампардад өрсөлдөгч байгаа гэж үү? Тэр хамгаалж ч чадна, дамжуулж ч чадна, гоол ч хийдэг. Нэг үгээр бүхнийг чадна. Амиа хичээдэггүй, тогтвортой тоглодог. Лампард бол дэлхийн хамгийн олон талт тоглогч. Заримдаа түүнийг хаалганд зогсоосон ч чадах юм шиг санагддаг.
- Тэгвэл таны бодлоор бүх үеийн шилдэг хөл бөмбөгч хэн бэ?
- 1996 оны Рональдо. Би Марадона, Эйсебио, Зидан, Гуллит гээд л олон алдартны тоглолтыг үзсэн. Гэхдээ тэдний хэн нь ч 1996 онд Рональдогийн үзүүлж байсан гайхамшигт тоглолтыг давтаж чадахгүй. Би тэр үед Барсад Бобби Робсоны туслах хийж байсан болохоор өдөр бүр энэ вундеркиндийн тоглолтыг үзэх завшаантай байлаа.
"Моуриньогийн Библи"
- "Челси"-д ирээд та хамгийн түрүүнд тоглогчдод тусгай ном тараасан гэсэн. Английн хэвлэл дараа нь тэр номыг Моуриньогийн Библи гэж нэрлэсэн байсан.
- Тиймээ энэ номыг миний ажиллаж байсан багуудын бүх хөл бөмбөгч уншиж судалсан. "Бенфика" –д орохоос өмнө 2000 онд завтай байхдаа би өөрийн тактикийн үзэл бодол, сэтгэл санааны бэлтгэл болон заах арга барилаа компьюторт оруулсан юм. Уншихад жирийн боловч мэргэжлийн хөл бөмбөгчдөд тун хэрэгтэй зүйл.
- Таны Библийн эхний хуудаст юу гэж бичсэн байдаг вэ?
- Багийн ашиг сонирхол хэзээд хувийн сонирхолоос дээгүүр.
- Та багийхаа бэлтгэл хийх арга барил, сэтгэл зүйн тал дээр голчилж анхаарж байна гэж ойлгож болох уу?
- Болно. Орчин үед энэ хамгийн чухал. Шинэ агуу тактик, систем зохиодог үе өнгөрсөн. Тэгвэл бэлтгэх, заах арга барил дээр шинэ соргог юм нээж болно. Гэхдээ би онолоор голчилдог хүн биш, би бол ясандаа тултал практикийн хүн.
- Урьд нь онолд их анхаардаг байж гэсэн бодол төрлөө.
- Байсан, цагтаа хөл бөмбөгийн ашигтай гэсэн бүх зохиолыг судалдаг байлаа. Би бүр багаасаа дасгалжуулагч болохоор бэлтгэж эхэлсэн. Жишээ нь алдарт Onze Mondial ийг эх хэл дээр нь уншихын тулд л франц хэл сурж байлаа. Португалд энэ сэтгүүлийн захиалга байхгүй байсан тул тэр үед шигшээ багийн хаалгач байсан аав маань редакцийхантай яриад шуудангаар шууд авдаг болсон. Onze Mondial ийг уншдаг Португалийн цорын ганц хүүхэд ч байсан байж магадгүй. Португал хэл дээр гардаг хөл бөмбөгийн бүх хэвлэлийг эхнээс нь дуустал уншдаг байж билээ. Сүүлдээ англи, испани, италиар уншдаг болж эхэлсэн. Зөвхөн сайн дасгалжуулагч болох төдийгүй, хойч үедээ чанартай хэрэгтэй юм үлдээх сэн гэж мөрөөддөг байлаа. Ринус Михелс, Валерий Лобановский, Бел Гуттман , Жованни Трапаттони нартай эн зэрэгцэх онолч болж чадахгүй байж болох ч хойч үе маань миний судалгаа, арга зүйг урт удаан хугацааны турш ашиглах болно гэж найддаг. Жишээ нь улирлын өмнөх бэлтгэлийг өндөр ачаалалтай хийж болохгүй гэдэг байсан. Тэгвэл би дандаа тэгэж хийдэг, тэрнийхээ ч илүү талыг баталж чадсан.
- Та дасгалжуулагчийн ажил удаан хийхгүй гэж хэлж байсан. Эрүүл мэндээ бодоод тэр үү?
- Үгүй, хөл бөмбөгөөс болоод зовоод байгаа юм байхгүй. Би хөл бөмбөгт дуртай. Би хөл бөмбөгөөр амьсгалж, мэдэрж, чухал тоглолтын эгзэгтэй мөчүүдэд кайф авдаг. Харин тоглолтын өмнөх нэг цаг л их хэцүү. Бүрэлдхүүнээ зарлаад, үүргээ өгөөд дууссаны дараа тоглолт эхэлтэл цаг маш удаан өнгөрдөг.
- Жозе Моуриньог жирийн хүнээс өөр, юу ч хийж мэдэх онцгой хүн гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл үргэлж өөрийхөөрөө л байдаг. Ингэж хэлүүлэхэдээ баярладаг уу?
- Би алдар хүндэд дуртай хүн биш. Үнэхээр заримдаа санаанд орохооргүй юм хийдэг л дээ. Жишээ нь Портотой Аваргуудын лигэд түрүүлээд медалиа шидсэн, шагнал гардуулах ёслолд оролцоогүй гээд л. Гэхдээ УЕФА гийн цомд түрүүлээд баярласандаа уйлж байсан.
- Өнгөрсөн улирал аварга болоод таныг Челсигээс явах гэж байна гэсэн яриа гарсан. Үнэхээр гарах гэж байсан юм уу?
- Тиймээ. Сэтгэл санааны хямралтай байсан гэх үү дээ. Би Челсигээс өмнө нэг ч багт удаан ажиллаж үзээгүйг хэлэх үү. Гэхдээ урьдах багуудад надад дэвшиж, шинэ шатанд гарах орон зай байгаагүй бол одоо би дэлхийн хамгийн хүчтэй лигийн шилдэг багийг удирдаж байна. Үүнээс илүү өөр юу хүсэх вэ. Харин Абрамович надад талбайд гарах бүрэлдхүүнийг заагаад эхэлбэл өөр баг хайж эхэлнэ дээ.
- Жозе тоглолт бэлтгэлийн дараа та яаж амардаг вэ?
- Квадроцикл унах дуртай байсан ч багийн даатгалаар хориглогдсон тул теннис тоглох, дугуйт тэшүүрээр гулгах гээд л хүүхдүүдтэйгээ өнгөрөөдөг.
- Кино үздэг үү?
- Үзнээ, гэхдээ ямар кино үзэхийг би биш хүүхдүүд шийддэг. Сүүлийн үед дандаа л Бетмэн гэх мэт хүүхдийн хит кинонууд үзсэн. Дуртай жүжигчин Хопкинс.
- Театр?
- Театрт үзэх юмыг эхнэр шийддэг. Ер нь би тоглогчдоосоо өөр хүн захирахгүй юм шиг байгаа.
- Хөгжим?
- Дуртай альбом маань "Пинк Флойд"-ын Сар. Мөн Брайан Адамс, Фил Коллинз, Стингийг шүтдэг.
- Дуртай хошин шогийн жүжигчин?
- Челсигийн массажчин Били Маккалок.Терригийн найз гэж байгаа. Ямар ч алиалагчаас тэр тусмаа мистер Бинээс ч илүү алиа гар бий.
[align=center]Матч сэтгүүлээс орчуулсан Сугараа .................... http://sport.tsahimurtuu.mn/[/align]