энэ шууд гэж алдаг сайт юмаа.
Манчестерийн Дэрбид тавтай морил
Нийтэлсэн: ShuuD.mn (2011-04-12)
Өнөө шөнө болох Аваргуудын лигийн нөгөө тоглолт болох Манчестерийн дэрбиг мэдээж ихэнх нь хүлээж байгаа. Барса болон Шахтёрын тоглолт хэн нь ч хожсон бараг ойлгомжтой нөхцөлд байгаа энэ үед Английн Челси болон Манчестер Юнайтед клубуудын хариу тулаан үнэхээр гайхамшигтай болно. Хөлбөмбөг сонирхогчид Испанийн хоёр багийн халз тулаанаас гадна Английн хөлбөмбөгийн ертөнцийг ноёрхогч хоёр баг болох Челси, МанЮ хоёрын тоглолтыг дэлхийн аваргын тоглолтын дайтай сонирхон үздэг билээ.
Өнөө шөнө тийм л тоглолт болно.
Шүгэл дуугарахын өмнөхөн олон улсын хэвлэлүүд хоёр клубыг тойрсон сенсаац дүүрэн мэдээллүүдийг бие биеэсээ өрсөн мэдээлсээр л байна. Челси клубын арын албаныхны нэгний хэвлэлийнхэнд ам алдсанаар бол Челсигийн босс Карло Анчелотти энэ тоглолтод тун их итгэл найдвар тавьж байгаа хэдий ч нөхцөл байдал санаснаар нь харагдахгүй байгаад сэтгэл дундуур байгаа аж. Түүгээр ч зогсохгүй хэрэв энэхүү мөнхийн өрсөлдөгчтэйгөө хийх тоглолтод дахин бүдрэх аваас итали эрхмийн Челси дэх цаашдын карьер үргэлжлэх эсэх талаар клубын удирдлага хүссэн хүсээгүй асуудал тавьж эхлэх болно хэмээсэн.
Харин Карло Анчелоттигийн өөрийнх нь хэвлэлийнхэнд мэдэгдсэнээр бол түүний карьерын асуудал энд огт хамаагүй бөгөөд Олд Траффордод сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй очиход л ялалтын чимээг фэнүүддээ дуулгах бүрэн боломжтойг онцлон дурдсан байна.
Тэрбээр өрсөлдөгчөөсөө илт дутуу биш эн тэнцүү тоглогчидтой гэдгээ илэрхийлээд энд хамгийн гол нь сэтгэлзүйн бэлтгэл чухал нөлөөтэйг илэрхийлсэн ба Примьер лигт найдвар тасарчихаагүй байгаа хэдий ч Аваргуудын лигт илүү анхаарал тавьж байгаа гэдгээ нуусангүй. Мөн тэрбээр Олд Траффордоос таатай дурсамж бүхий тоглолтууд олон бий гэдгийг сануулаад амжсан. Түүний залуусын талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хэдийгээр одоо болтол хэн гэдгээ клубтээ үзүүлж чадахгүй байгаа ч Торрест, мөн Дрогба, Терри, Лампард болон дахин тоглох боломжтой болоод байгаа Босингуа, Рамирес нарт бүгдэд нь итгэл найдвар тавьж байгаагаа хэлсэн байна.
ESPN-ийн тоймчдын таамаглаж буйгаар өнөө шөнө Челсигийн гараанд довтолгооны шугам дээр Торрес өнжиж Анелька, Дрогба нар гарах магадлалтай. Учир нь Торресыг гараанд гарсан 10 тоглолтын зөвхөн тавд нь л тэд ялалт байгуулсан муу түүх хэдийнэ бичигдчихээд байгаа. Уг нь Анелька энэ жилийн Аваргуудын лигийн мэргэн буучдын жагсаалтад долоон гоолын үзүүлэлттэй дөрөвдүгээрт жагсаж байгаа шүү дээ. Харин өмнөх тоглолтод Карло Анчелотти Анелькаг бус Торресыг сонгож гараанд гаргасан нь бас нэгэн алдаа байсан гэх. Одоо түүнийгээ итали эрхэм давтахгүй гэх. Харин аажмаар довтолгоонд хүчээ нэмэгдүүлж гурван довтлогчтойгоор тоглолтыг үргэлжлүүлэх ба гурав дахь довтлогчоор Челсид ирснээсээ хойш 11 тоглолтод нэг ч гоолгүй яваа муу нэртэй Торрес нэмэгдэх аж. Мэдээж хамгаалалтдаа өнгөрсөн тоглолтынх шиг алдаа гаргахгүйн тулд Терри, Коул тэргүүтэй хамгаалагч нар Лампард, Иванович, Малудагаар дэмжүүлэн бүхнээ дайчлах нь мэдээж хэрэг.
Гэхдээ хамгийн гол нь бөмбөгийн зөрүүтэй хожил тэдэнд чухал байгаа. Тиймээс тэд хамгаалж тоглохгүй довтолж тоглох нь тодорхой. Үзэгчид бидэнд Челсигийн шуурган довтолгооныг үзэх таатай боломж гарах болно. Гэхдээ Манчестер Юнайтедынхан хурдтай сөрөг довтолгоогоор тоогоо нэмэхдээ тун ч гарамгай гэдгийг мартаж болохгүй. Челсигийн Эссьен сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө манай залуус Торресыг энэ тоглолтод гоолынхоо гарааг эхлүүлнэ гэдэгт их найдаж байгаа гэсэн байна. Мэдээж хэрэг Торрес яалт ч үгүй бас л найдвар тээсээр л яваа. Райн Гиггсийн гайхалтай мэдрэмж, дамжуулалт Рүүнигийн гоол чухам тийм л сөрөг довтолгоогоор Челсиг талбайд нь буулгаж авсан шүү дээ.
МанЮ-гийн хувьд тэд нэлээд олон жилийн өмнөөс л Аваргуудын лигийн дээгүүр давхиж байгаа үедээ Олд Траффорддоо хожигдсон түүх бараг байхгүй дээ. Түүнээс гадна хамгийн гол нь тэд өмнөх тоглолтод Челсиг Рүүнигийн гоолын ачаар талбайд нь буулгаж авсан явдал юм. Хэдийгээр Барса Шахтёрыг, Реал Тоттенхэмийг, Шальке Интерийг олон онооны зөрүүгээр бут ниргэсэн шиг биш ч гэсэн хожил л бол хожил учраас. Энэ тэдэнд давуу байдал олгож байна.
Рүүнигийн тоглолт юу болов гэмээр сэргэж Манчестер Юнайтед сүүлд хийсэн зургаан тоглолтоо хожлоор дуусгасан бахдам амжилттай яваа.
Энэ улирлын турш Сер Алекс Фергусоны цэргүүд Олд Траффорддоо хожигдол хүлээж байсангүй, ядаж л тэнцээгээр төгсгөж байлаа. Тиймээс ийм чухал тоглолтод тэд ядаж тэнцээгээр дуусахад л дараагийн шатанд гарчих гээд байгаа. Мөн Димитар Бербатов Аваргуудын лигт гоол хийж ажмаагүй яваа ч 22 гоолтой багийнхаа төдийгүй лигийнхээ мэргэн буучаар түрүүлж яваа. Тэгээд ч Рүүни янз бүрийн асуудалд орооцолдож, шатаж алга болсон ч, Бербатовын мотор нь цохисон ч Чичарито, Видич, Валенсия, Нани, Эвра гээд шижигнэсэн залуус шинэ оддын бүрэлдэхүүн тэдэнд бий. Бас дүү нартаа үлгэр дууриал үзүүлэх асар их туршлага бүхий Рио Фердинанд, Гиггс байна. МанЮ-гийн хувьд одоохондоо давуу тал яалт ч үгүй тэдэнд ирж байна. Гэхдээ спорт бол спорт тэр дундаа хөлбөмбөг хамгийн агуу нь учир басхүү хөлбөмбөгт л боломжгүй зүйлийг бүтээж болдог учир одоо бидэнд тоглолтыг тэсэн ядан хүлээх үлджээ.
О.Наран