by Saiza » Tue May 17, 2011 5:36 pm
Лейкерс”-ийн ирээдүйн тухай хэдэн бодол
“Лос Анжелес Лейкерс” багийн эзэн Жерри Басс долоо хоногийн өмнө багийнхаа бэлтгэлийн цогцолборт өөрийнх нь удирдлагын хугацаанд аварга болсон тоог илэрхийлсэн 11-ийн тоотой тусгай номер бүхий ягаан Роллс Ройсоо унаж иржээ. Эзэн ийнхүү ховор айлчлал хийх болсон нь “Лейкерс” хоёрдугаар шатны эхний тоглолтоо “Даллас”-тай хийгээд ялагдсантай холбоотой байлаа. Тэрбээр тоглогчдоо урмын үгээр сэргээж, ярилцсан ч удаах таван хоногт баг нь дахин гурав ялагдсан юм. Ялангуяа дөрөв дэх тоглолтдоо 36 онооны зөрүүтэй хожигдол хүлээв.
lakers1
Тэгвэл Басс ирж буй урт зуны турш тоглогч нартаа юу юу гэж хэлэх бол. Хэдэд нь баяртай гэж хэлэх бол оо.
“Лейкерс” жил бүр аваргын төлөө өрсөлдөх чадвартай л байвал тэр зарим тоглогчдийнхоо хэцүү аашийг, Холливудын нөлөөллийг, их хэмжээний цалинг үл хайхардаг байлаа. Гэвч тавдугаар сарын аймшигт долоо хоногийн дараа Басс болон багийн удирдлага сөхрөн унаад байгаа багаа хэрхэн аврах талаар бодох хэрэгтэй болж байна. Даанч тэдэнд энэ тал дээр дасгалжуулагч Ф.Жексон туслахгүй.
“Лейкерс”-ийн тоглогч асан Мэжик Жонсоны хэлсэнчлэн “Лейкерс”-ийг эрс өөрчлөх хэрэгтэй юу гэж Жексоноос асуухад тэрбээр “Энэ бол миний гаргах шийдвэр биш. Үүнийг ноён Басс мөн мэдээж Митч Купчак нар л хийж гүйцэтгэнэ. Гэвч энэ бол агуу баг, тэд хэзээд эргэн ирдэг, сэргэдэг гэдгийг бид бүгд мэднэ. “Лейкерс” энэ хүнд үеийг давж гарна, цаашдаа сайн тоглоно” гэж хариулсан байна.
Сүүлийн 17 улиралд ердөө ганцхан удаа ялагдал нь ялалтаасаа илүү гарсан улирлыг үзэж өнгөрүүлсэн “Лейкерс” мэдээж хэрхэн сэргэхээ мэднэ гэхдээ “Оддын тоглолтын” дараахан 17-1 гэсэн гайхалтай амжилт үзүүлсэнийг нь эс тооцвол тэд энэ улиралд төдий л онцгой байж чадаагүй. NBA-гийн хоёр, “Өрнөд” бүсийн гурван удаагийн аваргууд маань ядрангуй, хөгшин мөн 9 сарын турш үргэлжлэх уртын урт улирлаас залхсан мэт заримдаа харагдаж байсан юм. Сүүлийн 4 жилд плей-оффын 77 тоглолт хийсэн нь сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд “Лейкерс”-т давшгүй саад болсон байж мэднэ. Тэд энэ улирлын сүүлийн 17 тоглолтынхоо (үүнд “Даллас”-тай хийсэн цуврал ч орно) дөнгөж зургаад нь л ялсан байна.
“Сагсан бөмбөг бол сайн, муу ээлжилсэн тоглоом гэж дасгалжуулагч үргэлж хэлдэг. Өдий түвшинд тоглож ялвал хүмүүс чамаас ялалтыг л хүлээнэ, бүх зүйл сайхан болж, хүмүүс чамайг мэддэг болно. Харин бидний өнөөдрийнх шиг ялагдвал энэ бол амьдралын нэг хэсэг юм байна гэдгийг ойлгоно” гэж довтлогч Л.Одом нь ярьжээ.
lakers111
Эсвэл том хотын хүчирхэг багуудад үүсч бий болдог асар олон зугаа цэнгэл, сатаарал “Лейкерс”-ийг үгүй хийсэн байж мэднэ. Энэ улиралд “Лейкерс”-ийн бараг бүх тоглогчид өөр ажил хийж байсан бөгөөд тухайлбал Одом эхнэртэйгээ хамтран реалити шоу хийж, Брайантын асар олон зар сурталчилгааны ажил, Д.Фишерийн тоглогчдийн холбооны ажил, М.Барнсийн хувцасны загварын шинэ дэлгүүр, Р.Артестийн дэндүү завгүй цагийн хуваарь гэх мэт.
“Хүнд хэцүү үеийг давж гардаг тэр нэгдмэл хичээл зүтгэл, өмнө нь байсан тэр нэгдмэл чанараа хэзээ бид алдсаныг мэдэхгүй юм. Ямартай ч ямар нэгэн зүйл болохгүй л байсан. Урьд нь давж гарч чаддаг байсан зүйлээ бид давж гарч чадахаа больсон. Ялгаагүй л дээ, ийм зүйл дараачийн шатанд ч юм уу, финалд болох доо л болох байсан” гэж Одом өгүүлсэн юм.
“Лейкерс”-ийн энэ сүйрэл тэдэнд шинэ гараа хийх боломжыг олгож байгаа ч энэхүү баг олон жил хамтдаа тоглохоор бүтээгдчихээд байгаа нь ерөнхий менежер Купчакын ажлыг хүндрүүлж магадгүй юм. “Лейкерс” энэ улиралд NBA-гийн багуудаас хамгийн их цалинг (91 сая) тоглогчдодоо өгч буй бөгөөд энэ нь Басс бараг 20 саяыг цалингаа хэтрүүлсэний татварт төлөх ёстой гэсэн үг юм. Хэрэв тэд ахиад хэдэн плей-оффын тоглолтод ялсан бол энэ мөнгөний хэмжээ арай багасах байсан нь тодорхой.
“Лейкерс” ирэх улиралд бараг 88 сая долларыг нийт 9 тоглогчид өгөх нь тодорхой болсон, учир нь багт байгаа ихэнх тоглогчид урт хугацааны гэрээ байгуулчихсан. Тодруулбал, энэ жилийн плей-оффт бүдгэрэн алга болсон П.Газоль ирэх улиралд 18.7 сая, багтаа олигтой тус хүргээгүй Р.Артест 6.8 сая, сүүлийн тоглолтод ямар ч хэрэггүй 4 минутыг талбайд өнгөрөөсөн довтлогч Л.Уолтон нь ирэх хоёр улиралд нийт 11.7 саяыг багаасаа авна.
Гэхдээ “Лейкерс”-ийн фэнүүд энэ мэт санхүүгийн асуудлыг анзаарахыг хүсэхгүй байгаа нь лавтай. Д.Ховард, К.Пол, Д.Уильямс зэрэг супер оддыг авах хэрэгтэй гэсэн тэдний шаардлага радио нэвтрүүлэг, интернэтийн санал асуулгаар дүүрэн байна. Фишер, С.Блэйк нар энэ улиралд багтаа төдий л тус хүргэж чадаагүй учраас ”Лейкерс”-ийн хамгийн сул байрлал нь холбон тоглогчийнх болоод байгаа ч хүн бүр шахуу Дуайтыг ав гэж ярьж эхлээд байна. Лос Анжелесийн хөл хөдөлгөөнтэй амьдрал хэр баргийн тоглогчийг соронзон мэт татах боловч авчирсан одынхоо цалинг яаж өгөхөө Купчак бодох хэрэгтэй.
Түүнээс гадна Жексоныг орлох хүнийг олох нь үүнээс ч чухал асуудал. Түүний орыг залгамжлах гол хүний нэгээр түүний туслах Б.Шо нэрлэгдэж байсан ч “Даллас”-т өчиггүй арчуулсанаар түүний энэ ажилд ирэх шанс нэлээд багаслаа. 2004 оны финалд “Детройт”-д мөн иймэрхүү байдлаар дийлдсэний дараа “Лейкерс” дотроосоо хүн хайлгүй лигийн хошой аварга Р.Томьяновичийг авчирч байсан.
lakers11
Хэрэв гаднаас авна гэвэл хэд хэдэн нэр дэвшигч байгаа. Тухайлбал, Ларри Браун, “Лейкерс”-ийн олон жилийн өстөн Р.Адельман. Мөн энэ багт тоглож байсан, эдүгээ “Миннесота”-г дасгалжуулж байгаа К.Рамбис ч байж болно. Тэрбээр плей-оффын тоглолт бүрийг багийн эзний охин Женни Басстай цуг үзэж байгаа нь харагдсан.
Аливаа юмны төгсгөл шинэ зүйлийн эхлэл байдаг гэдэгчлэн ийн ялагдсанаар багаа шинэчлэх, Брайантын карьерын сүүлийн жилүүдэд дахин аварга болох баг бүрдүүлж амжих боломж тэдэнд гарч ирлээ. Мөн дасгалжуулагч Жексон явсанаар тоглолтын өөр арга тактик ч нэвтэрнэ. Хэрэв Купчак, Басс нар зөв мэргэн бодлого баримтлах юм бол шүү дээ.
Гэвч “Лейкерс”-ийн амьдралын өвөрмөц хэв маягийг өөрчлөх амаргүй аж, тэр тусмаа ийм гомдмоор ялагдлын дараа ч гэсэн. Тоглолтын дараа “Лейкерс” онгоцондоо суун харих замд Артест аль хэдийнэ Твиттертээ өөртэй нь хамт боулинг тоглохыг фэнүүдээсээ хүссэн зурвас бичсэн байлаа.
гоол.мн
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...