ЭРХЭМ ИНИЭСТАТэр бол Испанид хамгийн их хайр хүндлэл хүлээж буй тоглогч. Түүнийг Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний финалын тоглолтонд гоол хийснийх нь төлөө Испанийн аль ч цэнгэлдэхэд түүнд баяр хүргэн уухайлдаг билээ. Тэр одоо Барсагийн хамтаар Европыг байлдан дагуулахаар тулалдаж байна. Энд мянга мянган хүмүүсийн шүтээн болж чадсан жирийн нэгэн хүүгийн түүхийг өгүүлье.
Барселона хотын Консулын газрын статистикийн албан дахь 1996 оны шилжин суурьшигчдын бүртгэл дээр 11,028 хүн энэхүү хотод шинээр суурьшихаар бүртгүүлсэн байдаг бөгөөд үүнээс 99 хүн Кастилла-Ла Манчагаас иржээ. Тэдэн дунд хөлбөмбөгчин болох мөрөөдлөө тээсэн 12хон настай бяцхан хүү Андрэс Иниэста явж байлаа. Тэрээр өөрийн мөрөөдлөө биелүүлж чадсан юм. Андрэс аавыгаа 40 насандаа барилгын хүчир ажлаа орхиход нь тусалж, анхныхаа мэргэжлийн гэрээг хийсэн даруйдаа ээждээ байшин авч өгч байв. Харин өнөөдөр тэр 27 настай, Дэлхийн Аварга, дөнгөж эцэг болоод буй, одоог хүртэл төмстэй тахианы маханд дуртай, талбайн гадна төдийлөн олны анхаарал татаад байдаггүй нэгэн. Энэтхэгээр аялж Таж Махалыг үзнэ гэж өөртөө амлачихсан байгаа гэсэн.
“Би хувь заяанд итгэдэг. Яагаад гэвэл болох ёстой юмс л болоод өнгөрдөг учраас. Би бас бурханд итгэдэг хэдий ч энэ тодорхой хэмжээтэй. Надад дагаж мөрддөг зан үйл байдаггүй”. Андрэс Иниэстаг өвөө нь Андрэс хэмээн дууддаг байж. Фуэнтелбиллад (Албасете) гурван Андрэс Иниэста байжээ. Нагац ах Жозе Антониогийн хүүхдүүд болох Андрэсийн 2 үеэлийн нэг нь ийм нэртэй хөлбөмбөгчин байлаа. Мөн тохиолдлоор түүний ээжийн аав нь бас л Андрэс гэдэг нэртэй байж. Тэрээр хотод нэг жижигхэн баар ажиллуулдаг, охинтойгоо хамт үүнийгээ эрхэлдэг байсан бөгөөд 10 жилийн өмнө баараа хаажээ.
Бид ФС Барселонагийн тоглогчтой Сиудад Депортивогийн бэлтгэлийн танхимд ярилцаад сууж байна. Тэрээр Найкын бэлтгэлийн хувцас өмсчээ. Энэ компанитай залуу тоглогч байхдаа гэрээ хийн ажиллаж эхэлсэн бөгөөд одоо тэр энэхүү Америк брэндийн бас нэг нүүр царай болсон гэж хэлж болно. Андрэсийг жаахан хүү байх үед түүнд Адидас Предаторын хос гутал авч өгөхийн тулд аав нь бүтэн 3 сарын турш мөнгөө цуглуулах хэрэгтэй болж байсан түүх бий аж.
Андрэс Иниэста бяцхан хүү байхдаа Фуэнтелбиллагийн спорт цогцолбор дахь Ла Писта гэдэг футзалын 2 жижигхэн хаалгатай, цементэн талбайд хөлбөмбөг тоглодог байв. Энд тэр 8 нас хүртлээ буюу хотоос 80км алс дахь Албасете клубын шалгалтанд хамрагдах хүртлээ байсан юм. “Би Албасетег дэмждэг байсан. Миний аав Атлетикийн дэмжигч, харин би Албасете болон Барсаг дэмждэг, миний 2дахь баг. Амралтын өдрүүдээр би зурагтаар нэгдүгээр дивизионд хүч үзэж буй Албэсетегийн тоглолтуудыг үздэг байлаа. Жосико, Салазар, Катали, Барсагаас зээлээр ирсэн Жаги Оскар, Биелика, Молина гээд л... Тэр жил тэд дээшээ дэвшсэн маш сайхан улирал байсан юм. Би хотынхонтой хамт энэхүү баярыг тэмдэглэсэн. Гэвч нэг өдөр би маш их гунигласан, шалтгаан нь Барселона Албасетегийн хаалганд 7 гоол хийчихсэн юм”.
Каденагийн сэтгүүлч Сэр Жозе Рамин де ла Моренагийн зохион байгуулсан “Брунете” тэмцээний шилдэг тоглогчоор шалгарах хүртлээ Иниэста Албасетед хэнд ч үл мэдэгдэм байдалтай байв. Тэмцээний үеэр хэт цайвар содон арьстай, гайхалтай тоглолттой хүүг анзаарахгүй байхын аргагүй байлаа. Мэдээж тэнд Реал Мадрид, Барса гэх мэт томоохон багуудыг скаутууд ажиллаж байв. ФСБ-ын хүүхдийн багийн асуудал эрхэлдэг Ориол Тортын холбоотон Алберт Бенайжес тэмдэглэлийн дэвтэртээ нэжгээд нэрстэй, харин толгойдоо Иниэстагийн тухай бодолтой Ноу Кампд ирлээ. Гэвч тэдэнд нэг асуудал үүсэв. Ла Масиад элсүүлж болох насны доод хязгаар 14, гэтэл тэр дөнгөж 12 настай. Клубын зүгээс Андрэсийн эцэг эхэд хүүд нь дээд зэргийн анхаарал тавих бөгөөд түүнд зориулж 3 жилийн турш байр хадгалах болно гэсэн болзол тавьжээ. “Энэ бол тухайн үедээ байдаг л үзэгдэл байлаа, харин одоо бүх зүйлсийг илүү хялбар, хурдан амжуулдаг болжээ” гэж тэр үеийн Ла Масиагийн дасгалжуулагч, одоо Ливерпүүлийн 18-с доош насны багийн мэргэжилтэн Родолфо Боррэл хэлсэн юм. Иниэстагаас гадна түүнтэй нас чацуу Жорге Тройтейро хэмээх бас нэгэн хүүгийн асуудал яригдаж байлаа. Тэр ч бас Бенайжесийн дэвтэрт тэмдэглэгдсэн нэгэн. Брунетегийн тэмцээнээс хоёр долоо хоногийн дараа Тройтейрогийн эцэг нь хүүгээ дагуулан Ла Масиад ирэв. “Шийдвэрээ гарга. Тэр энд үлдэнэ, эсвэл бид Мадридруу явлаа. Яагаад гэвэл миний хүү хөлбөмбөгчин болох ёстой”.
Хүүхдийн асуудал эрхэлсэн эрхэм профессор Торт шийдвэрээ гаргалаа. Клуб тэдний саналыг зөвшөөрсөн бөгөөд Фуэнтеалбилларуу утасдаж Иниэстагийн талаар тохиролцжээ.
Андрэсийн ээж хүүгээ Барселонаруу явуулахыг зөвшөөрч чадахгүй байлаа. Гэвч эцэг нь түүнийг ятгаж дөнгөв. Барсагийн санал тэдний хүүгийн кареерт хамгийн сайнаар нөлөөлж чадна гэж тэр үзжээ. “Магадгүй тэр үед би маш хатуу хандсан байх” гэж тэрээр одоо ярьж сууна. “Би түүнд явахыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд аав минь надад амьдрал дээр зарим галт тэрэг ганц л удаа ирдэг гэж хэлсэн юм”. Хэдийгээр аавынх нь хариулт хэт хатуу мэт санагдаж байсан ч Андрэс толгой дээр нь Лаудрүп, Гвардиола нарын зурагт хуудас наасан орон дээрээ хэвтэж байхдаа аавынхаа ярьсан, зөвлөсөн бүгдийг бодсоор л байлаа. Тэгээд нэг л өдөр тэр аавдаа ийн хэлэв. “Ааваа, Барсаруу залгаач”. Аав нь утсаа авлаа.
Хэдэн долоо хоногийн дараа хичээлийн жил эхлэхээс өмнөхөн Андрэс дээр өгүүлсэн Ла Манчагаас Барселонаруу шилжих 99 хүний нэг болохоор шийджээ. “Маш их бодсоны эцэст, эцэг эхтэйгээ зөвлөлдсөний дараа би тийшээ явахыг хүсч байгаагаа хэлсэн. Нэгэнт бодолдоо бүрэн итгэснийхээ дараа би ямар ч үнээр хамаагүй үүнийг хийхэд бэлэн болсон байлаа. Энэ бол миний оршин байх зам, надад байгаа үнэ цэнэтэй зүйлс минь болжээ. Шийдвэр гаргах үед энэ нь надад л тустай, тэгээд ч нэгэнт шийдсэн бол буцах зам үгүй гэдгийг би мэдэж байсан юм. Энэ бол амьдрал дээр болон спортын аль алинд нь байдаг төстэй нөхцөл байдал. Нэгдүгээр багт орох үед надад төдийлөн хангалттай тоглох боломж олддоггүй байсан ч би энд гайхамшгийг бүтээж мөрөөдөлдөө хүрэх болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Зарим нэг шилжилт, наймааны тухай янз бүрийн яриа сонсогддог байсан хэдий ч би эндээ тавхан минут талбайд гарч тоглохыг хаа нэг тийшээ явахаас илүүд үзэж байсан юм. Би шаргуу хөдөлмөр, асар их хүсэл тэмүүлэлтэй байхад мөрөөдөлдөө хүрч болно гэдэгт итгэж байсан. Тиймээс би аавдаа тийшээ явцгаая гэж хэлэх үедээ надад буцах зам үгүй гэдгийг ойлгосон”.
Барселонаруу аялах аялал яг л там шиг байв. Тэр хэзээ ч энэ зам түүнийг ийм хол авч явна гэж төсөөлж байсангүй. Хөх өнгийн Форд Орионд эцэг эх, өвөөтэйгөө хамт суугаад Барселона хүргэх замаар яваа бяцхан хүү тасралтгүй уйлж байлаа. “Бид Тортосад юм идэхээр зогссон юм. Гэвч хэн ч юм идсэнгүй. Ээж минь уйлж байсан, аав минь өлсөөгүй гэж хэлсэн бол харин өвөө минь намайг тайвшруулахыг оролдож байлаа. Би ч бас хооллож чадаагүй. Миний санаанд үлдсэн Ла Масиагийн анхны зүйл бол захирал Жоан Фаррис. Тэр намайг хүүхдийн багийн хаалгач, 1,90м гаруй өндөр Жозетой танилцуулж, Ла Масиагийн байгууламжуудыг үзүүллээ. Би түүнийг хараад “бурхан минь” гэж уулга алдсан. Тэгээд оройн хоолонд орсон. Би уйлсаар л байлаа. Дараагийн өдөр нь сургуульд явж, эцэг эх минь надад сургуулиас гарч иртэл чинь эндээ хүлээж байх болно гэж хэлсэн юм. Гэвч намайг хичээлээ тараад гарч иртэл тэд хэдийнэ явчихсан байв. Энэ нь ч тэрхүү зүдгүүртэй байдлыг зогсоох хамгийн шилдэг арга байсан байх. Намайг үргэлжлүүлэн уйлах үед тэд миний дэргэд хэвээр үлдсэн бол байдал хамаагүй муу болох байжээ”.
Иймэрхүү баяртай гэсэн үггүй салалтууд хоёр долоо хоног бүр давтагдана. Түүний эцэг эх нь бямба гарагт ирж хүүгээ харж байгаад ням гарагийн орой буцах үедээ: “Маргааш бид чамайг сургуульд чинь хүргэж өгөхөөр буцаж ирэх болно” гэж хэлдэг байв. Гэвч Андрэс сургуульруугаа ганцаараа явна гэдгээ мэддэг байлаа. Зарим амралтын өдрөөр аав ээж нь ирээгүй үед Бенайжес түүнийг гэрлүүгээ авч яван сэтгэлийг нь засахаар оролдож кино үзүүлэх, тоглоом тоглуулах зэргээр Бямба гарагийн оройг хүртэл хамт байдаг байв. Энэ бүхэн дуусахад Андрэс маань Виктор Валдэс зэрэг бие биенээ сайн мэдэх арай ахмад настай хүүхдүүдээр дүүрэн байшинд үлдсэн бяцхан хүүгийн зангаар дахиад л уйлж эхэлдэг байлаа.
“Одоо Ла Масиад маш олон жаахан хүүхдүүд байдаг. Гэвч тэр үед Тройтейро бид хоёроос өөр жаахан хүүхэд байгаагүй юм. Виктор бидэнд санаа тавьдаг, тэр бидэнтэй их сайнаар харьцдаг байсан. Тройтейро бол маш сайн байсан хэдий ч өөрөө хянаж чадахааргүй нөхцөл байдал үүсдэг шүү дээ, хүн бүхэнд өөрийн түүх, өөрийн агшин байдаг. Тэр Барсагийн төлөө тоглох мөрөөдлөө дагаагүй юм, гэхдээ л хөлбөмбөгийн ертөнцөд үлдсэн. Одоо тэр Бургос клубт тоглодог”. Иниэста өөрийн сэтгэл зүйгээ барьж чадсан гэж Бенайжес хүүрнэнэ. “Би маш олон сайн тоглогчидтой уулзаж байсан, 19 настай боловч Ла Масиа дахь хоёр долоо хоногийг ч тэсч чадаагүй залууг оролцуулаад шүү. Тэд гэртээ л байхыг хүсдэг юм”.
Саяхныг хүртэл клубын хувьд түүний талаар зарим эргэлзээ байсан юм. Спонсоруудад ч мөн адил. Тэр Сэск, Мэсси, Пике нарыг багтаасан нэгэн гайхалтай үед багтахгүй, мөн энэ бүхэнд хүчтэй нөлөө үзүүлэхээр дасгалжуулагчтай үе ч түүнд тохиохгүй л байлаа. Ллоренз Серра Феррер, Луйс Ван Гаал нарын түрүү авч чадахгүй үе болон фэнүүдийн гайхан шагших Фрэнк Райкард түүнийг дийлэнхдээ сэлгээнд суулгаж байв. Гэмтэл бэртэл болон талбайд гарах цаг хомс олдох хүсээд баймгүй тэр үеийг Иниэста өөрийн хүсэл мөрөөдлөө хадгалж байсны хүчин гэтэлж, хүмүүс түүний кареерийг Раул Мартинез юм уу Эмили Рикартынх шигээр төсөөлж байсан хүнд үеийг эмч нарын хүчээр даван гарлаа.
Үргэлжлэл бий......Зав гарахаар хүүрнэн өгүүлье... ккк