ПЛЭЙ-ОФФ БА О.СЭРГЭЛЭН
Сагсан бөмбөгийн хорхойтнууд Спортын төв ордонг өргөөд шидчих нь холгүй долгилж байна. Тэнд Монголын дээд лигийн аварга шалгаруулах шувтаргын тоглолтууд үргэлжилж байгаа болохоор аргагүй. Галзуу фэнүүдийн юунд ч үл захирагдах хөөрөл, мэргэжлийн тамирчдын ур чадварыг гайхуулах жинхэнэ гал халуун тоглолтууд сэтгэлийн хэмийг дээд цэгт нь хүртэл шатааж орхив. Дээд лигийн 16 дахь удаагийн аварга удахгүй тодорно. Хэн байх бол. Завсаргүй гурав түрүүлсэн “Хүлэгүүд” байх уу эсвэл “Харцага” уу… Энэ жилийн лиг чимж буй “Ав-Атар” юм болов уу. Тэдний хувьд мөнгөн медаль аль хэдийнэ халаасанд нь ороод ирсэн. Харин “Харцага” аваргаа баталж чадах уу. Тиймээс өнөөдөр болох “Харцага”, “Ав-Атар” хоёрын тоглолт алтан медалийн хувь заяаг шийдэхэд дөхөм болно. Гэвч “Баянзүрх буллс” ба “Хүлэгүүд” буйг мартаж болохгүй.
Энэ жилийн “Ниссан премьер” лигийн шилдэг тамирчид олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа. “Баянзүрх буллс”-ын Г.Ихбаяр буюу Данди, Т.Санчир, Б.Батжавхлан, за тэгээд мэдээж улсын шигшээ болон “Ав-Атар”-ын ахлагч Ш.Сэдбазар, “Харцага”-ын Ц.Мэргэн, “Хүлэгүүд”-ийн М.Отгонмөнх нарын чадварыг шагшихаас өөр замгүй. Харин тэдний дундаас, манай плей-оффийн оддоос “Ав-Атар”-ын “4” дугаартай холбон тоглогч О.Сэргэлэн сагсан бөмбөг сонирхогчдын цусыг хөөргөж байна. Түүний хурдтай, чадварлаг гялалзсан тоглолт олон үзэгчдийг Спортын төв ордон тийш хөтөлж байгаа. О.Сэргэлэнгийн тоглолтыг л үзэх гэж, түүний чадварлаг холболт, довтолгоог харж кайф авах гэж телевизийнхээ сувгийг ТВ-9 дээр тааруулж, ямар ч агааржуулалт байхгүй бүтэж үхмээр бүгчим Спортын төв ордонд хэдэн цагаар ч хамаагүй уягдаж чадах фенүүдийнх нь нэг ээ, би. Багийнхаа дотор, магадгүй бусад багийн тамирчид дундаасаа ч хамгийн намхан нь тэр. Биеийн өндөр нэгдүгээрт тавигддаг гэх энэ спортод “намхан байх нь асуудал биш” гэдгийг баталж байгаа тамирчин. Гэхдээ 1.75 метрийн өндөртэй гэж байгаа. Сураг сонсвоос Төмөр замын коллежийг машинист мэргэжлээр төгссөн тэрбээр одоо 22-хон настай. Манай дээд лигийн хувьд хамгийн залуу тоглогч байх нь. Түүнийг NBA-гийн энэ улирлын шилдэг залуу тоглогчоор шалгарсан Деррик Роузтай зүйрлэж болох юм. О.Сэргэлэнг магтахгүй өнгөрч боломгүй бас нэг шалтгаан бий.
Тэрбээр өөрийнхөө багт тоглож буй гадны гурван тоглогчоос ч илүү чадвар үзүүлж байгаа нь эх орон нэгтэйн хувьд омогшил төрүүлдэг юм. “Ав-Атар”-ын АНУ-аас урьж авчирсан Жефри, Лекс, Вильямс нар уучлаарай. Тэд шигшээ тоглолтуудад онцгой байгаа ч О.Сэргэлэнг гүйцэхгүй л байна. Олон хүн санал нийлнэ байх. Жирийн монгол тамирчин сагс тоглохын төлөө төрсөн мэт америкчуудаас илүү амжилт үзүүлж байгаа нь үндэсний бахархал. Сагсан бөмбөгийн тэр дөрвөлжин талбай дээр О.Сэргэлэн гараад л ирсэн бол ойлгомжтой. Фенүүдийнх нь уухай, алга ташилт Спортын төв ордныг ганхуулж байх шиг санагдах вий. Түүнийг хэрхэн бужигнуулахыг харъя гэвэл “амьдаар” нь очиж үзэхийг зөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд ивээн тэтгэгч компаниуд сагсан бөмбөгийн лигийн тамирчдыг овоо үнэлэх болжээ. Энэ ч жам ёсны асуудал. Хурдан морийг 100. 200 саяар худалдан авч нэрийнхээ өмнөөс давхиулж адгуусны үнийг хөөргөдөж чаддаг юм чинь чадварлаг тамирчны алдрыг үнэлэх цаг яах аргагүй ирсэн. Сагсныхны хэлж байгаагаар одоогоор хамгийн үнэтэй, өндөр цалин авдаг тамирчин бол “Хүлэгүүд”-ийн Болортулга гэнэ. Ойролцоогоор сая төгрөгийн цалин авдаг бололтой. Мэдээж дээр нь ахуй хангамж нэмэгддэг гэдэгт итгэхийг хүсч байна. Тэгвэл энэ жилийн хамгийн үнэ цэнэтэй тамирчин болсон “Буллс”-ийн Т.Санчирийг “Бридж” хэрхэн үнэлж байгаа нь мөн л тодорхойгүй. Хаа холын Америкаас “өнгөт” тамирчид авчран гайхуулж байгаа “Милл хаус” О.Сэргэлэнгээ, Ш.Сэдбазараа хэрхэн “эрхлүүлдэг” бол. Сэдээгийн хувьд үнэхээр сайн тамирчин хэдий ч хурдын хувьд О.Сэргэлэнгээс хоцорч байгаа нь ажиглагдах вий. Данди ч мөн адил. Мэдээж энэ бол насны ялгаа. Сагс гэдэг спорт чинь нас, хурд хоёроор аархдаг юм биш үү. Энэ жилийн лигийн тэмцээнийг сонирхолтой болгож байгаа “Ав-Атар”-ынхан О.Сэргэлэнтэйгээ ганцхан жилийн гэрээ байгуулсан гэж байна. Сагсны ивээн тэтгэгчид хөдлөх юм биш үү. Цаана чинь шинэ од төрчихөөд гялалзаж байхад гараа хумхиад суугаад байж болохгүй дээ. Дөнгөж 22-той энэ тамирчин багаар бодоход лавтай зургаан жил гялалзсан амжилт үзүүлнэ. Бас “Харцага”-ын холбон тоглогч 41 гэсэн хувийн дугаартай Золзаяа ч харц булааж байна. ТИС-ийн оюутан энэ залуутай “Энержи ресурс” тогтвортой, ирээдүйтэй гэрээ байгуулсан гэхэд эргэлзээтэй. Бас “Хас” групп Ц.Мэргэнтэй ямар гэрээ хийсэн нь сонирхолтой шүү. Бод л доо, олимпийн баатрууд маань өдгөө 30 нас ч хүрээгүй яваа. Тэгэхээр спортын амжилт алдар хоёр гагцхүү залуу насанд заяадаг бурхны бэлэг юм. Харин бурхнаас хайрласан чадварыг тухайн цаг үед нь л үнэлэсэн шиг үнэлэх хэрэгтэй. Өөр юу хэрэгтэй гэж. Жинхэнэ монгол тамирчдаар монгол хүний чадварыг үзүүлсэн мөрөөдлийн баг гаргаж ирэхийн тулд юу хийхээ манай бизнесмэнүүд сайн мэднэ. Морь уралдуулсан ч, сагс тоглосон ч гаднаас дууддаг болчихвол гунигтай шүү дээ.
Тамирчдын чадварыг биширсэн ч лигийн тэмцээнийг зохион байгуулж буй “Моннис”-ийнхэнд үг дайхгүйгээр өнгөрч бас чадахгүй нь. Спортын төв ордонд тэмцээн үзнэ гэдэг үнэндээ эр зоригийн хэрэг юм. Агааржуулагч байхгүй тэр зааланд тийм олон хүн хэдэн цагаар сууна гэдэг аймшигтай. Ухаан алдан унаж мэднэ. Саунд суугаад сагсан бөмбөг үзнэ гээд төсөөл дөө. Тоглолтын тасалбарыг яагаад суудлын тооноос хэтрүүлэн зардгийг ч ойлгохгүй юм. Тасалбар дууссан байхад мөнгөө атгуулаад орж буй хөгжөөн дэмжигчид тамирчдын хөлөөр орооцолдон буйг яах вэ. Тоглолт үзэхийг хүссэн үзэгчдийг буруутгах аргагүй. Төдий олон хүнийг баар цэнгээний газраас мулталж Спортын төв ордонд авчирч буйд тэмцээний үнэ цэнэ бий. Гэхдээ шүүмжлэл их дагуулах шинжтэй шүү.
Ямартай ч плей-офф өндөрлөх дөхөж байна. Энэ жилийн од нь, омогшил төрүүлсэн бахархал нь О.Сэргэлэн байлаа. Спортын ордны “А “ заалыг тэр чигээр нь уухайлуулан босгож чаддаг энэ тамирчны гялалзсан тоглолтыг үзэх л гэж лигийн тэмцээнийг зорьдог фэнүүдийнх нь өмнөөс чадан ядан бичиглэв. Дараа дараагийн он жилүүд, лигийн тэмцээн гагцхүү О.Сэргэлэнгийнх байна гэдэгт бооцоо тавихад бэлэн байна.
Б.Мөнхбаясгалан
Бас л хайнга бичжээ