Энд дажгүй мэдээлэл байна үүнийг орууллаа.
2010 оны урьдчилсан тоглолтын эхний шатанд бид дараах улсуудын аль нэгтэй тоглох тул Тажикистантай таарахаас бусад тохиолдолд хоёрдугаар шатанд шалгарах боломж тавин хувьтай хэмээн бодож байна .
Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан чансаагаар Азийн бүсийн , бидэнтэй халз тоглох боломж бүхий багууд дараах байдлаар жагссан байна .
27. Мьянмар 311
28. Тажикистан 304
29. Шри Ланка 301
30. Мальдив 292
31. Киргизистан 258
32. Тайван 250
33. Лаос 202
34. Бангладеш 183
35. Пакистан 182
36. Балба 142
37. Монгол 139
38. Камбож 110
39. Филиппин 92
40. Бутан 87
41. Макао 80
42. Бруней 53
43. Афганистан 52
44. Гуам 20 оноо
Дээрх багуудаас Мальдив , Лаос , Бангладеш , Бутан , Макао , Гуамын шигшээ багтай манай үндэсний шигшээ баг тоглож байсан .
1993 онд Шанхайд зохиогдсон Зүүн Азийн спортын анхдугаар наадамд манай үндэсний шигшээ баг Гуамын шигшээ багийг 4 : 3 - р хожиж байсан .
Дөрвөн жилийн дараа , 1997 онд Пусанд зохиогдсон хоёрдугаар наадамд Макаогийн шигшээ багийг 3 : 0 – р хожсон .
2001 онд Осакад зохиогдсон гуравдугаар наадамд Макаогийн шигшээ багт хожигдсон . ( Тооны харьцааг мартсан байна .)
2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтонд манай үндэсний шигшээ баг Саудын Араб , Вьетнам , Бангладештай нэг хэсэгт тааран зургаан тоглолт хийсэн .
Бангладештай хийсэн эхний тоглолтонд 3 : 0 – р хожигдсон боловч хоёрдохь тоглолтонд 2 : 2 – р тэнцэн , дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтын анхны оноогоо авсан билээ .
Лаосын багтай 2002 онд тоглон 2 : 1 – р хожигдож байсан .
2004 оны Азийн аваргын урьдчилсан тоглолтонд Бутан , Гуамын шигшээ багтай нэг хэсэгт таарч тоглон Бутантай 0 : 0 – р тэнцэж , Гуамын шигшээ багийг 5 : 0 – р хожсон.
Бутантай хийсэн тоглолт далайн төвшинөөс дээш гурван мянган метрийн өндөрт болсон байна .
2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтын эхний шатанд Мальдивын шигшээ багтай таарч өөрийн талбай дээр 1 : 0 – р хожигдсон .
Хариу тоглолтонд 12 : 0 – р хожигдсон .
Дээрх мэдээг хөлбөмбөгөөс хол хөндий хүмүүс “ Манайхан ахин хөлбөмбөг тоглох хэрэг байна уу ” хэмээн хүлээн авсан билээ .
Олон бөмбөгөөр хожигдсны учир тоглолтын үед үүссэн дараах нөхцөл байдалтай шууд холбогдох мэт санагдана .
1. Тоглолтын 16 дахь минутад багийн үндсэн хаалгач Ж .Энхбаяр хүнд гэмтэл аван тоглолтыг орхисон .
2. Үндсэн хаалгачаа үргэлж гэмтэл , бэртэлээс ангид байх мэтээр эндүүрч , нөөц хаалгачийг туйлын оновчгүй сонгосон . Энэ дасгалжуулагчийн гаргасан маш том алдаа болов уу .
3. Тоглолтын 34 дэх минутад багийн ахлагч , төвийн хамгаалагч Д.Лүмбэнгарав хоёр дахь шар хуудсаа аван үзэгчийн суудалд шилжин , тоглолтын үлдсэн цагт хүн дутуутай тоглосон .
Дээрх гурван нөхцөл байдал тоглолтын эцсийн үр дүнд хэрхэн нөлөөлсөн нь 12 бөмбөгний 11 – ийг дөчин нэг дэхь минутаас хойш алдсанаас харагдах мэт .
Огт хожигдолгүйгээр оргилд гарсан баг , тамирчид гэж үгүй билээ .
Манай үндэсний шигшээ баг дээр дурьдсан багуудтай ижил төвшинд өрсөлдөх боломжтойг харуулах үүднээс багагүй тоо , баримт дурьдан та бүхнийг чилээсэн бол хүлцэл өчье .
Бид 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн бүсийн урьдчилсан тоглолтын хоёрдугаар шатанд шалгаран , өөрийн талбай дээр Азийн шилдэг багуудтай тоглох болно гэдэгт итгэж байна .
http://www.bodrol.com/blog by nbzg