by avarga » Wed Jan 10, 2007 9:42 pm
Г.Мерей: Азийн наадмын хүрэл медаль сэтгэлийг минь хөглөж явдаг
(2007.01.08)
1990 оны Азийн өвлийн спортын II наадмаас манай цаначид 4х100 км-ийн буухиад хүрэл медаль авсан билээ. Өвлийн спортоор ч гэсэн монголчууд өрсөлдөж, медальд хүрэх боломжтойг тэд нээн харуулсан юм. Арван долоон жилийн тэртээ Азийн өвлийн “олимп”-оос гялайх ганц хүрэл медалийг авчирсан багийн гишүүн бол Гонгорын Мерей. Тэрбээр Шарга морьтод бага насаа үдсэн.
Ахтайгаа хамт цанаар гулгаж, зав л гарвал цанан дээр “уяатай” хүүхэд байв. Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, аав ээж хоёр нь “Таллин” цана авч өгчээ. Тэрхүү цанаараа Г.Мерей гулгаж гарна. Энэ бүхэн Г.Гансүх, Г.Мерей нарын амьдралыг цанатай холбож, цанын спортын мастер болтол нь ахиулжээ. Г.Мерей Азийн наадмаас медаль авсан агшин, Альбервиллийн олимпод оролцсон дурсамжаа дэлгэх дуртай. Ах Г.Гансүхийнх нь гэргий Д.Энхээ хоёр олимпод оролцсон Монголын ганц эмэгтэй цаначин билээ. Солонгос явахаас нь өмнө Г.Мерейтэй уулзаж ярилцлаа.
-БНХАУ-ын Чанчүнь хотноо энэ сарын 28-нд Азийн спортын VI наадам эхэлнэ. Манайхан Азийн өвлийн наадмыг алгасалгүй оролцсоор ирсэн. Тэр дундаа “Саппоро-90” бусдаас онцгой. Монголын цаначид медальд хүрсэн болохоор ч тэр үү, энэ наадмыг тодотгомоор байна.
-Тийм ээ. Монголын цаначдын гаргасан хамгийн том амжилт бол Азийн наадмын хүрэл медаль. Саппорогоос авчирсан хүрэл медаль минь хамгийн эрхэм шагнал юм. Ноднин Туриний олимпийн наадам болоход Альбервиллийн олимпийг өөрийн эрхгүй санаж байсан. Харин энэ он Азийн наадмын жил болоод ч тэр үү, 1990 оны Азийн өвлийн наадмын дурсамж сэргэж байна.
1986 оны Азийн наадамд цаначид маань 4х10 км-ийн буухиад дөрөвдүгээр байрт ороод удирдлагууддаа донгодуулж байсан юм билээ. Дараагийн наадамд Ж.Дашдэлгэр багш Д.Баттулга, З.Ганбат, Ч.Батболд бид дөрвийг ягштал бэлтгэсэн. Ирэх Азийн наадамд амжилт гаргахын төлөө зүтгэе гээд гар барьж, амлалт авч байснаа мартдаггүй. Багш маань биднийг ганцхан зайд бэлтгэсэн. Одоо бодоход энэ нь нэг ёсны тактик байж.
-Буухиа уралдаанд бэлтгэсэн гэж үү? Саппород очоод өрсөлдөгчдөө харахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Бид 4х10 км-ийн буухиад маш сайн бэлтгэсэн. Азийн наадмын эхний өдөр 10 км-ийн уралдаан болов. Тэр уралдаанд бид нэлээд хойгуур орсон учраас сэтгэл гонсойлоо. Харин багш маань 4 х 10 км-ийн буухиад л алдаж болохгүйг сануулсан. Хүчтэй өрсөлдөгч бол БНХАУ, БНСУ-ын цаначид. Барианд орох үед БНСУ-ын цаначидтай урд хойноо орж уралдсаар гуравдугаар байрт орсон. Энэ үед Азийнхан биднийг гайхан шагширч байсан. Монголчуудыг ийм амжилт гаргана гэж бодоогүй байх л даа. Хүрэл медалийн болзол хангасны дараа бид дөрөв “Багш аа, гуравдугаар байрт орчихсон маань үнэн үү?” гээд л итгэж ядаж байсан. Тавуулаа баярын нулимс унагасан тэр үе миний сэтгэлийг хөглөж явдаг юм. Цаначин болсны утга учир энэ медаль юм даа.
-Шагналын тавцанд зогсож байх үед юу бодогдож байв?
-Медаль зүүхээр индэрт гарахад бие биенээ хараад доголон нулимстай инээмсэглэж байсан. Яг тэр үед биднийг барианд орж ирэхэд дасгалжуулагч маань “Та нар чадлаа” гэж хашгирсан нь сонсогдох шиг болсон. Энэ үг сэтгэл оюунд минь хадаастай явдаг.
-Азийн өвлийн наадмын хүрэл медальт багийнхан аль зэрэг уулздаг вэ?
-Ч.Батболд маань нас бараад удаж байна. Д.Баттулга, З.Ганбат бид хэд холбоотой байдаг.
-Ингэхэд цаначин болох гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
-Анх 1983 онд Армиудын өсвөрийн цаначдын тэмцээнд оролцож байлаа. Энэ үед би сонирхогч байсан л даа. Цанын уралдаан гэж юу болохыг эндээс ойлгосон. Улмаар 1985 онд Сүхбаатар дүүргийн АШТ-д оролцсоноор тэмцээний гараагаа албан ёсоор эхэлсэн. 1986 онд анх УАШТ-д оролцоод хоёр алт, нэг хүрэл медаль авч байлаа.
-Ж.Дашдэлгэр дасгалжуулагчийн удирдлагад хэзээнээс бэлтгэл хийж эхэлсэн юм бэ?
-Аравдугаар анги төгсөөд нэг хэсэг Дашка багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Тэгээд цэрэгт явж, “Алдар”-т Г.Батмөнх багшийн удирдлагад бэлтгэл базаах болсон. Цэргийн албанаас халагдаж ирээд 1989 онд шигшээ багийн тамирчин болсноос хойш Дашка багшийн удирдлагад үргэжлүүлэн хүч сэлбэв. Багш маань биднийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж, ачаалал тохируулж чаддаг байсан.
-Үүнээс хойш УАШТ-д олонтаа оролцож, медалийн ургац арвин хураасан нь мэдээж. Альбервиллийн олимпод оролцох баярт мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Өрсөлдөгч олон байсан. Олимпод оролцох тамирчдаа олон сорилтын дүнд сонгоно. Хамгийн сүүлд шигшигдсэн тамирчид Якутад бэлтгэл хийчихээд Хандгайтад эцсийн сорилтоо өгөхөд З.Ганбат ах бид хоёр оролцох болсон. Олимпод оролцоно гэхээр сайхан санагдалгүй яахав. Тэгээд ч бид урьд нь Азийн наадмаас хүрэл медаль авчраад байсан болохоор нэлээд додигор. Би 1989 онд Чехэд болсон Ах дүү армиудын спартакиадын 30 км-т улсынхаа дээд амжилтыг тогтоогоод байв.
-Олимпийн өмнөх бэлтгэлээ хаана базаав?
-Хандгайтад бэлтгэл хийж, “Залуучууд” зочид буудалд байрлаж байгаад битүүний өдөр Альбервиллийг зорьсон.
-Олимпийн замд хувийн амжилтаа ахиулж чадав уу?
-Бид олимп эхлэхээс долоо, найм хоногийн өмнө Альбервиллд замтайгаа танилцсан. Уралдааны үеэр цас бороо холилдож ороод бэрхшээлтэй байсан учраас амжилтаа ахиулж чадаагүй.
-Аль ч олимипод цаначид хөдөө л байрладаг?
-Тийм ээ. Уулын мухарт, хоёр давхар модон байшинд төвхнөсөн. Тэшүүрийнхэн бол жаргалтай, олимпийн тосгонд.
-З.Ганбат гуай 50 км-т уралдаагүй. Харин та гурван зайд уралдсан. Урьд нь та 50 км-т уралдаж байсан уу?
-Олимпийн өмнө 50 км-т уралдаж байгаагүй шүү. 50 км-ийн уралдаан хэцүү байсан. Өмнөд Солонгос, БНХАУ-ын тамирчидтай л сүүл хавьд уралдаж явав. Ам цангахаар нь цас идээд л, ойлголцох гэж дохио зангаагаар яриад найрамдалтай уралдсан. Солонгосын тамирчин оросоор муухан ярина. Бариа дөхөж ирэхэд л гурвуулаа жинхэнээсээ уралдаж, би нөгөө хоёроо ардаа орхисон. Дараа нь уралдсан зайнуудаа харьцуулахад 50 км-т илүү амжилт үзүүлсэн байна билээ.
-Үнэгэн малгайгаар “панз үсэргэсэн” үү, эсвэл…
-1992 оны олимпоос үнэгэн малгай авч явдаг болсон гэсэн яриа байдаг юм билээ. Гэхдээ бид лав наймаа хийгээгүй. Альбервиллийн олимпоос дөрвөн алтан медаль авсан Ульванг гэдэг тамирчинд үнэгэн малгайгаа бэлэглэсэн.
-Та 22-тойдоо олимпод оролцсон хэрнээ спортоо эрт орхисон юм аа?
-Тийм ээ. Шилжилтийн нийгэм, шигшээ баг тарсан зэрэг шалтгаанаар спортоо орхихоос өөр арга байгаагүй. Альбервиллаас ирээд УАШТ болон МБАТ-ий спартакиадад оролцож, хоёр алтан медаль аваад л зодог тайлсан даа.
-Хэрэв спортоо орхиогүй бол…
-Тэр үеийнх шигээ бэлтгэл хийсэн бол илүү амжилт гаргах байсан биз ээ.
-Дасгалжуулагч болох талаар боддог байв уу?
-Энэ талаар бодож байгаагүй. Одооноос л цанын дасгалжуулагч болсон бол гэсэн бодол төрөх болж. Нэг хэсэг цанын спорт уналтад ороод байсан. Харин Р.Раш дарга МЦХ-ны ерөнхийлөгч болсноос хойш сэргэж байгаа шүү.
Г.Мерей цас их унахаар Хандгайт руугаа яардаг. Уралдах хүсэл нь ч бас буцлаад ирэхээрээ үеийнхээ тамирчидтай уулздаг аж. Ер нь л Азийн наадмын хүрэл медальт баг тамирчид хоорондоо холбоотой байдаг. Нөхөдтэйгөө уулзахад залуу насандаа эргээд очсон мэт санагддаг ажээ.