“Хөгшин тив”-ийг түйвээж буй “Хөх Самурай”-н арми10. Юки Абе (Лестер сити)
Тоглолт : 35
Гоол : 1
Олон байрлалд тоглох чадвартай Юки 2005 онд J лигийн шин одоор тодорч байлаа. Үүнээс хойш түүний карьер өсөх прогрессоор явж улсынхаа шилдэг багуудын нэг Урава Ред Даймондс багт шилжсэн. Улмаар өнгөрсөн жил тив алгасан нүүдэллэж Английн чампионшип лигийн Лестер сити багтай гэрээ байгуулсан билээ. Английн доод лигт зиндаа ахих өрсөлдөөн маш ширүүн байдаг учраас биеийн хүчний тоглолт хайр найргүй хийдэг. Эхэндээ ийм орчинд дасахад Юкид хэцүү байсан ч яваандаа дасаж багийнхаа нэг хэсэг болж чадсан. Хамгаалалтын бүх байрлалд тоглохоос гадна хэрэгтэй үед цэвэрлэгч хийдэг болохоор Япон залуугаа Лестерийн фенүүд тун их үнэлдэг юм билээ. Харамсалтай нь Лестер өнгөрсөн улиралд 10-р байр эзэлж дээшээ ахиж чадсангүй.
8. Мичихиро Ясуда (Витессе)
Тоглолт : 15
Гоол : 2
Недарландын дээд лигийн Витессе багт Ясуда үнэлж баршгүй тоглогч. Зүүн жигүүрээр хурдтай довтолгоо өрнүүлж, эсрэг багийн довтолгоог эргээд зогсооно. Харин шигшээ багтаа төдийлөн үнэлэгдээд байдаггүй тоглогч. Харин Алберто Заккерони саяхан ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтонд түүнийг дуудаж ирээдүйг нь гэрэлтүүллээ. Сүүлд 2009 онд эх орныхоо дуудлагыг авснаас хойш Ясуда ийм хүндлэл хүлээгээгүй хоёр жил болоод байлаа.
9. Кэйсукэ Хонда (ЦСКА)
Тоглолт ; 6
Гоол : 2
Оросын премьер лигийн шинэ улирал эхлээд 11 тойрог явж байгаа болохоор Хондаг энэ жил хэр түвшинд тоглож байгааг дүгнэхэд эрт байна. Ямартай ч өндөр ур чадвартай энэ залуу ”Крылья Советов”-ын хаалгыг хоёронтоо мялаагаад амжсан. Чөлөөт цохилт гайхалтай хийдэг чанараа өнгөрсөн жилийн Аваргуудын лиг болон Өмнөд Африкийн ДАШТ-д Хонда дэлхий нийтийн өмнө харуулсан. Түүний ур чадварт өдгөө эргэлзэх баг цөөхөн болсон учраас том багуудаас ирэх саналыг л хүлээж байна. Энэ зуны наймааны цонхоор мэдээж Хондагийн агент завгүй ажиллах байх.
7. Рё Мияити (Арсенал – Фейеноорд)
Тоглолт : 12
Гоол : 3
Арсеналын фенүүд шинэхэн Япон тоглогчынхоо талаар дуулсан л байх. Өнгөрсөн өвлийн наймааны цонхоор энэ 18 настай ирээдүйтэй залуу тоглогчыг Венгер багтаа элсүүлсэн. Бөмбөг эзэмших чадвар, хурдтай тоглолтоороо Рёдиньо гэсэн хочтой болсон гэхээр хоосонгүй нөхөр гэдэг нь харагдаж байна. Одоо Недерландын Фейеноорд багт зээлээр тоглож буй. Ирэх улирлаас Арсеналын үндсэн багт эргээд ирэх байх. Японы U-15-аас U-19 хүртэл бүх насны шигшээд тоглосон.
6. Эйжи Кавашима (Льерс)
Тоглолт : 28
Клин-шит : 3
“Наран” улсын шигшээ багийн үндсэн хаалгач гэдгийг нь манайхан мэдэх байх. Өнгөрсөн Азийн цомын тэмцээнээр эх орондоо номер нэг гэдгээ олон гайхалтай хаалтаар харуулсан. Бельгийн даруухан Льерс багт одоо хүчин зүтгэж байгаа бөгөөд 2010 онд энэ багт ирсэн юм. Энэ улиралд баг нь хүснэгтэд доороосоо 3-т жагссан. Гэхдээ мэдээж үүнд Кавашимаг буруутгах аргагүй. Хичнээн сайн хаалгач байлаа гээд хамгаалалт шүүрэн шанага шиг бол хэзээ ч амжилт олохгүй шүү дээ.
5. Шинжи Оказаки (Штутгарт)
Тоглолт : 12
Гоол : 2
Доод лиг рүү унах аюулд ороод байсан Штутгарт клуб довтолгоогоо хүчирхэгжүүлэхээр Оказакиг өвлийн цонхоор авчирсан. 2014 он хүртэл урт хугацааны гэрээ түүнтэй байгуулсан боловч дебут гоолыг нь хүлээсээр байтал улирал дуусах дөхсөн байлаа. Гэхдээ Бундеслигийн сүүлийн хоёр тойрогт Оказаки удаан хүлээсэн гоолоо оруулж, Штутгарт ч унах аюулаас аврагдсан билээ. Шинжигийн эцэж цуцалгүй бөмбөгний төлөө тэмцдэг чанарыг нь Штутгартын фенүүд улирлын дараа үнэлэн магтаж байсан.
4. Акихиро Ленага (Мальорко)
Тоглолт : 14
Гоол : 2
Испаний Ла лигийг “дайлаар мордсон” Самурай ховорхон байдаг. Харин энэ уламжлалыг Акихиро эвдэж Рафаель Надалийн төрж өссөн Мальорка аралд “газардаад” байна. Өвлийн наймааны цонхоор Ленага Мальоркод ирснээсээ хойш 12 тоглолт хийгээд амжжээ. Дебут гоолоо 4 сарын эхээр Севильягийн хаалганд оруулсан гэж байгаа. Гэхдээ гарааны үндсэн тоглогч болохын тулд илүү их хөдөлмөрлөх шаардлага түүнд тулгарч байна. Эс бөгөөс нутаг буцах замд орж болох юм.
3. Ацуто Учида (Шальке 04)
Тоглолт : 26
Гоол : 0
Тун чиг царайлаг энэ залуу Япондоо жинхэнэ супер од гэнэт. Зарим нэгэн нь зөвхөн түүний царайг харж шигшээ багт дуудсан гэх шүүмжлэл хэлдэг. Гэхдээ Шалькед үзүүлж байгаа найдвартай тоглолт нь Учидаг “царайнаас цаашгүй амьтан” биш гэдгийг хангалттай нотолж байна. Энэ жилийн Аваргуудын лигийн хагас шигшээд Шалькетэй хамт шалгарснаас Учида Япончуудаас хамгийн анх ийм өндөр оргилд хүрсэн тамирчин боллоо. Өмнө нь чамгүй олон “Самурай”-нууд Европт тоглож байсан ч ийм амжилтанд хүрч байгаагүй. Бас Раултай чамгүй сайн найз болоод авсан гэж байгаа.
2. Шинжи Кагава (Боруссия Д)
Тоглолт : 28
Гоол ; 8
Бундеслигийг төдийгүй Европыг доргиож байгаа Японы шинэ од. Улирлыг гайхалтай амжилттай дуусгаж, аваргын цомоо эргүүлэн авсан Боруссия Дортмундын гол хөдөлгөгч хүчний нэг яах аргагүй Кагава байсан. Харамсалтай нь Азийн цомын тэмцээний үеэр авсан бэртэл нь түүнийг улирлын 2-р хагасыг өнжихөд хүргэсэн билээ. Гэхдээ ямар ч байсан сүүлийн тойрогт эргэж ирээд аваргын баярыг багийнхантайгаа хамт тэмдэглэсэн. Ирэх жилээс Дортмунд Аваргуудын лигт ороод ирэхээр Кагаваг илүү олон хүн мэддэг болно байх. Гэхдээ мэдээж энэ зун том баг руу явчих магадлал маш өндөр байгаа.
1. Юто Нагатомо (Интер)
Тоглолт : 13
Гоол : 2
24 настай Нагатомогийн түүхийг “Үнсгэлжин”-гийн үлгэртэй харьцуулах нь бий. 2008 онд тэр Японы FC Токио багтай гэрээ байгуулж амьдалдаа анх удаа том хэмжээний гэрээ байгуулж үзжээ. Улмаар сайн тоглож, шигшээ багтаа дуудагдаж 2011 оны Азийн цомд оролцсон. Энэ тэмцээнд гайхалтай тоглосныхоо ачаар Европын багуудын хараанд өртөж энэ өвөл Сери А лигийн даруухан Чезеена багтай гэрээ байгуулжээ. Үйл явдал цааш үргэлжилж Чезенад ирсэн даруйдаа л Интерийн зүг хүлгийн жолоо залах нь тэр. Ингэж тэр J лигийн даруухан тоглогч дэлхийн хэмжээний багийн хөлбөмбөгч болсон. Интерий түүхэнд өмнө нь Япон тоглогч байгаагүй болохоор Милан хот тэг чигээрээ шинэ залуугийн тоглолтыг харж байлаа. “Самурай” ч тэдний урмыг хугалсангүй. Найдвартай, цэгцтэй тоглож улирлын төгсгөл гэхэд альхэдийнэ хоёр гоол оруулаад амжсан.
Эд нараас нэгийг нь авчихвал бас л сайхан даа http://www.sportnews.mn