"Таван цагариг" сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин
http://www.sport.tsahimurtuu.mn
Хурдан даага уу? Хүчит баавгай юу?
Өнгөрөгч ням гаригт Үндэсний хөлбөмбөгийн лигийн NFL-National Football League-ийн конференцийн аваргын төлөөх тоглолтууд явагдлаа.
Чикаго хотын "Soldier fields" цэнгэлдэхэд NFC-ийн аваргын төлөө Chicago bears-New Orleans saints багууд өрсөлдөв.Мянга мянган хөгжөөн дэмжигчид,малгайлан орох цас талбайн эзэн "Баавгайнуудад" таатай нөхцөл бүрдүүлснээр 39 :14-өөр илт давамгайлан хожлоо.Улирлын тоглолтыг 13 хожил,3 хожигдлоор өндөрлөсөн "баавгайнууд" плэй-оффт "Сиэтл "-ийг хожин конференцийн финалд шалгарсан билээ.Тэд 21 жилийн дараа дахин Супер боул-ын төлөө өрсөлдөх болов.Хэрэв энэ жил Chicago bears супер боулыг тэдний дасгалжуулагч Лау Смит энэхүү эрхэм алдарт багаа хүргэсэн анхны хар арьстан болох ажээ.
Харин AFC-ийн аваргын төлөөх тулаан Индианаполисийн "RСА"-д тун ч өрсөлдөөнтэй өрнөв.Сүүлийн таван жилд гурвантаа Супер боулд аваргалсан Том Брэйди тэргүүтэй "Нью Инглэнд патриотс" эхний үеүүдэд тун чамбай ,их л эрчтэй тоглон 21:3-аар хошуучилж явсан ч талбайн эзэд сүүлийн хоёр үед чанд тооцоо,чин эрмэлзлэл, итгэл зүтгэлээр дүүрэн тоглон 38:34-өөр хожин хөгжөөн дэмжигчидээ баярлууллаа.
NFL-ийн шилдэг квортербек Пэйтон Мэннинг манлайтай "Индианаполис кольтс" нь сүүлийн хэдэн жилийн турш хамгийн хүчтэй багуудын нэгэнд тооцогдож байсан ч аз эз дутсаар энэ жил л түүхэндээ анх удаа Супербоулын төлөө өрсөлдөх боллоо.Улирлын тоглолтод "дааганууд" 12-4 амжилт үзүүлсэн бөгөөд плэй-оффт Канзас Сити,Балтимор багуудыг өвдөг сөхрүүлсэн юм. Ийнхүү 41 дэх удаагийн Супер боулын төлөө "Чикагогийн баавгайнууд"-"Индианаполисийн дааганууд" багууд хоёрдугаар сарын 4-нд Майами мужийн Флорида хотын "Дельфин" цэнгэлдэхэд (75540 хүний суудалтай) үзэлцэх болов.Энэ өдрүүдэд Америкийн олон нийтийн бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонин,сэтгүүлийнхээ нүүр талбай,радио, ТВ-үүд эфирийн цаг заваа Супер боулд зориулж байна. Арга ч үгүй биз.Америкчуудын хамгийн их сонирхон үздэг зүйл бол Супер боул юм чинь.Өнгөрсөн жил гэхэд л Супер боулыг 141,4 сая хүн үзсэн гээд бод л доо.Ер нь Америкийн хамгийн олон хүн үзсэн ТВ нэврүүлгийн жагсаалтын эхний 10-т бүгдэд нь Супер боул бичигддсэн байдаг юм билээ. Супер боул нь зохион байгуулагчдадаа ч асар их ашиг авчирдаг.Энэ удаа л гэхэд зохион байгуулагчид 261 сая долларын цэвэр ашиг олно гэж тооцоолжээ. Аварга болсон багийнханд өгөх тус бүр нь 5000 долларын үнэ бүхий очир алмаазан шигтгээтэй 150 алтан бөгж хэдийнээ бэлэн болоод байгаа гэнэ.Мөн аварга багийн тоглогчдод очих 146 000 долларын мөнгөн шагнал ч эздээ хүлээн хэвтэж буй аж. Энэ жилийн Супер боулын тасалбар хамгийн хямд нь 199 доллар,хамгийн үнэтэй нь 19500 доллар байгаа бөгөөд бараг бүгд зарагдаад дуусчээ.41 дэх удаагийн Супер боулын ивээн тэтгэгчээр Toyota,Pepsi,Visa,Motorola,Sprint,The Marriott Hotels,CBS TV зэрэг нэр цуу нь дэлхийд түгсэн томоохон корпорациуд ажилах юм байна. Супер боулын завсарлагаанаар рок попын одод ая дуугаа өргөдөг уламжлал ёсоор энэ жил алдарт Prince үзэгчдийн цөсийг хөөргөх юм. Манай монголчууд тарган ууцаа таллаж,таваг дүүрэн буузаа жигнэнхэн Цагаан сарын бөхөө үзэхээр тэсч ядан суугаа шиг цацагт хяруулын махаа чанан ,пицца захиалан Супер боулаа шимтэн харахаар яарч сууна даа,энэ америкууд.