Төрийн өмчийн хороо байгуулагдсаны ойн барилдаан болох өглөө буюу 24-нд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээг зорèâ. Èíãýýä сурвалжлагаа уншигчдадаа хүргье.
Налайх дүүргийн хойхно талд байрлах “Найман шарга” хэмээх амралтанд даян аварга Г.Өсөхбаярын удирдлага дор бэлтгэлээ базааж буй уг гал дээр очиход дэвжээний томчууд биеэ борлуулахаар нүцгэлчихсэн гэрийнхээ гадаа бужигнацгааж байв. Хэдийгээр ойрын өдрүүдэд хур бороо элбэг, нар төдийлөн их гараагүй ч бөхчүүд нэлээд ч борлож ёстой л хүдэр хүрэн эрчүүд болжээ. Ялангуяа аварга их сайхан харагдаж байна лээ. Хамгийн захад байрлах аваргын гэрээр зочиллоо. Аварга, улсын заан Ч.Гочоосүрэнгийн хамт нэг гэрт байрлажээ. Гочоосүрэн заан энэ жил галын багш дасгалжуулагчаар гарсан аж. Архангай нутгийн алдартай брэнд болох уруул чимчигнүүлсэн сайхан айраг, цагаан идээгээр зочлуулах зуураа сонсвол урьд өдөр нь дэвжээний тэргүүн Д.Болор болон аймгийн засаг дарга, нутгийн зөвлөлийнхөн нь бөхчүүдээ эргэж ирээд явсан гэнэ. Уг галд энэ жил улс, аймгийн алдар цолтой болон залуу 60-аад бөх наадмынхаа бэлтгэлд гарчээ. Бөхбилэгтийнхэн энэ газар ноднин жил бэлтгэлээ базаасан агаад дэргэдээ гол устай, байгаль нь үнэхээр сайхан газар аж. Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд бөхчүүд маань дуугүй дээрээ бүр дуугүй болчихдог улс. Тэдний тархинд түмэн бодол холилдовч гагцхүү “наадам” гэсэн бодол сэтгэлийг нь соронзон мэт татаж, тэр өдрийг тэсэн ядан хүлээж буй. Тэр хүлээлт, барилдааны өмнөх ёс журмыг нь бага сага гадарлахын хувьд аваргаас элдвийг асууж, хоргоож төвдсөнгүй. Харин галын багш Гочоосүрэн заанаас яриа авахаар болов. Өсөхөө аварга “Манай багш өдөрт бараг 4 удаа ярилцлага өгч байгаа…” гэж багшийгаа цаашлуулсаар, залуусаа дагуулан өдрийн бэлтгэлдээ гарав. Улсын харцага Г.Батбаяр, М.Батжаргал, а.а Р.Пүрэвдагва нарын бөхчүүд уг өдрийн барилдаанд оролцохоор өглөө эрт хот руу явсан байлаа. Рагчаа заан мөн тэр барилдаанд явах тул бэлтгэл хийлгүй бусдынхаа бэлтгэлийг харж суув. Зодгондоо багтаж ядсан шагай шиг биетэй заан маань тун өнгөтэй харагдсан.
Улсын заан Ч.Гочоосүрэнг шавь нар нь “Го багш, Го багш” гэлцэхэд заан “Энэ хүүхдүүд үү? Одоо бүр бүтэн нэрээр дууддаг хүнгүй боллоо. Удахгүй Сүрэн, энэ тэр гэж дуудаж ч магадгүй нь…” гэж тоглоом шоглоомоор гомдоллосоор голын эрэг дээр тухлав.
-Энэ газрыг цэргийн амралт, саамын амралт гээд л янз бүрээр нэрлэж дуулдах юм. Аль нь жинхэнэ нэр нь юм бол оо?
-Энэ чинь БХЯ-ны 318-р ангийн харъяа, “Найман шарга” гэдэг нэртэй гүүний саамны сувилалын газар байгаа юм. Манай дэвжээнийхэн 2 дахь удаагаа энд бэлтгэлээ базааж байна. Гол устай, байгаль сайхантай, бэлтгэл сургууль хийхэд их сайхан газар юм. Ерөнхийдөө “Бөхбилэгт” дэвжээ маань энэ өвөл удирдлага, бүтэц нь өөрчлөгдсөн. Мөн нутаг орны маань том, жижиг компани, хувь хүмүүс тусламж, дэмжлэг их үзүүлж байна. Энэ жилийн наадам маань 4 том ой давхцсан, их онцгой наадам болно. Манайхан 6 сарын 12-нд бэлтгэлдээ гарсан. Гараад 12-13 хоночихлоо. Бэлтгэл ерөнхийдөө их сайхан байна аа. Намар, өвөл, хавар суурь бэлтгэлээ ч тогтмол тун чамбай базаасан байгаа. Бөхчүүд маань сэтгэл их өндөр байна даа.
-Энэ жил газрын гарц, зуншлага хэр байна?
-Өө их сайхан байна. Сая хэд хоногийн өмнө жаахан хатмаар болж ирснээ сүүлийн 2-3 өдөр бороо ороод илт сэргэж байгаа нь бэлтгэл хийж байх явцад мэдрэгдэж байна.
-Бөхчүүдийн тань өнгө хэр байна вэ?
-Өнгө үү? Эд чинь гэнэт л наадмын бэлтгэлд гарч ирээд “лухайчихдаг” юм биш шүү дээ. Нэгэнт өөрийн гэсэн дэвжээтэй болж, байнгын бэлтгэл сургууль хийх нөхцөл боломж нь нээгдсэн болохоор хүн болгонд бүтэн жилийн турш наадамдаа бэлдэх, амжилтын төлөө хөдөлмөрлөх боломж бүрэн нээлттэй болсон. Тийм болохоор бөхчүүд маань дор бүрнээ хичээж бэлтгэл сургуулиа сайн базаасан гэж дүгнэж байгаа. Ямар ч байсан дэвжээнээс минь улсын цолтон шинээр төрж, аварга тэргүүтэй улсын цолтнууд маань амжилттай барилдан цолоо ахиулна гэдэгт итгэлтэй байна аа.
-Та өөрөө олон жил наадмын бэлтгэлд гарсан хүн. Одоо залуучууддаа зааж сургаад сууж байхад бэлтгэл сургуулийн хувьд ялгаатай зүйл хэр их мэдрэгдэж байх юм бэ?
-Байлгүй яахав. Бидний үед бэлтгэлийн хэрэглэл материал, тоног төхөөрөмж гээд бүх юм нь хязгаарлагдмал байлаа шүү дээ. усны урсгал сөргүүлээд л мод хөвүүлж түлхдэг, бүдүүн модны тайрдас өргөөд хоорондоо дамжуулж шиддэг, гүйж харайдаг тийм л бэлтгэл голлож хийдэг байлаа. Одоо бол резин, гир, гантел, штанг гээд бүх хэрэглэл өөрчлөгдсөн. Бүх юм нь хөгжихийн хэрээр бөх ч их хөгжиж байна. Өөрийнхөө үетэй харьцуулаад бодоход их сайхан болж дээ гэж өөрийн эрхгүй бодогддог юм.
-Гэхдээ та нарын бэлтгэл сургууль хийдэг горим, журамд давуу тал бас байсан байлгүй?
-Давуу тал байсаан, байсан. Одооны бөхчүүдийг нэлээд шахалт өгч бэлтгэл хийлгэхгүй бол зарим залуучууд хөдөлмөр бага хийгээд, биеэ нэг их зовоолгүй улсын цолонд хүрэх бодолтой болчихож. Бидний үед жинхэнэ хөдөлмөрлөж байж л цолонд хүрнэ гэсэн хатуу бодолтой, тэрэндээ бүх зүйлээ зориулах чин сэтгэлтэй байсан. Бэлтгэл сургуулиа таслахгүй, чанарын хувьд дээд зэргээр бэлддэг байв. Одоо бөхийн тоо олширсон нь сайн хэрэг. Гэхдээ бие бялдар, арал чац сайхантай хэрнээ хөдөлмөрлөхдөө хойрго нөхдүүд харагдаж л байх юм. Тэгэхээр хөдөлмөрлөж байж л амжилтанд хүрдэг гэдгийг залуучууд сайн ойлгох хэрэгтэй санагддаг.
-Зарим бөхчүүд гол өрсөлдөгч нараасаа нууж бэлтгэл хийдэг байсан гэлцэх юм?
-Тэр бол үндсэндээ ганц нэг ахмаддуу бөхчүүд залуу бөхчүүдтэй ч юм уу, эсвэл тогтмол сайхан амжилттай байгаа улсууд ч юм уу нийгэмлэг, хамт олноороо гаралгүй хэсэгчлээд гарах нь байдаг байсан. Заал танхимд тэр болгон хийгээгүй мэхээ хүнд мэдэгдүүлэхгүй нууж бэлдэх жишээтэй. Энэ хүн юу хийдэг билээ, яадаг билээ гэж өрсөлдөгч бөхчүүддээ судлуулахгүйн тулд нууна шүү дээ. Тэгээд л тооцоонд ороогүй мэхээр гэв гэнэт “бэлэг барьдаг” бөхчүүд зөндөө л байсан даа. Бас тэр үед бөхчүүд маань их спортоор монголын нэрийг дэлхийд гаргах гол үүрэгтэй. Үндэсний бөх бол туслах чанартай, хоёрдугаарт тавигддаг байлаа. Одоо бол их сайхан болжээ. Байгууллага нь үг дуугүй чөлөөлөөд зогсохгүй хангамж нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Төр засаг хүртэл харж ханддаг болсон байна.
-Энэ жил тэгш ойн жил, бас 4 том ой давхцаж 1024 бөх барилдах болохоор ахмад бөхчүүд маань ч төрийн наадамдаа зодоглох болов уу гэлцэж байна. Таны хувьд…?
-Уг нь санаа бол байх л юм. Гэхдээ гараад барилдлаа гэхэд шавь нартаа амлуулах болчихоод байна шүү дээ /инээв/.
-Амжилтаар эрэмбэлсэн болохоор уу?
-Харин тийм. Хэдийгээр амжилтаар эрэмбэлж, оноолтоор барилдуулах нь элдэв найрааны асуудлыг тасалсан сайн талтай ч тийм ч айхтар хөширчихөөгүй, төрийнхөө наадамд хийморио сэргээгээд ганц нэг гарчихúя гэсэн бодолтой ахмад бөхчүүдийн хувьд хэцүү болчихсон л доо. Миний шавь заан байлаа гэхэд намайг амлах жишээтэй. Уг нь 1990 оноос өмнө цол авсан бөхчүүдээ хуучнаар нь орхиод тэрнээс хойшихыг амжилтаар нь эрэмбэлсэн бол… гэж бодогддог л юм.
-Энэ жилийн наадмын таавар таны бодлоор ямархуу байх бол….?
-Ээ, тэр таахад хэцүү. Олон жилийн наадам үзлээ. Хэн ч тэрийг тааж байхыг харсангүй. Нэг томхон цолтон дор даваанд унахад л бүх таавар будилна шүү дээ. Барилддаг хүмүүс хүртэл өөрсдөө хоорондоо ярилцаж байгаад таах гэхээр болдоггүй байхгүй юу? Яахав, түрүү, үзүүр, их шөвөг зэргийг бол ганц нэг таах нь байдаг л байх. Тэгээд ч өөрөө барилдаж явсан хүний хувьд тэр сайн барилдана, тэр түрүүлнэ гэж элдвийг яриад яахав. Хэн биеэ сайн бэлдсэн байна, тэр хүн л түрүүлнэ, залуучуудаас хэн ч цол авч мэднэ.
Ийнхүү хэсэг хөөрөлдсөний дараа Гочоосүрэн заан “Өглөө эрт эднийг босгох гэж хашгичихаас эхлээд л миний ажил мундахгүй ээ. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ хэлж өгөхсөн гэж хичээж явна” гэсээр бэлтгэл хийж буй залуус руугаа яарлаа. Энэ галд З.Дүвчин зааны бага хүү Чимэд, Сүхбаатар аймгийн арслан Ба.Батжаргал нарын өөр аймгийн залуус ч байна лээ. Мөн улсын начин Ш.Зоригтоор ахлуулсан “Алдар” спорт хорооны гал энд айлсан буужээ. Зоригт начны гэрт у.н Н.Баттулга, а.а Ч.Эрдэнэчулуун нар хамт байрласан байв. Уг галд 20 гаруй залуучууд гарсан агаад ихэнх нь аймаг, сумын наадамд зодоглох бол улсын наадмын хүүхдийн барилдаанд барилдах хөвгүүд ч энд байгаа аж. Тэд энэ сарын 17-нд бэлтгэлдээ гарсан гэнэ. Ноднин жил О.Балжинням аварга өөрөө ахалж гарсан бол энэ жил у.н Ш.Зоригт ахалжээ. Мөн Өвөрхангай аймгийн гаралтай 7-8 залуу энд гал болон гарсан байна. Тэд мөн л хот руу барилдахаар явцгаасан тул эзгүй байв.
Дараа нь Д.Пэрэнлэйдорж начны байрлаж буй гэрээр орлоо. Начин дусал хийлгэж байна. Эрдэнэчулуун арслан ямар тариа хийлгэж буйг сонирхоход “Бяр нэмдэг дусал…” гэж начин наргив. Арслан ч мөчөөгөө өгөлгүй “Та ч дусал хийсэн хийгээгүй бяртай хүн дээ” гэсэн хариу барьж байна. Яалт ч үгүй бөхчүүдийн шогч зан мөн дөө. Бөхийн өргөөнд тэр болгон үзэгдээд байдаггүй Пээгий начинтай уулзсаных ярилцлага авъя гэхэд минь жаахан цааргалж байснаа зөвшөөрсөн юм. /Уг ярилцлагыг наадмын дараа уншигчдадаа хүргэх болно/. Пэрэнлэйдорж начинг улсын наадмын хоёр, дөрвийн давааны оноолтыг цээжээрээ хийчихдэг, тэр нь яг таардаг гэлцэх нь бий. Тэр талаар нэлээд шимтэнгүй сонирхоход минь начин “Миний тэгж сүрхий оноолт хийх гэж юу байхав. Гэхдээ өмнөх наадмууд бол тэр тэрэнтэй, энэ тэрэнтэй таарах нь гээд тооцоход таардаг байсан. Харин сүүлийн үеийн наадмууд таахад бэрх болсон шүү дээ. Гэхдээ энэ жил дөрвийн давааны төгсгөлд хоёр начин хоорондоо барилдах болов уу гэсэн таамагтай сууна даа” гэсэн юм.
С.Бадамгарав.
WWW.UNDESNIIBUKH.MN