ПЛ-ийн Ливэрпүүлийн шилдэг 11Сүүлийн 20 жилийг Ливэрпүүл багийн хувьд амжилттай байсан гэхэд хэцүү. Премьер Лиг гэж нэрлэхээс өмнө энэ баг Англид төдийгүй Европод өөрийн нэрээ мандуулж байсан билээ. Тэд хамгийн сүүлд 1989-90 оны улиралд Английн лигийн аварга болж байсан. Харин энэ улиралд Улаан чөтгөрүүд болох Манчестер Юнайтед түрүүлсэн тоогоор Ливэрпүүлийн дээр гарч ирлээ. ПЛ эхэлснээс хойш Ливэрпүүл дэд байранд 2001-2002, болон 2008-2009 оны улиралд шалгарч байсан. Гэсэн хэдий ч Ливэрпүүл Английн хамгийн агуу багуудын нэг хэвээр үлдэж агуу тоглогчид нь нэр хүндийн тавцанд заларч байна.
Хаалгач: Хосе Рейна (2005 оноос хойш, 279/0)“Пепе” Рейна гэж удам дагасан хаалгач. Түүний эцэг Мигель Рейна цагтаа Барселона, Атлетико багуудын хаалгыг манаж байсан бол бага Рейна зууны эхэн үед “блаугранас”ын номер нэг хаалгач болохын төлөө тэмцэж байсан. Пепе Рейна өөрийн нэрээ Барселонд гаргаж чадалгүй байсаар Вийяреал багруу орсон байгаа. 2005 онд Рафаэл Бенитез түүнийг Ливэрпүүл клубт урьж гэрэлтэж байсан гэхдээ тогтвортой бус Ежи Дудекийг орлуулах гэж авчирсан билээ. Рафа түүнийг Испанийн номер нэг хаалгач гэж танилцуулсан бөгөөд Рейна ч өөрийгөө тун амархан мэдрүүлсэн юм. Ийнхүү 6 жилийн хугацаанд Рейна багийн нэг номерийн хаалгач болж Ливэрпүүлийн түүхийн дээд амжилтуудыг эвдэж байна. Тэрээр хамгийн түрүүнд нэг гоол алдалгүй 50 тоглолт хийж, дараа нь 100-гийн амжилтыг давсан билээ. Түүнд мөн хуурай тоглолтын дээд амжилт болон хамгийн бага гоол алдсан улирлын дээд амжилт ноогддог юм. 3 удаа Пепе Рейна ПЛ-ийн шилдэг хаалгач болж 2009-2010 оны улиралд багийн шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн. Гайхалтай мэдрэмжтэй, торгуулийн цохилтыг гайгүй сайн хаадаг нь түүний сайн үзүүлэлтийн нэг.
Альтернатив: Ежи Дудек (2001-2007 186/0) Хөгжөөн дэмжигчдын хайртай тоглогч, Стамбулын үдшийн баатар. Гэсэн хэдий ч тогтвортой бус болхоор гараанд гарах эрхээ алдсан.
Баруун хамгаалагч: Стив Финнан (2003-2008, 217/1)Ирландын хамгаалагч маань гараагаа Уимбилдон багаас эхэлсэн ч мэргэжлийн тоглогч болсон нь Веллинг Юнайтед багийн дараа юм. Түүний мэргэжлийн анхны баг нь Бирмингэм байлаа. Дараа нь Фүлхэм клубт байхдаа дээд лигт орж ирсэн. Ливэрпүүлийн баруун жигүүрийн хамгаалагч нараас хамгийн найдвартай, үнэлж болшгүй эрхэм нь Финнан болж байна. Хамгаалалтанд өөрийгөө мэдрүүлж, довтолгоог жигүүрээс сайн дэмждэг учраас түүнийг үргэлж гараанд гаргадаг байсан.
Альтернатив: Роб Жонс (1991-1999, 243/0) 1990 оны эхэн үед Английн шигшээн төлөө 8 тоглолтонд оролцсон боловч бэртэл гэмтэл түүний гайхалтай амжилтыг нураасан юм.
Төвийн хамгаалагч: Жэйми Каррагер (1996 оноос хойш, 666/5) Багийн амьд домог. Бага насандаа Эвертон клубыг дэмжиж байсан ч Ливэрпүүлийн бусад домгуудын адил Мерсисайдын улаан өнгийг гэрэлтүүлж, одоо ч гэрэлтүүлсээр байна. Багийн академиас гаралтай Каггарер эхэндээ Роб Жонсыг оролж баруун жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан бөгөөд дараа нь цэвэрлэгчийн байрлал одоо харин өөрийн дархан байрлал болох төвийн хамгаалалтанд тоглож байна. Хэдийгээр өндөр хурд, техник байхгүй ч найдвартай, өөртөө итгэлтэй, довтлогч нарын хамгийн дургүй хамгаалагч болоод байна. Сүүлийн үед Каггарерын чадвар муудаж байгаа ч багийн тааруу үед ч лидер хэвээр байсаар ирсэн. Бэртэл гэмтэлд багагүй ороогдож байсан тэрээр талбайд эргээд нэр хүндтэй буцан ирж байсан. Талбайд Стивен Жэррардыг байхгүйд багийн ахлагчийн туузыг зүүдэг.
Альтернатив: Стефан Аншо(1999-2005, 205/0) Багийн түлхүүр тоглогчдын нэг байсан. 5 цом хүртэж 2001 онд Сами Хьюпиагийн хамтаар багийн төвийн хамгаалалтыг бүрдүүлж байсан.
Төвийн хамгаалагч: Сами Хьюпиа (1999-2009, 464/35)1999 онд Жэррар Улье төдийлөн нэрд гараагүй Финляндын төвийн хамгаалагчийн төлөө Виллем II багт 2,6 сая фунтыг төлж өөрийн болгож байсан. Ирээд удалгүй багийн гол төвийн хамгаалалтыг бүрдүүлж хэсэг хугацааны дараа багийн ахлагч болсон. Ухаанаа ашиглаж тоглох нь түүний гол давуу тал бөгөөд эхэндээ Стефан Аншотой гайгүй хосолж, дараа нь Жэйми Каррагертай тоглох болсон. Агаарт гайхалтай тоглож хамгаалалтанд болон эсрэг багийн хаалганы дэргэд найдвартай тоглолтыг үзүүлсээр ирсэн билээ. 2001 онд багийн хамтаар 5 цом хүртэж 2005 онд Аваргуудын лигийн аварга болсон. Цагтаа Иан Раш түүнийг Ливэрпүүлийн хамгийн сайн наймаа гэж хэлж байсан юм. 2008 оны намар Рафаэл Бенитез түүнийг аваргуудын лигийн нэрсийн жагсаалтанд оруулаагүй нь гайхшрал төрүүлж байсан ч сүүлийн улирлаа Ливэрпүүлд нэр төртэй өнгөрөөж улмаар Германы Бундеслиг руу явсан билээ.
Альтернатив: Марк Райт (1991-1998, 210/9) 1991 онд багийн хамгийн үнэтэй хамгаалагч /2,5 сая фунт/ болж багийн лидер,ахлагч байлаа. Мөн Английн шигшээд тогтмол тоглож байсан гайхалтай тоглогч.
Зүүн хамгаалагч: Йон Арне Риисе (2001-2008, 348/31)Норвегийн Олесунд багийн хүмүүжигч 20 насандаа Монакод орж тэндээ гайхалтай улирлыг өнгөрүүлж дараа нь 4 сая фунтээр Ливэрпүүл клубт ирсэн. Хүчирхэг, хурдтай хамгаалагч талбайн аль ч жигүүрээр орж ирэн гайхалтай хүчтэй цохилтоороо хаалгач нарыг дарамталдаг байлаа. Түүний биширмээр дамжуулалтын хүчээр Стамбулын эргэн ирэлт эхэлж байсан түүхтэй. Гэсэн хэдий ч тэрээр дараа нь торгуулийн цохилтоо алдаж байсан ч дараа жил нь Английн Холбооны цомын аваргаар Вэст Хэмийн хаалганд гоол оруулж алдаагаа засаж байсан удаатай. Рафа түүнд төдийлөн итгэл найдвар өгч байгаагүй бөгөөд Аваргуудын лигийн хасагдах шатанд Челси клубтэй тоглож байхад өөрийн хаалганд гоол хийснээс болоод нэр хүндээ бүүр ч унагаасан. Түүнийг Ром хотруу үдэн гаргасан боловч Ливэрпүү одоо болтол зүүн хамгаалагчийн асуудлаа цэгцэлж чадахгүй л байна.
Альтернатив: Стиг Инге Бьорнебю (1992-2002, 184/4) Хэдийгээр өөрийн нэр алдраа цуурайтуулах боломжтой байсан ч бэртэл гэмтэл түүнийг удаан зовоосон. ПЛ-ийн бэлэгдлийн шигшээд багтаж байсан.
Баруун хагас хамгаалагч: Дирк Кейт (2006 оноос хойш, 237/64)Цөөхөн үсэгтэй хэрхээ дуудхад асуудалтай Голланд залуу уул нь довтлогч. Ливэрпүүлд тэрээр өөрийн үндсэн байрлалдаа тун цөөхөн тоглож байсан. Харин баруун жигүүрийн довтлогч юм уу хамгаалалтанд багагүй хувь нэмэр оруулсан. Дирк өөрөө хөдөлмөрч, багийг сэргээх хүчтэй, сүүдэр дор дарагдахыг хүсдэггүй гайхалтай сэтгэл зүйтэй тоглогч. Мөн хэзээд л багийн хэрэгтэй гоолыг хийж явдаг. Тиймээс л тэрээр Ливэрпүүлийн жинхэнэ шүтээн болж хөгжөөн дэмжигчдын хайрыг татсан. Энэ улирлын сүүлийг гайхалтай хийж байгаа Кейт 5 тоглогт дараалан гоолдсон 2 дахь тоглогч болсон байна. Түүний өмнө Жон Олдриж энэ амжилтыг эзэмшиж байсан юм.
Альтернатив: Патрик Бергер (1996-2003, 196/35) Довтолгооны хагас хамгаалагч маань 1990 оны сүүлээр багийн гол түлхүүр тоглогчдын нэг байсан. Харин дараа нь Чех залууг бэртэл гэмтэл зовоож эхэлсэн.
Төвийн хагас хамгаалагч: Дитмар Хаманн (1999-2006, 283/11)Цэвэрлэгийн байрлалд гайхалтай байсан Хаманн өөрийн амжилтын оргил үеэ Энфильдэд өнгөрөөсөн. 1998 оны дэлхийн аваргын өмнө Ньюкасл багт тоглож байгаад Жэрар Ульегийн 8 сая фунтын саналыг хүлээн аван Ливэрпүүлийн тоглогч болсон билээ. Талбайд гарсан эхний өдрөөсөө л Диди хөгжөөн дэмжигчдын хайрыг татаж багийн лидерүүдийн нэг болсон. Тэрээр эсрэг багийн тоглолтыг маш сайн уншиж, талбайн төвд тун хэрэгтэй хаалтуудыг хийдэг байсан. Хүчирхэг цохилтуудынхаа ачаар хэд хэдэн удаа хэрэгтэй гоолыг оруулж байсан түүхтэй. 5 цом хүртсэн жил Хаманн гол баатруудын нэг байсан бөгөөд Стамбулын “халуухан” үдэш сэлгээнээс гарч ирээд тоглолтыг яаж эвдэж байсныг Ливэрпүүлийн фэн болгон санаж байгаа байх. Тухайн үед тэрээр хугархай хөлтэй тоглож байсан ч тоглолтыг дуустал тэвчээр зааж тэр тусмаа өөрийн 11 м-ийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн юм. Мөн иймэрхүү үйл явдлыг тэрээр Холбооны цомын шигшээд үзүүлж байсан юм. 2006 оны зун Хаманн Ман Сити багт орж өвөл нь Лестер Сити багийг дасгалжуулах болсон. Түүний мөрөөдөл нь Ливэрпүүл багтай дахин ажиллах.
Альтернатив: Шави Алонзо (2004-2009, 210/9) Гайхалтай хагас хамгаалагч, тоглолтыг уншиж, мэдрэмжтэй алсын дамжуулалтыг өгч, талбайн төвөөс гоол хийж чаддаг хүн бол Алонзо. Алонзог алдсанаар Ливэрпүүлийн сүүлийн 2 жилийн амжилт буурсан.
Төвийн хагас хамгаалагч: Стивен Жэррард (1998 оноос хойш, 553/140)Хэлж заншсанаар танилцуулах хэрэггүй тоглогч бол Стивен Жэррард. Багийн бэлэг тэмдэг, ахлагч, лидер гээд олон сайн нэртэй. Түүнийг магтаж бичнэ гэвэл хэдэн зуун хуудас хэрэгтэй болно. Тэрээр Ливэрпүүл клубын төлөө асар их зүйлийг хийж, хийсээр ч байна. Хөгжөөн дэмжигчдын хайрыг татсан багийн шүтээн маань хэрэгтэй үед багаа аюулаас чирсээр ирсэн. Түүний алсын гайахалтай цохилтууд, дамжуулалт, найруулга, багаа авч явах сэтгэл зүй, бусдад хүндлэгдэх байдал, үлгэр дууриал болж байгаа нь гайхамшиг.
Альтернатив: Жэйми Реднапп (1991-2002, 308/41) Спайз Бойзын нэрээрээ алдаршсан хамгийн тод тоглогчдын нэг байсан. 1990 оны сүүлээр багийн ахлагчийн туузыг эзэмшиж байсан ч 2000-2001 оны улиралд нэг ч тоглолтонд бэртлийн улмаас оролцлж чадалгүй Тоттенхэм клуб руу зарагдсан билээ.
Зүүн хагас хамгаалагч: Стив Макманаман (1990-1999, 364/66)1990 оны үеийн Английн хөлбөмбөгийн хамгийн шилдэг жигүүрийн тоглогчдын нэг байсан. Бага насандаа мөн л Эвертон клубыг дэмждэг байсан ч 18 насныхаа төрсөн өдрөөс хэдхэн хоногийн өмнө Ливэрпүүл багт анхны тоглолтоо хийсэн. Бөмбөг эзэмшилтээр бусдыг бишрүүлж байсан тэрээр 1992 онд Английн Холбооны цомыг авахад гол баатруудын нэг байсан билээ. Спайз Бойзын эрин үеийн төгсгөл хүртэл багийн лидерүүдийн нэг байсаар ирсэн. Харин Жэррар Улье энэ бүхнийг дуусгаж түүнийг өөр багт зарсан нь хөгжөөн дэмжигчдэд таалагдаагүй. Чөлөөт агент болсон тэрээр Испанийн Реал Мадрид багт зарагдаж багийнхаа сольж болошгүй эрхэм болж байсан билээ. Тэрээр Англиас бусад оронд хамгийн сайн тоглосон тоглогчдын нэг байсан юм. Реал багтай Аваргуудын лигийн 2 цомыг авч өөрөө 2000 оны шигшээд гоолдож байсан. Амжилтын сүүлийн он жилүүдээ Ман Сити багт өнгөрөөж удалгүй ТВ-ийн од болсон байна. Одоо тэрээр Бирмингэм клубын хувьцааны хэдэн хувийг эзэмшиж багийн удирдлагуудын нэг болсон.
Альтернатив: Луис Гарсия (2004-2007, 121/30) Рафаэл Бенитезийн үеийн Ливэрпүүлийн довтолгооны цөм болж байсан тэрээр Ювентус болон Челси багуудын хаалганд ялалтын бөмбөгийг хийж Аваргуудын лигийн аварга болход гүн туслалцаа үзүүлж байсан юм.
Довтлогч: Робби Фаулер (1993-2006, 2006-2007, 369/183)Ливэрпүүлийн орчин үеийн түүхийн хамгийн шилдэг мэргэн бууч. Бага насандаа мөн л Эвертон клубыг дэмжиж түүнийг хөгжөөн дэмжигчид нь “Бурхан” хэмээн шүтдэг. Гоолын гайхалтай мэдрэмжтэйф Фаулер насанд хүрэхдээ аль хэдийнээ 100 гоол хийгээд амжсан. Хамгийн анх Лигийн цомын эхний тоглолтонд Фүлхэм клубын эсрэг гоолдож хариу тоглолтонд 5 гоолыг хийсэн юм. Харин ПЛ-ийн улирлын эхний 5 тоглолтын дараа анхны хет трикээ хийж үргэлж Спайз Бойзын эрин үеийн нэр хүндийн илэрхийлэл болж явлаа. Түүний гоол хийснийхээ дараа баярладаг сонин авираас нь болж хэд хэдэн удаа шийтгэж байсан удаатай. Ингээд Жэрар Ульегийн үед түүнтэй муудалдаж туслах Фил Томпсонтой нударга зөрүүлснээр 2001-2002 оны улиралд түүнийг Лидс Юнайтед багт зарсан. Дараа нь Ман Сити-д багахан хугацааг өнгөрүүлж, 2006 оны өвөл Рафаэл Бенитез түүнийг эргээд Энфильдэд авчирсан билээ. Хэдийгээр энэ үед тогтмол гараанд гараагүй ч хагас жил үнэнчээр зүтгэж дараа нь Кардифф Сити, Блекберн болон Австралийн багуудад тоглосон юм.
Альтернатив: Фернандо Торрес (2007-2011, 132/77) Гайхалтай мэргэн бууч. Гэхдээ бэртэл гэмтэл түүнийг байнга орооно. Дундаж гоол хийх үзүүлэлт нь гайхалтай. Хэрвээ тэрээр бэртэл авалгүй тоглож байсан бол гоолын тоо нь хэд хүрэх байсныг мэдэхгүй. Ливэрпүүл түүнийг 20 сая фунтээр авч байсан нь багийн дээд амжилт байсан бөгөөд харин энэ зун 2,5 дахин өндөр үнээр зарж чадсан юм.
Довтлогч: Майк Оуэн (1996-2004, 297/158)Тэрээр Робби Фаулерийн нэрийг дурсагдахаар гайхалтайгаар энэ багт орж ирсэн. Хурдтай, тэсрэлттэй энэ довтлогч эсрэг багийн хаалганы өмнө жинхэнэ гай болж байсан. Түүний энэ амжилт Жэрар Ульег Фаулерийг түлхэх боломжийг өгсөн юм. Оуэн гарч ирснээр Ливэрпүүл тун хэрэгтэй сэлгээтэй болж байсан бөгөөд хамтдаа ч мөн сайн тоглолтыг үзүүлж байсан юм. Гэсэн хэдий ч Ульд довтолгооны шугаманд хүчний довтлогч хэрэгтэй байснаар Оуэн-Хески гэсэн хослол гарч ирсэн юм. 1998 оны Дэлхийн аваргаар Оуэн өөрийн нэрээ мандуулж Аргентины хаалганд гайхалтай гоолыг оруулж байлаа. 2001 онд Ливэрпүүл 5 цом хүртэхэд Майкл Оуэн Европын шилдэг толгогч болж Алтан бөмбөгний эзэн болж байсан юм. Жэрар Улье багаас явсны дараа Майкл ч гэсэн дагаад Ливэрпүүлийг орхисон. Тэрээр Аваргуудын лигт түрүүлхээр Реалыг зорьсон ч түүнгүйгээр Ливэрпүүл өөрсдөө энэ эрхэм цомыг авсан юм. Дөнгөж 31 настай Оуэн одоо төдийлөн нэрээ гаргаж чадахгүй л байна. Мөрөөдөж байсан ПЛ-ийн цомоо авсан мөн Аваргуудын лигийн түрүүг авч болох ч тэрээр талбайд гарч өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж чадахгүй. Тэрээр өнгөрсөн зууны шилдэг хөлбөмбөгчин гэсэн нэрнээс өөр зүйлгүй л хоцорч байна.
Альтернатив: Иан Раш (1980-1987, 1988-1996, 660/346) Энэ агуу довтлогч өөрийн хамгийн оргил үе ПЛ эхэлхээс өмнө хийж байсан. Гэсэн ч амжилтын нар жаргаж байхдаа ч энэ довтлогч өөрийгөө мэдрүүлж байсан юм. 67 гоолыг 4 улиралд оруулсан.
Менежер: Рафаэл Бенитез (2004-2010)Ливэрпүүлийн орчин үеийн түүхийн агуу тоглогчдын адилаар Рафа өөрийгөө дандаа сайн талаас нь харуулсаар ирсэн. Стамбулын гайхалтай үдэш, Аваргуудын лигийн 2 финал, ПЛ-ийн гайхалтай эргэн ирэлтүүд бүхэн хөгжөөн дэмжигчдэд гайхалтай мэдрэмжүүдийг бэлэглэсэн. Гэсэн хэдий ч Рафа фэнүүдийн тэсэн ядан хүлээж байгаа ПЛ-ийн цомыг авч чадалгүй явсан. Тэрээр хамгийн ойрхондоо дэд байранд шалгарч байсан бөгөөд хамгийн том буруутан нь Рафа өөрөө гэж үздэг. Түүний заримдаа хайхрамжгүй зангаас болж Ливэрпүүл Аваргуудын лигийн эрхгүй үлдэж байсан.
Альтернатив: Жэрар Улье (1998-2004) Бенитезтэй тун төстэй. Гэнэтийн том амжилтыг Евродод гаргаж, хоосон мөрөөдлийг ПЛ-т гаргасан. Гэвч Рафаэл Бенитез Жэрар Улье нар л Ливэрпүүл багийг ПЛ-т 2 удаа дэд байранд шалгаруулж байсан юм.