Хөлбөмбөгийн “цагаан хорхойтнууд”-даа Английн хөлбөмбөгийн сонирхолтой түүхийг хүргэе. Зарим хөлбөмбөг сонирхогчид маань энэ түүхийг аль эрт дуулсан биз. Гэхдээ дахиад дурсахад буруудах юу билээ. “Тоттенхэм”-ийн хөгжөөн дэмжигчид “Арсенал”-ыг яагаад тэгтлээ үзэж чаддаггүйг энэ түүхээс цухас ойлгож болно. Sportnews.mn.
1914/15 оны улиралд Английн дээд лигт 20 баг тоглодог байлаа. Тэднээс сүүлээсээ хоёрт жагссан нь доод лиг рүү унаж, доод лигийн эхний хоёрт шалгарсан баг дээд лигт дэвшдэг байв. Энэ удаад доод лигт унах багийн тоонд Лондоны “Челси”, “Тоттенхэм” оржээ. Харин дээшээ дэвших эрхтэй хоёр баг нь “Дерби Каунти”, “Престон” байлаа. Гэвч дараагийн улирал эхэлмэгц дэлхийн нэгдүгээр дайн дэгдэж, тэмцээн тасалджээ. Дайны уршгаар гурван жил завсарласан Английн дээд лиг 1919 онд дахин сэргэлээ. Шинээр сэргэсэн дээд лигээ Английн хөлбөмбөгийн холбоо 20 биш 22 багтай болгож өргөжүүлэхээр шийджээ.
Хэдийгээр “Челси” доод лигт унах ёстой байсан ч дээд лигтээ үлдэх найдлагын жижиг гэрэл сүүмэлзэж байв. Энэ бол 1905 онд Английн дээд лиг 18 багаа 20 баг болгож өргөжүүлэхдээ дээд лигээс хасагдах байсан хоёр багаа хасалгүй үлдээж, доод лигийн хоёр багийг нэмж оруулсанаар лигээ хоёр багаар өргөжүүлсэн явдал байв. Өөрөөр хэлбэл, “Челси”-гийнхэн 1905 оны явдал давтагдаж, лигээ хоёр багаар өргөжүүлэхдээ доод лиг рүү унах ёстой багуудаа дээд лигтээ хэвээр үлдээнэ гэж найдсан байна.
Харин Хойд Англичууд өмнөд нутагт хамаарах Лондоны багуудаас бүрэн ангижрах хүсэлдээ хөтлөгдөн, “Челси” болон “Тоттенхэм”-ийг доод лигт унагаад, доод лигээс дөрвөн баг нэмж оруулахыг эрмэлзэж байв. Английн хөлбөмбөгийн холбоонд хойд англичууд ихэнх байдаг тул өмнөдийнхнөө аль болох хөлбөмбөгөөс шахахыг хүсдэг байж. Ийнхүү хойд англичууд хөлбөмбөгийн холбоонд эзэлсэн байр сууриараа дулдуйдан “Челси”, “Тоттенхэм”-ийг доош унагахаар үгсээд байлаа.
Гэвч тэдний хүсэлд нэгэн асуудал чөдөр болж мэдэх байв. Энэ бол “Ливерпуль”-“Манчестер Юнайтед” багууд сүүлийн тойрогт таарч тоглохдоо Ливерпулийн багт зориудаар бууж өгөн, Манчестерийн багийг дээд лигээс хасагдахаас нь аварсан явдал байв. “Манчестер Юнайтед” ийнхүү “Ливерпуль”-тай “найраа” хийснээр “Челси”-гийн өмнө нэг оноогоор гарч, хасагдах аюулаас мултарсан гэвэл одоогийн хөлбөмбөг сонирхогчид итгэхгүй биз. Гэвч одооны эвлэршгүй хоёр дайсан тухайн үед тийнхүү “найраа” хийсэн удаатай юм.
Английн хөлбөмбөгийн холбооны хурал болж, дээд лигийг 20 биш 22 багтай болгох тухай яриа өрнөхөд “Арсенал”-ын захирал Генри Норрис гэнэт асуудалд хөндлөнгөөс оролцжээ. “Арсенал” тухайн үед дээд лигт тоглодоггүй байтал “Челси”, “Тоттенхэм”-тэй ямар ч хамаагүй Генри Норрис босч үг хэлсэн нь эхлээд хүмүүст ойлгомжгүй санагдсан байна. Норрис яриагаа их холоос эхэлжээ. Лондонд багууд хэрхэн байгуулагдсан талаар, хөрөнгө мөнгөний зовлон, дайны үе гээд хэлэх үгээ ихэд алсуур дөхүүлжээ. Харин үгийнхээ төгсгөлд “найраа” хийсэн хоёр багийг дээд лигээс хасахыг хатуу шаардсан байна. Хэдийгээр хойд англичууд түүний энэхүү үгийг ойшоохыг хүсээгүй ч төв болон өмнөд англиас сонгогдсон гишүүд Норрисын үгийг ихэд дэмжсэн нь тэдэнд дарамт болж эхлэв. Английн хөлбөмбөгийн холбоо “Ливерпуль”, “Манчестер Юнайтед”-ыг дээд лигээс хасахыг хүсэхгүй байлаа. Тэрхүү “найраа”-г хийсэн нь тогтоогдсон “Ливерпуль”-ийн дөрөв, “Манчестер Юнайтед”-ийн гурван тоглогчийн насаар нь хөлбөмбөгч тоглох эрхийг хасч, хатуу шийтгэл ногдуулсан байлаа.
Гэвч Норрис хоёр багийг хасах шаардлагыг хатуу тавьсан тул асуудлын эвийг олох хэрэгтэй болжээ. Ингээд хөлбөмбөгийн эрхмүүд бодож бодож найрааны улмаас хохирсон гэх “Челси”-г дээд лигт үлдээн, харин хомоол хамсан бас элдэв хэрүүл маргаан хийж гүйгээгүй “Тоттенхэм”-ийг доод лигт унагахаар шийдэв. “Челси” дээд лигтээ үлдэх нь тодорхой болмогц 22 баг бүрдүүлэхэд дахиад гурван баг хэрэг болов. Үүний хоёр байрыг нь доод лигт эхний хоёр байрыг эзэлсэн “Дерби Каунти”, “Престон” зүй ёсоор хүртлээ. Одоо дээд лигт ганц багийн байр сул байлаа. Түүнийг хэн эзлэх ёстой талаар ярилцаж эхэлтэл өнөөх Генри Норрис дахин босч, нууц санаагаа сая л ил гаргаж, “Арсенал” тэрхүү байрыг эзлэх ёстой гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй байлаа. Учир нь “Арсенал” доод лигт тавдугаар байр эзэлсэн. Доод лигт гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн баг дээд лигт гараагүй байхад “Арсенал”-ыг гаргах нь яавч шударга явдал биш байв.
Гэлээ ч Генри Норрис “Ливерпуль”-“Манчестер Юнайтед”-ын “найраагаар” дахин далайлгаж, энэ хэргийг улсын парламентийн чихэнд хүргэж, улстөрч найзуудынхаа хүчээр хөлбөмбөгийн холбоог донсолгоно гэсэн тул хөлбөмбөгийн холбооныхон дарамтанд оржээ. Тэд Норрисын энэ үгийн дараа нэг их удаан бодолгүй доод лигт тавдугаар байр эзэлсэн “Арсенал”-д дээд лигт орох эрхийн бичгийг өгсөн юм. Ийнхүү 1919 онд болсон Английн хөлбөмбөгийн холбооны хурал дээр “Арсенал”-ын захирал Генри Норрис үг хэлж, бүхнийг өөрийнхөө хүссэнээр хийж чадсан байна. Английн топ дөрвөн багийн хувь заяа энэ түүх дээр яригдсан нь сонирхолтой. “Ливерпуль”-“Манчестер Юнайтед” хоёр “найраа” хийснийхээ дүнд “Челси” болон “Арсенал”-ыг дээд лигт тоглох боломж олгосон нэгэн түүх энэ.
Харин доод лигт унасан “Тоттенхэм”-ийнхэн энэ түүхийг дурсахдаа адтай “Арсенал”-ын эзнийг багтай нь хамт хараадаг гэнэ билээ.
Генри Норрис