by Chiluun » Sun May 01, 2011 8:02 am
Монгол улсын заан Д.Хишигдорж: Намайг бярдаад хаячих хүн байгаагүй дээ
Монгол бөхийн түүхэнд нэгэн үеийг эзэгнэсэн луу жилтнүүд дундаасаа тэр хамгийн том биетэй нь. Бас бөхийнхөө нэгэн үеийг дэндүү сайхан авч явсан луутнууд дундаа тэрбээр гүндүүгүй сайхан монгол эрийн төрхөөрөө гайхагддаг билээ. Түүнийг холоос ч ойроос ч ажиглахад цаанаа л нэг нуруутай. Энэ бол зөвхөн бие бялдрынх биш. Тэр бас жудаг ёс. ухаан бодлын “өндөр нуруу”-тай нэгэн билээ.
-Монгол бөхийн түүхэнд 64 оны луу жилтнүүд гэж содон тодотгол байдаг. Та бол тэр луутнуудын нэг. Нэг оны цэргүүдээс тийм олон цолтон төрсөн нь бас их том бахархал шүү. Тэр талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Луу жилтэй бөхчүүд олон бий дээ. Тэрдундаа 1964 оны луутнуудаас олон бөх улсын цол авсан. Авч чадаагүй нь ч бий. Тэр үед голдуу “Алдар”, “Хүч” хоёр л бөхчүүд төрдөг гол газар байлаа шүү дээ. “Хүч”-д манай 1982 оны дөрвөн барилддаг цэрэг байлаа. Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Сүхбат начин, бид гурав бол яг луу жилтнүүд. Нэг бөх нь Р.Цоггэрэл начин байсан, гэхдээ бид гурваас ганц хоёр ах л даа.
Харин дараа оны цэрэг гэвэл Д.Мөнх-Эрдэнэ.Ч.Даваадорж, Ц.Энхжаргал гээд л байсан. Алдарт болохоор Ц.Баярсайхан. Б.Жавхлантөгс, чөлөөтийн П.Сүхбат гээд олон сайхан луутнууд байсан. Ерөнхийдөө 1980-1995 онд луу жилтнүүд монгол бөхийн дэвжээг эзэгнэж байсан шүү. 1992 онд улсын наадамд 4 луу жилтэн их шөвөгт шалгарч байлаа. Энэ бол бас л ховор түүх.
-Та цэрэгт ирээд л барилдаж эхэлсэн үү, эсвэл нутаг орондоо барилдсан уу?
-18-тай цэрэгт ирээд тусгай хороонд алба хаасан. Хоёр жил улсын онц чухал объект хамгаалдаг байлаа. Өндөр, том биетэй цэргүүдийг ангиас явуулах их дургүй. Тэр мэтээр хугацаа алдсан тал бий. Халагдах жилээ “Хүч”-д очоод нэг жил бэлтгэл хийсэн. Барилдаан нэг их мэдэхгүй хүн л очиж байсан. Тэгээд халагдахдаа тамирчнаар үлдсэн дээ, Хүч нийгэмлэгт. Ангийн аварга шалгаруулах барилдаан, нийгэмлэгийн аварга энэ тэрд бөхөөр ганц хоёр орсоон, орсон.
Гэхдээ боксоор ихэвчлэн орно. Тэрэндээ ч арай илүү байсан байх. Эхний хоёр гуравт ордог байсан. Хүнд жингийн спортын мастер Очирбат гэж улсын олон удаагийн аварга, боксын шигшээгийн тамирчин байлаа. Тэр хүнд л хожигдчихдог, бусдыг нь бол ялдаг байсан. Анхны шагнал урамшил гээд боксоос авсан зүйл нэлээд байдаг юм. Боксоор “Хүч”-д авъя гэхэд нь би яваагүй. Бөхдөө тийм л дур сонирхолтой байсан хэрэг. Нацагаа багш /МУГТ Ц.Нацагдорж/ намайг авна гээд тусгай хороо маань өгөлгүй 2 жил шахуу болж байж шилжүүлсэн түүхтэй.
-Та цэрэгт ирэхдээ өндөр, жин хэд байв?
-Би 184 см өндөртэй, 84 кг жинтэй ирж байсан. Цоггэрэл бид хоёр яг адилхан жинтэй ирж байсан юм, тэр үед.
-Танай аавыг их биерхүү хүн байсан гэж сонссон юм байна?
-Аав минь биерхүү хүн байсан. Харин барилдаж байгаагүй юм. Бас манай ээжийн аав нь их том хүн байсан юм гэнэ лээ. Вандан аваргатай барилдаж, ноцолдож байсан гэж манай нутгийнхан хуучилдаг юм.
-Тэр үеийн “Хүч”-ийн бөхчүүд бэлтгэлээ хэрхэн хийдэг байв?
-Одоо энэ их дэлгүүрийн ард нэг байрны подвальд бид нар бэлтгэлээ хийдэг байсан. Манай цэргийн анги болохоор зурагтад байрладаг. Өглөө босч заряткаа хийж, хоолондоо орчихоод 10 өнгөрөөд бэлтгэлдээ ирнэ. Хоёр цаг орчим бэлтгэл хийчихээд өдөр очиж хоолондоо ороод жаахан амарч байгаад дахиад нөгөө подвальдаа ирж хоёр цаг бэлтгэл хийнэ. Ерөнхийдөө өдөрт 4 цагийн байнгын бэлтгэл хийнэ. Гэхдээ зөвхөн чөлөөтөөр л хийнэ. Үндэсний бөхийн бэлтгэл гэж бараг хийж байгаагүй. Наадмын өмнө л 14 хоног бэлтгэлд гарцгаадаг байлаа.
-Тэр үеийн гол өрсөлдөгчид гэвэл хэн хэн байв, таны хувьд…?
-Нөгөө л луу жилтнүүд байлаа шүү дээ. Тэр дундаа “Хүч”-ээс бол у.з Ч.Бямбадорж бид хоёр байна. Тамирчин болоход эхнээсээ л хамт явсан, бараг салаагүй дээ. Бэлтгэлээ байнга хамт хийнэ, хоёулаа чөлөөтийн шигшээ багийнх. Үндэсний бөхөөр барилдахаараа байнга л хоорондоо тунана, өрсөлдөнө.
-Цол авсан өдрүүд чинь хүртэл дандаа давхцсан байдаг биз дээ. Биеэр бол харьцангуй хоёр харагдаад байдаг?
-Тийм шүү. Цэргийн цол авахдаа ч, улсын цол авахдаа ч цуг л байсан. Тавын даваанд хоёулаа уначихаад, дараа жил нь мөн л хоёулаа тав даваад начин болж байлаа. Биеэр бол өөр нь ч өөр өө. Чөлөөтийн хоёр өөр жинд барилдана. Бямбаа 72, 84, 96 гээд сүүлдээ бүр 100 болоод манай жинд ч орж ирж байсан шүү дээ /инээв/. Харин үндсээр болохоор яах аргагүй л нэг нэгнийхээ өрсөлдөгч болчихдог юм. Заал танхимд бол байнга л тунаж барилдана. Барилдаан ч таарна.
-Жижиг хүнтэй барилдахад хэцүү биш үү. Уг нь том биетэй хүн том хүнтэйгээ л барилдах нь илүү амар баймаар санагдах юм?
-Миний хувьд жижиг хүнтэй барилдах нь илүү амар талдаа байсан. Ерөнхийдөө жижиг хүн гэдэг арай хялбар байсан юм болов уу даа. Барьц авахад ч тэр, барилдахад ч тэр. Адилхан том хүн бол хэцүү шүү дээ. Жижиг хүн чинь мань мэтийг юу юугүй аваад шидчихгүй.
-Та ямар мэхийг голлож хийдэг байв?
-Чөлөөтөөр барилддагийнх хөлийг бол янз бүрээр л авчихна. Хонгодно, давхар хамна. Ихэвчлэн сэрвүүгээс барилдана. Удаан барилдах дургүй. Хааяа золгож барилдах болвол ихэвчлэн давуулж гуядна. Иймэрхүү л барилдаантай байсан даа.
-Та биеийнхээ аль хэсэгт арай илүү бяр, тэнхээтэй байсан гэж боддог вэ?
-За даа, тэрийг ч өрсөлдөгч нар л илүү хэлэх байх даа. Би хувьдаа өөрийгөө хоёр гартаа л гайгүй бяртай байсан болов уу гэж боддог юм.
-Танай үеийхнээс хэн нь эхэлж улсын цолонд хүрсэн бэ?
-Эхлээд Бат-Эрдэнэ аварга цол авсан, дараа нь Сүхбат, Жавхлантөгс гээд авцгаасан даа. Цол авахын тулд их ч хөдөлмөрлөнө, их ч унана, тунана. Тийм ч амар цол аваагүй ээ, би. Хоёр, гурвын даваанд унасан нь ч бий, тавын даваанд ч унаж байсан. Тэгээд 1989 онд начин болсон доо. Улсын наадамд тавын даваанаас хойш Бат-Эрдэнэ аваргад нэлээд хэд унасан. АХ-ын 70 жилээр долоогийн даваанд Балжинням аваргатай тунаж барилдаад унасан.
-Бат-Эрдэнэ аваргыг хаяж байв уу, та?
-Бат-Эрдэнэ аваргад олон удаа амлуулж, тунаж ойчсон. Болдоггүй л байсан заал танхимын барилдаанд болон Архангайн 70 жилээр гээд 3-4 удаа л хаясан байдаг. Том наадамд бол давж байгаагүй ээ. Үеийнхнээсээ тасархай бөх л дөө. Барилдааны арга барил энэ тэр гээд л. Хүнийг яарч хаяна гэж боддоггүй, ноолж, муутгаж байгаад л хаяна. Бид нар түргэн барилдах гээд алдаа гаргана, мань хүн удаж байгаад л давчихна. Голлож барилдсан хүнийг бол гаргаахгүй л дээ. Хоёр талд нь зайлаа, бусгаа мэхээр бол хаях боломж байсан байж магадгүй. Мөнх-Эрдэнэ гэхэд дандаа голлож дайрж байгаад л олон ойчсон хүн шүү дээ, Бат-Эрдэнэ аваргад.
Начин болсныхоо дараа заан болчих гэж нэлээд үзсэн хүн. Начин болсныхоо дараа жил хөлөө гэмтээгээд нэг хэсэг олигтой барилдаж чадаагүй. Бөх хүн гэмтэл бэртлээс л их болгоомжилж явмаар юм билээ. Тэгэхэд гэмтэл бэртэл аваагүй бол надад эрт цол авчих, цолоо ахиулчих боломж бололцоо байсан л даа. 1991 онд дэлхийн аваргад оролцож байгаад дахиж шөрмөсөө сунгаад эрч хүч нэлээд буурсан тал бий. Заан болох гэж их ч зүтгэсэн.
Зургаа даваад долоогийн даваанд уначих үе ч байсан. 70 жилээр Балжаа аваргатай тунаж барилдаад унасан гэж түрүүн ярьсан шүү дээ. Уг нь ойн жил 6 давсан бөхөд заан цол өгдөг үе байсан шүү дээ. Харин тэр үеэр 90-ээд оны шилжилтийн үе таарчихсан. Юм болгон зах замбараагүй болчихсон байсан зэрэг нь нөлөөлсөн байх. Тэр үед үндэсний бөхийн УАШБ гэж болдог байлаа. Тэрэнд гайгүй барилдана. 1990 оны УАШБ-д би түрүүлж, Баяраа заан / гарьд/ хоёрт орж, Сүхбаатар заан гуравт орж байсан.
Уг нь эхний гуравт орсон бөх ямар ч байсан цолоо ахиулчихдаг л байсан юм. Урьд жил нь 1989 онд Бат-Эрдэнэ аварга түрүүлж, Балжаа үзүүрлээд заан болж, Баярсайхан гуравт ороод начин болж байсан. Би болохоор 1990 онд начин цолтой түрүүлсэн хэрэг. Гэхдээ надад заан цол өгөөгүй юм. Өгчих байх гэж их ч бодсон. Тэгээд 1992 онд улсынхаа наадамд 7 давж заан цол авсан даа. Тэрнээс хойш нэлээд хэдэн жил шөвгөрсөөн.
-Нэг удаа таньд арслан цол өгөөд буцаачихсан гэх юм билээ. Тэр ямар учиртай юм бэ?
-Бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн хурал 2002 онд болоод бөхчүүдэд дүйцүүлж цол олгоно гэж нэг юм болсон. 1990 оноос улсын аварга шалгаруулах барилдаан болиод оронд нь “Их сорилго” гэж болдог болсон. 1990 оны хамгийн сүүлийн УАШБ болон 1991 оны анхны их сорилго хоёрт би түрүүлсэн юм. Тэр үед УАШБ-нд түрүүлсэн бөхөд цол өгнө гэсэн тогтоол шийдвэр нь хэвээрээ байсан юм билээ.
Тэгээд надад улсын арслан цол олгосон. Сүхбат, Цэрэнпунцаг, Баяраа, Баярсайхан гээд олон хүн тэгэхэд цол нэмсэн юм шүү дээ. Тэргүүлэгчдийн хурлаар батлаад, сонин сэтгүүлээр зарлаад сүйд болсон. Тэгээд сар хэртэй улсын арслан цолтой явсан. Тэгсэн эрэмбэн дээрээс маргаан үүссэн юм шиг байна лээ. Уг нь 1990 онд хамгийн түрүүнд арслан цолны болзол хангаснаараа би хамгийн эхэнд гарахаар маягтай байсан. Тэр үедээ “Цолнуудыг албан ёсоор өгнө,
Энхболд даргаар гарын үсэг зуруулаад л бүтэн сайны барилдаан дээр гардуулж өгнө” гэж хүртэл яригдаж байсан. Гэтэл Энхболд дарга гадаад руу нисээд тэр барилдаан нь 7 хоног хойшлогдоод тэр хойгуур нь хэсэг хүмүүс бөхийн холбоог шүүхэд өгөөд тэгээд л тэр асуудал замхараад алга болсон доо. Ямар ч байсан арслан цолыг аваагүй биш авч үзсэн шүү.
-Та чөлөөт бөхийн хэдэн кг-ийн жинд барилддаг байсан юм бэ?
-Голдуу 100, кг-д л барилдсан. Хэд хэдэн удаа улсын аварга болсон. Олон улсын тэмцээн уралдаанд нэлээд оролцсон, дэлхийн аваргад 2 удаа оролцсон гээд яриад байвал их юм бий. Дэлхийн томчуудтай хамтарсан бэлтгэл хийгээд, тэмцээн уралдаанд оролцоод ирэхээр их хөгждөг юм билээ. Ирээд өнөө хэдтэйгээ барилдахаар хамаагүй илүү болчихсон байх жишээтэй.
-Та чөлөөт бөхийг хэзээ орхисон бэ?
-1991 оны дэлхийн аваргад оролцож ирээд тэрнээс хойш л орхисон доо. Тэр үед зах зээлийн нийгэм дөнгөж эхлээд, хүмүүсийн сэтгэл зүй ч нэг л өөр болчихсон, тэмцээн уралдаан ч цөөрөөд, шигшээ баг ч байхгүй, бөхчүүд ч бэлтгэл сургууль хийхэд хүндхэн болж ирсэн. Нөхцөл байдал ерөнхийдөө сулраад ирсэн л дээ. Одоо цаг сайхан болж, тэмцээн уралдаан ч их. Бөхчүүд нь байнгын бэлтгэлтэй, үндэсний бөх гэхэд мэргэжлийн тал руугаа хөгжөөд үнэхээр сайхан болж байна шүү дээ.
-Та сүүлийн үед хөлийн цэцээр ажиллаж байна уу. Манай залуучууд үг авах нь хэр байна?
-МҮБХ-ны саналын дагуу хөлийн цэцээр хааяа ажиллаж байгаа. Уг нь бидний үед бөх хүн давсан унаснаа мэддэг л байсан юм. Энэ сүүлийн үеийн залуучууд зарим нь мэдэхээ больсон шиг байх юм. Харсаар байтал өвдөг тохой нь газар хүрчихээд байхад маргалдаад зогсчихдог. Тэндээс хэн нэгэн унаагүй гээд хэлчихвэл би унаагүй гээд зэрэгцэж дэлээд л… Уул нь бөх хүн жудагтай л байх хэрэгтэй байгаа юм даа. Хэн түрүүлж дэвэх нь гол биш. Тэрийг чинь хардаг хөлийн цэц байна, хажууд нь байгаа засуул байна. Бөх хүн түрүүлж хүрсэн үү, үгүй гэдгээ өөрөө баараггүй мэддэг юм шүү дээ. Тэр тал дээр залуучууд маань анхаарах хэрэгтэй байна. Мөн тахим зөв авч, өгөх, тэгээл лэвээ шаваа. иагбаримтлах гээд олон л асуудал байна.
Дуудаад байхад суугаад л байх юм. Том цолтнууд нь гарчихаад байхад багачууд нь дуудуулаад л сууж байдаг. Харахад хүртэл их тээртэй. Зүгээр байж эмч рүү яваад өгнө. Энэ мэтийн анхаарвал зохиостой зүйл харагдах л юм.
-Та дээд, доод өөрийнхөө үеийн гээд олон бөхтэй барилдаж үзсэн байгаа шүү дээ. Тэр дундаас хамгийн бяртай бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?
-За даа, бяртай бөхчүүд байсаан, байсан. Намайг бол нэг их бярдаад хаячих бөх бараг байгаагүй ээ. Том биетэй хүний давуу тал юм болов уу даа. Манай Бямбадорж, Сүхбат энэ тэр бол яг бярдаад хаячихдаг гэхэд хэцүү. Гэхдээ барилдааны арга ухаан, овсгоо самбаа бол лут шүү. Ер нь бол барилдааны арга барил, ур чадвараараа л барилддаг байсан улс.
-Хөлдөө алдах ч юм уу, ихэвчлэн гаргачихдаг алдаа гэвэл таны хувьд юу байв?
-Би ихэвчлэн хөлөө өгч барилддаг байсан. Хөлдөө алдлаа гэхэд барагтай бол унахгүй. Тийм болохоор жижиг нөхдүүдэд ихэвчлэн хөлөө өгч байгаад барилддаг байсан. Хөлөө өгч байгаад барьж аваад хөл бас авна. Мань мэтийг хөлд орчихно гэж хүмүүс санадаггүй юм шиг байгаа юм /инээв/. Харин хутгаа, этээ зэрэг мэхэнд уначих гээд байдаг тал бий. Нэлээд ч олон унасан байх шүү.
-Тэр Балжаа аваргатай долоогийн даваанд тунаж барилдсан барилдаанаа тодруулвал… Ерөнхийдөө ямархуу барилдаан болсон бэ?
-Долоогийн даваанд цол дууддаг байлаа. Бид нарыг цол дуудна гээд засуул дээр гаргаад зогсоочихсон. Гэтэл гурван насны морины цол дуудна гээд баахан зогсоов оо. Халуун наранд бүр нозоорчихсон улс л байсан, хамаг бие хөшөөд л… Тэр нь надад нөлөөлсөн байх. Би наранд барилдахдаа жаахан тиймхэн байдаг байхгүй юу. Сэрүүндүүхэн байвал аятайхан байдаг юм.
Тэгээд гарч нэлээд ноцолдоод Балжаа аваргад хутгуулаад ойчсон. Гэхдээ энэ бол шалтаг биш л дээ. Тэгэхэд Сүхбат Бат-Эрдэнэ аваргыг өсгийлдөж даваад бөөн юм болоогүй юу. Дараагийн даваанд Балжаатай барилдахдаа Сүхбат тэр сэтгэлийн хөөрлөөрөө гарч барилдаад дөнгөж золгонгуутаа хавируулаад ойчиж байсан юм.
-Таныг харж байхад тийм айхтар аатай, шартай байгаагүй болов уу гэж бодогддог юм?
-Би ч давчихлаа, уначихлаа гээд нэг их сүйд болоод байдаггүй л хүн. Миний төрөлхийн араншин юм уу даа. Тэр аа, шар, омгоороо өөрийгөө хурцалж, ирлэж барилддаг онцлогтой бөхчүүд байдаг шүү дээ. Жишээлбэл манай Бямбадорж байна. Сүхбат байна.
-Нээрээ Бямбадорж зааныг нэлээд уран барилддаг байсан гэдэг биз дээ?
-Тийм шүү. Их уран барилдана. Хөлд орно, хутгана, өмсөнө гээд төрөл бүрийн л мэхтэй, барилдаантай бөх. Сүхбат гарьд, хоёр ихэр начин гээд сайхан барилддаг бөхчүүд олон байлаа шүү дээ. Одооны бөхчүүдээс гэхэд саяны бизнес барилдаан дээр Даваабаатар харцага жинхэнэ уран барилдааныг харуулж байна лээ шүү. Манай Пүрэвдагва байна. Өөрийнхөө хэмжээнээс давуулж өөрийгөө дайчилж барилддаг.
Хүний үг сайн авна. Өөрөөсөө илүү хүмүүсээс айж бэргэхгүй сайхан барилддаг. Энэ бол бөх хүнд зайлшгүй байх ёстой чанар байгаа юм. Санжаадамбын хувьд барилдааны арга барилдаа жаахан анхаарахгүй бол буруу характер гаргах тал ажиглагдаад байгаа. Хүн чинь бусдыг хүндэтгэж байж хайр хүндлэлийг нь хүлээдэг жамтай.
-Батцэнгэл суманд том биетэй хүмүүс их байдаг гэдэг. Гудамжинд нь зогсож байхад тань шиг өндөр, өндөр хүмүүс энд тэндгүй л гараад ирдэг гэх юм билээ?
-Ерөнхийдөө хараад байхад биерхүү л дээ, манай сумынхан. Нутаг орондоо л барилддаг сайхан сайхан бие хаатай бөх ч олон. Намайг хүүхэд байхад манайхаас улсын цолтой ид барилдаж байгаа бөх ховор байсан. Харин Чимэд-Очир гээд их сайхан барилддаг аймгийн арслан байлаа. Тэр хүн шиг сайхан бөх болохсон гэсэн бидний үеийнхний хүсэл мөрөөдөл байсан. Их гоё гараа дэвээтэй, сайхан уран барилдаантай. Аймгийн баяр наадамд олон ч түрүүлсэн. Одоо байгаа л даа.
-Та өвөө маань барилддаг байсан гэж түрүүн хэлсэн. Өвөөгийнхөө тухай хэр мэдэх вэ?
-Миний өвөө Сономдоржийн тухай нутгийнхан маань их ярьдаг юм. Намжил гуай, Доржжанцан гээд нутгийн хөгшчүүд надад өвөөгийн тухай их ярьдаг байсан. Их бяртай хүн байсан гэнэ лээ, өвөө. Нутаг орондоо барилдахаараа Вандан аваргыг хаячихдаг байсан юм гэдэг. Харин нутгаасаа гарч барилдаагүй гэдэг. Өгийнуурын гүүрийг барихад уулнаас том том модыг буулгаж зөөдөг. Тэгэхдээ манай өвөө бүдүүн талыг нь Вандан аварга нарийн талыг нь өргөдөг байсан гэдэг. Бүдүүн азарга баригдахгүй болохоор нь сүүлнээс нь ухасхийгээд дугтрахад бөгсөөрөө суугаад ойчиж байсан юм гэнэ лээ.
-Та багын л өсгөлүүн хүүхэд байсан уу, ид барилдаж байх үеийн чинь өндрийг янз бүрээр л бичдэг. Таны өндөр нь яг хэд вэ?
-Сургуульд байхдаа тийм ч том байгаагүй ээ. Ангидаа дээрээсээ 4-5 хавьцаа л зогсдог байсан. Миний өндөр 194 см юм шүү дээ.
-Та ч мөсөн шагай руу гүн гүнзгий орчихсон хүн дээ?
-Тийм ээ. Мөсөн шагай бол их сайхан спорт. Намайг хүүхэд байхад манай нутгийнхан Тамирын гол дээр их тоглоно. Тэгэхэд мань мэтийн хүүхдүүд хөлдөө коньки углачихаад л сумыг нь зөөдөг байсан. Сүүлд хотод суурьшсан хойноо хэсэг хүмүүстэй нийлээд Яармагийн гүүрний тэнд тоглодог байлаа. 2000 онд үүнийгээ жинхэнэ спорт болгож, олонд таниулъя гэж ярилцаад холбоо байгуулж, одоо тэмцээн уралдаан зохиодог, зэрэг цол өгдөг, ерөнхийдөө хүмүүс мэддэг, дурладаг спорт болсон шүү. Хүний эрүүл мэндэд их хэрэгтэй спорт байгаа юм. Насны хязгаар байхгүй. Өвөл бол хагас бүтэн сайнд байнга л тоглоцгооно. Улирлын чанартай спорт.
-Та одоо ямар ажил, алба эрхэлж байна вэ?
-Хувиараа харуул, хамгаалалтын алба эрхлээд явж байна. Цэрэг, цагдаагийн албан хаагч гэдгээрээ хүчний байгууллагад 28 жил ажиллаад, 2 жилийн өмнө Эргүүл хамгаалалтын газраас тэтгэвэртээ гарсаан.
-Та бас Архангайн “Бөхбилэгт” дэвжээг байгуулагдсан цагаас эхлээд багш дасгалжуулагчаар нь ажилласан байх аа?
-Тэгсээн. Албан ёсоор бол 3 жил хэртэй “Бөхбилэгт” дэвжээнд дасгалжуулагч хийгээд өнгөрсөн жилээс больсон л доо.
-Яагаад больчихсон юм бэ?
-Намайг ноднин намар хөдөө ажилтай явж байх хойгуур бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн юм билээ л дээ. Болор гэж залуу дэвжээний тэргүүн болсон гэсэн. Хуучин биднийг ажиллаж байх үед цалин мөнгөний асуудал байхгүй байлаа. Нутаг орныхоо бөхчүүдийг гэсэн сэтгэлээрээ л явж байсан. Надад бол таныг болилоо, оронд чинь өөр хүн тавих гэж байгаа гэж юу ч хэлээгүй. Батжаргал харцага, ц.з Нямаа гээд хэсэг бөхчүүд Дүвчин заанийг урьсан гэсэн.
Дүвчин заан ч учрыг нь сайн мэдэлгүй за, зүй болчихсон гэнэ лээ. Өөрөө чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч болохоор зав чөлөө багатай. Тэр болгон ирж очоод багшлаад байж чаддаггүй гэсэн. Дэвжээний бөхчүүдийн хувьд одоо Хоршоолол дээр эзэнгүй шахуу л хэдэн хүн бэлтгэл хийж байгаа сурагтай байна лээ. Залуучууд маань “Багшаа, яахав, ийхэв” гээд утсаар байнга л холбоотой байдаг. Сонсоод байх нь ээ, цөөн хэдэн хүний л үзэл бодлоор шийдэгдсэн асуудал шиг байгаа юм.
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүү. Том нь оюутан, хоёр нь дунд сургуульд сурдаг.Гэр бүлийн маань хүн хувийн байгууллагад ажилладаг. Ийм л ам бүл бий дээ.
-Хүү барилдах нь уу?
3а одоогоор мэдэгдсэн юм алга даа. 14-тэй хүүхэд л дээ. Гэхдээ өөрөө их сонирхолтой. Өөрөөс нь л бүх юм шалтгаална даа. Мэдээж хүүгээ бөх болоосой л гэж хүсч байгаа.
-Энэ жил түүхт ойн жил тохиох гэж байна. Бөхчүүдийн хувьд нэлээд чухал даа, тийм ээ?
-Тэгэлгүй яахав. Бөхчүүд маань бүгд л цолоо ахиулахын төлөө хичээн бэлтгэл сургуулиа сайн хийж байгаа нь тодорхой. Мөн улсын ямар ч цол авчихаар сайхан, сайхан барилддаг залуус байна. Ойдоо сайн бэлдэж байгаа аймгууд байна. Говь-Алтай аймгийн дэвжээ гэхэд бусад аймгуудад үлгэр дуурайл болохоор ажиллаж байгаа.
-Таныг Хашаатад явж байхдаа Санжаадамбыг харж, анх бөхийн зам руу хөтөлсөн гэх юм билээ?
-Хашаатад нэг барилдаан болоод тэгэхэд Санжаадамбын ах Чимэддорж барилдсан юм. Би тэрийг хараад бөх болгоё гээд дуудахад хот руу ирж өгөөгүй юм. Сүүлд надтай нэг уулзаад “Би ч бөх болшгүй нь. Харин миний хоёр дүү хөдөө мал дээр байдаг юм. Тэдний нэгийг та авч яваад бөх болго” гэсэн. “Хоёр дүү чинь бие хаа нь ямар вэ” гэхэд “миний дараагийн дүү нэлээд өндөр, харин бага дүү цулмаг зузаан” гэсэн. “Тамхи татдаг уу” гэсэн чинь “дунд дүү татдаг, бага нь татдаггүй” гэж байна. Тэгэхээр нь би тамхи татдаггүйг нь дагуулаад ир гэсэн.
Тэгээд Санжаадамбыг ирэхээр нь “Говь” клубт Дүвчин заанд аваачиж өгсөн. Дүвчин заан булдруунууд ч алга болчихно биз дээ” гэж байсан. Тэрнээс хойш сураглаад л байлаа. Наадмын өмнөхөн Дүвчин заан “Нөгөө булдруу чинь алга болчихсон шүү” гэж байна. Тэгээд Өгийнуурын ой болоод очтол Санжаадамба явж байна. Тохой нь гэмтэлтэй байсан юм билээ. Уулзаад, намар очно шүү гэж нэлээд хэлсэн. Намар сураглатал ирсэн дуулдсан. Тэрнээс хойш дахиж яваагүй дээ.
-Та морь мал уяад байгаа дуулддаг?
-Амьтан ах дүүгийн өгсөн хэд гурван адууг нутагтаа аваачсан байдаг юм. Мөн энд тэндээс худалдаж авсан хэдэн адуу бий. Өөрийн дур сонирхлоор зав чөлөөндөө очиж хэд гурван адуугаа уяна, сойно.
С.Бадамгарав
Эх сурвалж: “Бөх”